Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 353

 

в

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 10-р сарын 03                    Дугаар   353                                      Баруун-Урт               

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 

биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би,

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг” хороо 5-229 тоотод оршин суух, /РД:МА71011909, утасны дугаар 99609828/, Дархан Пунцагжамба овогт Дамдингийн Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Баян-Овоо” гэх газарт оршин суух /утасны дугаар 98805154/, Доржсүрэнгийн Мөнхбаярт холбогдох 

 

“1 352 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан Пунцагжамба овогт Дамдингийн Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны намар Дорнод аймагт хадлан хийгээд буцах замдаа Мөнхбаярт өвсний боогчийг наймаалцахаар тохирч Мөнхбаярын хашаанд ажиллуулж хүлээлгэн өгч 11 000 000 төгрөгөөр тохироод Мөнхбаярын хүсэлтээр 12 дугаар сард миний хадгаламжийн мөнгө дуусч мөнгөний хүү бодогдоно, тэр үед би мөнгөө шилжүүлж өгье, 12 дугаар сард 5 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард         6 000 000 төгрөгийг шилжүүлнэ гэж ярилцаад бичиг хийж гарын үсэг зуруулаад боогчийг хашаанд нь үлдээгээд явсан. Мөнхбаяр хийсэн бичгийн дагуу 5 000 000 төгрөгийг явуулсан. Үлдэгдэл 6 000 000 төгрөгийг нэхүүлж байж 2 хувааж шилжүүлэхдээ 5 000 000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 1 000 000 төгрөгийг нэхэхэд утсаа авахаа больсон. 3 дугаар сард 1 удаа утсаа аваад авгай нь манай хүн хүний үнэтэй машин мөргөөд бөөн төлбөрт орчихлоо боломжгүй байна гэж гуйсан. Үүний дараа хэд хоноод хавар мал таргалахаар өгнө гээд сүүлдээ утсаа бүр авахаа больсон. 3 дугаар сарын сүүлээр манай сумаас 2 Түмэнцогт явж өвс ачиж гэхээр нь гэрийн хаягийг өгөөд 2016 оны 07 дугаар сарын 17-нд очиж мөнгө авъя  ирж очих зардлаа төлүүлнэ гээд мессеж бичээд үлдээсэн боловч бас л хариу өгөөгүй. Ингээд очиж мөнгөө авахаар шийдэж 7 дугаар сарын 29-нд өөрийн сумын газар тариалан эрхлэдэг аж ахуйн нэгжээс 200 л түлшийг зээлээд 7 дугаар сарын 31-нд Түмэнцогт суманд ирсэн. Мөнхбаярын ирэхэд эхнэр нь байсан. Авгай нь танай юмаар өчигдөр өвс хадсан, болохгүй байна мөнгийг чинь өгч чадахгүй гээд байсан. Сумын төлөөлөгчид хандаж байдлыг хэлсэн. Хошууч Баттулга гэж хүн байсан. Ирсэн байдлаа хэлж танилцуулаад гэрээ, бичгээ үзүүлж Мөнхбаярын гэрт очиход хамаатан нь гээд 2 хүн ирчихсэн загнаад байсан. Хошууч Баттулга бичгийг эхнэрт нь үзүүлж нөхрийн чинь гарын үсэг мөн үү гэж асуусан. Мөн гэж хариулж мөн бичиг хийлцэж наймаа хийснийг ч хэлж байсан. Анх биднээс хашаа боогч авахдаа 2-3 хүн дуудаж шалгаж авч үлдчихээд бүтэн 8 сарын дараа ажиллахгүй байна гээд байгаа нь мөнгийг маань өгөхгүй арга зохиож байнаг гэж ойлгож байна.Иймд миний үлдэгдэл болох 1 000 000 төгрөг, зардлын 200 л түлш х 1760 =352 000 төгрөг нийт 1 352 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч Доржсүрэн овогтой Мөнхбаяр нь Б.Даваасүрэнгээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 1 352 000 төгрөгийг төлж барагдуулсан талаархи баримтаа шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан Пунцагжамба овогт Дамдингийн Даваасүрэн нь хариуцагч Доржсүрэнгийн Мөнхбаярт холбогдуулан “1 352 000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Мөнхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 352 000 төгрөгийг бэлнээр төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба хариуцагчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 582 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох         36 582 төгрөгний тал хувь болох 18 291 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 18 291 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дархан Пунцагжамба овогт Дамдингийн Даваасүрэнгийн 1 352 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 582 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж болох 36 582 төгрөгний тал хувь болох 18 291 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 18 291 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ