| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 118/2019/0012/З |
| Дугаар | 221/МА2020/0066 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2020/0066
Ц.Ө-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.Н, Б.М нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Ө-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4-д заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/232 дугаар захирамжийн иргэн Ц.Ө*д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Засаг даргын захирамжид Ц.Ө-г Газрын тухай хуулийн40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" мөн хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хэдийгээр газрын төлбөр төлсөн гэх баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан боловч тэр баримт нь маргаан бүхий газрын төлбөр мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд газар эзэмших гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн баримт байна. Энэ баримт дээрх гүйлгээний утга нь харагдахгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас маргаан бүхий газрын төлбөр мөн гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Ө эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь гуравдагч этгээд Т.Э, Д.Н, Б.М нарын тайлбар, гэрч Г.Н, Д.Ж нарын мэдүүлэгээр тогтоогдож байгаа болно.
Газрын төлбөр төлсөн гэдгээ хангалттай баримтаар нотолж чадаагүй, тухайн газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна үзэн гомдол гаргаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/232 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 06/52ҮАГ-НАГ-2019/07/-НА дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хэмээн нэхэмжлэгч Ц.Өд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/292 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 48 м.кв /бодит байдалд 23 м.кв, үүнтэй талууд маргаагүй/ газрын гэрчилгээг хүчингүй болгож, эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгч Ц.Ө-гаас уг захирамжийг эс зөвшөөрч “...бусдын хууль бус үйлдлийн улмаас газар эзэмших эрх маань зөрчигдсөн. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дээрх байгууллагуудад өргөдөл, гомдол удаа дараа гаргахад шийдвэрлэдэггүй. Энэ нөхцөл байдлыг үл харгалзан газраа зориулалтын дагуу эзэмшээгүй гэж гэрчилгээг хүчингүй болгосон” хэмээн маргаж, “Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/232 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/232 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зааснаас үзвэл, Засаг дарга энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн “...2018 онд дулаан цэвэр ус, худгийн асуудал шийдэгдэж ашиглахаа больсон даруй газар эзэмших эрхгүй этгээд нар хууль зөрчиж...угсармал сэндивчэн контейнер угсарч суурилуулсан”, гуравдагч этгээдийн Д.Н-гийн “...Т.Э-тэй тохиролцоод жижигхэн гутал засварын байр барьж өгсөн. Тэгээд бид тэр газарт 4х6 харьцаатай байрыг барьсан” гэсэн тайлбар, фото зураг, шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэг, гэрч Ц.Д-ын “...2016-2017 оны үед Улиастай захын баруун талаар цэвэр ус, халаалтын шугам сүлжээ байдаг байсан” гэсэн мэдүүлэг, зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бодит байдалд газраа ашиглах боломжгүй байсан үйл баримт тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй, бусад этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас уг эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй нь газар эзэмших эрхээ алдах үндэслэл болохгүй бөгөөд энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн “...бусдын хууль бус үйлдлийн улмаас газар эзэмших эрх маань зөрчигдсөн” гэсэн тайлбар үндэслэлтэй, энэхүү нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлд хамаарахгүй нь дээр хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар нэхэмжлэгчийг газрын төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй боловч нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагчийн үүрэг юм.
Гэтэл хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”, газрын төлбөрөө төлсөн эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, эдгээр ажиллагаануудыг хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн маргаан бүхий захирамжийн үндэслэл болж буй Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 06/52ҮАГ-НАГ-2019/07/-НА дугаар албан шаардлагаар Завхан аймгийн Засаг даргын захирамжаар 2015-2016 онуудад эзэмшүүлсэн газрыг нэр бүхий иргэд, хуулийн этгээд ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн талаар дурдаж, хавсралтаар тухайн нэр бүхий 13 иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хүргүүлсэн дотор нэхэмжлэгчийн нэр дурдагдаагүй байна.
Мөн гуравдагч этгээд нарын өмгөөлөгч давж заалдах гомдолд дурдсан “...Ц.Өг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, учир нь тухайн газрын эзэмших эрх үүсээгүй этгээдүүдийн гомдлоор хуулийн дагуу газрыг эзэмших, ашиглах эрх үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ