Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00328

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/05289 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

******* ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,636,360 төгрөг, аваагүй цалин 2,289,800 төгрөг, алданги 1,272,426 төгрөг, нийт 7,198,586 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч *******д ******* захирал *******гаас надад хандан тус байгууллагын Гадаад харилцааны ажилтнаар ажилд орж, ажил сайжруулж өгөөч гэсэн аман урилгыг хүлээж авч 2024 оны 04 сарын 01-ний өдөр *******-ийн Гадаад харилцаа хариуцсан ажилтан, төслийн менежерээр ажилд орсон.

1.2. *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь нэхэмжлэгчийг ******* албан тушаалд, сарын үндсэн цалин 800,000 төгрөг, урамшуулал 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгөөр цалинжуулахаар тушаал гаргасан боловч Хөдөлмөрийн гэрээ хийхгүй хойшлуулсаар 2024 оны 05 сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ хийсэн.

1.3. Хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т заасныг тус тус зөрчиж, 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл цалин огт олгоогүй. Цалин олгох талаар удаа дараа захирал *******гаас асуусан боловч хариу өгөхгүй байсан тул байгууллагын Удирдах Зөвлөлийн дарга *******д энэ талаар утсаар болон биечлэн уулзаж, цалингаа авах, мөн ялгаварлан гадуурхалтаас ангид ажиллах хүсэлтээ уламжилсан.

1.4. Ингээд 2024 оны 05 сарын 15-ны өдөр 400,000 төгрөгийг миний ХААН банкны дансанд цалин гэж шилжүүлсэн боловч үүнээс хойш 2024 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл бас л огт цалин өгөөгүй болно. Мөн 2024 оны 07 сарын 31-ний миний ХААН банкны дансанд 655,000 төгрөгийг Долдугаар сарын цалин гэж шилжүүлсэн. Мөн Хөдөлмөрийн эрхийн маргааны гурван талт хорооны хуралдааны дараа *******-ийн гүйцэтгэх захирал ******* нэхэмжлэгчийг 2024 оны 07 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, үндэслэлээ мөн худал хуурмагаар тодорхойлж, ажлаас үндэслэлгүйгээр халсан.

1.5. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл надад нийт 4,000,000 төгрөгийн үндсэн болон урамшуулалт цалин олгох байсан боловч уг цалингаас 1,710,200 төгрөгийг олгож, 2,289,800 төгрөгийн олгоогүй байна.

1.6. Иймд нэхэмжлэгчийг ******* ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,636,360 төгрөг, аваагүй цалин 2,289,800 төгрөг, алданги 1,272,426 төгрөг, нийт 7,198,586 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. 2024 оны 02 сарын 12-ны өдөр *******тай уулзан *******-ийн гүйцэтгэх захирлын туслахын цалингийн сан дээр *******г ажиллуулж, түүний авьяас, мэдлэг, туршлагыг нь *******-ийг хөгжүүлэхэд дайчлахаар шийдсэн.

2.2. Тухайн үед 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс ажилд оруулья гэсэн боловч түрээслэгчид төлбөрөө төлөхгүй, цалин тавихад хүндрэлтэй байсан тул ажилд оруулах хугацааг хойшлуулахаар болсон. ******* нь 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс ажилдаа оръё гэхдээ ажилд чинь туслая гэсэн.

2.3. ******* нь 1990 оноос хойш төсвөөс ямар ч санхүүжилтгүй байгууллага ба гишүүдийн татвар төлөлт хангалтгүй, үндсэн орлого нь Зохиолчдын ордны 3 давхар барилгын цөөн өрөөний түрээсээс орж ирдэг. Уг орлогоос *******-ийн гүйцэтгэх захирлын ажлын албаны ажилтнуудыг цалинжуулахад арайхийж хүрдэг, түрээсийн төлбөр орж ирээгүй зарим сард цалингаа авч чаддаггүй, энэ тухай *******д хэлж байсан.

2.4. Нэхэмжлэгч манай санхүүгийн байдлыг сайн ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ажилд орсон гэж бодож байна. ******* цалинг 1,000,000 төгрөгөөр тогтоох саналтай байсан ба Хөдөлмөрийн гэрээг хийхдээ үндсэн цалин 800,000 төгрөг, урамшуулалт цалин 200,000 төгрөг байхаар тусгасан. Ажилтан идэвх санаачилга гаргаж, байгууллагад үр ашигтай ажиллавал урамшуулалт цалинг олгохоор тохирсон. Гүйцэтгэх захирлын 2024 оны 01 сарын 02-ны өдөр баталсан тушаалаар 2024 онд Ажлын албаны бүтэц, цалинг баталсан бөгөөд тэнд Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан менежерийг гэрээт ажилтнаар ажиллуулахаар тусгасан боловч Н.*******ыг үндсэн ажилтнаар авч, Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 05 сарын 23-ны өдөр байгуулсан.

2.5. 2024 оны 02, 03 сараас манай байгууллагын санхүүгийн байдал илт хүндэрсний улмаас 2024 оны 04 сард *******д цалин олгоогүй. ******* нь цалингаа cap бүрийн 15, 30-ны өдөр олгодог боловч түрээсийн орлогоос хамаарч захиргааны ажилтнуудын цалинг хойшлуулж олгох, зарим сар цалин хойшилсон тохиолдол байдаг.

2.6. Ажилласан дөрвөн сарын хугацаанд ердөө 800,000 төгрөгийн цалин авч, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэсэн ******* нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь *******д 2024 оны 5-7 сард үндсэн цалинг бүрэн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

2.7. ******* нь *******-д чөлөөт цагийн хуваариар буюу дуртай үедээ ирж ажилладаг байсан. Байгууллагын зүгээс гэрээсээ ажиллахыг ч зөвшөөрч байсан. *******-ийн Гүйцэтгэх захирлын Ажлын алба хүн хүч дутмаг тул шаардлагатай ажилд ажилтнуудаа дайчилдаг ба ******* удирдлагаас өгсөн удаа дараагийн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзаж байсан.

2.8. Нэхэмжлэгч нь урамшуулалт цалин олгохуйц ажил хийгээгүй хэмээн үзэж байгаа тул нэхэмжилж байгаа мөнгөн дүнд урамшуулалт цалинг тусгах ёсгүй гэж үзэж байна. Ялгаварлан гадуурхсан гэдэг нь үндэслэлгүй юм. Хэрвээ хийсэн ажлаа тайлагнахыг ажилтнаас шаардсаныхаа төлөө ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа бол гомдолтой байна. Ямар ч байгууллага ажилтандаа цалин олгож байгаа бол хийсэн ажлаа тайлагнахыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь ажлаа тайлагнаж байгаагүй. Бид өөрт байгаа боломж, нөхцөлийн хэмжээнд *******д ажиллах орчныг бүрдүүлсэн болохоос түүнийг хааж, боож, ялгаварлан гадуурхаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан Н.*******ыг *******ийн ******* ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,199,974 төгрөг, аваагүй цалин 800,000 төгрөг, нийт 3,999,974 /гурван сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун далан дөрвөн/төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас аваагүй цалин 1,489,800 төгрөг, алданги 1,272,426 төгрөг, нийт 2,762,226 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч ******* эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 170,071 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь 2024 оны 05 сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 06 сарын 29-ний өдөр 110,200 төгрөг, 145,000 төгрөг, 06 сард нийт 655,200 төгрөг, 2024 оны 07 сарын 31-ний өдөр 655,000 төгрөгийн цалинг тус тус олгосон.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу мөн Хөдөлмөрийн гэрээгээр цалин урамшуулал нийт 1,000,000 төгрөгөөр тохиролцсоныг тус тус үндэслэн олгоогүй цалин ба ажилгүй байсан хугацааны цалингаа 1,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн болно.

4.3. Шүүхийн шийдвэрт *******д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 05, 06, 07 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Төрийн банк, Гялс банк, интернет гүйлгээний мэдээлэл зэрэг баримтуудаас үзэхэд *******д ******* нь 2024 оны 05 сард 800,000 төгрөг, 06 сард 800,000 төгрөг, 07 сард 800,000 төгрөг, даатгуулагчийн төлөх шимтгэл зэргийг төлсөн байх тул Н.*******ыг ажиллаж байх хугацаанд цалинг олгоогүй байна гэж үзэх боломжгүй юм. Иймээс алданги гаргуулах үндэслэлгүй байна гэжээ.

4.4. Хариуцагч *******-ээс 2024 оны 05, 06, 07 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэдий ч 2024 оны 04 сард огт цалин олгоогүй, 05 сард 600,000 төгрөгийн цалин дутуу, 06 сард 344,800 төгрөгийн цалин дутуу, 07 сард 345,000 төгрөгийн цалин дутуу олгосон /05 сард 400,000 төгрөг, 06 сард 655,200 төгрөг, 07 сард 655,000 төгрөг олгосон/ болох нь миний Хаан банкны ******* тоот дансны хуулгаас тодорхой харагдаж байна. Миний анхан шатны Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгыг анхан шатны шүүх үнэлж дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай байна. Хариуцагч талаас 05, 06, 07 сарын цалинг бүрэн олгосон гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн дансанд бүрэн цалин орсон гэх баримт байхгүй, цалин олгосон цалингийн цэс ч байхгүй байхад шүүх 05, 06, 07 сард тус бүр 800,000 төгрөгийн цалин олгосон гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

4.5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар олгоогүй цалин 2,289,800 төгрөгийн алданги тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Дутуу олгосон цалингийн алдангийг нэхэмжлэлд тодорхой тооцож тусгасан болно.

4.6. Хариуцагчаас гаргаж өгсөн баримтад байгаа 2024 оны 03 сарын 23-ны өдрийн 200,000 төгрөг бол ЭТТ компаниас олгосон шүлгийн уралдаан шүүсэн шүүгчийн хөлс, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 255,200 төгрөг шилжүүлсэн нь Ш.******* сангаас олгосон Эссэ бичлэгийн уралдаан шүүсэн шүүгчийн хөлс юм.

4.7. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дундаж цалин хөлсийг 800,000 төгрөгөөр тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Учир нь, ажил олгогчтой 2024 оны 05 сарын 23-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нийт цалин хөлс 1,000,000 төгрөг байхаар тохиролцсон тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн гэрээг баримтлан тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талаас тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тус шүүхийн шийдвэрийг *******ийн удирдах зөвлөлд танилцуулсан. Шүүхэд хянагдаж байгаа маргаанаас үүсэх үр дагавар, хариуцлага ******* захирал ******* надад тооцогдож байна.

5.2. Нэхэмжлэгч ******* огт цалин аваагүй гэх тайлбарыг шүүхэд удаа дараа гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******д цалин олгож байсан гэдгээ нотлох үүднээс банкны шилжүүлэг хийсэн баримт болон нийгмийн даатгалын лавлагааг хэрэгт хавсаргасан. ******* нь ... надаар цалингийн цэсэд гарын үсэг зуруулаагүй тул цалин олгоогүй гэх тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна.

*******ийн зүгээс нэхэмжлэгчид сар бүр цалин олгосон. 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл уулзах бүрдээ шахаж, шаардаж байсан Хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр ******* сарын цалинг олгосон. Өөрөөр хэлбэл, сард 800,000 төгрөгийн цалинг *******д олгосон ба ажилтан идэвхтэй, сайн ажилласан тохиолдолд үндсэн цалингаас тусад нь урамшуулалт цалин 200,000 төгрөгийг олгодог.

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь *******д ажиллаж байх хугацаандаа урамшуулалт цалин авах хэмжээнд ажил хийж гүйцэтгээгүй гэж үзэж байгаа тул цалинтай холбоотой тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин *******д 2024 оны 04 сарын цалин олгоогүй болохоо хүлээн зөвшөөрч байна. Иймд цалин нөхөж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ******* ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,636,360 төгрөг, аваагүй цалин 2,289,800 төгрөг, алданги 1,272,426 төгрөг, нийт 7,198,586 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 04 сарын цалин 800,000 төгрөг төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин үлдэх хэсгийг Санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан ажлын байр хасагдсан, ******* цалинг өгсөн, алдангийг бол зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* захирлын 2024 оны 07 сарын 31-ний өдрийн 24/19 тоот тушаалаар Н.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5 дахь заалт, *******-ийн дүрмийн 5.34, 5.37 дахь заалтыг үндэслэн ******* ажил албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

4. Анхан шатны шүүх Н.*******ыг *******ийн ******* ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,199,974 төгрөг, 04 сарын цалин 800,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

5. Нэхэмжлэгчийн аваагүй цалин 1,489,800 төгрөг, алданги 1,272,426 төгрөг гаргуулах тухай гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно. гэж заажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нэхэмжлэгч ******* 04 сарын цалинг олгоогүй болохыг зөвшөөрсөн байхад уг цалин хөлсөнд хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцоогүй алдааг залруулна.

 

Ажилтны цалин хөлсийг олгоогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох алдангийг хуулиар тогтоосон тул цалин хөлсийн олгоогүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд талууд эвлэрснээс бусад тохиолдолд алдангийг шууд тооцно.

 

******* 2024 оны 04 сарын цалин хөлс 800,000 төгрөгөөс шаардах эрх үүссэн хугацаанаас тооцоход 100 хоногийн алданги 240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2024 оны 05, 06, 07 саруудын цалин хөлс олгоогүй талаар гомдлыг хангахгүй.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1-д Ажилтны нэг сарын үндсэн цалин 800,000 төгрөг байна. Ажлын гүйцэтгэл, тайланг үндэслэн 200,000 төгрөгийн урамшуулал олгож болно. гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа сарын цалин хөлсийг 1,000,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна.

Талууд үндсэн цалинг 800,000 төгрөгөөр тогтоосон байхад ажлын гүйцэтгэл, тайланг харгалзан олгох урамшууллыг оруулан тооцох үндэслэлгүй тул цалингийн хэмжээг 800,000 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Анхан шатны шүүх ******* Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 05, 06, 07 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Төрийн банкны гялс банк интернэт гүйлгээний мэдээлэл зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэгч *******д ******* нь 2024 оны 05, 06, 07 сарын цалин хөлсийг олгосон үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг олгож шийдвэрлэсэн учир түүнд тооцогдох алданги шаардах эрхгүй.

 

6. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан тул цалин хөлс олгох үүрэгтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлахгүй.

 

6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэн найруулж, дугаарлалтыг өөрчилнө.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/05289 дугаар шийдвэрийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 2 дахь заалттай нэгтгэж, 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан Н.*******ыг *******ийн ******* ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэмцэх хэмжээний олговорт 3,199,974 төгрөг, олгоогүй цалин хөлс, алдангид 1,040,000 төгрөг, нийт 4,239,974 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг *******д даалгаж, нэхэмжлэлээс 2,522,226 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж өөрчилөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР