| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0077/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 77
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Л-д холбогдох 1916001890094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 02 дугаар сард Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Б.Б-ын алдсан 5 настай, ланзан тамгатай, чихэндээ ногоон даавуутай, бор зүсмийн сувай ингэн тэмээг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж иргэн Б.Б-т худалдан завшсаны улмаас хохирогч Б.Б-т 800.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Прокурорын уншсан үйлдэл бүгд үнэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өгсөн мэдүүлэг"...Би Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин М.А гэгч хүнээс ланзан тамгатай, чихэндээ ногоон даавуутай, би бол бор ингэ гэдэг хүмүүс шар ингэ гэдэг зүсийг нь янз бүрээр л ярьдаг 4 настай ингэн тэмээг 2018 онд авсан. Миний авсан ингэ өөрийн гэсэн тодорхой ижил сүрэг байхгүй голдуу хүний тэмээнд нийлээд явдаг байсан. 2019 оны 02 дугаар сарын эхээр миний ингэ Ц-ын тэмээнд байж байгаад алга болчихсон байна гэж Ц надад утсаар хэлсэн. 5-6 хоногийн дараа Ц над руу залгаад чиний ингэ чинь Л-ын тэмээнд нийлсэн байна гэж хэлсэн. Би Л ахад миний ингэ танай тэмээнд нийлсэн байна гэсэн, харж байгаарай гэж захисан. Л ахын тэмээнд нийлээд удаагүй арваад хоногийн дараа Ц "танай ингэ чинь Л ахын тэмээнд харагдахгүй байна шүү" гэж хэлсэн. 03 дугаар сар гарсан хойно аймгийн төвд махны ченж хийдэг Б ах манайд ирж хүний муудсан адуу ачиж явсан, явахдаа Л-аас гурван тэмээ авч нядалсан тухайгаа хэлсэн. Би Л ямар тэмээ өгсөн гэж асуусан чинь нэг ингэ, нэг тайлаг, нэг ат өгсөн, Б-ын утсанд зураг нь байгаа үзэхгүй юу гэхээр нь 03 дугаар сарын үед Э гэгч айлаас Б тэмээ авч байхтай нь таарч авсан тэмээнийх нь зургийг үзтэл миний ингэ мөн байсан. Тухайн үед зарсан тухайгаа хэлээгүй, сүүлд 5 дугаар сард таарахад чиний тэмээг зарчихсан, оронд нь тэмээ аваарай гэсэн. 06 дугаар сарын 03-нд буруу талдаа монгол "Ба" тамгатай шар зүстэй сувай, насных нь ингэн тэмээг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/
Гэрч Н.Ц-ын мэдүүлэг "...Болдбаатарын тэмээ 2018 оны 11 дүгээр сарын үед манай тэмээнд нийлсэн байж байгаад 2 сарын дундуур Л ахын тэмээтэй нийлсэн байж харагдсан. 2 сарын дундуур би тэмээ хайж яваад Л ахын тэмээг дурандсан чинь Б-ын бор ингэ Л ахын тэмээнд нийлсэн байхаар нь Б-ын утас руу залгаж хэлсэн. Б-ын тэмээ бор зүстэй, сувай, буруу талын чихэндээ даавуутай байсан байж магадгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-рт/
Гэрч М.А-ийн мэдүүлэг "...2018 онд Болдбаатар миний ланзан тамгатай, буруу талын чихэндээ ногоон даавуутай хөх ингийг 4 настай байхад нь тугалтай үнээгээр сольж авсан. Ботгондоо Бигэрт байж байгаад манайд ирсэн. Тэмээний зүсийг хүн бүр өөр өөр янзаар нэрлэдэг. Тэмээний ноосыг авахаар хөх харагдаж байгаад ноос нь ургаад ирэхээр бор эсвэл шар болдог. Би Б-т зарсан тэмээг хөх л гэж хэлнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-рт/
Гэрч Г.Б-ийн мэдүүлэг "...Л тэмээ зарахаас өмнө надаас 1.000.000 төгрөг аваад оронд нь тэмээ өгнө гэж хэлсэн. Би Б-т Л-с тэмээ аваад өгөх гэсэн юм. Очсон хойно Л нь Б-т 2 тооны тэмээ зарсан. Би Дэлгэр сумаас Б, Ш, Б, Б гэх хүмүүсээр авсан тэмээгээ нядлуулахаар авч явсан. Хүрэн, шар хоёр тооны бүдүүн ат, чихэндээ ногоон даавуутай хүрэн ингэ байсан байх, Б-ын утсанд зураг байгаа. Тэмээгээ өгөхдөө би өөрийнхөө тэмээнээс өгч байгаа гэж хэлсэн. Л ганцаараа байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/,
Гэрч Б.Б-ын мэдүүлэг "...2019 оны өвөл Б ахаас Л нь хошой аварга малчин болохдоо мөнгө хэрэг болоод байна гээд 1.000.000 төгрөг авсан, мөнгө авахдаа Б-д тэмээ өгнө гэж хэлээд авсан, тэр үед би хамт байсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дэлгэр сум руу Л-с тэмээгээ авахаар явсан. Маргааш өглөө нь залгахад Л "манай тэмээ Гуулингийн ард талын нуруунд гарчихсан байна. Би тэмээ хөтлөчихсөн нэг тэмээг нь уначихсан байна, та нар урдаас хүрээд ир" гэхээр нь Дэлгэр сумаас тэмээ нядлах Ш, Б, Б, нэгнийх нь нэрийг санахгүй байна 4 хүн авч яваад хээр нядалж машин дээрээ ачаад Дэлгэрийн төв орж ирсэн. Л өөрөө "энэ манай тэмээ байгаа юм, нэг тэмээ нь хайгаад олдохгүй байна, оронд нь ингэ хөтлөөд ирлээ" гэж хэлсэн. Б үсгэн тамгатай шар ат, мөн адил тамгатай улаан ат, ингэ нь буруу талын чихэндээ ногоон даавуутай шар ингэ авсан. Л ганцаараа байсан. 2019 оны 03 дугаар сарын дундуур "Хонгор толгойн" тэнд мал авч яваад Болдбаатартай* таарч зургийг нь үзүүлсэн чинь Б тэмээний зургийг өөрийнхөө утсаар дарж аваад явсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 24-25-рт/,
Гэрч Л.Б-ын мэдүүлэг "...2019 оны 02 дугаар сарын сүүлээр Бт манайд ирээд "Б, Б нар Л-аас тэмээ худалдаж авах гэж ирсэн байна. Л-ыг хүлээгээд ирэхгүй байна, хоёулаа хамт урдаас нь яваадахья" гэхээр нь явтал сумын төвийн хойд талын аарагт Л хоёр тэмээ хөтөлчихсөн, нэг тэмээ уначихсан урдаас хүрээд ирсэн. Тэнд уулзалдаад Б, Б, Б, Ш нар тэндээ тэмээ төхөөрсөн. 3 тооны тэмээ байсан, шар ат, бор ат, бор атны хүзүүнээс бага шиг ингэн тэмээ холбочихсон байсан. Батбаяр тэр тэмээнүүдийн зургийг авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/,
Гэрч З.Ширбазарын мэдүүлэг "...Б гэх нутгийн хүн ирээд "хөлс мөнгийг нь өгнө гурван тэмээ хийлцээд өгөөч" гэхээр нь Б, Буян өөрөө, Б, Б, Б нартай хамт явж Дэлгэр сумын хойд талд Л авчирсан гурван тооны тэмээг нядалсан. Б бид хоёр нэг тооны ингэ, нэг ат нядалж, Б, Б нар нэг атыг нь нядалсан. Л миний өөрийн тэмээ гэж Б-т хэлж байхыг нь сонссон. Б надад 25.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-рт/,
"Ашид билгүүн" ХХК-ий 307/308 дугаар үнэлгээний дүгнэлт “Говь-Алтай аймгийн малын үнэ ханш, аймгийн статистикийн хэлтсийн малын үнэ, 109 малчин лавлах мэдээллийн төвийн үнийн судалгаанд үндэслэн 5 настай, сувай ингэн тэмээ 800.000 төгрөгөөр тогтов" гэсэн дүгнэлт /хх-ийн 43-рт/
Гэрч Б.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Лын яллагдагчаар өгсөн "...Б нь махны чинеж байгаа юм. Би 3 тэмээ өгөх байсан чинь нэг тэмээ олдохгүй байхаар нь манай хотонд байсан Б-ын надад захиж орхисон ингэн тэмээг нэмээд өөрийнхөө хоёр тэмээтэй нийт 3 тэмээг Б-т өгсөн. Чихэндээ ногоон даавуутай, шар гэх юм уу, бор ч гэмээр зүсмийн 5 настай ингэн тэмээг зарсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 55-рт/ зэрэг бичгийн баримтуудаар Г.Л-ын үйлдэл нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Л нь Б.Б-ын алдуул малыг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Г.Л-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Л нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Г.Л-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Л нь хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Г.Л нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Г.Л-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Г.Л нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан/хх 84-рт/ байх бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй тул улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Г.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА