Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00262

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04732 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******,

Түрээсийн гэрээний үүрэгт 110,818,571 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай компани нь хариуцагч *******-тай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээний дагуу техникийг түрээслүүлсэн. Уг гэрээнд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан ажиллах цагийг уртасгасан ба үүнтэй уялдуулан түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулсан. Түрээсийн төлбөрт 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 8,680,357 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 1,820,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөг, нийт 24,400,357 төгрөг төлөгдсөн. Талууд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр харилцан тооцоо нийлж, акт үйлдсэн ба үлдэгдэл нь 110,818,571 төгрөг болохыг харилцан баталгаажуулсан. Түрээсийн гэрээний 2.4-т 10 хоногт багтаан түрээслүүлэгчийн 2.4-т заасан дансанд шилжүүлнэ гэж зааснаар гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэдэг боловч төлдөггүй ба гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, цаашид хэрхэн гүйцэтгэх нь тодорхойгүй. Иймд хариуцагч *******-аас 110,818,571 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай компани нэхэмжлэгч *******-тай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл ******* улсын дугаартай грейдерийн өмчлөгч болох ******* гэх хүн манай компани дээр 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******-тай байгуулсан Уул уурхайн машин механизм түрээслэх түрээсийн гэрээг дуусгавар болгож өгнө үү гэх өргөдлийг өгсөн. Тус өргөдлийн дагуу ******* улсын дугаартай грейдерийн өмчлөгч болох *******тай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх түрээсийн гэрээг шинээр байгуулсан. Иргэн ******* нь *******-д манай компаниас шилжүүлсэн түрээсийн төлбөрийг авч чадахгүй байгаа талаараа ярьж байсан. Мөн гэрээнд гарын үсэг зурсан ******* нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй, *******-аас нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга:

*******-тай гэрээг хийсэн нь үнэн, уг грейдер бол манай дүүгийн компанийнх байгаа юм. Гэхдээ минийх, миний нэр дээр шилжүүлчих гээд шилжүүлсэн. Бидний хооронд төлбөрийн маргаан байсан. Тиймээс гэрээний үүргээ биелүүлсэн нь зөв байх гэж бодоод байна, ******* нь миний нөхөр, грейдер болон компани нь манай дүүгийнх, манай нөхөр, дүү 2 хэрэлдээд тэгээд би гэрээгээ өөрчилье гэж хэлсэн нь үнэн. Би ямар нэгэн итгэмжлэлийг дүүдээ ч, нөхөртөө ч олгоогүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 110,818,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 712,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэгт гуравдагч этгээд *******гийн *******-д хандан Бигболд констракшн ХХК дээр хийсэн гэрээг дуусгавар болгож, өөрийн нэрээр гэрээг өөрчилж байгуулах хүсэлт гаргасан бичгийн баримт шүүхэд хариуцагчийн гаргаж өгснөөр нотлох баримтаар авагдсан ба нотлох баримтын шаардлага хангаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх талаар шаардлага гаргаагүй.

*******-аас гаргасан бичгийн баримтад талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн ямар ч агуулга байхгүй, харин гэрээг өөрийн нэр өөрчлүүлэх, өмнөх гэрээг дуусгавар болгуулах хүсэлт гаргасан.

5.2. Гэрээний хүчин төгөлдөр байдлыг буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т ... хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон ... гэж, 43.2.1-т ...талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан ... гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт ... Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Хэрэгт нотлох баримтаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *******-ийн тооцоо гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтаар талууд төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж, ... Грейдер ZGR-462, нийт дүн 135,218,929 төгрөг, нийт төлсөн 24,400,357.14 төгрөг, үлдэгдэл 110,818,571.43 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч талаас дээрх төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлэх нь зөв гэж бодож байна гэсэн тайлбар гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан гуравдагч этгээд ******* оролцохдоо өмнөх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар шаардлага гаргаагүй.

Иймд *******, ******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм.

5.3. Хариуцагч ******* зохигчдын хооронд байгуулсан түрээсийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, төлбөртэй болохоо үгүйсгээгүй байдал нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, үлдэгдэл төлбөрийн талаар үйлдсэн тооцооны акт зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогддог.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг буруу дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Грейдер хэдийгээр миний өмчлөлд бүртгэлтэй боловч манай дүү *******ын компани *******-ийн хөрөнгө. Би анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа грейдерийн төлбөрийг *******-д өгөх нь зөв гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 110,818,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ: Грейдер техникийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс түрээсэлсэн төлбөрөө төлөөгүй тул тооцоо нийлсэн баримтыг үндэслэн түрээсийн гэрээний үүрэгт 110,818,571 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ гэжээ.

 

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлдээ: Грейдер нь гуравдагч этгээд *******гийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан ******* нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

1.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Грейдер нь миний нэр дээр бүртгэлтэй бөгөөд өөрийн дүү болон нөхөртөө ямар нэгэн итгэмжлэлийг олгоогүй, манай дүү, манай нөхөр хоёр л ойлголцохгүй байсан учраас би гэрээгээ өөрчилнө гэж хариуцагч тал дээр очсон нь үнэн гэжээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээг байгуулж, ******* улсын дугаартай, грейдерийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч машин, механизмын түрээсийн төлбөрт 1 сард 33,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон./хх8-14/

 

3.2. Дээрх гэрээнд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, техникийн түрээсийн ажиллах цагийг 580 мот/цаг байх бөгөөд өдөр шөнийн ажиллах цагийг 20 цаг болгож, техникийн сарын түрээс нь 58,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна./хх15/

 

3.3. Түүнчлэн, талуудын нягтлан бодогч нар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр харилцан тооцоо нийлж, хариуцагч 110,818,571.43 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг талууд баталгаажуулж, гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулжээ. /хх16/

 

4. Дээрх үйл баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

5. Хариуцагч талаас дээрх гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, түрээсийн зүйлийн өмчлөгч биш гэж маргасан байна.

 

5.1. Талуудын байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээнд түрээслүүлэгч *******-ийг төлөөлж ******* гарын үсэг зурсан байх боловч уг гэрээний эхний хуудасны дээд хэсэгт тус компанийн захирал ******* гарын үсэг зурж компанийн тамгаар баталгаажуулж гэрээг баталсан, мөн ******* нь *******-ийн захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ зэргээр нотлогдож байна./хх5, 8-14/

 

5.2. Түүнчлэн, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээний нэмэлт гэрээнд түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч талыг төлөөлөн ******* гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулсан байна. Уг хэлцлийг Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцлийг хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэсний дагуу нэхэмжлэгч тал маргаагүй байх тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд уг нэмэлт гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэнэ.

 

5.3. Түүнчлэн грейдер нь гуравдагч этгээд гийн нэр дээр бүртгэлтэй боловч түрээсийн гэрээний зүйл нь түрээслүүлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө байх тухай шаардлага, түрээсийн гэрээнд хуулиар тавигддаггүй тул түрээсийн зүйлийн өмчлөгч биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна.

 

6. Иймд, талуудын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр харилцан тооцоо нийлсэн баримтаар хариуцагч нь 110,818,571.43 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан байх тул хариуцагч *******-аас түрээсийн төлбөрт 110,818,571 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 110,818,571 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******-аас 712,043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 712,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ