Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00263

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2024/05935 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******од холбогдох,

Түрээсэлсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой зардалд 599,439,246 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь *******той 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулж, ******* улсын дугаартай, ДЭҮ маркийн том оврын автобусыг түрээслэх, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г ******* улсын дугаартай, ДЭҮ маркийн том оврын автобусыг түрээслэх тухай гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээний 3 дахь хэсэгт түрээслүүлэгч буюу жолоочийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 3.2-т Тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээг тогтмол хийж өглөө бүр тээврийн хэрэгслийн тормоз, жолооны механизм, карданы боолт, урд тэнхлэг, дугуй, гэрэл дохионы бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, техникийн бүрэн бүтэн байдлыг биеэр хариуцан үйлчилгээнд гаргана, 3.4 дах заалт болон 3.5-д эмблем, гараашийн дугаарын зардал, патентын зардлыг хариуцахаар заасан бөгөөд гэрээний 2.6-д Жолооч /эзэн/ нарыг үйлдвэрлэлийн материаллаг бааз болон ажлаар хангаж, үйлчилгээ үзүүлсний хувьд сар бүрийн хуваарилагдсан нөхөн олговрын 30 хувьд нь шугамын үйл ажиллагааны зардалд тооцон санхүүжилтэд авч байх гэж заасны дагуу түрээслэгч нь шугамын үйл ажиллагаа, үйлчилгээг хариуцан ажилласны төлбөрт нийт нөхөн олговрын 30 хувийг авч, үлдэгдэл 70 хувиас Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2-т Хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх, 288.1.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх гэж тус тус заасны дагуу нөхөн олговрын үлдэгдэл 70 хувиас эдгээр зайлшгүй зардлыг гаргаж төлөх үүрэг нь түрээслүүлэгчид хууль болон гэрээгээр оногдсон байна. Гэвч түрээслүүлэгч нь эдгээр зардлыг нэг ч удаа төлж байгаагүй учраас түрээслэгч нь эдгээр зардлыг өөрөөсөө гаргаж түрээсийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байсан учир хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа болно. Гарааш №22, ******* улсын дугаартай автобус, гарааш №17, ******* улсын дугаартай автобуснууд нь 2011 оны 03 сараас 2015 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд явсан бөгөөд нийт 4 жилийн хугацаанд дээрх 2 автобусанд дараах зайлшгүй зардал, үйлчилгээнүүд гарсан болно. Үүнд:

Гарааш №22, ******* автобусны хувьд 2011-03 сараас 2015-07 сар хүртэлх хугацаанд сэлбэг 12,679,720 төгрөг, түлш 112,662,500 төгрөг, масло 200,000 төгрөг, жолоочийн цалин 79,588,400 төгрөг, кондукторын цалин 18,319,900 төгрөг, татвар, эмблем, гараашийн дугаар, хаяг санамж, жолооч, кондукторын хоол, автобусны суудлын бүрээс, цэвэрлэгээ, зардал 50,530,357 төгрөг, нийт 273,980,877 төгрөгийн зардал, гэрээний 3.4, 3.5-т заасан түрээслүүлэгчийн хариуцах зардалд хамаарч байгаа болно.

Гарааш №17, ******* автобусны хувьд 2010 оны 05 сараас 2015 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд сэлбэг 21,082,020 төгрөг, түлш 113,900,000 төгрөг, масло 1,068,700 төгрөг, жолоочийн цалин 74,018,380 төгрөг, кондукторын цалин 19,148,900 төгрөг, татвар, эмблем, гараашийн дугаар, хаяг санамж, жолооч, кондукторын хоол, автобусны суудлын бүрээс, цэвэрлэгээ, зардал 96,240,369 төгрөг, нийт 325,458,369 төгрөгийн зардал гарсан байна. Гэрээний 3.4, 3.5-т түрээслүүлэгчийн хариуцах зардалд хамаарч байгаа болно.

2015 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт нөхөн олговрын 70 хувиар тооцоход нийт 147,040,199 төгрөгийг төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн. Үнэндээ энэ гэрээ анхнаасаа байгаагүй. Гэтэл ******* ахыг орон сууцанд оруулахаар миний аавын төрсөн дүү болох манай авга эгч ******* ахтай суусан учраас аав маань дүүдээ туслах гээд манай компаниас ийм орлого олдог гэж энэ гэрээг хуурамчаар үйлдсэн гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие *******-аас өөрийн автобус болох , автобусны өдрийн орлого болох 200,000-250,000 төгрөгөөс нэг ч төгрөг авч байгаагүй. Өмнөх захирлууд байгууллага хэцүү байгаа мөнгийг чинь бөөгнүүлж өгнө гэх нэрийдлээр хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. ******* миний бие *******-аас авах авлага байгаа болохоос өгөх мөнгө байхгүй. Жолооч, түлш, кондуктор, масло тосныхоо мөнгийг өгөөд 200,000-250,000 төгрөг байгууллагад тушаадаг байсан. Компани хариуцдаггүй байсан. Зөвхөн улсаас орж ирэх нөхөн олговроо байгууллага авдаг байсан. Цэвэрлэгээ үйлчилгээгээ жолооч, кондуктор өөрсдөө хариуцдаг байсан. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд миний бие маш их хохирч байна. 2 автобусны маш их мөнгийг *******-аас өдий хүртэл аваагүй хохироод явж байна. 2009-2015 он хүртэл автобус өөрөө орлого олж байсан. Жолооч өөрөө тос, масло аваад кондукторын цалингаа өгөөд үлдсэн мөнгийг өөрийн цалин болгож авдаг байсан. Тэгэхээр энэ түлшний мөнгийг ******* өгсөн зүйл байхгүй. Би 2005 онд Бүгд найрамдах Солонгос улсад очоод 5 жил ажил хийсэн бөгөөд энэ мөнгөөрөө автобус авсан. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа ч төлөөгүй. Би 1 автобуснаас 70,000,000 төгрөг тооцож нөхөн олговор авсан байхад эдний нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. ******* 2015 оноос өмнөх үйл ажиллагааг юу ч мэдэхгүй. Эд нар сүүлд сургууль төгсөж ирээд ажилд орсон гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4, 94.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******од холбогдох түрээсийн зүйлийн ашиглалтын зардалд 599,439,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,155,147 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч *******ыг түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй буюу 147,040,199 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүх тус хэргийг хэлэлцэхээс татгалзсан. Нэхэмжлэгч нь тус маргаанд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь дүр үзүүлсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар, татгалзлыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор нэг ч шаардлага өмнө нь гаргаж байгаагүй болно.

Өмнө нь зохигчдын хооронд үүссэн харилцааг хүчин төгөлдөр магадлалаар түрээсийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн, хүчин төгөлдөр шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй үйлчилж байхад шүүх нэгэнт шүүхээр тогтоогдсон гэрээний харилцааг өмчийн хэлцэл гэж өөрөөр дүгнэж, шаардах эрхийн үндэслэлийг бүхэлд нь өмчийн хэлцэл гэж тайлбарлаж, өмчийн хэлцэлд холбогдох Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2, 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 94.4, 94.5 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байгаа болно. Талуудын хооронд үүссэн харилцаа нь түрээсийн гэрээний харилцаа байх тул түрээсийн гэрээний болон эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт мөн бичгээр байгуулсан гэрээний зохицуулалтуудыг баримтлан маргааныг шийдвэрлэх ёстой байсан болно. Гэтэл шүүх өмчийн хэлцэлд холбогдох зохицуулалтыг үндэслэл болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нь түрээсийн гэрээний дагуу гарааш №22, ******* улсын дугаартай автобус, гарааш №17, 41- 52 УНЗ улсын дугаартай автобуснуудын орлогын хуудас, замын үйлчилгээний хуудас нийт 5035 хуудас материалыг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх үүрэгтэй гэж үзэж, нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү шүүх хуралдаан хойшилж бид тус нотлох баримтыг дараагийн шүүх хуралдаан эхлэхээс 5 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааны бус үед гаргаж өгсөн. Гэтэл шүүх нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, өмнөх захирамжийн үндэслэл арилсан байхад нотлох баримтыг хүлээн авахаас дахин татгалзсан. Энэхүү нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гол ач холбогдол бүхий баримтууд байх бөгөөд эдгээр нотлох баримтыг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж байгаа нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргаж өгөх, тус хуулийн 6 дугаар зүйлд заасан өөрийн шаардлагаа өөрөө нотлох, шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхүүдийг тус тус хязгаарлаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болно.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан атлаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласны улмаас бид шүүхэд өөрийн гол нотлох баримтуудаа, гаргаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй болно.

Ийнхүү анхан шатны шүүхээр бүхий л нотлох баримтуудаа бүрэн гаргаж өгч, мэтгэлцэж чадаагүй мөн шүүхээр өмнө нь нотлогдсон орлого, зарлагын тооцоог дахин нотлохыг шаардаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа болно. Нэгэнт давж заалдах шатны шүүхэд дахин баримт гаргаж өгөх хуульд заасан боломж бидэнд байхгүй тул 5000 гаруй хуудас материалаа шүүхэд гарган өгч мэтгэлцэх боломжоор хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах буюу дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүй гэсэн үүрэг байхгүй учир хууль зөрчөөгүй. Өөрийн мэдэлд байсан автобусыг ашиглахад өөрөө бензин, тосоо хийгээд үйлчилгээ явуулахаас өөр аргагүй нөхцөл байдал байсан. Энэ нөхцөл байдал нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд өдөр бүр 200,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн ашиг авч байсан. Шүүх дүгнэхдээ тухайн зардлыг зайлшгүй *******оор төлүүлэхийг тодотгож өгөөгүй. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж гомдолд дурдсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 30 минут хүлээлгэсний дараа агуулахын тоос шороотой ширээний хэмжээтэй боодолтой баримтуудыг авчирч өгсөн ба шүүхээс 3 цагийн хугацаанд уг баримтуудыг хүлээж авсан. Тухайн баримтыг задлахад тоос нь пургиад ямар баримт гаргаж өгч байгаа, хэдэн хуудас баримт өгч байгаагаа мэдэхгүй хоорондоо маргаж байсан, энэ үйл баримт нь шүүх хуралдааны дүрсний бичлэгээс харагдана.

Шүүхээс хүлээцтэй тэвчээртэй хандаж, хуудасны дугаар бичүүлж баримтуудыг хүлээж авсан. Гэтэл тухайн баримтууд нь санхүүгийн анхан шатны шаардлага хангаагүй баримтууд байсан. Зарим баримтууд нь *******той огт хамааралгүй байсан. Үүнд ******* нэг газраас дугуй худалдаж авсан, нэг газраас тос, бээлий гэх мэт хэрэгслүүд худалдаж авсан баримтууд байсан ба зарим нь санхүүгийн анхан шатны шаардлага хангаагүй баримтууд байсан. Шүүхээс уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдгийг хэлсэн, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгт авагдсан. Дээрх байдлаар нэхэмжлэгч талаас үндэслэлгүй баримтуудыг гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүх хууль зөрчөөгүй, өөрт ногдсон эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан түрээсийн гэрээний зардалд 599,439,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож. Үүнд:

2.1. Талууд 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр автобусны эзэн ******* нь *******, ******* улсын дугаартай Дэү маркийн автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах, ******* нь дээрх хоёр автобусыг ашиглах хугацаанд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, улсын хяналтын үзлэг, оношилгоонд цаг тухайд нь хамруулах, үйлчилгээ үзүүлсний хувьд сар бүрийн хуваарилагдсан нөхөн олговрын 30 хувийг шугамын үйл ажиллагааны зардалд тооцон компанийн санхүүжилтэд авч байх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /3хх 86-91/

 

2.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус байгуулсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч *******-аас 306,001,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлээс *******оос 43,575,675 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /4хх75-85/

 

2.3. Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01646 дугаар магадлалаар хариуцагч *******-аас түрээсийн төлбөрт 147,040,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, үлдэх 158,961,469 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул *******той 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр тус тус байгуулсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3хх200-209/

 

3. Дээр дурдсан үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба талууд түрээсийн зүйл болох хоёр автобусны бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг түрээслүүлэгч төлөх эсэх, мөн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудлаар маргасан байна.

 

3.1. Талууд түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж маргасан байхад анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй эдийн баялгийн эрхийн эзэмшлийн асуудлаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн хэсгийг өөрчилнө.

 

4. Дээр дурдагдсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлд: хэргийн баримт зохигчдын тайлбараар *******, ******* улсын дугаартай автобус 2015 оны 4 дүгээр сард ашиглалтаас гарсан үйл баримт тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 4 сард дуусна гэж дүгнэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

4.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан боловч мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг хөлслөгч буюу нэхэмжлэгч тал хэтрүүлсэн байна.

 

4.2. Тодруулбал, дээр дурдсанчлан шийдвэрлэгдсэн хэргийн нэхэмжлэл нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор гарсан болохыг мөн магадлалын үндэслэлд дүгнэж тухайн нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэгдсэн байна.

 

4.3. Харин, энэхүү хэргийн нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан байх ба талуудын түрээсийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 4 сард дууссан байхад, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй буюу нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдаагүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.4. Иймд, түрээсийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлэн нэхэмжлэлээ гаргасан болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэгч талаас, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж нотлох баримтуудыг хүлээн аваагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

5.1. Анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг товлож, нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр 1581 хуудас нотлох баримтуудыг иргэний хэрэг үүссэнээс хойш 8 сарын дараа гаргаж өгснийг шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж хүлээн авахаас татгалзсан учир нэхэмжлэгч талаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг хуульд заасны дагуу шүүгчийн татгалзлалыг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулжээ./4хх101-111/

 

5.2. Түүнчлэн, анхан шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны товыг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр талуудад мэдэгдсэн байна./4хх115/

 

5.3. Мөн, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 8 хавтас, 2994 хуудас баримтыг гаргаж өгснийг, тухайн өдрийн 184/ШЗ2024/25976 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ./4хх137-139/

 

5.4. Учир нь, нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргаж, улмаар шүүх 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШЗ2024/8569 дугаар шүүгчийн захирамжаар, хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх хангалттай хугацаа нэхэмжлэгчид байсан гэж үзнэ.

 

5.5. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөхөөр журамласан ба, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг урьд нь гаргах бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авах эрхийг шүүхэд олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас өөрийн архиваас гаргаж өгөхөөр ирүүлсэн гэх нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх хангалттай хугацаа байсан бөгөөд шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2024/05935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4, 94.5-д ... гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.2-т гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,155,147 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ