Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00208

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04770 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, орон сууц албадан чөлөөлүүлэх, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, нэхэмжлэгчээс 77,800,294 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч*******, хариуцагч *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2019 оны 10 сарын 26-ны өдөр *******,******* нартай Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасныг үндэслэн мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасны дагуу Зээлийн гэрээг бичгээр байгуулсан.

1.2. Дээрх гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгч *******,******* нарт 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлийн хүүнд зээлдэгч *******йн өмчлөлийн ******* дүүргийн *******, ******* хотхон/*******/, ******* дүгээр байрны ******* тоот орон сууцанд амьдрахаар, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь авсан зээлээ бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

1.3. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар дээрх Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас зээлдэгч*******ын эзэмшлийн тус банк дахь 51113333******* тоот данс руу шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна.

1.4. Зээлдэгч нар нь зээлээ төлөх хугацаагаа 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл /2021.09.03-ны өдөр/ нийт 311 хоног хугацаа хэтрүүлсэн байх ба Зээлийн гэрээний 2.5 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 10,000,000 төгрөгийг үндсэн зээл 20,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч*******ын хариу тайлбарын агуулга:

2.1. 2019 оны 10 сард н.******* гэдэг найзтайгаа уулзаад угаалгын газрыг 1-2 жил түрээсгүй ажиллуулахаар болсон.

2.2. н.*******гийн найзынх нь эхнэр гэх хүний нэр дээр байдаг байрыг түрээслээд, хүүгийн мөнгөө аваад явья гэсэн тул гэрээ хийхээр ярилцсан. Тухайн үед н.******* надад иргэний үнэмлэх алга, чи миний өмнөөс гэрээ байгуулчих гэсэн тул би нотариат орж гэрээ байгуулсан.

2.3. Нотариат орсны дараа мөнгө шилжүүлж авахад заавал нотариат орсон хүний данс руу мөнгө орно гээд миний данс руу мөнгө орсон. Эхний өдөр 4,000,000 төгрөг, гэрээ хийсний маргааш 14,000,000 төгрөг орсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдаад 19,000,000 төгрөг *******гийн данснаас миний дансанд шилжин орсон. Би хувьдаа мөнгө зарцуулаагүй, шилжүүлсэн. н.******* мөнгөө төлөхгүй алга болсон гэжээ.

 

3. Хариуцагч *******йн хариу тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч ******* нь хүүтэй мөнгө зээлдүүлэхээр фэйсбүүкт зар тавьсаны дагуу 2019 оны 10 сарын 24-ний өдөр н.******* ******* нар уулзаад хариуцагч *******йн байрыг очиж үзсэн. 5,000,000 төгрөгийг*******ын данс руу шилжүүлсэн байдаг. 2019 оны 10 сарын 26-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан.

3.2. Орон сууцаа хөлслүүлсэн гэж бодож байтал цагдаагийн байгууллагаас ярьж, ******* нь залилангийн гэмт хэргийн хам хэрэгтэн байна, ирж байцаалт өг гэсэн. Зээлийн гэрээг байгуулах сэдлийг ******* өөрөө санаачилсан. Сүүлдээ *******йг цагдаад өгөөд н.******* нь залилангийн хүн байсан байна. н.******* нь *******йн нөхөртэй хорих ял эдэлж байхдаа танилцаад байр байдлаас нь хараад эхний удаа итгэлийг олж авахын тулд байрыг богино хугацаанд түрээсэлж 2-3 сая төгрөг шилжүүлсэн байдаг.

3.3. *******д хохирсон зүйл байхгүй. 2019 оны 10 сараас 2024 оны 05 cap хүртэл 52 сарын хугацаанд гал тогоо тусдаа 3 өрөө байрыг өөрийн байр мэтээр хууль бусаар эзэмшиж, бусдад түрээслүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Зээлийн гэрээ болон Орон сууцны гэрээ нь эрүүгийн хэргийн гэмт хэргийн хүрээнд үйл явдлаа нуун далдлах зорилготой хийгдсэн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууль бус гэрээний шинжийг агуулж байна. 2019 оны 10 сараас 2024 оны 4 сарыг дуустал хугацаанд ******* нь*******аас 2,000,000 төгрөг авсан.

3.4. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Байрыг нь очоод үзэхэд янз янзын хүмүүс ******* хөлслүүлсэн гээд амьдарч байсан. *******йн 70,000,000 төгрөгийн орлого олох байдлыг хаасан. ******* нь байрны тог усны мөнгийг огт төлдөггүй гэжээ.

 

4. Хариуцагч *******йн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. ******* дүүргийн ******* ******* хотхон /*******/, ******* байрны ******* тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 64.41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь ******* бөгөөд тус орон сууцыг 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Хаан банкны орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр худалдан авсан.

4.2. 2019 оны 11 сарын 26-ны өдөр *******тай үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан 2020 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд тус орон сууцанд ******* амьдрахаар харилцан тохиролцсон байдаг.

4.3. Гэтэл зээлийн гэрээний 20,000,000 төгрөгийг *******д шилжүүлээгүй, н.*******, Батжав нарт шилжүүлсэн, тэдгээрээс өр төлбөрөө нэхэмжлэх эрхтэй гэдгээ мэдсээр атлаа /хохирогчийн мэдүүлгээр нотлогддог/ зээлийн төлбөр төлөгдөөгүй нэрийдлээр тухайн орон сууцанд хууль бусаар амьдарсаар байгаа юм.

4.4. Хэрэв байраа бусдад түрээсэлж байсан бол тухайн бүс нутгийн байршилд 2019 оны байдлаар хамгийн багадаа түрээсийн төлбөрийг сард 9*******,000 төгрөгт тооцон гэрээ байгуулах боломжтой / ХХК-ийн түрээсийн үнэлгээ/, жил ирэх тусам түрээсийн байрын төлбөр нэмэгдэж, эрэлт ихсэж байгаа ч анх үл хөдлөх хөрөнгө түрээслэж байсан үеийн ханшаар тооцож нэхэмжилж байгаа юм.

4.5. Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу ******* дүүргийн *******, ******* хотхон /*******/, ******* байрны ******* тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 64.41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг *******д даалгаж, мөн 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэлх 40 cap, үүнээс засвар хийсэн 3 сарыг хасч, 37 сарын түрээсийн төлбөр болох /9*******,000x37/ 34,2*******,000 төгрөгийн хэмжээгээр хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар өгнө үү.

4.6. Мөн *******йн 3 өрөө байрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж, бусдад дамжуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний улмаас *******д учруулсан хохирлыг 43,575,294 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 77,800,294 төгрөгийг *******гаас гаргуулахаар нэмэгдүүлж гаргаж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч *******,******* нараас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын *******г ******* дүүргийн *******, ******* хотхон /*******/ ******* байр ******* toot орон сууцнаас албадан гаргуулах, 2019 оны 10 сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан, нэхэмжлэгч *******гаас 420,700 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 77,379,594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийн 307,950 төгрөг, хариуцагч *******йн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,957 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 50 төгрөгийг ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 13,271 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч *******йн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг үнэлэх, дүгнэхдээ, шүүхийн шийдвэр гаргахдаа шүүгч нь нэхэмжлэгчид давуу байдал бий болгох зорилгоор Зөвхөн нэхэмжлэгчид ашигтай баримт буюу зээлийн гэрээ, энэ гэрээний үндсэн зээл, алданги төлөх заалтыг тухайлан үнэлж, хариуцагчаас хохирол болон, гэм буруугүй болохыг нотолж, мэтгэлцэхээр хэрэгт ирүүлсэн баримтуудыг харьцуулж үнэлэлгүйгээр, бодит бус, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

6.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцанд амьдраагүй ба бусадтай хамтран эзэмшиж, ашиглаж өөрийн эзэмшилдээ 4 жил 4 cap буюу 52 сар байлгасан. Хэрэв уг орон сууц нь хариуцагчийн эзэмшилд байсан бол тус уг хугацаанд бусдад түрээсэлж, 2022 оны 02 сараас 2024 оны 05 cap хүртэл нийт 2 жил 3 cap буюу 27 сарын хугацаанд нэг сарын түрээсийг 1,3 сая төгрөгөөр тооцоход 27 сар* 1,3 сая.төг=35,1 сая төгрөгөөр түрээслэн ашиг олсон байх бүрэн боломжтой байсан. Түүнчлэн хариуцагч*******ын дансанд шилжүүлсэн 19,000,000 төгрөгөө 70,200,000 төгрөгийн орлого болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

6.3. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх *******йн байраа түрээслээд олох байсан орлого болох 70,200,000 төгрөгөөс шүүхээр нэхэмжлээд байгаа үндсэн зээлийн 20,000,000 төгрөгийг тухайн үед нь суутган тооцож Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар харилцан шаардлага бүхий үүргийг дуусгавар болгох боломжтой байсан. Мөн талууд гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж, дуусгавар болгож энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэж дуусгах боломжийг нэхэмжлэгч ******* зориудаар хэрэгжүүлэхгүйгээр гэрээний үүргийн гүйцэтгэлд саад учруулсан үйлдлийг шүүгч үндэслэлгүйгээр зөвтгөснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

6.4 Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2019 оны 10 сараас хойш өөрөө болон бусдад байрыг ашиглуулахдаа уг байранд хүн орж амьдрах боломж нөхцөлгүй /таазнаас нь ус алдсан, банн, 00-н ус гоожсон, обойнууд нь хууларсан, шал нь цөмөрсөн, гадна, дотор хаалга, цоожнууд нь эвдэрсэн/ болгосон байсан учраас хүнээс 6,000,000 төгрөг зээлж 3 өрөө байрандаа иж бүрэн засвар хийсэн, энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлсэнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт нийцэх зээлийн гэрээ, алданги тооцох заалтыг сонгон авч үнэлж, шүүхийн шийдвэрт тодорхой дурдаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

6.5. Түүнчлэн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, мөн хариуцагч *******йн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч*******ын тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгчид 9,000,000 төгрөгийг төлсөн байгаа гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч *******гийн тайлбарын агуулга:

8.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг олгох, хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Хуульд заасан алдангийг Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодож үзэхэд 50 хувиас хэтэрч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу шаардсан учраас гэм хорын хохирол шаардсан зүйл байхгүй. Зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгчид тухайн орон сууцанд байх шаардлага байхгүй.

8.2. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч*******ын зүгээс зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд 9,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг сард 1,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

8.3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хоёр этгээд хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн алинаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас зээлийн төлбөрийг хувь тэнцүүлэн шаардсан.

8.4. Мөн нэхэмжлэгчийг удаа дараа орон сууцнаас хөөж гаргаад, тухайн орон сууцыг лацдаж, хаалганы голыг сольж байсан тул цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа хандаж байсан. Уг нөхцөл байдлын улмаас тухайн орон сууцыг суллаж өгсөн учраас хариуцагч нар уг орон сууцны хаалганы голыг сольж, өөрсдөө авсан байдаг. Мөн нэхэмжлэгч ******* 6 хүүхэдтэй учраас уг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, хариуцагч ******* орон сууц албадан чөлөөлүүлэх, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, нэхэмжлэгчээс 77,800,294 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд 2019 оны 10 сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлийн хүүнд *******йн өмчлөлийн ******* дүүргийн, *******, ******* хотхон/*******/, ******* байр, ******* тоот орон сууцыг хөлслөх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөхөөр тохиролцсон, мөн ******* нь хариуцагч *******тай 2022 оны 10 сарын 26-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлсөх гэрээ байгуулж, гэрээгээр ******* дүүргийн, *******, ******* хотхон/*******/, ******* байр, ******* тоотод байрлах 64.41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл орон сууцны зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэлтэй дүгнэлт өгчээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүүнд тооцож зээлдэгч буюу уг орон сууцны өмчлөгч *******йн өмчлөлийн ******* дүүргийн *******, ******* хотхон /*******/, ******* байр ******* тоот орон сууцанд сууна гэж тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний тохиролцоонд үндэслэн ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээний байгуулсан талаар дүгнэлт үндэслэлтэй.

 

Гэхдээ, Орон сууц хөлслөх гэрээ нь зээлийн гэрээний хүүгийн төлбөрт тооцохоор тохиролцсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч нараас 30,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй алдаа гаргасныг залруулж, хариуцагч *******йн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан агуулгатай өөрчлөлт оруулна.

 

5.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 сарын 26-ны өдөр Зээлийн гэрээний 2.1-д зааснаар 20,000,000 төгрөгийг хариуцагч*******т 18,000,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул зээлийн гэрээ байгуулсанд тооцно.

Дээрх зээлийн гэрээгээр хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч*******т 18,000,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

Хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүрэг тодорхой байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасныг хэрэглэж, тэнцүү хэмжээгээр үүрэг ногдуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийг өмчлөлдөө шилжүүлсэн хэмжээгээр буюу хариуцагч*******аас 18,000,000 төгрөг, *******ас 2,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлт оруулна.

 

5.2. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.5-д зааснаар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлага хангаж байна.

 

Хэргийн үйл баримтаар хариуцагч *******йн өмчлөлийн ******* дүүргийн *******, ******* хотхон /*******/, ******* байр ******* тоот орон сууцанд нэхэмжлэгч 2019 оны 10 сараас эхлэн 2024 оны 03 сарыг дуустал 4 жил 4 сар амьдарсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрт орон сууцанд үргэлжлүүлэн амьдарч байсан хугацааг зээлийн гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс алданги гаргуулж шийдвэрлэсэн нь буруу.

Зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байгаа тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүй үйл баримтыг үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнтэй адилтган үзэх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иймд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас алданги 10,000,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын *******г ******* дүүргийн *******, ******* хотхон /*******/, ******* байр ******* тоот орон сууцнаас албадан гаргуулах, 2019 оны 10 сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч талууд гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

7. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.1. Хариуцагч нь ... *******йн өмчлөлийн ******* дүүргийн *******, ******* хотхон /*******/, ******* дүгээр байрны ******* тоот орон сууцанд сууж байсан буюу хуульд нийцүүлэн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан 70,240,000 төгрөг, мөн хугацаанд цахилгаан, ус дулаан, СӨХ-ны төлбөр нийт 1,560,294 төгрөг, байранд засвар хийсэн 6,000,000 төгрөгийн зардал, нийт 77,800,294 төгрөг гаргуулна. гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарласан.

 

7.2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа үргэлжилж, нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрт орон сууцанд амьдарсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Тодруулбал, зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид төлөх үүргээ гүйцэтгээгүй учир зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч *******г хариуцагч *******йн орон сууцанд зээлийн гэрээний хүүгийн төлбөрт амьдарсан гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч *******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул анхан шатны шүүх ХХК-ийн орон сууц хөлслөх жишиг үнэлгээгээр тогтоосон хэмжээгээр тооцож, 70,240,000 төгрөг гаргуулах шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

7.3. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн ашиглалтын зардалд 420,700 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөхгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******йн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04770 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******ас 2,000,000 төгрөг, хариуцагч*******аас 18,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ... улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ас 46,950 төгрөгийг*******аас 247,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 694,847 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР