Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4434

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04434

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 48-р байрны 29  тоотод оршин суух, “Амгалан уртуу” ХХК-д дэд захирал ажилтай, регистр МБ88090204, Сэдэд овогтой Батбаатарийн Сайнжаргалын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар  хороо, 10 дугаар хороолол,  Энхтайваны өргөн чөлөө, 52-р байрны 204 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УП88062247,  Боржигон овогтой Бямбасүрэнгийн Соёлмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 690 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Сайнжаргал, хариуцагч Б.Соёлмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сайнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Соёлмаад  5 000 000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. Ингээд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх хугацаа болоход зээлдэгч Б.Соёлмаа  нэг удаа  60 000 төгрөг өгч, үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 690 000 төгрөг нийт 6 690 000 төгрөгийг буцаан төлөөгүй. 2016 оны 02-р сарын 24-ний өдөр Б.Соёлмаа өр барагдуулах тухай баталгаа гаргаж, 2016 оны 03-р сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн боловч 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар төлөөгүй байна. Би зээлсэн мөнгөнийхөө хүүг бодохдоо эхний сарын хүүг 20 хувиар, дараагийн сарын хүүг 15 хувиар бодсон. Иймд Ө.Соёлмаагаас 6 690 000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

 

Хариуцагч Б.Соёлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1-р сард нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөг, дараа нь дахиж 1 000 000 төгрөг зээлсэн нийтдээ 2 000 000 төгрөг зээлсэн ба мөнгөө өгөхгүй явсаар байгаад хүүтэйгээ 5 000 000 төгрөг болсон. Нэхэмжилсэн үнийн дүн болох 6 690 000 төгрөгийг би төлнө. Одоогоор ажилгүй байгаа болохоор хугацаа өгөхийг хүсч байна гэв.    

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Б.Сайнжаргал нь Б.Баярмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 690 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

            Б.Сайнжаргал нь 2015 оны 10-р сарын 29-ний өдөр Б.Соёлмаатай “Зээлийн гэрээ” байгуулж, 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй зээлүүлэхээр /хх 4/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч мөнгийг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч нь тухайн өдрөө 5 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар гэрээнд тусгагдсан, 2016 оны 02-р сарын 24-ний өдөр өр барагдуулах тухай баталгаа гаргаж үндсэн зээл, хүүгийн хамт нийт 6 690 000 төгрөгийг 2016 оны 3-р сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон /хх 4-5/ байна.

 

Шүүх хуралдааны шатанд хариуцагч нийт 2 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд төлөхөөр зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бямбасүрэнгийн Соёлмаагаас 6 690 000 /зургаан сая зургаан зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж Батбаатарын Сайнжаргалд  олгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 990 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Соёлмаагаас 121 990 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

          

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА