Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 21

 

 

****, **** нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б. ****цэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо- ****, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч ****ын өмгөөлөгч М.Гансүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч О.Билгүүн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаар магадлалтай,  ****, **** нарт холбогдох 1831000000191 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ****, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,

урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан. 

2.   ****, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 5, 

3. Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ****************** тоот хашаанд байрлах өөрийн гэртээ иргэн ****ыг биеэ хамгаалж чадахгүй хүнд зэргийн согтолттой унтаж байхад нь цээжин тус газарт нь хутгалж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан,  

Шүүгдэгч **** нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ тус тус “...талийгаач ****ы биеийг нь үзэхэд хөрсөн байсан, нас бараад 1 цаг гаруй хугацаа өнгөрсөн байсан.” гэж шүүн таслах ажиллагаанд саад учруулан худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

4. Прокуророос ****ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, ****гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

5. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар ****ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ****т оногдуулсан 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ****ын цагдан хоригдсон нийт 577 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар ****аас 17,781,340 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, **** нарт олгож, өмгөөлөгчийн зардал, үнэлгээний төлбөр 5,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс хохирол төлүүлэх, цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хохирогч ****ы өмсөж байсан хувцас гэх хар өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн “nike” гэх бичигтэй подволк 1 ширхэг, цамц 1 ширхэг, хар өнгийн тамирын өмд 1 ширхэг, хар хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, дотоож 1 ширхэг, саарал өнгийн урдаа цагаан үдээстэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****т олгож, шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, **** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна. 

6. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, ****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

7. Прокурор А.Баясгалан хяналтын шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө **************** тоот хашаанд байрлах ****ын гэрт иргэн ****г биеэ хамгаалж чадахгүй хүнд зэргийн согтолттой унтаж байхад цээжин тус газарт нь хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж дүгнэсэн атлаа мөрдөн байцаалтын явцад тухайн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, ямар аргаар, хэрхэн үйлдэгдсэн болон гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг хангалттай нотолж чадаагүй байна гэж агуулгын хувьд зөрүүтэй дүгнэж, шүүгдэгч ****т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Мөн давж заалдах шатны шүүх нь ****, **** нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, ****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэхдээ шүүгдэгч ****д холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, 2 дахь хэсэгт “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. ****д холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг хэрхэх нь ойлгомжгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болгожээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

8. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэж байна.” гэв. 

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж байгаа боловч эсэргүүцэл дээрээс харахад тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн талаар магадлалд тодорхой тайлбарлаж дүгнэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар “хэргийн ажиллагааг дорвитой хийхгүй” байна гэсэн үндэслэлээр харьяалал өөрчлөх хүсэлтийг гаргаж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн “нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй” үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн тогтоолд заасан тодорхой ажиллагаа хийгээгүй. Амь хохирогчийн нас барсан цаг хугацаа одоо хүртэл тогтоогдоогүй байгаа. Эдгээр нөхцөл байдал дээр давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нар зөрүүтэй мэдүүлэг өгдөг бөгөөд нэг талд нь багтааж мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл **** нь хохирогчийн амь насанд халдсан гэдгийг бүрэн тогтоож чадаагүй. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирлын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй буюу зөвхөн оршуулгын зардлын хэмжээгээр хязгаарлаж орхисон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нь хаасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг 2018 онд гарсан, өнөөдөр 5 дахь жил рүүгээ орж байна. Монгол Улсын шүүх хараат бус, шударгаар шүүдэг гэдэгт миний хувьд итгэл алдсан явж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлээд үнэнийг олоод өгөөч гэдэг үүднээс эцсийн мөчөө хүртэл явж байгаа. Талийгаач хэдэн цагт амь хохирсныг мэдэж чадаагүй байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

11. Шүүгдэгч ****ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Энэ хэрэг 4 жилийн хугацаанд шалгагдаж байгаа ээдрээ төвөгтэй хэрэг юм. ****ыг гэрт нь унтаж байсан талийгаачийг “миний орон дээр унтдаг хэн бэ гээд хутгалсан” гэдэг үйлдлээр яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр энэ үйлдэл ерөөсөө нотлогдож тогтоогддоггүй. Харин ч өөр нөхцөл байдлыг гэрчүүд удаа дараа мэдүүлдэг. Хэргийн талаар гэрчлээд байгаа ***** хочит ****- **** нь хувийн байдлын хувьд тааруу, урьд өмнө нь ял шийтгүүлж байсан хүн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөр байдлаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт /2018 оны/ “хутга зэвсгийг хараагүй”, 2019 оны гэм буруугийн шүүх хуралдаанд “хутгыг харсан” гэж мэдүүлдэг. Улмаар хутга байгаагүй төмөр байсан гэдэг асуудлыг ярихаар мөрдөн байцаагч ингэж хэл гэдэг байдлаар мэдүүлдэг. 2019 онд болсон шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч **** “...мөрдөн байцаагч цаг хугацааны асуудлыг хөдөлгөх байдлаар буюу гэрчид нөлөөлөх байдлаар мэдүүлэг өгөөч гэсэн саналыг тавьсан” гэдэг. Улмаар хэрэг мөрдөн байцаалтад буцсаны дараа ****г худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсан. Шинжээчийн дүгнэлтээр нэг удаагийн үйлдлээр хийх боломжтой гэдэг боловч хэд хэдэн нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...хавтас хэрэгт авагдсан зураг дээр талийгаачийн эрүүнд учирсан зүсэгдсэн шарх нь зүрхэнд хутгалагдахаас 1-2 цагийн өмнө авсан байх боломжтой, учир нь шархыг арчиж, угааж цэвэрлэсэн байх боломжтой нөхцөл байдал байна” гэж тайлбарладаг. Нөгөөтээгүүр шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** талийгаачийн хүзүүнд боолт байсан гэх гэмтлийн зэргийн талаар тодорхой нөхцөл байдлыг дурдаж ярьдаг. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаар хэд хэдэн нөхцөл байдал маш илэрхий, тодорхой байдаг. Талийгаачийн гар утас, машинд тодорхой үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийдэггүй. Шүүгдэгч ****т холбоотой зам маршрут, бусад гэрчүүдтэй холбоотой үйл баримтыг огт шалгаагүй. Мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд н. **** оролцсон нь хууль зөрчсөн. Бидний зүгээс түүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд хурлын оролцогчид /прокурор, шүүгдэгч/ дэмжсэн. Гэтэл шүүх бүрэлдэхүүн тэтгэвэрт гарсан мэтээр дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. н. **** нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ахлах ахлагч цолтой, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүн юм. Өмгөөлөгчийн хувьд шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, түүнийг иргэдийн төлөөлөгчөөр оролцуулсныг гайхаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн нэр бүхий 3 гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолд тусгасан атлаа бусад гэрч нарын мэдүүлгийг дурдалгүй орхигдуулсан. Шүүх бүрэлдэхүүнд орсон н.Нарантуяа шүүгч энэ хэргийг огт уншаагүй буюу 2 цагийн дараа хоцорч орж ирээд шүүх хуралдаанд оролцсон бөгөөд ямар ч идэвхгүй байр суурьтай байсан.
11.1. Нөгөөтээгүүр н.Мөнгөнцэцэг шүүгч дөнгөж томилогдоод 2 сар болж байсан, н.Оюунтунгалаг шүүгч томилогдоод удаагүй, бараг ажилдаа байхгүй, бүрэлдэхүүнд дуудагдаж ирсэн хүн байсан. Хэрэг шалгагдаад 4 жил болсон, өмгөөлөгчийн санал тавих хугацаа тогтооё гэдэг асуудлыг шүүх бүрэлдэхүүнээс тавьсан. Бидний зүгээс хугацаа тогтоох шаардлагагүй гэсэн чинь прокурор 5 минутын хугацаагаар тогтооё гэсэн санал хэлсэн гээд тогтоосон байгаа. Өмгөөлөгчийн яриаг сонсоогүй, хугацаа чинь болчихлоо гээд санал, тайлбарыг зогсоосон. Гэрч ****- ****, ****- ****, ****төмөр, **** нарын мэдүүлгээр ****ыг буруутгадаг. Гэвч энэ үйл баримт эхний шүүх хуралдаанаар бүгд үгүйсгэгдсэн. **** гэдэг хүн талийгаачийг нас барсан байх цаг хугацаанд гэртээ нэг ч очоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогддог. Гэтэл талийгаачид гэмтэл учруулсан байж болзошгүй өөр нэг үйл баримт байдаг. Үүнийг хамар хашааны хүн ******* хэлдэг “шөнө 3 цагт хашаандаа гарахад ***** хочит ****-****ийн хүн амины хэргийн хохирогчийн хоч болох ****** гэдэг хүний нэрийг хэлээд хэсэг хүмүүс ****ын хашаан дотор маргаан үүсгээд хэрэлдэж байсан” гэдэг. Мөн өглөө 7 цагийн үед тэдний үүднээс гэрч *********ийн эзэмшлийн саарал өнгийн, Ланд круйзер 80 маркийн машин маш хурдтай өнгөрөөд явсан гэдэг. Энэ нөхцөл байдал нь шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй яг цав таардаг. Учир нь талийгаачийн эрүүнд учирсан боолт болон шарх нь нас барахаас 1-2 цагийн өмнө авсан байна, яагаад гэхээр шархыг угааж цэвэрлэсэн байна гэдэг. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

11.2. Мөн дамжмал эх сурвалжтай хэд хэдэн нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаанд огт шалгаж тогтоогоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...талийгаачийг боосон байсан” гэдэг үүнийг огт шалгаагүй. Түүнчлэн талийгаачийн гар утасны биллийг шалгаагүй. Талийгаачийг нас барсан байж болох цаг хугацаанд буюу 08 цаг 10 минутын үед **** нь **** гэж айлаар ороод, дэлгүүрээс архи худалдаж аваад явж байх хугацаандаа талийгаач руу залгасан байдаг. Гэхдээ утсыг талийгаач авсан, дуудлага хийсэн зүйл байдаггүй. Мөрдөн шалгах ажиллагаанд гар утсыг хурааж авсан атлаа үзлэг хийгээгүй. Харин гар утсыг талийгаачийн эгч анхан шатны шүүх хуралдаанд гаргаж ирснээр энэ үйл баримт яригдаж эхэлдэг. Талийгаачийн найз **** хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** рүү залгаж ярьсан бөгөөд түүнээс талийгаачийг хэдэн цагийн үед нас барсан бэ гэж асуухад “их л эрт байсан шүү, өглөө эрт манай ажилчид босоогүй байсан” гэдэг цаг хугацааг хэлсэн ба хэн хэлсэн юм бэ гэхэд ******** талийгаачийг өнгөрсөн байна, 6 цагийн үед л болов уу гэж хэлсэн гэдэг. Үүнтэй холбоотойгоор ****, ********* гар утасныхаа биллийг өгсөн байдаг. Хэрэг мөрдөн байцаалтад буцаж байхад үүнийг шалгаагүй. Нэг анхаарал татах нотлох баримтын тухайд 91-тэй нэг дугаар 06 цаг 37 минутын үед **** руу залгасан байдаг. Энэ хүн хэн байсан эсэхийг тогтоогоогүй. Нэмж хэлэхэд анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд заагдсан зүйлчлэлээр яллаж байгаа нь буруу юм. Давж заалдах шатны шүүхэд “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж болохгүй” гэсэн агуулгаар гомдол гаргасан. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох тухай саналаа дэмжиж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

12. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан прокурорын  эсэргүүцлийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч ****, **** нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

13.  Анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар ****ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

14. Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж буй нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг. 

14.1. Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай. 

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
14.2. Түүнчлэн гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бас нэг үндсэн нөхцөл юм. Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байдаг.
Учир нь гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг болно. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

14.3. Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг. 

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан билээ.

15. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэхдээ гэрч Д. ****найрамдал, анхны үзлэг хийсэн эмч ****, шинжээч эмч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн цогцсын гадна үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэлээ болгож, хохирогч ****ы нас барсан гэх цаг хугацаа зөрүүтэй, дан ганц гэрч Б. ****-****ийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй, эргэлзээтэй байдал үүссэн гэж хэргийн үйл баримтыг бодитой, зөв тогтоож чадаагүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал давж заалдах шатны шүүх дээр дурдсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, нотлох баримтуудыг магадлалынхаа үндэслэл болгож жагсаан бичсэн байх бөгөөд тухайн гэрч нарын мэдүүлгийн агуулга, үндэслэлийг бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох баримтуудын аль нь үндэслэлгүй болох зэргээр эх сурвалжийг магадлах аргыг ашиглан няцаасан, эсхүл баталсан дүгнэлтийг хийж зөрүүг арилгалгүй ерөнхий байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байдлыг үүсгэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бол мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгодоггүй.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг болон түүнд холбогдсон этгээдийн хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд түүнд дурдаагүй үйл баримт, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй.

16.1. Прокуророос ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, ****д мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зөвхөн ****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан байх бөгөөд ****д холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй үлдсэн тул цаашид анхаарвал зохино.

Дээрх байдлуудыг нэгтгэн үзвэл энэ тогтоолын 7 дугаарт дурдсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох гэсэн агуулгын хэмжээнд прокурор А.Баясгалангийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл хангагдана.  

17. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн2-т “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн10.1-д тус тус баталгаажуулан хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох эрхтэй”, мөн хуулийн 35.26 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно” гэж зохицуулжээ.

17.1. Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцож байгаагийн гол шинж нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах явдал юм.

Шүүхийн шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргах тул тус шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн2 дугаар зүйлийн 2.3, Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д заасны дагуу иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан саналыг хэрхэн үнэлсэн үндэслэлээ тусгадаг тул саналын агуулга, ач холбогдол тодорхойлогдоно.

17.2. Энэ хэргийн хувьд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож оролцсон иргэн Г. **** ************* газарт жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, одоо жолоочоор үүрэг гүйцэтгэж байгаа талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагджээ.   

Шүүгдэгч ****ын өмгөөлөгч М.Гансүх урьд *****ийн байгууллагад жолоочоор ажиллаж байсан, хэргийн газрын үзлэгт байнга очиж, ажиллаж байсан гэх үндэслэлээр иргэдийн төлөөлөгч Г. ****оос татгалзан гаргах хүсэлт гаргасныг бусад өмгөөлөгч, улсын яллагч нараас гадна Г. **** өөрөө дэмжсэн байр суурийг илэрхийлсэн байхад анхан шатны шүүх сайтар лавлалгүй уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. 

17.3. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Г. **** шүүгдэгч ****, **** нарын гэм буруугийн талаар санал гаргах боломжгүй гэсэн нь иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос татгалзсантай холбоотой, эсхүл энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэм бурууг тогтоож чадаагүйн учраас санал гаргах боломжгүй байсан эсэх, түүнчлэн иргэдийн төлөөлөгч хуульд зааснаар саналаа бичгээр гаргаагүйд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм. 

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг тэмдэглэсэн хэдий ч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г. **** шүүгдэгч нарын гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргаагүйд дүгнэлт хийлгүй орхигдуулсныг дурдах нь зүйтэй. 

18. Иймд энэ тогтоолын 14-17 дугаарт дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай. 

2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                                    

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН 

                                          ШҮҮГЧИД                                    Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                   М.ПҮРЭВСҮРЭН 

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                                         

              Ч.ХОСБАЯР