Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 224/МА2025/00010

 

Д.Х-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.Ц, Н.С нарт холбогдох

иргэний хэргийн тухай

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 152/ШШ2024/00531 дүгээр шийдвэртэй,

       Д.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ц, Н.С нарт холбогдох, “Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, орон сууц гаргуулах, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Н.С, Н.Ц /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, Б.Түвшинтөгс /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Д.Х-ийн нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, орон сууц гаргуулах, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай.

       2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь х тоотод байрлах 80 м.кв талбайтай, хоёр өрөө, 2015 онд шинээр ашиглалтад орсон орон сууцыг 112,000,000 төгрөгөөр худалдан авч үүнээс урьдчилгаа болгож 33,600,000 төгрөг төлөөд үлдэгдэл 78,400,000 төгрөг дээр Төрийн банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамрагдан худалдан авсан. Ингээд тус орон сууцандаа 5 жилийн хугацаанд амьдарч байгаад 2022 оны 01 дүгээр сард хариуцагч болох Н.Ц, Н.С нарт 68,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, бичгээр гэрээ хийж, нотариатчаар гэрчлүүлсэн. Гэрээ ёсоор байрны урьдчилгаа төлбөрт хариуцагч нар нь надад 18,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хувь лизинг хийхээр болж, жилийн 8 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай, сар бүр байрны төлбөрт 480,000 төгрөг төлөхөөр тохирч худалдан авч, улмаар гэрээ хийсэн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тухайн орон сууцандаа амьдрах болсон. Гэтэл гэрээ хийсэн цагаас хойш хариуцагч нар байрны төлбөр төлөхдөө гэрээнд заасан хугацааг хожимдуулж хийдэг болсон. Миний бие удаа дараа уулзаж байрны төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөх талаар хэлж, сануулдаг байсан боловч тухайн зөрчил арилаагүй, одоо ч гэрээний хугацааг хэтрүүлсээр байна. Миний бие анх тухайн байрыг Төрийн банкны зээлээр авсан, зээлийн гэрээний төлөлт дуусаагүй байгаа, тус гэрээний дагуу би сар бүрийн 10-ны дотор зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байдаг. Хариуцагч нараас авсан мөнгөөрөө би орон сууцны зээлийн төлбөрийг төлдөг юм. Гэтэл хариуцагч нар гэрээнд заасан сар бүрийн 10-ны дотор төлөх үүргээ зөрчсөнөөс болоод миний бие Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэл байгаа тул хариуцагч болох Н.Ц, Н.С нартай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, өөрийн орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна.

       Түүнчлэн Н.Ц, Н.С нар нь байрны халаалтын төлбөрийг 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сар буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй байх бөгөөд тухайн орон сууцанд хариуцагч нар амьдардаг ч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр байдаг. Гэрээ ёсоор байрны төлбөр бүрэн төлөгдөх үед би гэрчилгээг тэдний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохирсон. Гэтэл тэдний амьдарсан хугацааны халаалтын өр нийт 614,296 төгрөг болсон бөгөөд өмчлөгч гэдэг утгаар миний нэр дээр төлбөр гарч намайг 2024 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөхгүй бол шүүхэд өгөх талаар мэдэгдэл ирээд байна. Энэ талаар би Н.Ц, Н.С нарт удаа дараа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй өр үүсээд байна. Мөн байрны юнивишний хэрэглээний төлбөр 2022 оны 3 дугаар сард 93,535.67 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын төлбөр 62,200 төгрөг, нийт 155,736 төгрөгийн өр үүссэн байх бөгөөд энэхүү өрөө мөн төлөхгүй хаалгаад орхисон байна. Үүнээс болоод намайг Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр бүртгэсэн. Энэ мэтээр Н.Ц, Н.С нараас шалтгаалж миний нэр дээр өр төлбөр үүсэж, цаашид миний зээл авах асуудалд ч сөргөөр нөлөөлөх асуудлууд гарч байна. Мөн Н.Ц нь ажилгүй, орлого олох боломжгүй болсон тул намайг тухайн хувь лизингээс чөлөөлж өг гэх хүсэлтийг надад тавьсан тул би гэрээнээсээ татгалзаж байраа буцаан авах хүсэлтэй байна. Иймд байрыг Н.Ц, Н.С нараас гаргуулж, байрны хэрэглээний төлбөрт 770,032 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        3. Хариуцагч Н.С, Н.Ц нарын татгалзал, татгалзлын үндэслэл: Бид иргэн Д.Х-ийн өөрийн 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаа зарна гэх зарын дагуу түүнтэй биечлэн уулзаж уг байрыг үзэж, харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр түүний байрыг худалдан авахаар болсон. Тухайн үед иргэн Д.Х нь өөрийн байрыг Төрийн банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамруулан худалдаж авсан байсан. Иргэн Д.Х 2 өрөө байрны үнийн үлдэгдэл болох 68,000,000 төгрөгөөр бид хоёрт байрыг худалдахаар тохирч Д.Х-д урьдчилгаа болох 18,000,000 төгрөгийг х тоот дансанд шилжүүлэн өгч, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хувь лизинг хийхээр 15 жилийн хугацаатай, сар бүр байрны төлбөр 480,000 төгрөгийг төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Бид 2022 оны 02 дугаар сараас эхлэн худалдан авсан байрандаа орж гэрээний төлөлтийн дагуу сар бүр 480,000 төгрөгийг иргэн Д.Х-ийн дансанд шилжүүлж, төлөлтөө тогтмол бүрэн барагдуулж байсан. Харин Д.Х-ийн нэхэмжилж байгаа халаалтын үнэ 614,296 төгрөг, бусад төлбөртэй нийлээд 770,032 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн бидэнтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс талуудын харилцан зөвшилцөлгүйгээр татгалзана гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Ц, Н.С бид нар орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу сар бүрийн төлөлтөө байнга тогтмол төлж, төлөх ёстой төлбөрийг бүрэн төлсөн болно. Иймд нэхэмжлэгч Д.Х-ийн гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     4. Хариуцагч Н.С, Н.Ц нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.Х-д даалгах тухай.

    5. Хариуцагч Н.С, Н.Ц нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Бид нэхэмжлэгч Д.Х-тэй тохиролцож, хувь лизингээр орон сууц худалдаж авах гэрээ байгуулж,  х тоот хаягт байрлах 80 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр төлөх 50,000,000 төгрөгийг 15 жил буюу 180 сарын хугацаанд жилийн 8 хувийн хүүтэй, сар бүр 480,000 төгрөг төлж, төлбөр дуусмагц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдагч Д.Х нь шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Дээрх гэрээг бид 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл сар бүрийн төлбөрийг төлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүргийн зөрчилгүй, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн боловч нэхэмжлэгч үл ялих зүйлээр дарамталж байраа буцааж авна гэж байнга дарамт үзүүлж, амгалан тайван байдал алдагдуулж, байрны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор байраа буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээ гэдэг нь хүссэн үедээ больж, дур зоргоороо авирладаг үйлдэл биш. Иймд Д.Х-д 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж /орон сууцыг шилжүүлж өгөх/ орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

      6. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 152/ШШ2024/00531 дүгээр шийдвэрээр:

      - Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Х-ийн хариуцагч Н.С, Н.Ц нарт холбогдох орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж,

     - Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч Н.С, Н.Ц нарын нэхэмжлэгч Д.Х-д холбогдох, 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.С, Н.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 324,750 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч Н.С-д олгож шийдвэрлэжээ.

      7. Нэхэмжлэгч Д.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 531 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

     Шүүх шийдвэртээ, талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “Зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн” гэж үзсэн атлаа гэрээнээс татгалзах талаарх зохицуулалтыг хэрэглэхдээ тус зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг биш, Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

       Түүнчлэн хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаагаа удаа дараа хэтрүүлсэн бөгөөд хэтрүүлэх бүрд зээлээ хугацаандаа төлөх талаар болон банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрч байгаа талаар амаар хэлж шаарддаг байсан. Мөн байрны төлбөрийг төлөхгүй бол мөнгөө аваад байрнаас гарах талаар хариуцагч нарт удаа дараа хэлж, сануулж байсан. Хариуцагч тал ч үүнийг зөвшөөрч, байнга ирж хэл ам хийдэг байсан тул амгалан тайван байдал алдагдуулдаг гэх зэргээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд тус үүргийн хүрээнд би удаа дараа амаар мэдэгдэж, шаардаж байсан талаараа хэлсэн, хариуцагч тал мөн “амгалан тайван байдал алдагдуулдаг, байраа буцааж авна, байр чөлөөлж өг гэдэг байсан” гэх агуулгатай тайлбар гаргасаар байхад зээлийн хугацаа хэтэрсэн болон гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

      Мөн хариуцагч Н.Ц нь ажлаасаа гарсан, цалин орлого байхгүй болсон тул цаашид тус зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон талаараа өөрөө надад хүсэлт гаргаж байсан. Хэрэглээний төлбөрүүдээ ч төлөхгүй нэхэмжлэл үүсгүүлэх зэргээр гэрээний дагалдах үүргээ зөрчиж байсан талаарх бүх баримтуудыг гаргаж өгсөн байхад эдгээр баримтуудын талаар огт дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 531 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

     8. Нэхэмжлэгч Д.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3 зүйлийг тусгаж өгөөд гэрээгээ цуцлах шаардлага тавьсан. Нэгдүгээрт хариуцагч нар хугацаа хэтрүүлээд байна, хугацаа хэтрүүлснээс болж банкнаас надад мэдэгдэл ирж, банк зээлийн гэрээгээ цуцалж байраа хураах арга хэмжээ авах гээд байна гэх утгатай хүсэлт гаргасан.

     Анхан шатны шүүхийн шийдвэрт ялимгүй зөрчил гаргасан учир ялимгүй зөрчилд тооцно гэсэн байдаг. Хавтаст хэрэгт хариуцагч нарын төлсөн мөнгөний хэмжээ, мөнгө төлсөн өдөр, дутуу төлсөн мөнгө зэргийг хүснэгтээр гаргаж өгсөн. Гэтэл дутуу төлсөн төлбөрийг бүрэн төлсөнд тооцож, дутуу төлсөн төлбөрийг хасаж шийдвэрлэсэн байна лээ. Хариуцагч нартай 2022 оны 01 дүгээр сард гэрээ байгуулаад 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилгаа төлбөрийг хүлээж аваад авч, хоосон байраа түлхүүрийн хамт хүлээлгэж өгсөн. Гэрээн дээр байранд орсноос хойш төлбөр төлнө гэх заалт тусгаагүй. Хариуцагч нар бид 2 сарын сүүлээр байранд орсон учир 3 сараас эхэлж төлбөрөө төлөх ёстой гэж яриад 2 сарын төлөлтийг төлөөгүй байгаа. Байрны төлөлтийг хэзээ төлөх талаар тусгаагүй учраас анхан шатны шүүх миний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй, байранд орсон сараас эхэлж төлнө гэх утгатай шийдвэр гарсан байна лээ.

     Анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш одоог хүртэл байрны төлөлтийн хугацаа хэтрүүлж байгаа. Энэ хугацаа хэтрүүлсэн хоног хариуцагч нарт ялимгүй зөрчил байж болно, миний хувьд эрх ашиг зөрчигдөж, зээлийн ангилал муудаж, хариуцагч нар болон би ч байргүй болох эрсдэлтэй. Банк байраа хурааж авах талаар надад мэдэгдэл өгснийг хэрэгт хавсаргасан. Хэрэглээний төлбөр төлүүлэх шаардлага надад чухал биш. Байранд орсноос хойш 2024 оны 5 дугаар сар хүртэл байрны ямар ч төлөлт хийгээгүй.

     Би анх Н.Ц-тай гэрээ байгуулсан. Н.Ц 2024 оны 5 дугаар сард “би орлогогүй боллоо, төлж чадахгүй, гэрээнээс татгалзлаа, эхнэртэй гэрээ үргэлжлүүлээд байгуулж болно” гэх бичиг надад хийж өгсөн. Би анх Н.Ц цэргийн ангид ажилладаг, өндөр цалинтай учраас эрсдэлгүй юм байна гэж бодож гэрээ байгуулсан боловч ажилгүй болсон тул гэрээг сунгах шаардлага надад байхгүй бөгөөд гэрээгээ цуцлахаар шүүхэд хандсан. Гэтэл Н.Ц би байраа авч үлдэнэ, бид нар тусдаа амьдарч, 2 талд ажил хийж, амьдрахын төлөө явж байна гэх зүйл яриад байгаа.

     Миний хуулийн мэдлэггүйг далимдуулж, хариуцагч нар өөрт ашигтай гэрээ байгуулсан тул надад маш хохиролтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

       9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Тухайн зохицуулалтад гэрээнээс татгалзах үндэслэлийг хуульчилсан. Гэтэл тухайн гэрээний зохицуулалтыг хэрэглэхгүйгээр ерөнхий ангийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлах ёстой байсан гэдэг байдлаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

      Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан. Өөрөөр хэлбэл, зохих ёсоор биелүүлээгүй гэдэг агуулга нь анх гэрээ байгуулсан буюу тохиролцсон цаг хугацаандаа тохиролцсон үнийн дүнгээр төлбөрөө төлөөд явах ёстой.

      Гэтэл төлбөрийн баримтуудаас хугацаа хэтэрсэн хоногуудыг нэг бүрчлэн түүж, шүүхэд ойлгомжтой байх үүднээс хугацааны тооцоог гаргаж өгсөн. Үүнийг ялимгүй зөрчил гэж үзэх гэхээр 1 удаа, 2 удаа гарч байгаа үүргийн зөрчил биш, гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаа болж байхад анхан шатны шүүх хурал хүртэл 15 удаагийн үйлдлээр 113 хоног буюу нийлбэр дүнгээрээ 3 сар өнгөрүү хугацаа хэтрүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш яг 4 сарын хугацаанд байнга хугацаа хэтрэлттэй. Үүнд нэхэмжлэгч ач холбогдол өгч хандаад байгаа шалтгаан нь, энэ байр Төрийн банканд 78,000,000 төгрөгийн ипотекийн зээлийн гэрээтэй буюу барьцааны гэрээтэй. Анх гэрээ байгуулахдаа сар бүрийн 10-ны дотор төлөхөөр тохирсон нь Төрийн банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаатай уялдуулж тогтоосон. Нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хариуцагч нараас авч байгаа байрны төлбөр дээрээ мөнгө нэмээд байрныхаа зээлийн гэрээний үүргээ биелүүлдэг.

      Хариуцагч Н.Ц-ын хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, ажлаасаа гарсан учраас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон, цаашид эдийн засгийн хувьд боломжгүй болсон гэх агуулгатай хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн нь гэрээний үүргийг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасны дагуу гэрээнээс татгалзах саналыг тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг үргэлжлүүлээд аваад байгаа нь хариуцагч нар байрыг огт чөлөөлж өгдөггүй, үл ойлгогдох асуудал гаргадаг бөгөөд банкны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг төлөх зайлшгүй шаардлагатай учраас байраа чөлөөлж авч чадахгүй байгаа. Үүнийг ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй.

     Энэ шүүхийн маргааны асуудал дууссан ч цаашид үүргийн зөрчил гарахгүй гэх итгэл үнэмшил байхгүй учраас гэрээгээ цуцлаад, байраа чөлөөлж авах шаардлагыг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

     10. Хариуцагч Н.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Та бүхэн хуулганаас нь гүйлгээний утгыг хараарай. Жишээлбэл 2024 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 3 дугаар сарын төлбөрөө төлсөн байхад 02 дугаар сарын төлбөрийг 30 хоног хэтрүүлсэн гэж үзээд байгаа. Бид нар ч хууль мэдэхгүй, нэхэмжлэгч ч хууль мэдэхгүй. Бид бэлэн хэдэн төгрөгтэй, байранд орох хүсэл эрмэлзэлтэй байсан. Би тухайн үед ажилгүй, нөхөр маань ажилтай байсан. Ипотекийн зээлд орох гэсэн боловч 1 жилийн дараа орох боломжтой гэсэн учраас бид хувь лизингээр байр авахаар Д.Х-тэй тохиролцож, 68,000,000 төгрөгийн байрыг 18,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр гэрээнд тусгагдсан байгаа. Гэхдээ бид төлөлтөө 1, 2 хоногоор хоцроож байсан нь үнэн. Харин олон хоногоор хэтрүүлж, нэхэмжлэгчийг хохироосон асуудал байхгүй гэв.

      11. Хариуцагч Н.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг төлбөрөө төлөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.  Тухайн үед манайд ирж уулзаад намайг ажлаасаа гарсан талаар Д.Х мэдэж байсан. Д.Х ах “надад бичиг хийгээд өг, би эхнэртэй чинь шинээр гэрээ байгуулж болно” гэж намайг ятгасан. Би болно гэдэг утгаар бичиж өгсөн болохоос эхнэргүй байсан бол хүнд итгэж 68,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг өгөөд тухайн байранд амьдрахгүй. Байрны төлөлт хийгдээд дууссаны дараа байраа  шилжүүлж өгөх боломжгүй болчихлоо гэх эрсдэл маш их байгаа учраас би эхнэртэйгээ хамт гэрээ байгуулсан. Харилцан тохиролцсон үйлдэл биш гэдгийг шүүгч нар анхаарч үзээрэй. Анх байрны төлбөр болох 18,000,000 төгрөгийг 1 дүгээр сард шилжүүлээд, цагаан сар болж байгаа тул 3 дугаар сараас байрны түрээсээ төлж эхэлье гэж хэлсэн. Надтай адил байр түрээсэлж байсан хүн байсан, тухайн хүн 18,000,000 төгрөг өгөөд амьдрах хугацаандаа байрны төлбөрөө төлөх боломжгүй болсон тул тавилга эд хогшлоо зөөж, би 3 сард байрандаа ороод 3 дугаар сарын 18-ны өдрөөс 480,000 төгрөгийн төлбөрөө төлж эхэлсэн. Түүнээс хойш сар бүр төлбөрөө төлсөөр ирсэн. 1, 2 хоногоор хоцорч байсан байх, 1 сараас дээш хугацаагаар байрны төлбөрөө хэтрүүлж байгаагүй гэв.

     12. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 531 дугаартай шийдвэр хууль зүйн хүрээнд гарсан, хуулийн шаардлагыг хангасан.

     Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгч Н.С, Н.Ц нар үүргээ зөрчсөн тохиолдол байхгүй. 15 удаагийн үйлдлээр хугацаа хэтрүүлж мөнгөө төлж байсан, анхан шатны шүүх хурлаас хойш 4 сарын хугацаанд 480,000 төгрөгийг хугацаа хэтэрсэн байдалтай төлсөн гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл үүнийг  нотлох баримт авч ирээгүй. Нэхэмжлэлд худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзана гэж байна. Гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Н.С-ийн хувьд худалдах худалдан авах гэрээ хийж байхдаа ажилгүй байсан, нөхөр Н.Ц ажиллаж байсан. Үүнээс хойш ажилд орсон. Эхнэр нөхөр хоёрын аль нь ч гэрээний дагуу төлбөрөө сар бүр төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь халаалтын төлбөр, юнивишний төлбөрөөс болоод миний зээлийн ангилалд хар толбо үлдээж, дахин зээл авах боломжгүй найдваргүй зээлдэгч болгож харагдуулж байна гэдэг зүйлийг яриад байгаа. Энэ нь орон сууц ашиглалтын явцад гарч байгаа төлбөр тооцоо шүү дээ. Одоо төлбөр тооцоонуудыг Н.С, Н.Ц нар өөрийнхөө нэр дээр төлөөд явж байгаа. Хариуцагч нарт ипотекийн зээл гарах боломжгүй тул Д.Х-тэй 68,000,000 төгрөгөөр 2 өрөө, 80 м.кв байрыг авахаар тохиролцоод 18,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, байраа буцааж авъя гэхээр миний үйлчлүүлэгч нарын төлсөн 18,000,000 төгрөгийг буцааж олгохгүй, тухайн байрыг 480,000 төгрөгөөр түрээсэлсэн байдлаар амьдарч байсан мэт тэдний эрх зүйн байдлыг дордуулж байгаа. Гэрээ нь анх ямар нөхцөл байдалтай хийгдсэн гэдгийг анхаарах ёстой. Төлбөрийг хувьд удаашруулж, үргэлжилсэн үйлдлээр, удаан хугацаагаар ипотекийн зээл төлөхөд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Хүснэгтээр 136 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж байгаа. Гэтэл Н.Ц болон Н.С нарын данснаас сарынхаа төлөлтийн утгыг дурдаад хийсэн. Төлөлтөө хугацаанаасаа өмнө хийсэн тохиолдлууд байгаа. Үүнийг яаж тооцоод хугацаа хэтрүүлсэнд оруулсан нь эргэлзээтэй. Худалдах худалдан авах гэрээний дагуу байрны төлбөр 480,000 төгрөгийг 136 хоногоор хэтрүүлсэн болох нь банкны мөнгө төлсөн хуулганаас  харагдахгүй байгаа. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

     13. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ....Нэгдүгээрт нотлох баримтуудын хувьд гэрээнээс татгалзаад, байрыг буцааж авахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа. Гэрээнээс татгалзахын тулд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, ямар нэгэн татгалзах нөхцөл байдал бүрдсэн байхыг шаарддаг. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээ хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэдэг байдлаар тайлбарладаг. Хугацаандаа төлбөрөө төлдөг эсэх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй зөрчил байгаа эсэхэд бид дүгнэлт хийх шаардлагатай. Талууд худалдах, худалдан худалдан авах болон орон сууц зээлээр худалдан авах гэрээний эргэн төлөлтийг сараар тогтоосон. Талуудын харилцан тохиролцсоноор 1 сар түүнээс дээш хугацаа хожимдуулж үүргийн зөрчил гаргаж байсан асуудал байхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа. Сарын төлөлтүүд 1-4 хоног, 7 хоног зарим сард 1 сар хэтрээд төлөгдөж байсан.

       Хоёрдугаарт, нийт 3-4 сарын хугацаа хэтрүүлсэн гэдэг байдлаар яриад байна. 3, 4 сараар үүрэг зөрчсөн гэдэг нөхцөл байдалд орох эсэхэд дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл сар бүр эргэн төлөлтийн хуваарь зөрчиж байсан асуудал байхгүй. 

     Гуравдугаарт, хууль зүйн талаасаа үүрэг гүйцэтгэсэнд тооцогдох уу гэдэг асуудал байгаа. Хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч хүлээгээд авчихсан. Анхан шатны шүүх хурал болоход  болон өнөөдрийн давж заалдах шатны шүүх хурал болж байх цаг хугацаанд үүргийн зөрчил байхгүй гэж би дүгнэж байгаа. Учир нь заримдаа 7 хоног хугацаа хэтрүүлээд төлснийг нэхэмжлэгч зөвшөөрөөд ямар нэгэн асуудал дэгдээхгүйгээр үүргийн гүйцэтгэлийг нь хүлээж аваад өнөөдрийг хүртэл явсан. Үүнийг хууль зүйн хувьд үүрэг гүйцэтгэсэнд тооцно. 2 хоногийн хугацаа хэтрүүлсэн асуудлыг эрх зүйн ялимгүй зөрчил гэж үзнэ гэж хуульд томьёолсон. Эрх зүйн ялимгүй зөрчил гаргавал  гэрээнээс татгалзахыг хориглосон зохицуулалттай тул энэ нь гэрээнээс татгалзах  үндэслэл биш гэдэг байр суурийг илэрхийлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

     14. Нэхэмжлэгч Д.Х-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 152/ШШ2024/00531дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

        15. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Н.Ц, Н.С нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц гаргуулах, орон сууцны ашиглалтын зардал 770,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.   

       16. Хариуцагч Н.Ц, Н.С нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “бид орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу сар бүрийн төлөлтөө тогтмол төлөөд явж байгаа, зээлийн төлбөрийг урт хугацаагаар тасалдуулаагүй, цөөн хоногоор хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа ч зарим үед зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж байсан тул гэрээнээс татгалзах нөхцөл үүсээгүй гэж үзэж байна. Орон сууцны  халаалтын төлбөр болон бусад зардал 770,032 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан “орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Д.Х-д даалгах” тухай  сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

        17. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтыг  баримтлан нэхэмжлэгч Д.Х-ийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөр 770,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал биелүүлснийг баталж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. 

      18. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

    Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлж чадаагүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. “Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхийг үнэлэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх явдал байдаг.

       Түүнчлэн шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж үзэх бөгөөд материаллаг эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэх гэдэгт, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх, эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх,  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх алдааг тус тус хамааруулж ойлгоно. 

      18.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл /1-р хх-17-18-р тал/ гэх баримтад үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

    18.2. Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Д.Х өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн х тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай орон сууцыг 68.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар Н.С, Н.Ц нартай харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 18,000,000.0 төгрөг авч, үлдэгдэл 50,000,000.0 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, сар бүр 480.000 төгрөг төлөхөөр, худалдан авагч тал хугацаанаас  өмнө төлбөрийг бүрэн төлж дууссан нөхцөлд орон сууцны өмчлөх эрхийг Н.Ц-д шилжүүлэн өгөхөөр тус тус харилцан тохиролцож, хэлцэл хийсэн  нь нотлогдсон байна. 

     Талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцэл /гэрээ/-ийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд тухайлан маргаагүй хэдий ч шүүх зохигчийн шаардлага ба татгалзлын үндэслэл, тайлбарыг үндэслээд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул тухайн хэлцэл нь Иргэний хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр байх шаардлагад нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх бодит шаардлага бий болсныг анхаараагүй байна.

        18.3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн хувьд тухайн орон сууцыг барьцаалж, бусдын өмнө буюу гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахаар банктай гэрээ байгуулсан нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгааг шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

        Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий, х тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай орон сууцыг Төрийн банк ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан, х дугаар бүхий орон сууцны ипотекийн зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /1-р хх-ийн 10-15-р тал/-ний дагуу урт хугацааны зээлээр худалдан авсан, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, уг орон сууцыг Төрийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

        Нэхэмжлэгч нь уг орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Төрийн банк ХХК-ийн буюу барьцаалагчийн эрхийг зөрчиж, гуравдагч этгээдэд шилжүүлэхээр хэлцэл хийсэн байхад анхан шатны шүүх “зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй” гэх дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

     18.4. Талууд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийхдээ, хуульд заасан үндэслэл, журмын дагуу орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч буюу Н.Ц, Н.С нарт шилжүүлээгүй /шилжүүлэх хууль зүйн болон бодит боломжгүй/ атлаа орон сууцыг хариуцагч нараас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

     19. Дээрх үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.   

      20.  Нэхэмжлэгч Д.Х-ийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.     

       21. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлүүдийг хүлээж аваагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр 22-ны өдрийн 152/ШШ2024/00531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,  нэхэмжлэгч Д.Х-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Х-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                                    ШҮҮГЧ                                      Н.МӨНХЖАРГАЛ  

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.АЛТАН