| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0083/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Э-д холбогдох 1935001940092 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, БНСУ-ын Кавондей сургуулийн холбооны инженерийн ангийн оюутан, одоогоор хувиараа интернэт тоглоомын газар ажиллуулдаг, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт ... оршин суух, Б.Э
Увс аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хохирогч П.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч П.Г-ын “ Би 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... найз Ш.Д-ийн хамт эхлээд Тэнгэр ресторанд нэг шил 0,5 литрийн сүүн Чингис гэдэг архийг хувааж уугаад ... тэндээсээ 22 цаг өнгөрч байхад гараад Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Их наяд бааранд ороод тэнд 0,5 литрийн 3 шил сүүн чингис гэдэг архи авч найзтайгаа хувааж уугаад тэр газарт бүжиглэж байсан юм ... Ц.М-тай маргалдаж байснаа санаж байна түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд Увс аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байранд ирсэн байсан би маргааш өглөө нь саатуулах байранд хамт орсон Ц.М-аас асуухад би чамайг зодоогүй харин чи өөр хүнээр зодуулсан байна гэж надад хэлсэн. Тэгээд тэр үед миний суусан таксины жолооч С гэдэг залуу намайг машин нэл цус болгосон гэж надтай ирж уулзсан тэгээд намайг чамаас жаахан өндөр цагаан фудболктой Энхзул гэдэг залуу чамайг зодсон гэж надад хэлсэн ... Б.Э гэгч залууг би өөрөө олж уулзсан ... Б.Э нь намайг зодсон гэдгээ надад хэлж уучлалт гуйсан юм. Тухайн үед миний үүдэн хоёр шүд хугарсан ... бас хамар хугарсан байсан юм ... /хх-ийн 12-13 дугаар хуудас/
... Би одоо өөрөө үүдэн хоёр шүдээ тагнаатай шүдээр хийлгэж авсан байгаа ... Б.Э надад ... бэлэн мөнгөөр 900.000 төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн юм. Би одоо Б.Э-аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ... ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
2. Гэрч Д.Б-ийн “2019 оны 5 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 40 минутын үед би Улаангом сумын 3 дугаар багийн нутагт Бэл булаг төвийн урд талын төв таксины зогсоол дээр ... хамгийн урд талын зогсоолд зогсоод, би машинаасаа буугаад гадна зогсож байтал хоёр залуу хөөцөлдөж ирээд эхлээд зугтаж ирсэн П.Г гэдэг залуу ... миний машины жолоо байгаа талаар миний машинд ороод суутал хойноос нь ирсэн залуу Б.Э ирээд шууд П.Г-ыг зодоод эхэлсэн тэгэхээр нь би араас нь татаж байж салгасан юм ... Б.Э гэдэг залуу миний машины хаалгаар цээжээ оруулаад уг П.Г гэдэг залууг зодож зодож намайг салгахад шууд яваад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
3. Гэрч Б.Ц-ийн “ Би 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... Б.Э-ын хамт Их наяд бааранд 23 цагийн үед ороод 0.5 литрийн 2 лааз нийслэл гэдэг пиво уусан юм. Тэгээд тэнд хэсэг бүжиглэж байгаад тамхи татах гээд гарах гэж байхад хүмүүс надад хамт явсан дүү Б.Э чинь гадна хүнтэй зодолдож байна гэхээр нь ... гараад очиход Б.Э архи уусан согтуу ... бас нэг согтуу залуу П.Г нь цээж нүцгэн хороондоо зодолдсон байдалтай байсан ... би очоод Б.Э-ыг барьж авсан юм тэр үед ... П.Г гэдэг залуу цааш гүйгээд явчихсан юм, тэгээд би нэг тамхи татах хооронд ... Б.Э тэр залуугийн хойноос гүйгээд явчихсан байсан ... би хойноос нь яваад очиход Улаангом сумын 3 дугаар багийн нутагт Бэл булаг худалдааны төвийн урд талын төв таксины зогсоол дээр хамгийн урд талын саарал өнгийн приус 20 загварын автомашины урд талын жолоочийн суудал дээр П.Г нь хоёр гараа урдаа авсан хамгаалсан байдалтай ... Б.Э уг залууг дээрээс нь зодож байгаа байдалтай байсныг би очиж татаж салгаж авсан ... Тэр орой П.Г, Б.Э хоёроос өөр хүн хоорондоо зодолдоогүй юм тэр хоёр Их наяд баарны гадна ... бас төв таксины зогсоол дээр машин дотор хоорондоо зодолдож байхад би бас нэг удаа салгаж авсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
4. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.О-ын “Үзүүлэгч П.Г биед ... хамар ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын салст, зүүн мөр, зүүн эгэм, зүүн тохойд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь 4.11.52.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна” гэх 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 356 дугаар дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/
5. Шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би П.Г-ыг төв таксины зогсоол дээр машин дотор ... зодож цохих үед П.Г-ын үүдэн хоёр шүд хугарсан байх гэж би хувьдаа үзэж байна. Машин дотор П.Г нь хоёр гараа дээш өргөж хаасан байдалтай байхад би гарынхан хажуугаар би зөрүүлээд ... цохиж байх үед П.Г-ын шүд цохигдож унасан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн дүгнэлт /№356/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Э 2019 оны 5 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хохирогч П.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Г-ын биед хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч П.Г нь “... 2019 оны 5 дугаар сарын 09-ны шөнө Б.Э-тай маргалдаж цохиулснаас болж 2 үүдэн шүд унасан эмчилгээний зардалд 900 мянган төгрөг авлаа. Цаашид нэхэмжлэх зүйл үгүй, санал гомдолгүй...” гэх хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч Б.Э-д танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад улсын яллагчийн санал болгосон 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э-ын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА