Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/169

 

 

 

 

 

 

 

 

  2019         06           21                                                                2019/ШЦТ/169

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Ж.Шт холбогдох 1821005800362 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, 0-14 насны 5 хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр 1 сар 18 хоногийн өмнө суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржин овогт Ж.Ш. /РД: ................./

 

Шүүгдэгч Ж.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Өвөр-Эрээний 1-02 тоотод оршин суух хохирогч Л.Нарантуяагийн гэрээс монетон хос ээмэг, бөгж, кулонтой гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Л.Нарантуяад 889.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Л.Нарантуяагийн гэрт засвар хийхээр очсон. Хашаанд байсан өвөө “ор, ор дотор хүн байгаа” гэсэн. Тэгээд ортол нэг хүүхэд унтаж байсан. Хаалганы хажууд зогсоод 2-3 минут хүлээж байгаад хүн ирэхгүй болохоор нь угаалгын машин дээр байсан монетон хос ээмэг, бөгж, кулонтой гинж зэргийг авсан. 19 дүгээр байрны ломбардаар шалгуулахад монет байна гэсэн. Надад бичиг баримт байхгүй байсан болохоор Отгонбаяр гэх ах руу залгаж дуудсан. 10 дугаар байрны ломбардад тавиулах гэтэл Отгонбаяр ах “монет биш гэж байна” гээд гараад ирсэн. Тэгэхээр нь Соёлмаа эгчид 30.000 төгрөгөөр зарсан. Намайг гэртээ иртэл ээж “засвар хийсэн айлын чинь хүн чамайг хайгаад явж байна” гэсэн. Би хохирогч руу залгаад тохиролцоод 1500.000 төгрөг төлөхөөр болсон учраас намайг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан. Надад мөнгө олдохгүй байсан болохоор хохирогчтой уулзаагүй нэлээд удсан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүх хурлаар орсны дараа 04-ний өдөр энэ хэргийн талаарх гомдол цагдаагийн байгууллагад ирсэн гэв.

 

Хохирогч Л.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ж.Ш гэх залуугаар гэртээ засвар хийлгэхээр дуудаад байсан юм. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд Ж.Шыг манайд ирэх үед нь би зүүн талын байшинд орсон байсан. Энэ үед хашааны хаалга дуугараад Ж.Ш орж ирж байх шиг байсан. Ингээд би удалгүй гэр рүүгээ ороход Ж.Ш байхгүй байсан, харин угаалгын машин дээр тавиатай байсан монетон бөгж, ээмэг, кулон гинжтэйгээ байхгүй байсан. Ж.Шыг өмнөх өдөр нь би дуудаж гэртээ аваачаад ийм ийм юм хийх хэрэгтэй байгаа гээд харуулж байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрт ирж ажлаа хий гэж дуудсан байсан юм. Тухайн үед би дуудсан болохоор манай гэрт зөвшөөрөлгүй орж ирэх эрхтэй байсан. Харин манай гэрээс эд зүйл хулгайлсанд гомдолтой байна...” гэжээ.  /хх-ийн 17-19 тал/

 

Гэрч Н.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд Шинээ нь манайд орж ирэхэд нь “чи яах гэж байгаа юм” гэж асуухад “эгчээ надад ийм зүйл байна” гээд ээмэг гаргаж ирээд “ломбарданд тавиулах гэсэн юм аа” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр усанд явсан байсан, гэртээ байгаагүй. Би түүнд хандан “чи өөрөө тавихгүй яасан юм бэ” гэж асуухад “би бичиг баримтгүй байна” гэсэн. Би ээмгийг нь үзэхэд монет биш, хуурамч байх шиг байсан, надад бас дуураймал ээмэг байдаг бөгөөд тус ээмэгтэй адилхан байсан. Ингээд нөхөр маань орж ирэхэд Шинээ манай нөхрөөс ломбарданд тавиад өгчих гээд гуйгаад байсан, мөн гинж, бөгж зэрэг эд зүйлс гаргаж ирээд үзүүлээд байсан. Тэгэхээр нь би хуурамч байна гээд бодцон байсан юм. Тэгээд Хуягаа нь “ломбарданд тавиад өгчихвөл ахдаа шагнал өгөх юм байгаа биз дээ” гэж хэлж байсан. Ингээд бид ломбарданд үзүүлэхээр явсан. Хэрлэн сумын 9 дүгээр баг 10 дугаар байрны ломбардны гадаа очоод Наранхуяг /манай нөхрийг Наранхуяг гэж хүмүүс дууддаг нэр Отгонбаяр гэх/ түгжээ нь хугарсан ээмгийг аваад орсон. Гарч ирэхдээ монет биш юм байна, түгжээ нь цайрсан байна гэж хэлсэн. Тэгээд монет биш юм байна, үнэтэй биш юм байна эгчдээ зарчих юм уу? гээд Шинээгээс асуухад за гэсэн. Тухайн үед надад 100.000 юань буюу монгол мөнгөөр 37.000 төгрөг байсан, түүнийгээ өгөөд тус ээмэг бөгж, гинж, кулоныг авсан. Тухайн үед манай нөхрийн машин болохгүй байсан, сэлбэг авах хэрэгтэй байсан бөгөөд тус ээмэг, бөгж, гинж, кулоныг Шүр зах дээр явж байгаад явуулын нэг эмэгтэй хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Ийм л асуудал болсон.  ” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

 

Гэрч Д.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэрээр тухайн ээмэг, бөгжийг монет гээд манай эхнэрт үзүүлээд зарна гэсэн. Манай эхнэр шалгуулж үзүүлье гэхээр нь бид шалгуулахаар явсан. Ингээд Хэрлэн сумын 9 дүгээр баг 10 дугаар байрны ломбарданд очиж би өрөөсөн ээмгийг нь барьж ороод монет биш үгүйг нь шалгуулахад ломбардны хүн барьж үзчихээд энэ монет биш байна гэж хэлсэн. Тэгээд би буцаж гараад монет биш байна гэхэд эхнэр маань Ж.Шаас 30.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд эхнэр бид 2 тэндээс хөдлөөд Шүр зах орсон бөгөөд Шүр зах дээр явж байгаад нэг настайвтар эмэгтэй хүнд 50.000 төгрөгөнд зараад машины сэлбэг авсан юм.” гэжээ. /хх-ийн 27-28 тал/

 

Гэрч Б.Цагаанхүүхэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шиг санаж байна нэг намхан бор залуу орж ирээд ээмэг, бөгж, гинж зэрэг зүйлсийг гаргаж ирээд үүнийг барьцаанд тавих гэсэн юм монет мөн бишийг нь шалгаад өгөөч гэхээр нт үзэхэд сорьцтой солонгос монет байсан. Тухайн хүн бичиг баримтгүй байсан бөгөөд уг монетон эдлэлийг тус хүнийг бичиг баримтгүй учир барьцаанд аваагүй юм. Жижиг цагаан өнгийн шигтгээтэй ээмэг, бөгж, гинж, кулон байсан гэж санаж байна ...” гэжээ. /хх-ийн 33-34 тал/

 

Гэрч Э.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Наранхуяг нь манай ломбарданд орж ирсэн. Тэрээр монетон ээмэг, бөгж, гинж гаргаж ирээд надад үзүүлээд эдгээрийг барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь би хулгайн эд зүйлс байж магадгүй гэж бодоод наад ээмэг чинь монет биш байна гэж хэлэхэд тэр “энэ чинь солонгос монет шүү дээ” гэх хэлэхээр нь би монет биш гэж хэлээд гаргасан. Наранхуяг, Соёлмаа нар нь байнга л зурагт тавьдаг байж тухайн үед монетон эдлэлүүд барьж ирэхээр нь хулгайн эд зүйл байх гэж бодоод монет биш байна гэж хэлээд гаргасан. Тухайн ээмэг, бөгж, гинж нь монет мөн байсан...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 59 тал/

Ж.Шын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 155-156 тал/

Хохирол төлсөн тухай Хаан банкны орлогын баримт /задгай 1 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Боржин овогт Ж.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Өвөр-Эрээний 1-02 тоотод оршин суух хохирогч Л.Нарантуяагийн гэрээс монетон хос ээмэг, бөгж, кулонтой гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 889.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Л.Нарантуяагийн гэрт засвар хийхээр очсон. Хашаанд байсан өвөө “ор, ор дотор хүн байгаа” гэсэн. Тэгээд ортол нэг хүүхэд унтаж байсан. Хаалганы хажууд зогсоод 2-3 минут хүлээж байгаад хүн ирэхгүй болохоор нь угаалгын машин дээр байсан монетон хос ээмэг, бөгж, кулонтой гинж зэргийг авсан...” гэх мэдүүлэг, хохирогч Л.Нарантуяа, гэрч Н.Соёлмаа, Д.Отгонбаяр, Э.Энхзул, Б.Цагаанхүүхэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хохирол төлсөн тухай Хаан банкны орлогын баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Ж.Шт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын  хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэж, ... эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ. 

 

Шүүгдэгч Ж.Ш нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 06 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг оногдуулсан 1 жил 06 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Шүүгдэгч Ж.Шын цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

    

Шүүгдэгч Ж.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Нарантуяад 889.000 төгрөгийн хохирол  учирсан боловч шүүгдэгч Ж.Ш нь хохирогчид 889.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Шын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржин овогт Ж.Шыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоног буюу 1 /нэг/ сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 06 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шт оногдуулсан 1 жил 06 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шын цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Шын ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ