Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 221/2023/0068/З |
Дугаар | 001/ХТ2024/0088 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/0088
Д.Я-ийн нэхэмжлэлтэй, Монголын
Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн
хариуцлагын хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэрүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2024/0011 дүгээр магадлалтай хэргийг нэхэмжлэгч Д.Я, түүний өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээд Ж.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах журмаар хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч Д.Я-оос Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дүгээр тогтоолоор өмгөөлөгч Ж.Б-ийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг дүгнэж, түүнд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Д.Я-оос эс зөвшөөрч маргажээ.
2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын дагуу хороо дахин хуралдаж шийдвэр гаргахдаа өмгөөлөгч Ж.Б-ийг Өмгөөллийн тухай хууль, өмгөөллийн ёс зүйг зохицуулах олон тооны эрх зүйн актын алийг нь ч зөрчөөгүй, ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй ...” гэж тайлбарлаж,
2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... өмгөөлөгч Ж.Б нь ... Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 14.1.5, 14.1.8, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.1, 10.1, 18.1, 18.4, 33.4-т заасныг тус тус зөрчсөн” гэж нэмж тодруулжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2024/0011 дүгээр магадлалаар: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
4.1.Шүүх нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан. Уг хэрэгт нэхэмжлэгч Д.Я Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлийн хүрээнд гаргасан.
4.2.Тус хэргээр, Улсын ерөнхий прокурорын газраас өмгөөлөгч Ж.Б-т хаяглан хүргүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсыг өөрөө эсхүл бусдаар дамжуулан хүлээн аваад Өмгөөллийн тухай хууль тогтоомжоор тусгайлан хүлээлгэсэн мэргэжлийн үүргийг биелүүлээгүйн улмаас тухайн мэдээлэл задарсан, улмаар задарсан болох нь “NEWS.MN” болон бусад олон тооны хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, олон нийтийн орчинд тухайн хариу мэдэгдэх хуудас бүрэн хэмжээгээр байршсан байдлаар тогтоогдож, түүнчлэн бодит бусаар гуйвуулан тайлбарлагдаж, Д.Я-ийн нас барсан нөхөр, насанд хүрээгүй хүүхдүүдийн маань нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, түүнчлэн нэр бүхий нийтийн албан тушаалтнуудын нэр хүндийг зориуд гутаасан мэдээлэл тараагдахад ашиглагдсан нь нотлогдсон байхад Өмгөөллийн тухай хууль тогтоомжоор тогтоосон өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил биш гэж хороо үзсэн нь хууль тогтоомжид илтэд нийцээгүй шийдвэр болсон.
4.3.Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч Ж.Б Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчлийг үнэн зөвөөр дүгнэж чадаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хангалттай явуулаагүй, шаардагдах баримт нотолгоог бүрдүүлээгүй, холбогдох гэрчүүдийг бүрэн асуугаагүйтэй болон хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглээгүйтэй холбоотой байх бөгөөд үүний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тухайн асуудлыг анхан шатны журмаар хянан шалгах явцад өмгөөлөгч Ж.Б мэргэжлийн зөрчил гаргасан болох нь одоогоор цуглараад буй нотолгооны хэрэгслээр тогтоогдож байна. Тодруулбал,
4.4.Нотлогдож буй зөрчил: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Их хурлын 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор баталсан “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйл /Өмгөөлөгчийн баримтлах нийтлэг зарчим/-ийн 4.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмыг үйл ажиллагаандаа баримтална”, 10 дугаар зүйл /Нууц хадгалах/-ийн 10.1 дэх хэсэгт "Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална”, 18 дугаар зүйл /Мэдээллийн нууцлал/-ийн 18.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс мэдээлэлтэй зөвшөөрөл өгсөн, агуулгаараа нууцад хамаарахгүй, олон нийтэд нэгэнт ил болсон, эсхүл үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд зайлшгүй задруулах шаардлагатай мэдээллээс бусад үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахыг хориглоно”, 18.4 дэх хэсэг “Өмгөөлөгч нь үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахаас сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан. Түүнчлэн тус дүрмийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “...өмгөөлөгч нь энэ дүрмийг зөрчсөн үйл ажиллагааны талаар мэдсээр байж түүний үр дагавраас урьдчилан сэргийлэх, эсхүл бууруулах боломжийг ашиглаагүй, шаардлагатай залруулах арга хэмжээ аваагүй бол тухайн зөрчилд зохих хариуцлага хүлээнэ” гэж заажээ.
4.5.Мөн Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйл /Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим/-ийн 4.1 дэх хэсэгт “Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.1.хууль дээдлэх, шударга ёсыг сахих; 4.1.3.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх; 4.1.4.өмгөөллийн нууц хадгалах; 4.1.6.хүнлэг, энэрэнгүй байх гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйл /Өмгөөлөгчийн үүрэг/-ийн 14.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ, 14.1.1.үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах, 14.1.4.өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх, 14.1.5.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, 14.1.8.өмгөөллийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон Мэргэжлийн ёс зүйн дүрэм /цаашид "Ёс зүйн дүрэм" гэх/-ээр хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах, 14.1.9.үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, ёс зүйн дүрмийг баримтлах гэж, мөн хуулийн 15 дугаар зүйл /Өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх/-ийн 15.1 дэх хэсэгт “Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно”, 15.1.1.өмгөөллийн нууцыг задруулах гэж, мөн хуулийн 25 дугаар зүйл /Өмгөөллийн нууц/-ийн 25.1 дэх хэсэгт “Өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, тэдгээрийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна”, 25.3 дахь хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн нууцыг үйлчлүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно”, 25.4 дэх хэсэгт “Өмгөөллийн нууцыг хугацаагүй хадгална” гэж тус тус заасан. Өмгөөлөгч Ж.Б нь дээрх мэргэжлийн үүргийг зөрчсөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд,
4.6.2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гэрч С.Ч-ыг асуусан тэмдэглэл, ... өмгөөлөгч Ж.Б нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд өгсөн тайлбартаа (Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/09 тогтоолын 3-р нүүр, 2-р догол мөр), “Улсын ерөнхий прокурорын газраас хариу гарчихлаа ирж аваарай гэсэн. Тэр шийдвэрийг гаргасан албан тушаалтны нэр л нууц биш бол тэр нь дээр нууц юм байхгүй. Тэр нь дээр албаны болон хувь хүний нууцтай холбоотой ямар ч материал, мэдээлэл байгаагүй. Энэ дээр төрийн болон албаны нууцын мэдээлэл байхгүй, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл байхгүй ... өгсөн авсандаа буруутгагдаад байх асуудал байхгүй" гэж өөрөө тайлбар өгсөн.
4.7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон өмгөөллийн нууцад аль алинд хамаарах дээрх баримт бичгийн нууцлал нь задарч, улмаар Улсын Их Хурлын бүтцийн байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дамжуулагдсан нөхцөл байдлаар тус тус нотлогддог.
4.8.Өөрөөр хэлбэл, дээр нотлох баримтуудаас үзэхэд өмгөөлөгч Ж.Б нь өөрт нь буюу прокурорын хариу мэдэгдэх хуудсаар хаяглан ирүүлсэн өмгөөллийн нууцад хамаарах баримт бичгийг өөрийн үйлчлүүлэгч С.Ч-т дамжуулан өгөхдөө буюу түүгээр дамжуулан авахдаа, цааш бусдад задруулахгүй байх талаар ямар нэгэн зөвлөгөөг өгөөгүй, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүргээ биелүүлээгүй, задруулахаас сэргийлэхэд шаардлагатай зохих арга хэмжээг аваагүй, энэхүү эрсдэлийг бууруулах боломжийг ашиглаагүй нь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14.1.1, 14.1.4, 14.1.5, 14.1.8, 14.1.9, 15.1.1, 25.1, 25.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.1, 10.1, 18.1, 18.4, 33.4-т заасан хориглолт, мэргэжлийн үүрэг, нууц хадгалах үүрэг, мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх талаар зохих арга хэмжээ авах үүрэг, бусад холбогдох зохицуулалтыг зөрчсөн төдийгүй, хожим ч тухайн зөрчлөө ухамсарлан ойлгоогүй, зөвтгөн хамгаалсан байр суурийг илэрхийлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон өмгөөллийн нууцад хамаарч буй баримт бичгийг хувь хүний нууцад хамааралтай ямар нэгэн мэдээлэл агуулагдаагүй, өмгөөллийн нууцад хамаарахгүй гэсэн хууль бус тайлбарыг өгсөөр байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.
4.9.Бусад холбогдох зөрчил: Өмгөөлөгч Ж.Б нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд тухайн асуудлаар тайлбар өгөхдөө, “Улсын ерөнхий прокурорын орлогч М.Ч гэж хүний шийдсэн асуудлыг тавьснаараа буруудаад байна уу гэж харж байгаа. Улсын ерөнхий прокурорт гомдол өгөхөөр миний гомдол хүсэлтийг шийдвэрлэхээ болилоо, надаас болоод үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоод байна. ... Улсын ерөнхий прокурорт л гомдмоор юм” гэсэн байдаг.
4.10.Дээрх тайлбарыг өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх, шалгах чиг үүрэг бүхий мэргэжлийн хариуцлагын хорооны өмнө бодит тайлбар өгөх үүргийг урьдчилсан сануулсны дараагаар өмгөөлөгч Ж.Б өгөөд буй нь өөрөө өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн бие даасан зөрчил болсныг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо ямар нэгэн байдлаар дүгнээгүй.
4.11.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйл /Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болон бусад оролцогчтой харилцах/-ийн 12.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно” гэж, 32 дугаар зүйл /Гуравдагч этгээдийн эрхийг хүндлэх/-ийн 32.1 дэх хэсэгт "Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулах, цагийг нь үрэх, эсхүл тухайн этгээдийн эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг хориглоно” тусгайлан заасныг шууд зөрчсөн.
4.12.Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын газар нь өмгөөлөгч Ж.Б ийн тайлбарлаж буйгаар бол аль нэг маргаантай асуудал үүссэнтэй холбоотойгоор түүний гаргасан аливаа хүсэлт, гомдлыг шийдвэрлэхээ больсон, үүнээс шалтгаалж түүний үйлчлүүлэгчдийн эрх зүйн байдлыг дордуулах болсон байна. Дээрх дүрмийн 12.1 дэх хэсэгт гэтэл өмгөөлөгч нь прокурор шийдвэр гаргасных нь төлөө тэднийг буруутгахыг хориглоно гэж тусгайлан заасан байхад үүнийг илтэд ноцтой байдлаар зөрчсөн нь тогтоогдож байна.
4.13.Гэтэл давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн анхан шатны журмаар хянан шийдвэрлээд гаргасан магадлалтай танилцаж үзэхэд, магадлалын хянавал хэсэгт дээр дурдсан нэхэмжлэлийн үндэслэл, агуулга болон шүүх хуралдаанд мэтгэлцсэн асуудлаар тодорхой дүгнэлт өгөөгүй, магадлалын тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн маргасан гол үндэслэлүүдийг тусгаагүй, шүүхэд талуудын мэтгэлцсэн гол асуудлаар дүгнэлт өгөөгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэн.
4.14.Тодруулбал, магадлалын хянавал хэсгийн 3 дахь догол мөр хэсэгт, Д.Ягийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгыг шүүх “Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 12.1, 14.9, 29.1, 32.1-д тус тус заасныг зөрчсөн” гэж тодорхойлж тухайн хүрээнд үнэлэлт өгсөн. Гэтэл нэхэмжлэлд дээрх үндэслэлээс гадна, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.1, 10.1, 18.1, 18.4, 33.4, Өмгөөллийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14.1 дэх хэсгийн 14.1.1, 14.1.4, 14.1.5, 14.1.8, 14.1.9, 15.1 дэх хэсгийн 15.1.1, 25.1, 25.3, 25.4 дэх хэсэг, заалтуудыг зөрчсөн талаар холбогдох баримт нотолгооны хамт тусгаж мэтгэлцсэн байхад шүүх хэргийг анхан шатны журмаар хянахдаа нэхэмжлэлд дурдсан үндэслэл бүхий зөрчлүүд гарсан эсэх талаар буюу нэхэмжлэлийн гол маргасан үйл баримтын талаар хянавал хэсэгт ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, хянавал хэсгийн 4-6.5 дахь хэсэгт өгөгдсөн дүгнэлтүүд дотор нэхэмжлэгч миний маргасан Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.1, 10.1, 18.1, 18.4, 33.4, Өмгөөллийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14.1 дэх хэсгийн 14.1.1, 14.1.4, 14.1.5, 14.1.8, 14.1.9, 15.1 дэх хэсгийн 15.1.1, 25.1, 25.3, 25.4 дэх хэсэг, заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлүүдийн талаар нэг ч дүгнэлт өгөөгүй байна. Энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, улмаар нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласныг илэрхийлж байна.
4.15. Нотлох баримтыг үнэлэх журмыг илтэд зөрчсөний улмаас хэргийн бодит байдлыг буруу тогтоосон талаар: Магадлалд “Өмгөөлөгч Ж.Б нь өөрийн үйлчлүүлэгчдээ мэдэгдэх хуудсыг танилцуулсан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан бусад оролцогчдыг шийдвэр гаргасных нь төлөө сайшаах, буруутгахыг хориглоно гэх зөрчилд хамаарахааргүй байна” гэжээ. Гэтэл өмгөөлөгч Ж.Б Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасантай холбоотойгоор ийм утгатай үндэслэл, тайлбарыг нэхэмжлэлдээ бичээгүй.
4.16.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрийн дотор 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гэрч С.Ч-ыг асуусан тэмдэглэлд ... өөрөө тайлбар өгсөн зэрэг нотлох баримтуудаар өмгөөлөгч Ж.Б нь өөрт нь буюу “Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Б танд” хэмээн Улсын ерөнхий прокурорын газрын 1/368 дугаартай "Гомдолд хариу өгөх тухай" прокурорын хариу мэдэгдэх хуудсаар хаяглан ирүүлсэн өмгөөллийн нууцад хамаарах баримт бичгийг өөрийн үйлчлүүлэгч С.Ч т дамжуулан өгөхдөө буюу түүгээр дамжуулан авахдаа, цааш бусдад задруулахгүй байх талаар ямар нэгэн зөвлөгөөг өгөөгүй, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүргээ биелүүлээгүй, задруулахаас сэргийлэхэд шаардлагатай зохих арга хэмжээг аваагүй, энэхүү эрсдэлийг бууруулах боломжийг ашиглаагүй нь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14.1.1, 14.1.4, 14.1.5, 14.1.8, 14.1.9, 15.1.1, 25.1, 25.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.1, 10.1. 18.1, 18.4, 33.4-т заасан хориглолт, мэргэжлийн үүрэг, нууц хадгалах үүрэг, мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх талаар зохих арга хэмжээ авах үүрэг, холбогдох зохицуулалтыг зөрчсөн нь хангалттай нотлогдсон байхад шүүх дээрх баримтуудыг бүхэлд нь үнэлэхгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн.
4.17.Гуравдагч этгээд, өмгөөлөгч Ж.Б нь шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд "Тараасан тараагаагүйгээс үл хамаараад танд ийм мэргэжлийн үүрэг байсан байна. Хууль зүйн байнгын хороонд өгчихсөн гэдгээ илэрхийлээд байна. Тэгэхээр энийг нь та мэдсэн атлаа яагаад энэ өмгөөллийн дүрэмд заасан үйл ажиллагаагаа, үүргээ огт биелүүлээгүй юм бэ л гэж асууж байн” гэхэд, өмгөөлөгч Ж.Б "Би тайлбарлаж өгөх шаардлагагүй. Магадгүй тайлбарлаж өгөөгүй гэдэг дээр тайлбарлаж өгөөгүй гэж байгаа бол миний буруутай үйлдэл байж магадгүй" (хуралдааны тэмдэглэл, х.9) хэмээн өөрийн мэргэжлийн алдаагаа өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор хариулсан ба өмгөөлөгч Ж.Б нь ийм байдлаар алдаагаа хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэхээс үл хамааран дээр дурдсан нотолгооны хэрэгслүүдээр өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн зөрчил гаргасан нь нотлогдож байхад шүүх нотлох баримтыг бүхэлд нь үнэлэхгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна.
4.18.Нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулах хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн хэрэгт хамааралгүй гэж хангахгүй орхиж, шаардагдах ажиллагааг хязгаарласныхаа дараагаар тухайн үйл баримт тогтоогдоогүй, нотлох баримт хангалттай бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
4.19.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 30.3.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх, хасуулах, шинэ нотлох баримт шаардах” гэж тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагад заасан үйл баримт, үндэслэлийг нотлоход шаардлагатай, өөрсдөө цуглуулах боломжгүй баримтыг шүүх цуглуулах зохицуулалттай байна. Уг зохицуулалтын дагуу, нотлох баримт цуглуулах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааны дараах хүсэлтүүдийг нэхэмжлэгч талаас гаргасан.
4.20.Хэргийн хавтасны 11-р талд өмгөөлөгч Ж.Б нь энэ хэрэгт өөрийн гаргасан тайлбартаа "Улсын ерөнхий прокурорт гомдол өгөхөөр миний гомдол хүсэлтийг шийдвэрлэхээ больсон, надаас болоод үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоод байна уу гэж үзэх боллоо. Улсын ерөнхий прокурорт гомдмоор юм" гэсэн нь Өмгөөллийн тухай хууль болон өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн (Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 дэх хэсэгт “...шийдвэр гаргасных нь төлөө сайшаах, буруутгахыг хориглоно"), бодит үнэн эсэх нь тодорхойгүй тайлбар болсон тул хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс, Улсын ерөнхий прокурорын газраас 2021 оны 02 дугаар сараас хойш 2023 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд өмгөөлөгч Ж.Б-аас аливаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газарт нийт хэдэн удаа гомдол гаргасан, түүнийг хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэрлэсэн талаар, түүнчлэн Д.Я-той холбогдох асуудлаас шалтгаалж өмгөөлөгч Ж.Б-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэхээ больсон буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан, түүний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тохиолдол байгаа эсэх талаар лавлагаа мэдээлэл, тайлбар гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хэрэгт хамааралгүй гэж хангахгүй орхисон атлаа тухайн зөрчил нотлогдоогүй, зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
4.21.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдлыг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх өөр нэгэн үндэслэл нь Д.Я-той хувийн таарамжгүй харилцаатай Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Д.Н нь гомдол шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх үндэслэл буйг нэхэмжлэгч илэрхийлж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өмгөөлөгч Д.Я-д холбогдох маргааны тухай тогтоолтой, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр Д.Я-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоол бүхий хэрэгт Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Д.Наранцэцэг нь Д.Ягийн талаар хэргийг шийдвэрлэж зөвлөлдөж эхлэхээс өмнө урьдаар сөрөг дүгнэлт өгч бусад гишүүдэд танилцуулсан нь тухайн гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны хурлаар хэлэлцсэн хуралдааны дуу-дүрсний бичлэгт авагдсан тул тус хэргээс дуу-дүрсний бичлэгийг хуралдааны тэмдэглэлийн хамтаар гаргуулах, гаргуулах боломжгүй тохиолдолд үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлэн авч өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хэрэгт хамааралгүй гэж хангахгүй орхисон.
4.22.Өмгөөлөгч Ж.Б нь өөрийн гаргасан тайлбартаа, Улсын ерөнхий прокурорын газраас түүнд хаяглан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн 1/368 дугаартай албан бичигт Д.Я нартай холбоотой ямар ч албаны нууцын мэдээлэл байхгүй, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл байхгүй гэж тайлбарласан боловч хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар тухайн албан бичигт дурдагдсан үйл баримт, мэдээлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны албаны нууц, хувь хүний захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн болон хуулиар тогтоосон бусад нууцад (мөн хуулийн 4.1), мөн өмгөөллийн нууцад тус тус хамаарах мэдээлэл байдаг. Иймд хэргийн оролцогчдын маргаж буй асуудал болох мэдээлэл нууцад хамаарах эсэх асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.3, 30.3.3, 31.2 дахь хэсэгт зохицуулсныг удирдлага болгон нууцын асуудлаар Монгол Улсын хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газрыг шинжээчээр томилж, Улсын ерөнхий прокурорын газраас өмгөөлөгч Ж.Б-т хаяглан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн 1/368 дугаартай албан бичиг, түүний агуулга нь албаны нууц болон хувь хүний нууцад хамаарах мэдээ сэлт агуулсан эсэх, эдгээр ангилалд хамаарах эсэх асуултад тусгай мэдлэгт үндэслэн дүгнэлт гаргаж хариу өгөхөөр шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж хангахгүй орхисон атлаа, тухайн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон.
4.23.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь талуудын маргаж буй үндсэн асуудал болох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хэрхэн тараасан болох талаар ямар нэгэн нотлох, шалгах ажиллагаа огт явуулалгүйгээр өмгөөлөгч Ж.Б-аас бусадтай харилцаж мэдээллийг цацуулсан эсэх үйл баримтыг шалгалгүйгээр шууд тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай болсон, хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулах шаардлагатай байх тул Улсын ерөнхий прокурорын газраас өмгөөлөгч Ж.Б-т хаяглан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн 1/368 дугаартай албан бичгийг өгсөн хугацаанаас хойш 2021 оны 05 дугаар сарын 09-нийг хүртэл хугацааны 3 сарын хугацаанд Ж.Б-ийн эзэмшлийн аливаа дансны хуулгыг арилжааны банкнуудаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж хангахгүй орхисон атлаа, тухайн асуудлаар нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3-т заасантай нийцээгүй.
4.24.“Н” ХХК хэвлэл мэдээллийн байгууллагаас нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах тухай: Тус шүүхэд хянагдаж буй Д.Я-ийн нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох, гуравдагч этгээд, өмгөөлөгч Ж.Б ийн оролцож буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь уг хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тодруулах үүднээс өмгөөлөгч Ж.Б-т Улсын ерөнхий прокурорын газраас хүргүүлсэн прокурорын хариу мэдэгдэх хуудас буюу өмгөөллийн нууцад хамаарах баримт бичгийг ашигласан мэдээллийг дамжуулагч NEWS.MN мэдээллийн сувгийг эрхлэн ажиллуулдаг “Н” ХХК-д хандан тухайн баримт бичгийг өгсөн этгээдийг тодруулахаар хандсан боловч тус байгууллага нь мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан байдаг. Прокурорын хариу мэдэгдэх хуудсыг “Н” ХХК-д дамжуулан өгсөн, нууцалж буй этгээдийн талаар мэдээллийг гаргуулан авах хүсэлтийг гаргаж байна гэснийг мөн шүүх хангахгүй орхисон атлаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг илтэд хязгаарлах замаар хэргийн бодит байдлыг тодруулах ажиллагааг явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг илтгэдэг.
4.25.Эдгээр хэрэгт зайлшгүй хамааралтай, нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргаж өгч буй үндэслэл, тайлбартаа шууд салшгүй холбоотой бүхий л нотлох баримтыг хэрэгт хамааралгүй үндэслэлээр гаргуулах, цуглуулах ажиллагааг явуулахгүй хязгаарласан атлаа, магадлалын 6.3 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, улмаар 6.5 дахь хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд нэхэмжлэлийг нотлох баримт хангалттай бус гэж үзэж байгаа бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна гэснийг шүүх хүлээн авч үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илтэд зөрчсөн, нотлох баримт цуглуулах хүсэлтүүдийг шүүх хангахгүйгээр хязгаарлах, нэхэмжлэгчийг шударгаар шүүлгэх, нотлох баримтыг шалгуулах, цуглуулах эрхүүдийг алдагдуулсан.
4.26.Дээрх үндэслэлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.5, 121.3.7-д заасан нөхцөл байдалд хамаарч байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
5.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль, журмын шаардлага хангахгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
6.Нэхэмжлэгч Д.Я-оос анх “... өмгөөлөгч Ж.Б нь өөрт нь хаяглагдсан албан тоотыг бусдын нэр төрд халдах материал болгож үйлчлүүлэгчдээ өгсөн, ... мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хариу мэдэгдэх хуудсыг эх хувиар нь бусдын нэр төрд халдах, гүтгэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нотлох баримтаар ашиглаж, ийнхүү ашиглах боломж олгож нийтэд мэдээлж байгаа нь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.3, 41 дүгээр зүйлийн 41.6.5, Өмгөөлөгчийн мэргэжлийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.8, 14.9, 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн” гэсэн агуулгаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан байна.
7.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дүгээр тогтоолоор “Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3-т заасан энэхүү үүргээ Ж.Б биелүүлж, үйлчлүүлэгч С.Ч-т өөрт нь хаяглагдсан Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсыг танилцуулсан нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй байна” гэсэн дүгнэлт хийж, маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
8.Давж заалдах шатны шүүхэд “... өмгөөлөгч Ж.Б нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.9, 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэмж тодруулан “... өмгөөллийн нууцад хамаарах баримт бичгийг өөрийн үйлчлүүлэгчид дамжуулан өгөхдөө бусдад задруулахгүй байх талаар ямар нэгэн зөвлөгөө өгөөгүй, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүргээ биелүүлээгүй, задруулахаас сэргийлэхэд шаардлагатай зохих арга хэмжээг аваагүй, энэхүү эрсдэлийг бууруулах боломжийг ашиглаагүй нь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14.1.1, 14.1.4, 14.1.5, 14.1.8, 14.1.9, 15.1.1, 25.1, 25.3, 25.4, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.1, 10.1, 18.1, 18.4, 33.4-т заасан хориглолт, мэргэжлийн үүрэг, нууц хадгалах үүрэг, мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүргийг зөрчсөн” гэж маргасан байна.
9.Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, ... чиг үүргийг хэрэгжүүлнэ”, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 88 дугаар зүйлийн 88.1-д “Маргааныг хянан шийдвэрлэсэн хуралдаанаас гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 88.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 88.3-т “Шийдвэрийн үндэслэл нь дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна”, 89 дүгээр зүйлийн 89.1-д “Тогтоол нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 89.3-т “Үндэслэх хэсэгт дараах зүйлийг дэлгэрэнгүй, ойлгомжтой тусгана”, 89.3.1-д “зөрчлийн хэлбэрийг тогтоосон маргааны нөхцөл байдал”, 89.3.6-д “маргааныг хэрэгсэхгүй болгосон үндэслэл, түүний нотлох баримтын агуулга, хянан шалгагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 89.4-т “Тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байх бөгөөд маргааныг хянан шийдвэрлэхэд баримталсан хууль, дүрэм, журмын заалтыг тодорхой тусгана” гэж тус тус заасан байна.
10.Гэтэл маргааныг хянан шийдвэрлэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд “Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3-т заасан энэхүү үүргээ Ж.Б биелүүлж, үйлчлүүлэгч С.Ч-т өөрт нь хаяглагдсан Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудсыг танилцуулсан нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй байна” гэснээс өөрөөр гомдлын үндэслэлүүдэд огт дүгнэлт өгөөгүй, ямар үндэслэлээр ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн болохоо дэлгэрэнгүй, тодорхой бичээгүй, хянан шалгагчийн зөрчлийн дүгнэлтийг хэрхэн няцааж үгүйсгэж байгаагаа тусгаагүйгээс уг тогтоол нь Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх үүрэг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 88 дугаар зүйлийн 88.2, 89 дүгээр зүйлийн 89.3-т заасан тогтоолын шаардлагад нийцэхгүй байна.
11.Түүнчлэн дээрх маргаан бүхий тогтоолоор маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад маргааныг хянан шийдвэрлэхэд баримталсан хууль, дүрэм, журмын заалтыг тусгаагүй нь мөн журмын 89 дүгээр зүйлийн 89.4-д заасныг зөрчжээ.
12.Өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдол гаргагчийн гомдолд дурдсан асуудлыг бүрэн дүүрэн шалгаагүй, гомдлын үндэслэлд ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй буюу ямар үндэслэлээр өмгөөлөгчийг ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн болохоо тусгаагүй энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэл, өмгөөлөгч хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
13.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны журмаар хэргийг хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дээрх зөрчлийг залруулаагүй, хороо өмгөөлөгч хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль болон журамд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэхийг анхаараагүй нь буруу байх бөгөөд мөн шийдвэрийнхээ үндэслэл болгож буй хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг магадлалын тогтоох хэсэгтээ баримтлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасанд нийцэхгүй. Тодруулбал, Мэргэжлийн хариуцлагын хороо нэхэмжлэгчийн гомдолдоо дурдаад буй өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан нууц хадгалах, Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4-т заасан үүрэг, 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж, Улсын ерөнхий прокурорын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/368 дугаар хариу хүргүүлэх албан бичигт нууц, хүний эмзэг мэдээлэл агуулагдсан эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд мөн нэхэмжлэгчээс өмгөөллийн нууцад хамаарах мэдээллийг задруулсан гэж маргаж буй энэ тохиолдолд Өмгөөллийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг 25.1 дэх хэсэгт дүгнэлт өгөх шаардлагатай.
14.Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг энэ тогтоолын 13-т заасан хүрээнд бүрэн шалган тогтоон, хууль зүйн дүгнэлт хийж, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журамд заасан шаардлагад нийцүүлэн маргааныг шийдвэрлэх шаардлагатай байх тул маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШШ2024/0011 дүгээр магадлал, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн МТ/09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан маргааныг дахин шалгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ