Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

             Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Б-д холбогдох 1935002430108 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн  суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “.... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, О.Б.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч О.Б нь Увс аймгийн ...сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орой хохирогч Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ц.Б-ын “2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрт байж байтал миний төрсөн ах Ц залгаад Б намайг зодчихлоо гэхээр нь сумын төв ороод ах руу залгахад Ц-ийн дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход сая намайг Б заамдаж аваад миний баруун талын нүд рүү цохичхоод яваад өглөө би мотоциклоо асаах гэсэн чинь түлхүүр байхгүй байна. Б аваад явчих шиг боллоо чи очоод миний түлхүүр аваад ир гэхээр нь ахын мотоциклийн түлхүүр авах гээд захиргааны урд талд явж байтал Б төрсөн ах Бгээ зогсож байхаар нь очоод юу болсон юм бэ? ахын дүү нар гэхэд Б чи одоо ах дүүгээ мэдэж байгаа юм уу гэхээр нь согтуу залуучууд зодож магадгүй гэж бодоод мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл Б араас татаж унагаагаад намайг заамдаж аваад миний хамар, нүд, шүд рүү цохисон юм. Тэгээд намайг зодож байтал манай ах Ц, миний дүү болох Г хоёр намайг Б-ээс салгаж авсан юм ... Намайг Б-ээс өөр зодож цохисон хүн байхгүй ... Би Б-т зодуулснаас болж үүдэн хоёр шүд унасан хамар шалбарсан, баруун талын нүдний доод талд шалбарсан, духны хэсэг шалбарсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

2. Гэрч Ц.Цийн “... манай дүү Б-ыг Б захиргааны автомашины зогсоол газарт дараад авчихсан зодож байхаар нь Г бид хоёр салгаж авсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 7 дугаар хуудас /,

3. Гэрч Ч.Д-ийн “... Б мотоцикльтой ирээд та нар яагаад хүн зодож байгаа юм бэ? гэхэд би чи дуугүй бай би энэ залуучуудыг аваад явлаа чи цаашаа яв гэтэл Ц-ийн бага дүү Г ирээд та нар яагаад миний ахыг зодож байгаа юм гэхэд Б чиний ах чинь миний дүүг зодсон байна гэж хэлээд Б-ыг мотоциклоос нь татаж унагаагаад зодоод эхлэхээр нь би Г, Б нарын хамт Б-ийг салгаж аваад байж байтал Ц ирээд Б, Г нарыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

4. Гэрч Ц.Г-ын “...захиргааны урд талын зогсоол дээр Б ах хүнтэй маргалдаад байхаар нь би гүйгээд очиход Б манай ах Б-ыг мотоциклоос нь татаж буулгаад газарт унагаагаад зодож байхаар нь манай сумын Ч.Д бид хоёр салгаж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

5. Гэрч О.Б-ийн “...Ц ахын дүү Б ирээд намайг чи яагаад миний ахыг зодож байгаа юм гэхэд манай ах Б чиний ах сая миний дүүг гэж хэлээд Б-г мотоциклоос нь татаж буулгаад цохиод эхэлхээр нь Д ах бид хоёр Б ахыг салгаж аваад байж байтал Ц дүү Г-тай хамт ирээд Б-г аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

6. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.П-ын “Иргэн Ц.Б-н ... дээд 2 үүдэн шүд /11, 21/ булгарч унасан, буйл нь шархалсан, 22 дугаар шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, хацар нүүрний хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн ... Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ ... өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл ... эрүүл мэндэд тодорхой хугацаанд нөлөөлнө ” гэх 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 445 дугаар дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/

7. Шүүгдэгч О.Б-ийн яллагдагчаар өгсөн: “... Ц.Б ирээд юу болоод байна ахын дүү нар гэж хэлэхээр нь би юу болсон юм гэхэд танай дүү Батхүрэл чинь миний ахыг цохиж зодсон байна гэж хэлэхэд нь чиний ахыг миний дүү зодсон, одоо би чамайг зодно гэж хэлээд Б-г мотоциклоос нь татаж буулгаад газар унагаагаад зодсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн дүгнэлт /№445/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч О.Б 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ын биед хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад 750.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Ц.Б-ын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтоор /хх-ийн 53 дугаар хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч О.Б-т танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Б нь “... миний үүдэн шүд хийлгэж өгсөн тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй ...” /хх-ийн 6 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад улсын яллагчийн санал болгосон 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дах хэсэгт заасан учруулсан хохиролыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА