Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00361

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/05489 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

Баянгол дүүргийн ******* хороо, 4 дүгээр хороолол, ******* байрны ******* хаягт байрлах 3 өрөө орон сууцны барьцаалбарыг дуусгавар болгож өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0******* сарын 08-ны өдрийн 02822 дугаар шүүхийн шийдвэрээр *******, ******* нарын 42,982,500 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж тус шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01834 дугаар магадлалаар нэхэмжлэгч ******* ******* нарт *******ээс 7,456,875 төгрөгийг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, БГД-ийн ******* хороо 4 дүгээр хороолол, ******* байр, ******* хаягт байрлах 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар магадлал гарсан. Үүний дагуу нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Улмаар барьцаа хөрөнгө болох *******, , , ******* нарын өмчлөлийн тухайн хаягт байрлах 3 өрөө орон сууцыг худалдаж, орон сууцны үнээс 7,456,875 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 204,460 төгрөг мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 120,000 төгрөг нийт 7,781,335 төгрөгийн өр төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Улмаар маргаан бүхий орон сууцыг 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж руу шилжүүлсэн. Гэтэл барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцны барьцаалбар өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй тул тухайн орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч д шилжүүлж чадахгүй байна. Энэ талаар *******т удаа дараа хүсэлт гаргасан боловч манай ажиллагаа дуусгавар болсон, тухайн асуудлаа өөрсдөө шийд гэх байдлаар өнөөдрийг хүртэл орон сууцны барьцаалбарыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Баянгол дүүрэг, ******* хороо 4 дүгээр хороолол, ******* байр, ******* хаягт байрлах 3 өрөө орон сууцны барьцаалбарыг дуусгавар болгож өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0******* сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02822 дугаар шийдвэрээр *******ийн өмчлөлийн эрхийн ******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ******* хороо, ******* байрны ******* хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, орон сууцны үнээс 7,456,875 төгрөгийг гаргуулж *******, ******* нарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******т эрх үүргийг тайлбарлаж, дээрх орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газар руу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгч *******ээс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлбөрийг төлж барагдуулсан тул Баянгол дүүргийн ******* хороо, ******* байрны ******* хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02-147/4707 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичиг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн ******* хороо, 4 дүгээр хороолол, ******* байрны ******* хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхийг *******т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 20, 44 дүгээр зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд гүйцэтгэх баримт бичигт заагдсан ажиллагааг гүйцэтгэж, дээрх үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, сэргээх зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт заагдаагүй буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцаалбарыг чөлөөлөх ажиллагаа явуулах үүрэг хүлээгээгүй.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01834 дүгээр магадлал, 15******* гүйцэтгэх хуудаст *******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* байрны ******* орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхөөр шийдвэрлээгүй. Шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулийн үндэслэлгүй.

4.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар барьцаалбараас чөлөөлөхийг тус газарт даалгасан нь хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан нь өмчлөх эрхийн маргааны асуудал атал барьцаалбараас чөлөөлөхөд хамаарахгүй.

Иймд шүүх өөр хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баянгол дүүргийн ******* хороо, 4 дүгээр хороолол, ******* байрны ******* хаягт байрлах 3 өрөө орон сууцны барьцаалбарыг дуусгавар болгож өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай шаардлагад нийцээгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0******* сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02822 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01834 дугаар магадлалаар хариуцагч *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүрэг, ******* хороо, 4 дүгээр хороолол, ******* байр, ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, орон сууцны үнээс 7,456,875 төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нарт олгохыг *******т даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 35,525,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан гаргасан *******, *******, Ц.Энхтуяа нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх42-61/

 

3.2. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаар албан бичгээр *******т дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийсэн болохыг мэдэгджээ. /хх66/

 

3.3. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч *******т холбогдох 24250189 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож шийдвэрлэсэн байна. /хх71/

 

3.4. Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07/147 дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол-оор *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүрэг, ******* хороо, 4 дүгээр хороолол, ******* байр, ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 16951/147, 2024 оны 03/24250189 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээж, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02-147/4707 дугаартай хөрөнгийн эрх сэргээх тухай албан бичгийг хүргүүлжээ. /хх73-74/

 

4. Түүнчлэн, хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3860 дугаартай, *******т шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/16951 дугаар захирамжийн хувийг хүргүүлэв гэсэн албан бичиг; /хх72/

-мөн, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2150 дугаартай хариуцагч *******т хаягласан албан бичигт танай газраас ирүүлсэн 2020 оны 4/41561 дугаартай албан бичигт дурдсан иргэн ******* нарын 4 иргэний өмч эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн ******* хороо, 16 байр, 0******* хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг үүгээр мэдэгдье. Дээрх үл хөдлөх хөрөнгөнд иргэн *******, ******* нартай 2010, 2011, 2012 онд байгуулсан зээлийн гэрээ бүртгэлтэй байна гэсэн албан бичиг;/хх76/

- мөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9-1/124******* албан бичгээр иргэн *******т шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг бүрэн барагдуулсныг үндэслэн 2024 оны 02-147/4707 дугаар албан бичгээр уг орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсэн бөгөөд барьцаанаас чөлөөлүүлэх асуудлаа барьцаалагчид хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх албан бичгүүд тус тус авагдсан байна. /хх75/

 

5. Дээр дурдсан баримтуудаас үзвэл, хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаагаа сэргээх тогтоолыг үйлдэж, мэдэгдлийг эрх бүхий бүртгэлийн газарт хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн байх бөгөөд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаарх барьцааны гэрээг бүртгэсэн тэмдэглэлийг хүчингүй болгох ажиллагаа нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарахгүй байна.

 

6. Иймд нэхэмжлэгч нь өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн этгээдийг буруу тодорхойлсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/05489 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн ******* хороо, 4 дүгээр хороолол, ******* байрны ******* хаягт байрлах 3 өрөө орон сууцны барьцаалбараас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ