| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06213/И |
| Дугаар | 4735 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 4735
| 2016 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2016/04735 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16-р хороо, Саруул тэнгэр хотхон, 45-р байрны 155 тоот, “Салбар трейд” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюльдинг төв 307 тоот, “Монгол дайвин” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 061 340 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол дайвин” ХХК нь 2015 оны 06-р сарын 19-ний өдөр манай компанитай цемент худалдах, худалдан авах 16 тоот гэрээ байгуулж, гэрээний 2.1-д зааснаар нийлүүлэх цемент 500 тонн савлагаатай байх бөгөөд 50 хувийн үнийн дүнг урьдчилан төлөх, үлдэх 50 хувийг 30 хоногийн хугацаанд 25 хувь, 45 хоногийн хугацаанд үлдсэн 25 хувийг төлөхөөр тохирсон. Гэрээний 1.4-д худалдан авагч гэрээний хугацаанд төлбөрөө хийгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон. Монгол дайвин ХХК нь 2015 оны 07-р сарын 1-нээс хойш ямар ч төлбөр хийгээгүй. Одоо нийт төлбөрийн үлдэгдэл нь 10 707 560 төгрөг, 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 5 353 780 төгрөг нийт 16 061 340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол дайвин” ХХК нь “Салбар трейд” ХХК-тай 2015 оны 6-р сарын 19-ний өдөр 500 тонн цемент худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Энэхүү гэрээгээр нийтдээ 156 457 565 төгрөгийн худалдан авалт хийж, 10 707 560 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийг 53 538 төгрөгөөр тооцвол 1 820 282 төгрөг байна. Монгол улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлтэй холбоотой төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Алдангийн хувьд Иргэний хуульд зааснаар тооцох боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Салбар трейд” ХХК нь “Монгол дайвин” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 061 340 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12 527 852 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бсад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
“Салбар трейд” ХХК нь 2015 оны 6-р сарын 19-ний өдөр “Монгол дайвин” ХХК-тай “Цемент худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, цементний үнийн 50 хувийг урьдчилан төлөх, үлдэх 50 хувиас 30 хоногийн хугацаанд 25 хувь, 45 хоногийн хугацаанд үлдсэн 25 хувийг төлөхөөр тохирсон /хх 3-4/ байна.
Талууд 2016 оны 4-р сарын 19-ний өдөр тооцоо нийлж, гэрээний үүргээс “Монгол дайвин” ХХК нь 10 707 560 төгрөгийн өр төлбөрийг төлөхөөр /хх 7/ баталгаажуулжээ.
Гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохирсон байх ба талуудын тооцоо баталгаажуулсан хугацаанаас хойш алдангийг тооцвол 1 820 282 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна.
“Монгол дайвин” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 707 560 төгрөг, алданги 1 820 282 төгрөг нийт 12 527 852 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Монгол дайвин” ХХК-иас 12 527 852 /арван хоёр сая таван зуун хорин долоон мянга найман зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж “Салбар трейд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 3 533 488 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 256 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 215 396 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА