| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0162/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/163 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/163
2019 06 18 2019/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Д.Дд холбогдох 1921002320176 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг Жавартын 533 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Д.Д. /РД: .................../
Шүүгдэгч Д.Д нь согтуугаар Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух С.Төмөрсүхийн гэрт 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн орой 21 цагийн орчим өндөр настай хохирогч М.Цэрэндуламыг /87 настай/ биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна” гэв.
Хохирогч М.Цэрэндулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн чинь Д.Д нь барьж орж ирсэн тал шил архиа уусан чинь манай зээ охин Т.Энхзул нь та гэртээ харьж амар гэж хэлсэн чинь манай зээ охин Т.Энхзулын нүүрэнд нь Д.Д салаавч өгөөд, чи муу нохойн гөлөг намайг гэрээсээ хөөх болоогүй шүү гэхээр нь би Д.Дд хандаж чи нагац ах нь байж зээ нараа бодолдоо, наад хүүхэд чинь нялх, нярай хүүхэд шүү дээ гэж хэлсэн чинь Д.Д нь на друу хандаж чи муу гичий дуугүй бай, чамайг би ална, дараа нь би өөрөө үхэхэд хамаагүй гэж хэлээд гүйж ирээд миний зүүн нүд рүү зангидсан гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний тэвэрч байсан 7 сартай хүүхдийг булааж авах гээд хөл гараас нь чангаагаад байхаар нь би хүүхдээ цээжиндээ тэврээд өгөөгүй юм. Тэгээд л Д.Д нь дахин юм дуугараагүй гараад явсан гэжээ. /хх-ийн 18-20 тал/
Гэрч С.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн орой 17 цагийн орчимд гэрээсээ гараад хүнтэй хөдөө явна гээд айлд хоночихоод маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагт гэртээ ирсэн. Тэгсэн манай эмээ М.Цэрэндулам нь зодуулсан байдалтай зүүн нүд нь эргэн тойрон хөхөрсөн байсан. Тэгээд би эмээгээс хэнд зодуулсан талаар асуухад манай хадам ах Д.Дд зодуулсан гэж надад хэлсэн.Тэгээд би эмээг сумын эмнэлэгт очиж үзүүлээд сумын цагдаад хандсан...” гэжээ. /хх-ийн 28-29 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 213 тоот дүгнэлтэд:
“1. М. Цэрэндуламын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.”гэжээ. /хх-ийн 43 тал/
Д.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Бодонгууд овогт Д.Д нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух С.Төмөрсүхийн гэрт 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн орой 21 цагийн орчим өндөр настай хохирогч М.Цэрэндуламыг /87 настай/ биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч М.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 213 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Дг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Дг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Цэрэндуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Дгийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодонгууд овогт Д.Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Дгийн ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ