Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 02

 

 

2025        01      21                                               206/МА2025/000002

 

Юнайтедбест ойл ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2024/00430 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, *******,*******, *******, Б.Шаравын гудамж, Ойл оффис цент, 501 тоот хаягт байрлах, “Юнайтэдбест ойл” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Ховд аймаг, , , , , хаягт байрлах, “Бумбаттайж транс” ХХК-д холбогдох,

“37,359,840 (гучин долоон сая гурван зуун тавин есөн мянга найман зуун дөчин) төгрөг гаргуулах” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахимаар/ түүний өмгөөлөгч *******/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******/цахимаар/, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Эрдэнэтуяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Бумбаттайж транс" ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 37,359,840 төгрөг нэхэмжлэх тухай. Нэхэмжлэлийн утга: Манай компани нь "Бумбаттайж транс" ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ30/23 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Худалдан авагч нь зээлээр худалдан авсан Барааны төлбөрийг сар бүрийн 5-ны өдөр худалдагч талын Хаан банк дахь "Юнайтэд бест ойл" ХХК-ийн 5009754816 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 21,120,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

д хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т "Гэрээний 3.2-т заасан төлбөрийг эхний 14 хоногт хүү тооцохгүй, 15 дахь өдрөөс эхлэн 0,6 хувийн хүү тооцож худалдагч талд төлнө" гэж заасан тул хугацаа хэтрүүлсний хүү 7,158,240 төгрөг, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д "Худалдан авагч нь гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө" гэж заасан учир хугацаа хэтрүүлсний алданги 9,081,600 төгрөг болж байна.

Мөн дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр БГ23/04 тоот барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээний зүйл болох дугаар бүхий Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-p хороо, Арцатын ам /17100/, 1551 байр 407 тоот хаягт байршилтай 51,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 21,120,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 7,158,240 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 9,081,600 төгрөг, нийт 37,359,840 төгрөгийг "Бумбаттайж транс" ХХК-аас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Манай "Бумбаттайж Транс" ХХК нь 2023 оны 08 сарын 08-ны өдөр татан буугдсан билээ. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно" гэж заасан байх бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт холбогдуулан хавсаргаж өгсөн баримтаар манай компани нь хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй этгээд болсон нь харагдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадварыг "Хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар /иргэний эрх зүйн чадвар/-ыг бүх оролцогч тэгш эдэлнэ" гэж тусгаж өгчээ. Хариуцагчаар тодорхойлогдсон "Бумбаттайж Транс" ХХК нь тус иргэний хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх чадваргүй этгээд тул иргэний хэрэг маргаанд хариуцагчаар оролцох боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тохиолдолд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд эрхийн чадваргүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байх боломжгүй татан буугдсан хуулийн этгээдийн эрх залгамжлагчид хүлээх үүрэг шилжээгүй бол шүүх маргааныг шийдвэрлэх гэсэн ойлголт юм.

Манай компанийн зүгээс хуулийн этгээд татан буугдсан асуудал дээр маргаантай байгаа тул эрх залгамжилсан этгээд одоогоор байхгүй. Иймд манай "Бумбаттайж транс" ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх эдэлж, үүрэг хүлээх боломжгүй этгээд байх тул ИХШХШТХ-н 117 дугаар зүйлд заасан үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2024/00430 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, эд хөрөнгийн үнэ болох 21,200,000 /хорин нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгийг “Бумбаттайж транс”ХХК-иас гаргуулан “Юнайтэдбест ойл”ХХК-нд  олгож, 2023 оны 08 сарын 18-ны өдрийн БГ23/04 тоот барьцааны гэрээний зүйл болох дугаартай орон сууцаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  11,742,720 /арван нэгэн сая долоон зуун дөчин хоёр мянга долоон зуун хорин/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,750 /гурван зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бумбаттайж транс”ХХК-иас 263950 /хоёр зуун жаран гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан “Юнайтэдбест ойл”ХХК-нд олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй бол тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШЗ2024/01274 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж нь хүчингүй болохыг дурдсугай.

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хугацаандаа гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 Хариуцагч "Бумбат тайж транс" ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр 21,120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг сар бүрийн 5-ны өдрийн дотор худалдагч талын Хаан банк дахь "Юнайтэд бест ойл" ХХК-ийн 5009754816 тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т "Гэрээний 3.2-т заасан төлбөрийг эхний 14 хоногт тооцохгүй, 15 дахь өдрөөс эхлэн 0,6 хувийн хүү тооцож худалдагч талд төлнө" гэж заасан. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т "Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг Худалдагчид төлнө" гэж талууд харилцан тохиролцож энэхүү гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан "Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэх нөхцөлийг хангаж байгаа юм.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шатахуун нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд харин хариуцагч нь барааны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан байдаг тул хүү 2,661,120 төгрөг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д "Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ", мөн хуулийн 232.4.-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй", 232.6.-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж хуульчилсан байдаг тул хариуцагч Бумбат тайж транс ХХК нь алданги төлөх үндэслэлтэй юм.

4.2  Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 263.4-д “...Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө..." гэж заасан учраас хариуцагчаас хүү 2,661,120 төгрөг, алданги 9,081,600 төгрөг, нийт 11,742,700 төгрөгийг хариуцагч “Бумбат тайж транс" ХХК-аас гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж шийдвэрлээгүй байна. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талын гаргаж буй хүү, алдангийн тооцоолол нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хүүгээс анз тооцохгүй гэх хуулийн заалтыг зөрчсөн байх тул алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн юм. Учир нь бид Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөрөөс хүү, хугацаа хэтрүүлсний алдангийг тооцсон болно. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон хүү 2,661,120 төгрөг, алданги 9,081,600 төгрөг, нийт 11,742,700 төгрөгийг ханган шийдвэрлэж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2024/00430 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйлийг ноцтой зөрчсөн алдаа гаргасан. Тухайлбал барьцаа хөрөнгийн өмчлөгч нь Г.Буяннэмэх гэдэг хүн байдаг. Гэтэл барьцаа хөрөнгийг өмчлөгч этгээдээр оролцуулаагүй атал гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг шүүх анхаарах байх. Анхан шатны шүүх хүү болон алданги хангалгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гомдолд анхан шатны шүүх ямар нэг хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хүү алдангийг хангаагүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын тохиролцсон гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т 15 дахь өдрөөс эхлэн 0.6 хувийн хүү тооцно гэсэн нь сар, өдөр, 7 долоо хоног, жилийн аль нь болох нь тодорхойгүй нэхэмжлэгч өөрийн дураар хүүг шаардах эрх хэмжээ олгосон байгаа учир хүү тохирсон гэж үзэхгүй хэмээн хууль зүйн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээр ямар нэг байдлаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хүү алдангийг хэрэгсэхгүй болгосон гэсэн энэ давж заалдах гомдол үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зээлийн гэрээнд тухайлан заах хоёр нөхцөл байдаг. Хэсэгчлэн хийх хэмжээ болон төлбөл зохих хүүгийн хэмжээ гэж заасан байдаг. Талуудын байгуулсан гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.1-т заасан нөхцөл байдал дурдагдаагүйгээс гадна гэрээний 3.3-т заасан эхний 10 хоногт хүү тооцохгүй, 15 дахь хоногоос 0.6 хувийн хүү тооцно гэсэн нь ямар хугацаанд тооцогдох нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч долоо хоногт хүү тооцно гэдэг боловч энэ нь жил, сараар тооцох нь тодорхойгүй байна. Иргэний хуульд зааснаар үгийн шууд утгаар тайлбарлана. Иймд 0.6 хувийн хүү тооцно гэдэг нь зөвхөн нэхэмжлэгчийн шаардлагаар эсвэл шүүх өөрийн үзэмжээр энэ бол сарын хүү юм гэж тогтоох боломжгүй учир хүү тохироогүй гэж үзсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж заасан. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол худалдан авагч нь хүү төлөхгүй гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж тусгайлан заасан учир үндсэн төлбөрийг төлнө гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй байхыг хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Юнайтэдбест ойл” ХХК нь хариуцагч “Бумбаттайж ХХК”-нд холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөр 21,120,000 төгрөг, хүү 7,158,240 төгрөг, алданги 9,081,600 төгрөг нийт 37,359,840 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хуралдаанд зээлийн хүү 2,661,120 төгрөг болгож, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 32,862,720 төгрөг болгосон байна.

Нэхэмжлэгч “Юнайтэдбест ойл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Юнайтэдбест ойл” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, ШТМ-ын зарлагын падаанууд, Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгчээ.

3. Хариуцагч “Бумбаттайж ХХК” нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “манай компани татан буугдсан, маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байгаа” гэж тайлбарласан ба анхан шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгч тал гэрээнд заасан түлшийг тасралтгүй нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс болж манай компанид мөн хохирол учирсан, нэхэмжилж байгаа үнийн дүн харьцангуй их байна” гэж маргасан байна.

4. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хүү, алданги тооцсон заалт нь тодорхой бус, ойлгомжгүй байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар гэрээг байгуулагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал гагцхүү эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн төлбөр 21,200,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,742,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч “Юнайтэдбест ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “анхан шатны шүүх гэрээнд заасан хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

5.1 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд худалдагч “Юнайтэдбест ойл” ХХК нь 30.000 литр бараа нийлүүлэхээр, худалдан авагч “Бумбаттайж ХХК” нь барааны төлбөрийг сар бүрийн 5-ны өдөр “Юнайтэдбест ойл” ХХК-ийн Хаан банкны 5009754816 тоот төгрөгийн дансанд шилжүүлэхээр гэрээ байгуулжээ. Ингэхдээ гэрээний 3.2-т заасан төлбөрийг эхний 14 хоногт хүү тооцохгүй, 15 дахь өдрөөс эхлэн 0.6 хувийн хүү тооцож худалдагч талд төлөхөөр, мөн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний хуульд заасан нөхцөлийг хангасан байх бөгөөд уг гэрээний хүү тохиролцсон заалт нь мөн хуулийн 263 дугаар зүйлийн 236.2.3-т заасан “төлбөл зохих хүүгийн хэмжээг” гэрээнд тусгахаар зохицуулсан хуулийн заалтад нийцсэн байна.

Тухайлбал гэрээний 3.2-т зааснаар худалдан авагч нь авсан барааны үнийг сар бүрийн 5-ны өдөр худалдагч талын дансанд шилжүүлэхээр, хэрэв  төлбөр төлөх энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд эхний 14 хоногт хүү тооцохгүй бөгөөд 15 дахь өдрөөс эхлэн 0.6 хувийн хүү тооцож худалдагч талд төлөхөөр тохиролцсон байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т заасан “...15 дахь өдрөөс эхлэн 0.6 хувийн хүү тооцож худалдагч талд төлнө” гэх заалт нь хүүг хоногоор тооцсон байна” гэж ойлгохоор байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан тул худалдан авагч “Бумбаттайж ХХК” нь гэрээгээр тохиролцсон хүүг худалдагч “Юнайтэдбест ойл” ХХК-нд төлөх үүрэгтэй байна.

Иймд “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний төлбөл зохих хүүгийн хэмжээг тогтоосон 3.3 дахь заалт нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 236.2.3, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч тал гэрээгээр тохиролцсон хүү шаардах эрхтэй байна.

5.2 “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 3.5-д “Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагч талд төлнө” гэж тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

Гэтэл шүүх хууль тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр гэрээгээр тохиролцсон алданги 9,081,600 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.3 Нэхэмжлэгч талаас төлөгдөөгүй барааны үнэ гэж 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 13 удаагийн тээвэрлэлтээр бараа нийлүүлсэн 7 ширхэг “ШТМ-ын зарлагын падаан”-ыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үүнээс төлөгдөөгүй үнийн дүн 21,120,000 төгрөг дээр талууд маргаагүй байна.

Гэрээнд зааснаар сар бүрийн 05-ны өдөр өмнөх сарын төлбөрийг бүрэн төлж дуусан байх бөгөөд алданги тооцохын тулд хугацаа хэтрүүлсэн хоногийг тооцож үзвэл: 

 

Д/д

Бараа нийлүүлсэн огноо

Литр

Төлбөр хийх огноо

Хэтрүүлсэн хоног

 

 

1.

2023.08.23

17090

 

2023.09.05

 

2023 оны 9 сард 25 хоног, 10 сард 31 хоног, 11 сард 30 хоног, 12 сард 31 хоног, 2024 оны 1 сард 31 хоног, 2024 оны 02 сард 1 хоног нийт 149 хоног 

2023.08.25

3000

2023.08.31

3000

 

2.

2023.09.06

3000

 

2023.10.05

2023 оны 10 сард 26 хоног, 11 сард 30 хоног, 12 сард 31 хоног, 2024 оны 1 сард 31 хоног, 2024 оны 02 сард 1 хоног нийт 119 хоног

2023.09.25

3000

 

3.

 

2023.10.19

 

3000

 

2023.11.05

2023 оны 11 сард 25 хоног, 12 сард 31 хоног, 2024 оны 1 сард 31 хоног, 2024 оны 02 сард 1 хоног нийт 88 хоног

 

4.

 

2023.11.08

 

3000

 

2023.12.05

2023 оны 12 сард 26 хоног , 2024 оны 1 сард 31 хоног, 2024 оны 02 сард 1 хоног нийт 58 хоног тус тус хэтрүүлсэн байна.

 

Харин нэхэмжлэгч нь 21,120,000 төгрөгийн 0.5 хувиар тооцож нэг өдрийн алданги 105,600 төгрөгийг нийт 86 хоног хугацаа хэтрүүлсэнд тооцож  105,600х86=9081600 төгрөгийн алданги нэхэмжилсэн байх тул давж заалдах шатны шүүх алдангийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

Гэрээнд зааснаар сар бүрийн 05-ны өдөр өмнөх сарын төлбөрийг бүрэн төлж дуусан байх бөгөөд эхний 14 хоногт хүү тооцохгүй бөгөөд 15 дахь өдрөөс эхлэн 0.6 хувийн хүү тооцохын тулд хоногийг тооцож үзвэл: 

           

Д/д

Бараа нийлүүлсэн огноо

Литр

Төлбөр хийх огноо

Хүү тооцох хоног

 

 

1.

2023.08.23

17090

 

2023.09.05

 

2023 оны 9 сард 11 хоног, 10 сард 12 хоног, 11 сард 11 хоног, 12 сард 12 хоног, 2024 оны 1 сард 12 хоног, 2024 оны 02 сард 1 хоног нийт 59 хоног 

2023.08.25

3000

2023.08.31

3000

 

2.

2023.09.06

3000

 

2023.10.05

2023 оны 10 сард 12 хоног, 11 сард 11 хоног, 12 сард 12 хоног, 2024 оны 1 сард 12 хоног, 2024 оны 02 сард 1 хоног нийт 48 хоног

2023.09.25

3000

 

3.

 

2023.10.19

 

3000

 

2023.11.05

2023 оны 11 сард 11 хоног, 12 сард 12 хоног, 2024 оны 1 сард 12 хоног, 2024 оны 02 сард 1 хоног нийт 36 хоног

 

4.

 

2023.11.08

 

3000

 

2023.12.05

2023 оны 12 сард 12 хоног , 2024 оны 1 сард 12 хоног, 2024 оны 02 сард 1 хоног нийт 25 хоног тус тус хүү тооцохоор байна.

 

            Гэтэл төлөгдөөгүй үнийн дүн буюу 21,120,000 төгрөгийн 0.6 хувиар тооцоход нэг өдрийн хүү 126,720 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсний хүү 7,158,240 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хүү 2,661,120 төгрөг нэхэмжилсэн байх тул давж заалдах шатны шүүх зээлийн хүүг мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.                                                                                                                           

7. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, “Юнайтэдбест ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч талын гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,834 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2024/00430 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.1.4-т зааснаар “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр 21,120,000 /хорин нэгэн сая нэг зуун хорин мянга/ төгрөг, хүү 2,661,120 /хоёр сая зургаан зуун жаран нэгэн мянга нэг зуун хорин/ төгрөг, алданги 9,081,600 /есөн сая наян нэгэн мянга зургаан зуу/ төгрөг нийт  32,862,720 /гучин хоёр сая найман зуун жаран хоёр мянга долоон зуун хорин/ төгрөгийг “Бумбат тайж транс” ХХК-аас гаргуулж “Юнайтед бэст ойл” ХХК-д олгосугай” гэж,

 

2 дахь заалтын “263,950 /хоёр зуун жаран гурван мянга есөн зуун тавин/ төгрөг” гэснийг “321,263 /гурван зуун хорин нэгэн мянга хоёр зуун жаран гурав/ төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,834 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ОТГОНХИШИГ

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                                     ШҮҮГЧ                                               М.НЯМБАЯР