| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/06412/И |
| Дугаар | 210/МА2025/00261 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00261
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/06017 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
Харилцах данс битүүмжлүүлснийг хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Тус шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5215 дугаартай уг нэхэмжлэлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хүчинтэй, мөн эрүүгийн 21040691 дугаартай хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчин 2019 онд шүүхээс 0852 дугаартай шийдвэр гаргуулж нэхэмжлэгч болон нэхэмжлэгч компанийн харилцах болон хадгаламж картын данснуудыг битүүмжилсэн. Энэ үйлдэл нь манай аж ахуйн нэгжийн Монгол улсын ургамлыг хамгаалахад ашиглах бодис буюу пестицитийг импортлох, борлуулах мөн Баянхонгор аймагт 50,000 м.кв талбайд чацаргана тарих ажлуудыг саатуулж, цаг хугацаа болон олох ёстой байсан орлого 1,200,000,000 төгрөгийн хохиролд хүргэсэн. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн захирамж болон 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн тогтоолоор 2019 оны 0852 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2024 оны 06 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарын харилцах, хадгаламж, картын данснуудын гүйлгээг буцааж сэргээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-т заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.
Иймд *******-ийн Хөдөө аж ахуйн банк ХХК дахь төгрөгийн *******, *******, Худалдаа хөгжлийн банк ХК дахь ам.долларын *******, *******ын Хөдөө аж ахуйн банк ХХК дахь хадгаламжийн , картын тоот данснуудыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, нийт 52 сар битүүмжлүүлсэн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, мөн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд *******-д 15,000,000 төгрөг, иргэн *******од 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
******* нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг баримтлан мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасныг үндэслэн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл алдангийг гаргуулах арга хэмжээ авсан нь үндэслэлтэй тул *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас харилцах данс битүүмжлүүлсний улмаас учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Чингэлтэй дүүргийн шүүхийн (хуучнаар) шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5215 захирамж хүчинтэй, эрүүгийн 21040691 дугаартай хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/0852 шийдвэр гаргаж, данс битүүмжлүүлэх нөхцөл байдлыг бий болгосон Сонгинохайрхан дүүргийн шүүхийг хэрэгт хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байхад хүлээж аваагүй шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтыг зөрчсөн.
Мөн данс битүүмжлүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлээгүй. Хэргийн хариуцагчийг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болох үндэслэлтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.3 дахь заалтууд үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар хариуцагчийн дансыг битүүмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* болон ******* нь хариуцагч *******т холбогдуулан харилцах данс битүүмжлүүлснийг хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
2.1. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21040691 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоор *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. /хх6/
2.2. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5215 дугаар захирамжаар *******-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэл 6,059,459 төгрөг гаргуулах тухай Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх7-8/
2.3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00852 дугаар шийдвэрээр *******-аас 8,430,844 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн./хх10-12/
2.4. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2019/09559 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн гүйцэтгэх хуудас бичигдсэн./хх13-14/
2.5. Төлбөр авагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дугаартай албан бичгээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргасан./хх15/
2.6. Улмаар, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19360400/05 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор *******, захирал *******ын харилцах болон хадгаламжийн дансны мэдээллийг Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7-д заасны дагуу ирүүлж, данс эзэмшдэг, шинээр гадаад валютын болон төгрөгийн данс нээсэн тохиолдолд дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн 8,580,687 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, хасалт хийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төрийн банкны 100900198707 тоот дансанд шилжүүлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгасан байна./хх16/
2.7. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШТ2023/00321 дугаар Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай тогтоолоор дээрх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх19-20/
Дээрх тогтоолын үндэслэлд: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425 дугаар шийдвэрээр ...цагдан хоригдож байх хугацаанд нийгмийн шимтгэлийг төлөх боломжгүй байсан гэх үндэслэлээр шүүхээс цагдан хоригдсон хоногийг шимтгэл төлөх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна, 2011 оны 04 сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн/8 хувиар тооцох/ залруулж бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн гэжээ.
2.8. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2023/21415 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид нийт 8,430,844 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлэх тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх21-22/
Уг захирамжийн үндэслэлд: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425 дугаар шийдвэрээр *******-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, *******-ийн 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2022/5310 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж бичигдсэн байна гэжээ.
2.9. Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19360400/20 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолоор төлбөр төлөгч ******* харилцах болон хадгаламжийн дансыг 2020 оны 19360400/05 дугаар тогтоолоор битүүмжилсэн дансны мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг сэргээсэн байна. /хх23/
2.10. Мөн, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13271769 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолоор төлбөр төлөгч *******, ******* нарын харилцах болон хадгаламжийн дансыг 2018 оны 13271769/02, 2021 оны 13271769 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн дансны мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг сэргээсэн байна./хх26/
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ харилцах данс битүүмжлүүлснийг хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлаа ******* нь тухайн үед шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд нэхэмжлэгчид бодитоор ямар нэгэн хохирол учруулаагүй гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00852 дугаар шийдвэрээр *******-аас 8,430,844 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, *******-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн болох нь нотлогдсон байна. Улмаар, дээрх шийдвэр нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болж, холбогдох иргэний хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0425 дугаар шийдвэрийг үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.
5. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт холбогдон 2008 оноос эхлэн шалгагдан 2019 онд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх бөгөөд ******* нь газар тариалан эрхлэх, ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх гэтэл банкан дахь дансыг битүүмжилсэн тул дээрх үйл ажиллагаагаар олох ёстой 1,200,000,000 төгрөгийн орлогоо алдсан гэх ба, өөрийн болон компанийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, ажил амьдралд учруулсан хохиролд *******-д 15,000,000 төгрөг, иргэн *******од 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг, хариуцагч *******т холбогдуулан харилцах данс битүүмжлүүлснийг хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь, дээр дурдсан хэргийн баримтаар хариуцагч ******* нь хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр гүйцэтгэх хуудас бичүүлэн, улмаар Банкны өр барагдуулах газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хууль бус үйлдэл гэж үзэхгүй. Иймд хариуцагч Сонгинохайрхан Нийгмийн даатгалын газрын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
6. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3215 дугаар захирамж хүчинтэй, эрүүгийн 21040691 дугаартай хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/0852 дугаартай шийдвэр гаргаж, данс битүүмжлэх нөхцөл байдлыг бий болгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг удаа дараа гаргаж байхад шүүх хүлээж аваагүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй. Учир нь, нэхэмжлэгч талаас зөвхөн хамтран хариуцагч татуулах тухай хүсэлтийг гаргасан байх ба, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй.
Мөн, Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт Шүүгчийн гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны алдаа, зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу төр хариуцан арилгана гэж заасан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
7. Харин, анхан шатны шүүхээс данс битүүмжлүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэн нь буруу гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч уг дүгнэлтийг залруулж бие даасан шаардлага гэж дүгнэнэ. Гэхдээ энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/06017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/04114 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар з/үйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ