Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 4798

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/04794

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 10-р байр 45 тоотод оршин суух, регистр АЖ76070607, Боржигин овогт Сампилын Бадамсүрэн,

 

            Нэхэмжлэгч:  Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 10-р байр 45 тоотод оршин суух, регистр АЖ76082617, Орхон түшээ овогт Банзрагчийн Пүрэвжал нарын нэхэмжлэлтэй,

 

    Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатар гудамж 21-р байр 83 тоотод оршин суух, регистр ХА66071910, Боржигон овогт Амгаасэдийн Ганбатад холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 76 304 398 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Бадамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Дашням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цогням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч С.Бадамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр Б.Пүрэвжал нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр А.Ганбаттай 12 тоот “Механизм түрээсээр ажиллуулах гэрээ” байгуулж КАТ325D эсковаторыг түрээслэсэн.  Энэ нь сард 520 цаг  буюу нэг сард 26 хоног ажиллах, түрээсийн төлбөрт сард 21 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Монгол улсад хүнд машин механизмийг түрээслэхэд сард ердөө 26 хоног ажиллана гэж тооцдог. Түрээслэгч ковш эвдэрсэн гэж хэлж байсан. Харин эсковатор нь зогсож эвдэрсэн зүйл байхгүй, цаг ямагт ажилласан. Ганбат түрээсийн төлбөрт 113 753 564 төгрөг төлөхөөс 2015 оны 5-р сарын 19-нд 21 000 000 төгрөг, 6-р сарын 29-нд 21 000 000 төгрөг, 7-р сарын 30-нд 21 000 000 төгрөг, 8-р сарын 25-нд 21 000 000 төгрөг, 10-р сарын 23-нд 9 000 000 төгрөг нийт 93 000 000 төгрөг төлж, 20 753 563 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 3.2-т зааснаар алданги 50 хувиас хэтрээгүй гэж тооцвол 10 376 781 төгрөг болсон. Ингээд 12 тоот гэрээний үүрэгт 31 130 344 төгрөгийг нэхэмжилж байна. Дараа нь 2015 оны 07-р сарын 8-нд 13 тоот гэрээгээр 1 ковш, 3 самосвал түрээсэлж, түрээсийн төлбөрт 179 619 000 төгрөг төлөхөөс 2015 оны 7-р сарын 8-нд 46 000 000 төгрөг, 8-р сарын 25-нд 43 503 230 төгрөг, 12-р сарын 8-нд 60 000 000 төгрөг нийт 149 503 230 төгрөг төлж, 30 116 036 төгрөгийг төлөөгүй. Үүний алданги 15 058 018 төгрөг тооцож 45 174 054 төгрөгийн төлбөртэй байна. Нийт 76 304 398 төгрөгийн А.Ганбатаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсад хүнд машин механизмын өдрийн ажиллах цаг нь 20 цаг сард 26 хоног ажиллана гэж нэхэмжлэгч ярьж байна. Харин сарын ажиллах түрээс нь 10 500 000 төгрөг байсан ба сард 30 хоног, ажиллах цаг нь хоногт 20 цаг байхаар анх түрээсийн гэрээнд тохирсон. Тус гэрээнд нэхэмжлэгч цагийнхаа заалтыг оруулаагүй атлаа илүү цаг тооцож нэг техник тутмаас 100 цагийн илүү хөлс нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн тооцооллоор бол нэг цагийн хөлс нь 20 192 төгрөг болж байна. Манай тоогоор нэг цагийн хөлс нь  16 935 төгрөг болох ба нэг цагийн 3256 төгрөгийн  зөрүү гарна. Үүнийг зөвшөөрөхгүй. Энэ дээр зөвхөн ковш нь гэхэд дангаараа түрээсийн нийт цагийн 18,3 хувийг 432 цаг засвартай, үүнийг хоногт ажиллах ёстой байсан 20 цагаар тооцож үзэхэд 21,6 хувийг эвдрэл гэмтэлд зарцуулсан байгаа. Мөн 3 ширхэг автосамосвал 279,25 цаг буюу нэг хоногт ажиллах ёстой байсан  ба  20 хоногийн ажиллах ёстой цагаар бодоход 13,9 хувь буюу 14 хоногийн эвдрэл гэмтэлтэй байсан.  Ингээд нийт нэхэмжлэлийн шаардлагаас  20 762 696 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугласан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Бадамсүрэн, Б.Пүрэвжал нар нь А.Ганбатад холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 76 304 398 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 27 198 810 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Б.Пүрэвжал нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр А.Ганбаттай 12 тоот “Механизм түрээсээр ажиллуулах гэрээ” байгуулж, КАТ325D эсковаторыг 2015 оны 07-р сарын 07-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 31-нийг хүртэл түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сард 21 000 000 төгрөг төлөхөөр,  С.Бадамсүрэн нь 2015 оны 07-р сарын 8-ны өдөр А.Ганбаттай 13 тоот гэрээ байгуулж, NORD маркийн 3 самосвал, HOWO маркийн 1 ковшыг түрээслүүлэх, түрээслэгч самосвалын түрээсийн төлбөрт сард 10 500 000 төгрөг, ковшийн төлбөрт 14 500 000 төгрөгийг тус тус төлөхөөр /хх 8-9, 21-22/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Талуудын хооронд түрээслэгч төлбөрөө бүрэн төлөөгүйгээс маргаан гарсан байх ба нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг “мото цагаар” тооцсон бол хариуцагч ”мото цагийн заалтыг оруулаагүй байж илүү цаг тооцож байгааг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Талууд эксковатор түрээслэх 12 тоот гэрээний 1.1-д “Түрээслэгч механизмын 1 цагт хийх ажлын бүтээлийг бүрэн дүүрэн ашиглаж ажиллуулна. Өдөрт 20 цагаас илүү хугацаагаар ажиллуулах эрхгүй. 26 хоногийн нийт ажиллах цаг нь 520 цаг  буюу нэг сард 26 хоног ажиллана” гэж заасан байх ба энэ нь түрээсийн зүйлийн ажиллах цагийг тогтоосон, харин төлбөрийг мото цагаар тооцохоор тохироогүй байна. Түрээсийн  13 тоот гэрээнд техникийн ажиллах цагийг заагаагүй байна.

 

Иймд түрээсийн төлбөрийг сард төлөхөөр тогтоосон мөнгөн дүнгээс тооцох нь зүйтэй.

 

Түрээслүүлэгч нь эксковаторыг түрээслэгчид 2015 оны 7-р сарын 8-ны өдөр шилжүүлэн өгч, түрээслэгч 2015 оны 9-р сарын 16-ныг хүртэл ашигласан, ашигласан хугацааны талаар талууд маргаагүй байх ба түрээслэгч 4 сар 3 хоногийн түрээсийн төлбөрт 86 100 000 төгрөг төлөхөөр байна. Харин түрээслэгч нь 2015 оны 5-р сарын 19-нд 21 000 000 төгрөг, 6-р сарын 29-нд 21 000 000 төгрөг, 7-р сарын 30-нд 21 000 000 төгрөг, 8-р сарын 25-нд 21 000 000 төгрөг, 10-р сарын 23-нд 9 000 000 төгрөг нийт 93 000 000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. Үүнээс тооцвол, түрээслэгч түрээсийн төлбөрт 6 900 000 төгрөгийг илүү төлсөн байна.

 

Түрээслүүлэгч 13 тот гэрээгээр тохирсон 4199 УНС, 9472 УНЗ, 8359 УНС улсын дугаартай самосвал, 3212УБ дугаартай ковшийг 2015 оны 7-р сарын 8-ны өдөр түрээслэгчид шилжүүлсэн, түрээслэгч    4199 УНС самосвалыг 2015 оны 10-р сарын 19-нийг хүртэл, бусад 2 самосвал болон ковшийг 2015 оны 10-р сарын 31-нийг хүртэл ашигласан, ашигласан хугацааны талаар талууд маргаагүй байна.

 

Түрээслэгч нь техникийг ашигласан хугацааны буюу 4199 УНС самосвалын төлбөрт 36 346 154 төгрөг,   9472 УНЗ, 8359 УНС самосвалын төлбөрт 82 384 616 төгрөг нийт 118 730 770 төгрөг, ковшийн төлбөрт 53 505 0000 төгрөг нийт 172 235 770 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Үүнээс, түрээслэгч 2015 оны 7-р сарын 8-нд 46 000 000 төгрөг, 8-р сарын 25-нд 43 503 230 төгрөг, 12-р сарын 8-нд 60 000 000 төгрөг нийт 149 503 230 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй бөгөөд түрээслэгч 22 732 540 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Талууд 13 гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар түрээслэгч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх тул 22 732 540 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 11 366 270 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Харин түрээслэгч эксковаторын төлбөрт 6 900 000 төгрөг төлснийг алдангиас хасч 4 466 270 төгрөгийн алданги, үндсэн үүрэг 22 732 540 төгрөг нийт 27 198 810 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1, 232-р зүйлийн  232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Амгаасэдийн Ганбатаас 27 198 810 /хорин долоон сая нэг зуун ерэн найман мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж Сампилын Бадамсүрэн, Банзрагчийн Пүрэвжал нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 49 105 588 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 636 835 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.Ганбатаас 293 944 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА