| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06213/И |
| Дугаар | 4443 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4443
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2016/04443 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 23/3-р байрны 8а тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧК79032274, Уулба овогтой Бадрахын Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25-1-1 байрны 802 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УШ89052033, Боржигон овогтой Цэрэн-Очирийн Оргилболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагч Ц.Оргилболд, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баярсайхан /үнэмлэх 0217, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир нь Ц.Оргилболдтой 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц.Оргилболд нь зээлийг төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцон үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 448 000 төгрөг, алданги 2 652 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Оргилболдоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Оргилболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийсэн. Тэгээд зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болоод гэрээний хугацаа дууссан. 2016 оны 1 дүгээр сарын 20-нд 150 000 төгрөг өгсөн, үүнээс хойш тогтмол хүүнийхээ 450 000 төгрөгийг өгье гэж тохирсон. Нэхэмжлэгч шүүхэд өгснөөс хойш мөнгө өгөөгүй. Би сар бүр 240 000 төгрөгөөр тооцоод 7 сар хүртэл 1 650 000 төгрөг, үндсэн зээл 4 000 000 төгрөг нийт 5 650 000 төгрөг үүнээс 150 000 төгрөгийг хасаад 5 500 000 төгрөг өгөх боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир нь Ц.Оргилболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 495 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 505 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.
Б.ПүрэвОчир нь 2015 оны 10-р сарын 06-ны өдөр Ц.Оргилболдтой “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж, 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2206035763 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсан гудамж, 103-р байрны 1-р давхар, С1-8 тоот 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалан зээлүүлэхээр /хх 3-5/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ улсын бүртгэд бүртгэгдсэн байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч мөнгийг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй байна.
Зээлдүүлэгч нь тухайн өдрөө 4 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх ба харин зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад мөнгөө төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 4 000 000 төгрөг, 2 сарын хүү 480 000 төгрөг нийт 4 480 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас 150 000 төгрөг төлж бусад 4 330 000 төгрөгийг төлөөгүй байна.
Талууд гэрээний 2-р зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба 4 330 000 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 2 165 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч Ц.Оргилболд нь нэхэмжлэгчид 6 495 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэрэн-Очирын Оргилболдоос 6 495 000 /зургаан сая дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулж Буянбадрахын Пүрэв-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 505 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оргилболдоос 118 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА