| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0149/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/164 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/164
2019 06 20 2019/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Д.Сугар, шүүгч Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Иргэдийн төлөөлөгч Д.Гарьдбаатар
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Загдаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Б.Дт холбогдох 1921000000014 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ............................................. оршин суух, гавъяа шагналгүй,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 428 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлээр ялаас чөлөөлж суллагдсан, Бодонгууд овогт Б.Д. /РД: ................../
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын 5-5 тоотод хохирогч З.Баяржаргалын хүзүүний зүүн талд 2 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орой дүүгийндээ очсон. Намайг дүүгийн гэрт байхад талийгаач гаднаас орж ирсэн. Талийгаач гаднаас орж ирээд “хоол хийсэн үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “хийгээгүй, өөрөө хийгээд ид” гэж хэлсэн. Тэгтэл намайг заамдаж, хоолой боомилж гэдэс рүү минь 2-3 удаа цохисон. Тэгээд нэг мэдсэн чинь талийгаач газарт уначихсан, миний гарт хутга байсан. Эмнэлэг, цагдаа дуудах гэсэн боловч утсыг нь мэдэхгүй байсан болохоор дүүгээ дуудсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хохирлын 500.000 төгрөг төлсөн, одоо нэхэмжилж байгаа оршуулгын зардлын 2447.761 төгрөгийг бүгдийг төлнө. Битүүмжлэгдсэн байгаа хашаа, байшингаа зараад төлнө...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Загдаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хэрэг гарсан өдөр хүний оронд худаг ажиллуулж байсан. Орой гэртээ ирээд байтал ийм хэрэг гарсан тухай хүү Батжаргал надад хэлсэн. Би тухайн үед юу болсныг мэдээгүй. Маргасан асуудлыг хажуунаас нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. 3 удаа хутга, мэснээс болж шоронд орчихоод засрахгүй байгаа хүнд хэлэх зүйл алга. Энэ хүн цаашид засрахгүй гэдэг нь харагдаж байна. Оршуулгын зардалд 2447.761 төгрөгийн хохирол гарсныг төлүүлэх хүсэлтэй байна. Шүүгдэгч нь 2-3 удаа шоронд ороод засрахгүй, хүний аминд хүрсэн учраас хамгийн хүнд ялыг оногдуулах нь зүйтэй...гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Гарьдбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Д нь хохирогч З.Баяржаргалыг хутгалж алсан гэм буруутай...гэв.
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/
-Талийгаач З.Баяржаргалын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 тал/
-Хэргийн газрын үзлэгээр хүрэн бариултай хутга, хутганы хуйг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23 тал/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Загдаагийн мэдүүлэг /хх-ийн 26 тал/
-Гэрч Б.Дэнсмаагийн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
-Гэрч Б.Одмандахын мэдүүлэг /хх-ийн 34 тал/
-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 17 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 тал/
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалисткийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80 тал/
-Яллагдагч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 116-118 тал/
-Цогцосны үзлэгээр хураан авсан талийгаачийн өмсөж явсан хувцас, тамхины ишийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 166 тал/
-Гэрч Н.Өлзийдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 167 тал/
-Гэрч З.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 169-170 тал/
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 890 тоот шинжээчийн дүгнэлт
-Хохирол төлбөртэй холбоотой шинээр гаргаж өгсөн 45 ширхэг НӨАТ-ын баримт
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 16 тал/
-Талийгаач З.Баяржаргалын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 тал/
-Яллагдагч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 116-118 тал/ зэргийг шинжлэн судлав.
Эд мөрийн баримтаар: хөх өнгийн куртик, цайвар өнгийн хүзүүтэй ноосон цамц, улаан ягаан өнгийн хагас ханцуйтай фудболка, хар саарал өнгийн хагас ханцуйтай фудболка, саарал өнгийн хөвөнтэй зузаан өмд, хөх өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн нэг хос оймс, саарал өнгийн эсгий түрийтэй нэг хос бакал гутал, хүрэн бариултай хутга, хутганы хуй, ногоон өнгийн даавуун өмд, цэнхэр канттай хар өнгийн өмд, тамхины иш зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орой Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын 5-5 тоотод хохирогч З.Баяржаргалын хүзүүний зүүн талд 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “..Тэгтэл намайг заамдаж, хоолой боомилж гэдэс рүү минь 2-3 удаа цохисон. Тэгээд нэг мэдсэн чинь талийгаач газарт уначихсан, миний гарт хутга байсан” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 17 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалисткийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Дыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Дыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч Б.Дын хийсэн үйлдлийн улмаас З.Баяржаргалын амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Загдаа нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 2447.761 төгрөг нэхэмжилж байгааг шүүгдэгч нь маргах зүйлгүй төлнө гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Даас 2447.761 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Загдаад олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт байрлах Ү-061000140 дугаартай 4х8 хэмжээтэй хувийн сууц, Г-0610000189 дугаартай 1386 м2 газрыг битүүмжилсэн Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5/20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн куртик, цайвар өнгийн хүзүүтэй ноосон цамц, улаан ягаан өнгийн хагас ханцуйтай фудболка, хар саарал өнгийн хагас ханцуйтай фудболка, саарал өнгийн хөвөнтэй зузаан өмд, хөх өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн нэг хос оймс, саарал өнгийн эсгий түрийтэй нэг хос бакал гутал, хүрэн бариултай хутга, хутганы хуй, ногоон өнгийн даавуун өмд, цэнхэр канттай хар өнгийн өмд, тамхины иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Б.Дын ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодонгууд овогт Б.Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бодонгууд овогт Б.Дыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөртэй тул шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт байрлах Ү-061000140 дугаартай 4х8 хэмжээтэй хувийн сууц, Г-0610000189 дугаартай 1386 м2 газрыг битүүмжилсэн Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5/20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн куртик, цайвар өнгийн хүзүүтэй ноосон цамц, улаан ягаан өнгийн хагас ханцуйтай фудболка, хар саарал өнгийн хагас ханцуйтай фудболка, саарал өнгийн хөвөнтэй зузаан өмд, хөх өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн нэг хос оймс, саарал өнгийн эсгий түрийтэй нэг хос бакал гутал, хүрэн бариултай хутга, хутганы хуй, ногоон өнгийн даавуун өмд, цэнхэр канттай хар өнгийн өмд, тамхины иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Б.Дын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дааас бусдад учруулсан гэм хорын хохиролд 2447.761 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт оршин суух, Хатгин овогт Шаравын Загдаа /РД: ................./-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
Б.БАТСАЙХАН