| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/03003/И |
| Дугаар | 210/МА2025/00290 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00290
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/04994 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03448 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1618 дугаартай Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Санзай 1 дүгээр хэсэг гудамж, ******* хаягт байршилтай 264.1 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгч *******д 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн.
Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу явуулаагүй гэж үзэж байна. Тодруулбал, шийдвэр гүйцэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1618 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай мэдэгдлийг ******* 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авсан бөгөөд уг мэдэгдэлд шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр чөлөөлөхөөр хугацаа тогтоож, улмаар энэ өдөр үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх ажиллагаа явуулсан. Дээрхээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөд бэлтгэх, чөлөөлөх боломжит хугацаа олгоогүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацааг харгалзан үзээгүй, эрх бүхий албан тушаалтанд хуульд заасны дагуу гомдол гаргах хугацаа олгоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулж байгаа эсэхийг мэдэх боломжийг мөн төлбөр төлөгчид олгоогүй зэрэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй гэж үзэж байна.
Иймд шийдвэр гүйцэтгэгчийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөхөөр явуулсан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3448 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 285 дугаар магадлалаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, Санзай /14140/ 1 дүгээр хэсэг гудамжны ******* хаягт байрлах, 264,1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, *******-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх үл хөдлөх хөрөнгийг сайн дураар чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч ******* нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй бөгөөд тус газраас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байх явцад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар орон байр, барилгаас нүүлгэн гаргах, байр, агуулах сав, газар чөлөөлөх, барилга байгууламжийг нураах тухай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох агуулгатай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
Давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ******* нь хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан тул гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03448 дугаар шийдвэрээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтын ...хэрвээ ямар нэгэн төлбөр төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хүлээн авснаас хойших хугацаагаар /1 сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг/ түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэснийг хууль бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож хасахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, *******, ******* нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэгч *******ас 24,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Санзай /14140/ 1 дүгээр хэсэг гудамж, ******* хаягт байршилтай 264.1 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /хх45-52/
2.2. Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00285 дугаар магадлалаар хариуцагч *******-аас 435,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч ******* эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Санзай /14140/ 1 дүгээр хэсэг гудамж, ******* хаягт байршилтай 264.1 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж хариуцагч *******-ийн эзэмшилд буцаан шилжүүлж, нэхэмжлэгч *******ас түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх53-62/
2.3. Хуулийн хүчин төгөлдөр уг шийдвэр, магадлалыг ******* нь сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ГХ2023/00454 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 44,63/
2.4. Хариуцагч байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/2136 дугаар мэдэгдлээр дээр дурдсан хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, өгөх талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч *******д 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх64/
2.5. Мөн, хариуцагч байгууллагаас 2023 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг султган чөлөөлөхийг мэдэгдлийг гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан байна. /хх65-69/
2.7. Хариуцагч байгууллагаас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1618 дугаар мэдэгдлээр маргаан бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт султган чөлөөлөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан байна. /хх74/
2.8. Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/19 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч ******* гаргасан хугацаа олгож өгөхийг хүссэн тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай хариуг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/05 тоот тогтоол зэргийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардуулсан байна. /хх76-77/
2.9. Мөн, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоолоор эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан байна. /хх82/
3. Дээр дурдсан үйл баримтаар хариуцагч байгууллага нь гүйцэтгэх бичиг баримтын шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэх зэрэг ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-д нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.
4. Харин, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, улмаар шүүхэд гомдол гаргах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан байхад, анхан шатны шүүх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээний тухай ойлголт, мөн орон байр, барилгаас нүүлгэн гаргах, байр, агуулах сав, газар чөлөөлөх, барилга байгууламж нураах тухай шийдвэрийг гүйцэтгэх тухай заалтыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь оновчгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/04994 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ