| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0161/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 162
2019 06 18 2019/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашавгад овогт Ц.Жд холбогдох 1921000000191 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд жижүүр ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг Хустын 200 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ашавгад овогт Ц.Ж. /РД: ..............
Шүүгдэгч Ц.Ж нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг Хустын 200 тоотод орших өөрийн гэртээ иргэн О.Бум-Эрдэнэтэй маргалдан улмаар хэвлий, зүүн гуя тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч О.Бум-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би үүдний өрөөний шүүгээг нь онгойлгоод утасныхаа цэнэглэгчийг хайж байтал Ц.Ж ах гэнэт над руу гутал аваад чулуудсан ба тэр нь оноогүй. Тэгээд би “Та яаж байна аа” гээд асуутал “Чи муу хулгайч эгчийнхээ гэрээс хулгай хийдэг нь яаж байгаа юм” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Та юу яриад байгаа юм би өөрийнхөө утасны цэнэглэгчийг хайж байна” гэж хэлсэн чинь “Чи муу пизда манай эхнэрийн монетон бөгжийг яасан, архинд өгсөн үү” гээд намайг хулгайд гүжирдсэн.Тэр үед би ч бас халамцуу байдалтай байсан учраас тэсэхгүй Ц.Ж ахыг архичин, гуйлгачин гэж хэлээд гэрт нь нулимаад гараад явсан юм. Тэгээд намайг гэрийнх хаалгаар гараад явж байтал миний зүүн гуянд маань нэг юм “Жирс” гээд ороод явсан. Тэгээд би гайхаад эргээд хартал ар талд Ц.Ж ах гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би айж шоконд ороод тэднийхээс гарч зугтаасан юм. Би тэр үед шоконд орсон учраас тухайн цаг үеийн үйл явдлыг бүрэн санахгүй байна. Нэг мэдэхэд би зугтаад хашаанаас гараад нэлээн хол гүйчихсэн байсан бөгөөд өөрийнхөө гуяыг бариад үзтэл миний зүүн гуянаас цус гарч байсан. Тэгээд би сумын эмнэлэг рүү очоод боолт хийлгэсэн...” гэжээ /хх-ийн 9-11 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 373 тоот дүгнэлтэд
1.О.Бум-Эрдэнэ-н биед хэвлий, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой байна.
4.Дээрх гэмтэл нь нийлээд болон тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17 тал/
Ц.Жы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ашавгад овогт Ц.Ж нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг Хустын 200 тоотод орших өөрийн гэртээ хохирогч О.Бум-Эрдэнэтэй маргалдан улмаар хэвлий, зүүн гуя тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч О.Бум-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 373 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Жд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ц.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Бум-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул Ц.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Жы ЖВ ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Ц.Жыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал иштэй хутга 1 ширхэгийг устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ж тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ