| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0251/И |
| Дугаар | 271 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 271
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч О.Оюунчимэг, О.Ган-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.129.355,03 төгрөг, нотариатын зардал 70.00 төгрөг нийт 5.136.355,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк /УБД:9016001606, РД:2635534/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Очирпүрэв овогтой Оюунчимэг нь тус банктай 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2014/000234/0103 тоот цалингийн зээл ба цалингийн зээлийн барьцааны гэрээг, Очирпүрэв овогтой Ган-Эрдэнэ нь тус өдрийн 2014/000234/0567 тоот цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээг тус тус байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн Худалдаа хөгжлийн банкны 454043150 тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан юм. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 10.000.000 төгрөгөөс 5.059.905,38 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 3.702.97,11 төгрөгөөс 3.513.718,70 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч О.Оюунчимэг нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир 2014/000234/0103 тоот цалингийн зээлийн гэрээний 8.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч О.Оюунчимэг нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 4.940.094,62 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 173.076,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 16.184,17 төгрөг нийт 5.129.355,03 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч О.Оюунчимэг, О.Ган-Эрдэнэ нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5.129.355,03 төгрөг, мөн тус зээлдэгчийн хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсэний төлбөр болох 7000 төгрөг нийт 5.136.355,03 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О.Оюунчимэг, О.Ган-Эрдэнэ нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 5.136.355,03 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сараас сар болгон 2 хувааж 500.000 төгрөг төлөхөөр хариу тайлбар бичсэнийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг, Тээврийн гудамж 1-7 тоотод оршин суух Баян Наваандорж овогт Очирпүрэвийн Оюунчимэг, /РД: ЕЦ90091060/, Замын-Үүд сумын 1-р баг, 143-р байрны 25 тоотод оршин суух Баян Наваандорж овогт Очирпүрэвийн Ган-Эрдэнэ /РД: ЕЦ87032172/ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ажиллаж байх хугацаандаа цалингийн 10.000.000 төгрөгний зээлийг 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Цалингийнхаа зээлийг ажиллаж байх хугацаандаа сар бүр нь төлж байсан бөгөөд 2015 оны 01 сард жирэмсний амралт аваад ажлаас чөлөөлөгдсөн цалингийнхаа зээлийг хугацаа хэтрүүлэн алдаг оног төлсөөр өдийг хүрсэн билээ. Одоо миний бие нь Улаанбаатар хотод Сибирийн фарм продактс ХХК-д дагалдагч борлуулагчаар ажиллаад 5 сар болж байна. Сарын цалин 700.000 төгрөг бөгөөд энэ нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг өөрийн цалингаас сард хуваагаад 500.000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Боломжтой үедээ мөн хугацаа харгалзахгүйгээр зээлийнхээ үлдэгдэл төлбөрийг шахуу хийж төлсөөр 5.136.355,03 төгрөгийг 2018 оны 09 сар гэхэд өр төлбөрөө төлж барагдуулах хүсэлт гаргаж байна. Сарын эхэнд буюу 10-нд, сарын сүүлээр буюу 25-нд тус тус хуваан төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч О.Оюунчимэг, О.Ган-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр 5.129.355,03 төгрөг, нотариатын зардал 70.00 төгрөг нийт 5.136.355,03 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Оюунчимэг нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус банктай 2014/000234/0103 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-г, О.Ган-Эрдэнэ нь 2014/000234/0567 тоот “Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 36-н сарын хугацаатай зээлж аван, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа ноцтой зөрчиж ирсний улмаас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 4.940.094,62 төгрөг, зээлийн хүү 173.076,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.184,17 төгрөг нийт 5.129.355,03 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Оюунчимэг, О.Ган-Эрдэнэ нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 5.136.355,03 төгрөгийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн 500.000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхцэцэг зөвшөөрсөн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч О.Оюунчимэг, О.Ган-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.129.355,03 төгрөг, нотариатын зардал 70.00 төгрөг нийт 5.136.355,03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч О.Оюунчимэг, О.Ган-Эрдэнэ нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 97.132 төгрөгийн 50 хувь буюу 48.566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 48.566 төгрөгийг, хариуцагч нараас 48.566 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч О.Оюунчимэг, О.Ган-Эрдэнэ нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА