| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00265/И |
| Дугаар | 140/ШШ2016/00331 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 140/ШШ2016/00331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуул, Завхан аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй В.Жаргалсайханыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Татварын хэлтэс шүүхэл гаргасан нэхэмжлэлдээ: Яруу хайрхан ХХК нь 2013 оны 01-р сарын 15-ны өдөр татвар төлөгчөөр бүртгэгдсэн. Тус компани нь татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан 441025 төгрөг, татварын тайлангаар ногдуулсан 65227 төгрөг, нийт 506302 төгрөгийн татварын өртэй бөгөөд дээрх өрийг барагдуулахаар 2016 оны 06-р сарын 13-ны өдөр тус компанийн захирал В.Жаргалсайханд холбогдуулан манай татвар төлөгчийн бүртгэлийн программд бүртгэгдсэн хаягийг дурдаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тухайн хаяг дээрээ байхгүй, 89226137 дугаарын утас нь холбогдох боломжгүй мөн 98710109 дугаарын утас нь ашиглалтанд байхгүй гэх үндэслэлээр 2016 оны 06-р сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарч тус захирамжийг 2016 оны 07-р сарын 01-ний өдөр хүлээн авсан. Иймд Яруу хайрхан ХХК-ны захирал В.Жаргалсайханыг эрэн сурвалжилж олж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй ба ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэргийг тухайн үед цугларсан нотох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч талын эзгүйд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Завхан аймгийн Татварын хэлтэс нь Яруу хайрхан ХХК-ны захирал В.Жаргалсайханыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад В.Жаргалсайханы 89226137 дугаарын утас руу залгахад В.Жаргалсайхан өөрөө утсаа авч шүүх дээр хүрэлцэн ирж өгсөн тайлбартаа: Миний бие нь 1982 онд төрсөн. Намайг Завхан аймгийн Татварын хэлтэсээс эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ. Би гадаад гараагүй. Яруу суманд хөдөө мал маллаж амьдарч байна. Хуучин хаяг болох Улиастай сумын Жинст багийн Ногоочдын хэсгийн 1-17 тоотод байсан хашаа байшингаа зарсан тул Улиастай суманд тодорхой хаяг байхгүй. Одоо байгаа хаяг нь Яруу сумын Зүйл багт оршин сууж байна. Би 89226137 гэсэн дугаар дээрээ байнга байдаг гэжээ.
Завхан аймгийн Татварын хэлтэс нь Яруу хайрхан ХХК-ны захирал В.Жаргалсайханы утасны дугаарыг 89226137 гэж тэмдэглэн ирүүлсэн бөгөөд уг дугаар дээр В.Жаргалсайхан нь байсаар байна. Харин Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ногоочдын хэсгийн 1-17 тоотод оршин суудаггүй гэх бөгөөд В.Жаргалсайхан өөрийн оршин суух хаягаа Завхан аймгийн Яруу сумын Зүйл баг гэж тодорхой заан ирүүлсэн бөгөөд энэ хаягаар дуудах боломжтой.
Дээрх нөхцөл байдлаас харахад В.Жаргалсайханыг цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар Завхан аймгийн Татварын хэлтсийн гаргасан В.Жаргалсайханыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Ирэгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалда гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ