| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0165/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/173 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/173
2019 06 25 2019/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Ө.Батболд
Шүүгдэгч Р.Х, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баргажин овогт Р.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Д.Г нарт холбогдох 1921000330063 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ..........................оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Баргажин овогт Р.Х. /РД: ...............
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт .............................оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Д.Г. /РД: ........../
1. Шүүгдэгч Р.Х нь Д.Гтай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Мухар” гэх газраас иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн 4 тооны эр ямаа, 5 тооны ишиг, 31 тооны эм ямаа нийт 40 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж, 1910.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр” гэх газраас иргэн Д.Алтан-Одын эзэмшлийн 9 тооны хонь, 22 тооны ямаа, нийт 31 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 1420.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Р.Х нь Д.Гтай хамтран 2018 оны 12 дугаар сарын дундуур Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн “Хайлантын энгэр” гэх газраас иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 12 тооны ямааг хулгайлж 1120.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Р.Х нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн “Хайлантын өвөр” гэх газраас иргэн Б.Цэрэнжавын 1 тооны адууг хулгайлж, 2000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Р.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын хорооллын Гандангийн хойд талд байрлах “Булган” гэх дэлгүүрийн гаднаас Э.Бямбадоржийн “Даюун” маркийн улаан өнгийн 24-88 ДОЗ улсын дугаартай мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч Э.Бямбадоржийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2. Шүүгдэгч Д.Г нь Р.Хтай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Мухар” гэх газраас иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн 4 тооны эр ямаа, 5 тооны ишиг, 31 тооны эм ямаа нийт 40 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж, 1910.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Р.Хтай хамтран 2018 оны 12 дугаар сарын дундуур Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн “Хайлантын энгэр” гэх газраас иргэн Б.Батчимэгийн эзэмшлийн 12 тооны ямааг хулгайлж 1120.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Д.Гтай хамтран Б.Энхжаргалын 40 тооны ямаа, Б.Батчимэгийн 12 тооны ямаа хулгайлсан. Мөн ганцаараа Д.Алтан-Одын 31 тооны бог мал, Б.Цэдэнжавын 1 тооны адууг хулгайлсан. Хохирогч Э.Бямбадоржийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан. Би Энхжаргалын хонийг нь газар дээр нь буцааж өгч хохиролгүй болгосон, Бямбадоржийн мотоциклийг буцааж өгсөн, Цэдэнжав надаас мөнгө нэхэмжлэхгүй гэж өөрөө хэлсэн. Харин Алтан-Одод учирсан хохирол болон Б.Батчимэгт учирсан хохирлыг би төлнө” гэв.
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Р.Хтай хамтран Б.Энхжаргалын 40 тооны ямаа, Б.Батчимэгийн 12 тооны ямаа хулгайлсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Алтан-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд манай нөхөр Өлзийжаргал нь үхэр малаа услах, бусад малаа нааш цааш болгоно гэж нэлээн явж байгаад нар шингэх үед манай хонь ямаа зүүн хонхороос нааш гарч ирэхгүй болохоор нь араас нь яваад харанхуй болсон хойно Өлзийжаргал ирээд манай хонь ямаанууд бүгд алга болсон байна, уулын өөд зээрний юм уу тахиралдсан мөр байна гэж хэлсэн. ....маргааш нь манай нөхөр Өлзийжаргал нь Б.Энхжаргалын малчны гэр рүү очиж хонь, ямаагаа асууна гэж яваад ирэхдээ өчигдөр Р.Х мотоцикльтой нэг залуутай ирээд Б.Энхжаргалын малчинтай уулзсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд Өлзийжаргал өмнө орой нь уулын өөд явсан малын мөр дагаад явсан чинь Баатарцогт гэх хүний эзэнгүй өвөлжөөн дээр мөр очсон мөн тэр өвөлжөөн дээр нэг удаа портер ирээд явсан мөр байсан. Ингээд манай нөхөр Өлзийжаргал нь гэрт ирээд шууд Баян-Уул сумын цагдаад дуудлага өгч цагдаа нар ирсэн. Манай нөхөр Өлзийжаргал цагдаа нарт мөрөө харуулахаар яваад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орой ирэхдээ 4 тооны хонь 13 тооны ямааг тууж ирсэн. Мөн ямааны гулууз 4 ширхэг, хонины 1 гулууз авчирсан. Манай хонь, ямааг Р.Х хулгайлсан байна гэж байсан. Мөн 2 тооны бүдүүн хонь, 7 тооны төлөг, 9 тооны бүдүүн ямаа, 13 тооны шүдлэн ямаа байсан. Би хонь, ямааны гулууз болон 4 тооны хонь,13 тооны ямааг хүлээж авсан. Нядлагдаад ирсэн хонь, ямааны гулуузыг буцааж авснаар 4 тооны хонь, 5 тооны ямаа бүр байхгүй байгаа. Үүнийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. ...” гэжээ. /хх-ийн 47-49 тал/
Хохирогч Б.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хот руу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яваад 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн. Тэгээд 2 хоногийн дараа манай хөрш Өлзийжаргал ирээд “танай ямааг Р.Х хулгайлсан байна лээ. Р.Х манай хонь ямааг хулгайлж авсан байсан тэгээд би хонь ямаагаа авах гээд очиход бас өөр имтэй ямаанууд байсан, ингээд хэний ямаа болох талаар асуухад Энхжаргал ахын ямаа гэж хэлсэн. Таныг цагдаа ирж уулзаарай гэж хэлсэн шүү” гэж хэлэхээр нь би цагдаа дээр ирээд хэсгийн төлөөлөгчтэй уулзаад Баян-Уул сумын “Эрээн” баг руу очиход Оюунтуяагийн хашаанд манай имтэй ямаанууд байсан. Би ямаагаа тоолж үзэхэд 26 тооны ямаа, 10 ширхэг ямааны гулууз байсан. Гулуузны 10 ширхэг толгойг харахад манай имтэй ямааны толгой байсан. Тэгээд би дээрх ямаа болон ямааны гулуузаа хүлээн авсан. Би ямаагаа алдсанаа огт мэдээгүй байсан. Манай хонь ямааг Батжаргал гэх хүн харж байсан. Би хонь, ямаагаа тоолж үзэхэд 40 тооны ямаа дутсан байна. Одоо 4 тооны эм ямаа огт байхгүй болоод байгаа, алдагдсан 40 тооны ямаанаас 26 тооны ямааг амьдаар нь 10 тооны ямааг гулууз болгож авсан. Би буруутай этгээдээс ор сураггүй болсон байгаа 4 тооны эм ямааг нэхэмжилж байна. ” гэжээ. /хх-ийн 52-54 тал/
Хохирогч Б.Цэдэнжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2018 оны 12-р сарын 17-ны өдөр 15 цаг болж байхад адуугаа бүртгэхэд 1 тооны хээр зүсмийн 7 настай гүү алга байсан.Тэгээд би наад өвөлжөө болох Баян-Уул сум 3-р баг Хайлантын өвөр гэх газар байрлах хашаандаа очиход манай гүү байхгүй байсан. Манай гэр байнга нүүдэг болохоор адуу, үхэр маань хуучин нутагтаа очоод байдаг юм. Мөн би адуугаа бэлчээрлэдэг газраар явж эрээд олоогүй. Манай адуу ууланд хонодог юм. Хээр зүсмийн, дармал “БЦ” тамгатай гүү байсан. Би уг алдсан адуугаа 2015 онд тугалтай үхэр бэлнээр 1 сая төгрөгөөр Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумаас Энхтөр гэх хүнээс худалдаж авж байсан. Миний хохирлыг барагдуулбал надад гомдол санал байхгүй..”гэжээ. /хх-ийн 57-59 тал/
Хохирогч Б.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр малаа тоолоход 47 тооны ямаа дутсан. Тэгээд манай малд хулгай орох үед манай ямаанаас тасарсан байсан. 2019 оны 03 сарын 15-ны өдөр тасарсан байсан манай 34 тооны ямаа эргээд малдаа ирж нийлсэн. Тэгээд одоо манай ямаанаас 12 тооны ямаа дутаж байна. Уг алдсан 12 тооны ямааг би үнэлгээ дээр нэг бүрчлэн нас зүстэй нь тэмдэглүүлсэн байгаа. ...Р.Х надтай уулзахдаа би нэг л удаа танай ямааг хулгайлсан, танай ямааг хулгайлж байгаад хөөхөд зарим хэсэг ямаа үргээд тасарч байгаа харагдсан гэж надад хэлсэн. Р.Х нь боломжтой бол 12 ямаагаа төлүүлмээр байна...” гэжээ. /хх-ийн 69-70 тал/
Хохирогч Э.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Уг дэлгүүр дотор ороод хамаатны хүнээ хүлээгээд 30 орчим минут болоод гараад харсан чинь Р.Х байхгүй Р.Хтай хамт үлдээсэн миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд гадаа зогсож байхад Р.Х над руу залгаад би мотоциклийг чинь аваад төмөр зам ороод ирье, очоод хүлээж бай гэхээр нь гэрт нь тухайн өдөр хүлээсэн боловч ирээгүй болохоор нь 19 цагийн орчим гэр рүүгээ явсан. Маргааш нь Р.Хын гадаа Р.Хыг хүлээсэн боловч ирээгүй бөгөөд маргааш нь үдийн өмнө Р.Хын гэрийн гадаа байж байгаад утас нь холбогдохгүй байхаар нь санаа зовоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /хх-ийн 181-182 тал/
Гэрч З.Бямба-Ундрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 06 цагт босоод түлээ авах гээд гарсан чинь түлээ байдаг газрын хажуу талд баахан хонины гэдэс байсан. Тэгээд би малын хашаандаа очсон чинь хашаан дотор баахан хонь, ямаа байсан. Тэгээд гэртээ байхад 08 цагийн орчим эрээний Р.Х манайд ирсэн. Тэгэхээр нь би Р.Хаас энэ хэний хонь юм бэ гэж асуусан чинь Р.Х нь миний хонь гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар учиртай хонь, ямаа юм бэ? энэ хонь, ямаагаа хурдан ав гэж хэлсэн. Р.Х авна гэж яваад Портер машин нь түлшгүй байна гэж надад хэлсэн. Р.Х нь Баян-Уул сум руу түлшинд явлаа гэж над руу яриад алга болсон. Тэгээд байж байхад сумын цагдаа нар ирээд хонь, ямаа тоолоод явсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахиад цагдаа нар ирээд манай хашаанд байсан хонь ямааг тоолж аваад эзэнд нь буцаагаад өгсөн...” гэжээ. /хх-ийн 78-79 тал/
Гэрч Б.Дашчирав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багт өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоциклийг авах зорилготой өөрийнхөө эзэмшлийн 35-60 ДОА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 16 цагийн орчим очсон. Очоод Эрээн гэх газарт явж байхад сумын залуучууд болох Д.Г, Р.Х нар хар өнгийн мотоцикльтой надтай таараад Р.Х надад хандаж “би баруунтай хүнээс авлагандаа хонь, ямаа авсан юм, боломж байвал хүргээд өгчих үү” гэхээр нь надад түлш байхгүй гэж хэлэхэд Р.Х надад “8 литр түлш байна хүргээд өгчих үү” гээд гуйгаад байхаар нь муу санаалаад Р.Хт хандаж “хулгайн мал биш биз, чи намайг алваа” гэж хэлэхэд “тийм зүйл байхгүй, би Дашийн хашаанд буюу Эрээн багийн Засаг дарга байсан Оюунтуяагийн хашаанд буулгана” гэж хэлэхээр нь дотроо найдвартай айл юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд Эрээн гэх газраас баруун тийш 10 орчим км зайд нэг өвөлжөө рүү очиж 2 удаа зөөж өгсөн бөгөөд тухайн хонь, ямаа бага насных байсан...” гэжээ. /хх-ийн 80 тал/
Гэрч Б.Өлзийжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай Баян-Уул сумын 6 дугаар багийн Р.Х нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг зах дээр явж байхад 1 тооны адуу өгье гээд түлшний мөнгө гуйсан. Тэгэхэд нь би мөнгө өгөхгүй гэж хэлсэн чинь Р.Х нь унаж явсан адуугаа барьцаанд тавья гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь Р.Х нь яваад өгсөн. Тэгээд тэр өдрийн орой буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой 18 цагийн орчим Р.Х нь манай гэрт адуугаа аваад ирлээ гээд ирсэн. Гэрт ороод суухад нь адууных нь зургийг аваад өөрийнх нь зургийг аваад уг адууг 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Р.Х нь яваад өгсөн. Би Р.Хын өгсөн адууг маргааш нь махлаад Улаанбаатар хотод аваачиж зарсан. Тэр адуу хээр зүстэй эм адуу байсан. Уг адуу нь БЦ гэсэн тамгатай байсан...” гэжээ. /хх-ийн 87-88/
Гэрч М.Цогтгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын дундуур Баян-Уул сумын 6 дугаар баг эрээнд гэртээ байж байхад өглөө манай гэрт манай эрээний Р.Х ирээд хэдэн ямаа янзлаад өг гэж гуйсан. Тэгэхээр нь би за гээд ямааг нь янзалж өгөхөөр болоод Р.Хын мотоцикльтой Д.Г, Р.Х бид гурав мотоцикль дээр гуравлаад Баян-Уул сумын 3 дугаар баг Дарьхинт гэх газар очсон. Тэгсэн чинь ямаа байсан газар нь Дарьхинтын цагаан нуурын урд Азбаяр гэх айлын зуслан дээр амбаарт нь хашсан байсан. Тэгээд эхнээс нь гаргаж ирээд янзалж эхэлсэн. Нийт 12 тооны ямаа байсан. Гулуузаа тэр амбаарт нь үлдээгээд Р.Х, Д.Г нар намайг гэрт хүргэж өгсөн. Зарах ямаа юм гэж хэлээд надад янзалж өгсөн хөлсөнд 1 ямааны гулууз өгсөн...” гэжээ. /хх-ийн 96-97/
Гэрч Б.Өлзиймөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гараад Р.Х, Бямбадорж бид гурав Хэрлэн сумын 6 дугаар баг Шүх худалдааны төв рүү очиж хүнтэй уулзсан боловч мөнгө зээлэх нь бүтэхгүй болоод буцаад Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын хорооллын дунд байрлах Булган нэртэй дэлгүүрийн гадаа ирээд зогссон. Уг дэлгүүр рүү Бямбадорж бид хоёр ороод Р.Х нь Бямбадоржийн мотоциклийн дэргэд үлдсэн. Бямбадорж тухайн дэлгүүрээс архи зээлэх гэж байсан бөгөөд хамаатныхаа хүнийг хүлээгээд байсан. Тэгээд архиа авч чадахгүй дэлгүүрээс гарахад Р.Х нь Бямбадоржийн мотоциклийг унаад явсан байсан...” гэжээ. /хх-ийн 187-188 тал/
Мал хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 35, 36 тал/
Мал хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 37/
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 174-176 тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 177 тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38-39, 40-41, 42-43, 178, 179 тал/
Р.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 117-119, 120-121, 191-192 тал/
Д.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 113-114, 122-123/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
1. Шүүгдэгч Баргажин овогт Р.Х нь Д.Гтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Мухар” гэх газраас хохирогч Б.Энхжаргалын эзэмшлийн 4 тооны эр ямаа, 5 тооны ишиг, 31 тооны эм ямаа нийт 40 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж, 1910.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Шивэр” гэх газраас хохирогч Д.Алтан-Одын эзэмшлийн 9 тооны хонь, 22 тооны ямаа, нийт 31 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 1420.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Р.Х нь Д.Гтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын дундуур Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн “Хайлантын энгэр” гэх газраас хохирогч Б.Батчимэгийн эзэмшлийн 12 тооны ямааг хулгайлж 1120.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Р.Х нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн “Хайлантын өвөр” гэх газраас хохирогч Б.Цэрэнжавын 1 тооны адууг хулгайлж, 2000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Р.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын хорооллын Гандангийн хойд талд байрлах “Булган” гэх дэлгүүрийн гаднаас Э.Бямбадоржийн “Даюун” маркийн улаан өнгийн 24-88 ДОЗ улсын дугаартай мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч Э.Бямбадоржийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн,
2. Шүүгдэгч Д.Г нь Р.Хтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Мухар” гэх газраас хохирогч Б.Энхжаргалын эзэмшлийн 4 тооны эр ямаа, 5 тооны ишиг, 31 тооны эм ямаа нийт 40 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж, 1910.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Р.Хтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын дундуур Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн “Хайлантын энгэр” гэх газраас хохирогч Б.Батчимэгийн эзэмшлийн 12 тооны ямааг хулгайлж 1120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Р.Хын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би Д.Гтай хамтран Б.Энхжаргалын 40 тооны ямаа, Б.Батчимэгийн 12 тооны ямаа хулгайлсан. Мөн ганцаараа Д.Алтан-Одын 31 тооны бог мал, Б.Цэдэнжавын 1 тооны адууг хулгайлсан. Хохирогч Э.Бямбадоржийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Д.Гын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би Р.Хтай хамтран Б.Энхжаргалын 40 тооны ямаа, Б.Батчимэгийн 12 тооны ямаа хулгайлсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Энхжаргал, Д.Алтан-Од, Б.Батчимэг, Б.Цэдэнжав, Э.Бямбадорж, гэрч З.Бямба-Ундрах, Б.Дашчирав, Б.Өлзийжаргал, М.Цогтгэрэл, Б.Өлзиймөнх нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, мал хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мал хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”,
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж тус тус заасан ба шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос шүүгдэгч Р.Х, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус давхар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Х, Д.Г нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Р.Хыг бусдын олон тооны малыг хулгайлсан, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан, шүүгдэгч Д.Гыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Р.Хыг бусдын олон тооны малыг хулгайлсан, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан, шүүгдэгч Д.Гыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Р.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв. .
Шүүгдэгч Р.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч Р.Х, Д.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхжаргалд 40 тооны бог мал буюу 1910.000 төгрөгийн, хохирогч Б.Батчимэгт 12 тооны ямаа буюу 1120.000 төгрөгийн, шүүгдэгч Р.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Алтан-Одод 31 тооны бог мал буюу 1420.000 төгрөгийн, хохирогч Б.Цэдэнжавд 1 тооны адуу буюу 2000.000 төгрөгийн, хохирогч Э.Бямбадоржид “Даюун” маркийн 24-88 ДОЗ улсын дугаартай мотоциклийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Б.Энхжаргалын хонийг нь, мөн хохирогч Э.Бямбадоржид мотоциклийг нь тус тус буцааж өгсөн байх тул шүүгдэгч Р.Хаас гэм хорын хохиролд нийт 3980.000 төгрөгийг гаргуулж, 1420.000 төгрөгийг хохирогч Д.Алтан-Одод, 560.000 төгрөгийг хохирогч Б.Батчимэгт, 2000.000 төгрөгийг хохирогч Б.Цэдэнжавд, шүүгдэгч Д.Гаас 560.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батчимэгт тус тус олгож, хохирогч Б.Энхжаргал, Э.Бямбадорж нар нь шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хохирогч Б.Энхжаргал, Э.Бямбадорж нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Р.Хын .................. регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Гын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус давхар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Баргажин овогт Р.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан, шүүгдэгч Бодонгууд овогт Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Р.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Р.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хт оногдуулсан 4 жил 30 хоногийн хорих ял, шүүгдэгч Д.Г нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х, Д.Г нарын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Хаас нийт 3980.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Алтан-Одод 1420.000 төгрөгийг, хохирогч Б.Батчимэгт 560.000 төгрөгийг, хохирогч Б.Цэдэнжавд 2000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Гаас 560.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батчимэгт тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар хохирогч Б.Энхжаргал, Э.Бямбадорж нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Хын ................. регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Гын ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Х, Д.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ