| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2023/05704/И |
| Дугаар | 210/МА2025/00404 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00404
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/05164 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
735,056,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Талууд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 14 таунхаус барилга барихаар төслийн хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай гэрээ, ажил гүйцэтгүүлэх гэрээг тус тус байгуулсан.
Уг гэрээгээр тус компани нь *****гийн ашиглаж буй 0.5 га газарт 14 ширхэг таунхаусын барилгыг Япон улсын хөрөнгө оруулагчийн олгосон зээлээр барьж гүйцэтгээд, төслийн захиалагчид баригдаж дууссан барилгаас 3 ширхэг таунхаус хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.
2021 оны 11 дүгээр сар гэхэд *****гийн ашиглалтын газарт 397.5 м2 талбай бүхий 10 ширхэг таунхаусын бүрэн бетон суурь, үүнээс 4 ширхэг таунхаусын В1 буюу зоорийн давхрын гүйцэтгэл дууссан, мөн 2 ширхэг таунхаусын суурийн газар шорооны ажлыг хийж өвлийн зогсолтод орсон.
Гэвч ***** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал .***** нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зуурдаар нас барсан. Түүнийг нас барсан сургаар Япон улсын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулсан мөнгөө буцаан татах, Монгол улс дахь тухайн төслийн туслан гүйцэтгэгч компаниуд, иргэдийн хооронд мөнгөө нэхэмжлэх гэх мэт санхүүгийн асуудлууд үүссэн.
Иймд талийгаачийг нас барсан цагаас хойш төслийн хөрөнгө оруулалт бүрэн зогсож, барилгын ажил огт үргэлжлээгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа талаар хариуцагчид албан бичгээр мэдэгдсэн, энэ үед баригдсан барилга угсралтын ажлын зардалтай холбоотой үнэлгээ хийлгүүлэхэд 735,056,340 төгрөг болсон.
Цаашид нэгэнт баригдсан барилгын суурь дээр барилгыг үргэлжлүүлэн барих ашиг сонирхол нь хариуцагч талд байгаа.
Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 735,056,340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талаас Япон улсын хөрөнгө оруулагчийн зээлээр барилга барих тухай гэрээнүүдэд тусгагдсан гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй.
Захиалагч *****гийн зүгээс ***** болон ***** ХХК-д удаа дараа ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэх, гэрээнээс үүдэлтэй санхүүгийн харилцааны алдагдал, хугацаа хэтэрснээс үүсэх үр дагаврыг бичгээр, цахимаар мэдэгдсэн ч хариу өгөөгүй тул нэхэмжлэх эрхээ алдсан.
2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзаж буй талаар албан мэдэгдэл өгсөн гэдэг атлаа шүүхэд энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд гэрээг цуцлах, татгалзахтай холбоотой мэдэгдэл зохих журмын дагуу бидэнд ирээгүй. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гадна, гэрээгээ өөрөө зөрчиж захиалагч талыг бодитойгоор хохироосон.
Захиалагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох байгууллагаас гаргах ёстой баримт бүрийг нэг бүрчлэн гарган өгсөн. Үнэлгээний компаниар гаргасан үнэлгээг хариуцагч талд тулгаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч талаас хийгдсэн ажлын санхүүгийн баримттай холбоотой ямар ч баримт гаргаж өгөөгүй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасныг баримтлан, хариуцагч *****гөөс 674,456,340 төгрөгийг гаргуулж ***** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,060,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,893,231 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****гөөс улсын тэмдэгтийн хураамж 3,350,231.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
***** нас барсан нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсонтой шууд шалтгаант холбоотой гэдэг нь баримтаар хангалттай тогтоогдох ёстой. Нас барсны гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд нь нас барснаас төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх үндэслэлийг шууд нотолж байгаа баримт биш.
"*****" ХХК-ийн гүйцэтгэх захирал ***** нас барсны дараа нэхэмжлэгч талын байр суурийг тодорхой болгох үүднээс *****тай шууд холбогдож асуухад утсаар болон цахимаар хариуг өгсөн байдаг бөгөөд тэрээр "Миний бие тус хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй тухайн төслийг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно" гэдгээ тодорхой илэрхийлсэн. Түүнчлэн ***** нь төслийг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг өөрөө гаргасан ба тухайн гэрээний гүйцэтгэгч тал нь хуулийн этгээд тул гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхөөс үл хамаарч тухайн гэрээний үүргээ гүйцэтгэх ёстой.
Гэрч ***** нь "Нэхэмжлэгч хуулийн этгээдийн дансанд байсан төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой байсан мөнгөн хөрөнгө, санхүүжилтийг ***** нь өөрийн хүүхдүүдийн дансанд шилжүүлэн авч хувьдаа хэрэглэсэн" гэж мэдүүлсэн байхад шүүгч дүгнэлт хийхгүй орхигдуулсан.
Хариуцагч талаас гаргаж өгсөн мэргэжлийн төсөвчний төсвийг үнэлээгүй орхигдуулсан атлаа хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Мэргэшсэн төсөвчин Б.*****нэхэмжлэгчийн хийсэн ажлыг 390,665,270 төгрөг гэж тогтоосон тул энэ хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой.
Хариуцагч талаас ажлыг хүлээлгэн өгөх талаар удаа дараа шаардлага тавихад хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй гаргаж ирсэн бөгөөд арга буюу ажлыг хариуцагч тал бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авсан. Энэ талаарх баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүх уг актын талаар дурдсан атлаа ажлыг хүлээлцээгүй гэх бодит байдалд нийцэхгүй тайлбарыг хийсэн.
Нэхэмжлэгч нь ажлыг хүлээлгэн өгөөгүй атлаа өөрийн үзэмжээр биечлэн ирж үзээгүй ***** гэх төсөвчнөөр зориудаар өндөр хэмжээний төсөв гаргуулж, түүнийг нь шүүх үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч нь ажилд зарцуулсан зардлаа нотлох зорилгоор санхүүгийн болон зарлагын баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл эдгээр нотлох баримтуудыг шүүж үзэхэд нэг талын баримтууд буюу гарын үсэг байхгүй, тамга тэмдэг байхгүй, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн эсэх нь бүгд тодорхойгүй баримтууд байсан. Мөн цаг хугацааны хувьд төслийн барилгын ажил зогссоноос хойш гардуулсан огноотой буюу барилгын ажилд орж зарцуулагдаагүй, хамааралгүй баримтууд байсан.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч 10 ширхэг таунхаусын бүрэн бетон суурь, үүнээс 4 ширхэг таунхаусын В1 буюу зоорийн давхрын ажлыг хийсэн нь баримтаар тогтоогдсон. Шүүх мэргэшсэн төсөвчин *****ын гаргасан төсвийн хүрээнд нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй, энэ баримтыг хариуцагч няцааж чадаагүй. ***** захирал нас барснаар Япон улсын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа буцаан шаардаж төсөл цаашид хэрэгжих боломжгүй болсон.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч ***** холбогдуулан төсөл хэрэгжих боломжгүй болж ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үндэслэлээр 735,056,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээ цуцлагдах нөхцөл үүсээгүй, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй үйл баримтад хамаарал бүхий нөхцөл байдал үнэн зөв, эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.
3.1. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээгээр захиалагч *****гийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн аманд байрлах газар дээр гүйцэтгэгч ***** ХХК 14 ширхэг бүрэн цутгамал таунхаус болон оффисын барилга барих төслийг зохих хөрөнгө оруулалтыг хариуцаж хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон.
Уг гэрээ хэрэгжиж байх явцад цаашид төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул цуцлагдсан үндэслэлээр үүний үр дагаварт 735,056,340 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан.
Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдсан эсэх, хэрэв цуцлагдсан тохиолдолд тухайн үеийн байдлаар нэхэмжлэгч хэдий хэмжээний үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нь хэргийн маргааны хүрээнд хамаарч байна.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар маргааны үйл баримтыг тогтоосны үндсэн дээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх учиртай.
Нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээгээ нотлохоор мэргэшсэн төсөвчин *****ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийж гүйцэтгэсэн 735,056,340 төгрөгийн өртөг бүхий төсөвт өртгийн тооцоог, харин хариуцагч дээрх тооцоог эс зөвшөөрч мэргэшсэн төсөвчин Б.***** 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 390,665,270 төгрөгийн өртөг бүхий төсөвт өртгийн тооцоог тус тус хэрэгт баримтаар гаргаж өгсөн байна.
Ийнхүү маргааны зүйлд хамаарах харилцан эсрэг байр суурь бүхий баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх мэргэшсэн төсөвчин Б.***** гаргасан төсөвт өртгийн тооцоог хэрхэн үнэлсэн, эсхүл үнэлэх үндэслэлгүй болохыг тайлбарлалгүй орхигдуулсан.
3.3. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний өртөгт хамаарах үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр талууд 10 ширхэг таунхаусын бүрэн бетон суурь, үүнээс 4 ширхэг таунхаусын В1 буюу зоорийн давхрын ажлыг нэхэмжлэгч хийсэн гэж байгаа боловч энэхүү хийсэн ажлын нийт талбайн хэмжээ, хийгдсэн газар шороо, суурь, араг бүтээцийн ажил, зарцуулсан материал, тээвэр, ажиллах хүчний зардлын тооцооллыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар тогтоосны үндсэн дээр маргааны үйл баримтад шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой юм.
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар маргааны үйл баримтыг тодруулна.
4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир маргаанд материаллаг эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/05164 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,531,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ