Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00241

 

 

******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05062 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөр 95,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь иргэн *******тэй нь 2023 оны 05 сарын 23-ны өдөр автомашин худалдах, зээлээр худалдан авахад нь зориулж 48 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэйгээр 100,000,000 төгрөгийг А*******2 тоот Зээлийн гэрээг байгуулан зээлүүлсэн.

1.2. Тухайн үед 2023 оны 05 сарын 24-ний өдөр талууд хоорондоо зөвшилцөн уг зээлийн барьцаанд иргэн *******ийн зээлээр худалдан авсан ******* . улсын дугаартай Тоёота Ланд Крузер/Toyota land Cruiser/-200 маркийн тээврийн хэрэгслийг ******* ХХК-тай 0310974 дугаартай Авто хэрэгслийн даатгалын гэрээ-гээр 140,000,000 төгрөгөөр даатгалын үнэлгээ гаргуулж, 1,680,000 төгрөг хураамжид төлж, даатгуулснаар манай банк бусын зээлийн барьцаанд авч унах нөхцөлтэйгээр барьцаалуулсан.

1.3. Гэтэл ******* нь *******тай хамт 2024 оны 04 сарын 27-ны өдөр 19 цагийн үед ******* аймгийн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаад замын хажуу руу онхолдож, осол гаргаснаар даатгалын зүйлд хохирол учирсан бөгөөд дээрх даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээг 2024 оны 05 сарын 03-ны өдөр ******* ******* ХХК нь 95,700,000 төгрөг болохыг тогтоосон.

1.4. Даатгуулагч ******* нь 2024 оны 05 сарын 10-ны өдөр ******* ХХК-д хандаж гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн боловч ******* ХХК нь 2024 оны 05 сарын 16-ны өдрийн № 4/291 тоот албан бичгээр тухайн зам тээврийн ослын улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгалд хамрагдахгүй нөхцөл хэмээн татгалзаж шийдвэрлэсэн.

1.5. Ингэхдээ тухайн зам тээврийн ослыг судлан тогтоосон акт 2024 оны 04 сарын 30-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зэрэг баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэн, даатгалын гэрээний 4 дүгээр бүлэгт Даатгалд хамрагдахгүй нөхцлүүд хэсгийн 4.11-д Даатгалтай тээврийн хэрэгслийн уралдаан тэмцээнд ашигласан, хурд хэтрүүлсэн, даац хэтрүүлсэн, техникийн хүчин чадал зорчих боломжгүй газраар зорчсон үндэслэлээр татгалзах үндэслэлээ тодорхойлсон байдаг.

1.6. Ийнхүү даатгуулагчийн зүгээс Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд тус асуудлаар гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 3/3241 тоот албан бичгээр даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөр олгохыг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэр дээр бүртгэлтэй . улсын дугаартай Тоёота Ланд Крузер/Toyota land Cruiser/-200 маркийн автотээврийн хэрэгслийн зам тээврийн ослын улмаас учирсан даатгалын нөхөн төлбөрт 95,700,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдлын тухай ******* ББСБ ХК нь иргэн *******тэй 2023 оны 05 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба улмаар, даатгуулагч ******* ББСБ ХК нь ******* ХХК-тай 2023 оны 05 сарын 24-ний өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Түвшин багцыг сонгон байгуулж, . улсын дугаартай, Тоёота Ланд Крузер/Toyota land Cruiser/-200 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан.

2.2. 2024 оны 04 сарын 27-ны өдөр 19 цагийн үед даатгалын зүйл болох уг тээврийн хэрэгслийг эзэмшигч *******тэй хамт явсан этгээд болох ******* нь ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаад замын хажууруу онхолдож осол гаргаснаар даатгалын зүйлд хохирол учирсан.

2.3. Нэхэмжлэгч тал нь тухайн даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдлаа нэхэмжлэлдээ дурьдахдаа ... гэтэл осол болох үед цаг агаарын нөхцөл муу, цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал зам халтиргаатай байсан тул хурд хэтрүүлэн явах боломжгүй, жолоочийн зүгээс тохирох хурдтай явж байсан төдийгүй уг осол болсноос хойш ******* аймагт, орох, гарах хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хязгаарласан арга хэмжээ авсан ... байсан гэжээ.

2.4. Харин ******* аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч Б. эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх журмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь холбогдогч /жолоо барьж явсан *******/-ын мэдүүлэг, схем зургаар тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан.

2.5. Мөн ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.ын 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 37 дугаар тодорхойлолтод иргэн *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл Тээврийн хэрэгслийн хурд хэсгийн 12.1-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж тогтоосон байдаг.

2.6. Замын хөдөлгөөний дүрэмд хурдны хязгаарыг тодорхой төрлөөр тогтоон тодорхойлсоноос гадна тус дүрмийн 12 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т хурдны стандарт хязгаараас гадна замын болон цаг агаарын нөхцөл байдал зэргийг харгалзан стандарт хурдны хязгаарын дотор хурдыг зохистой хэмжээнд тохируулах шаардлага бүхий хурдны хязгаарыг тогтоосон байдаг.

2.7. Даатгуулагч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг эрх бүхий албан тушаалтан осол болсон газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, жолоочийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэж, шийтгэл оногдуулсан, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 болон Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.11-д заасан даатгалын нөхөн төлбөрт хамрагдахгүй нөхцөл буюу хурд хэтрүүлсэн нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд багтах юм.

2.8. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 3/2241 тоот албан бичгийн утга нь хурд хэтрүүлж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх нотлох баримт байхгүй байх тул даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөхийг даалгасан байна. Гэтэл нэг талаараа нэхэмжлэгч нь хурд хэтрүүлээгүй, дүрэм зөрчөөгүйн улмаас тус осол гарсан болохыг нотлох үүрэгтэй байхад Санхүүгийн зохицуулах хороо тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг тогтоодог, гаргасан зөрчилд шийтгэл оногдуулах, хурдыг хэмжих эрх бүхий этгээд биш атлаа тус хариуг гаргахдаа хэт нэг талыг барин нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

2.9. ******* ХХК-ийн №4-2/291 тоот нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай шийдвэр нь ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.ын 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 37 дугаар тодорхойлолт, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.11, мөн тухайн осол болсон гэх цаг хугацаанд тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч, оногдуулсан торгох шийтгэлийг төлж барагдуулсан зэргээс үзэхэд тус зам тээврийн осол нь Даатгалын гэрээний 4.11-д заасан хурд хэтрүүлсэн гэсэн нөхцөлд хамрагдаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 95,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 636,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 сарын 27-ны өдөр 19 цагийн үед зам тээврийн осол болсон бөгөөд тухайн үед . улсын дугаартай, Тоёота Ланд Крузер/Toyota land Cruiser/-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж заасныг зөрчсөн байна гэж, нэхэмжлэгчийг хурд хэтрүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

4.2. Гэвч, шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 6.1-т Хариуцагч ******* ХХК нь Даатгалын гэрээний Дөрөвдүгээр зүйл, Даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд хэсгийн 4.11-д заасан Хурд хэтрүүлсэн гэх үндэслэлд хамааруулан, ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 37 дугаар тодорхойлолтод үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлээ тодорхойлж, тайлбар гаргаж байх боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн.

4.3. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл Тээврийн хэрэгслийн хурд гэсэн хэсэгт зөвхөн хурд хэтрүүлэх гэсэн ойлголт тусгагдаагүй бөгөөд хэт удаан явах, замын тэмдэгт заасан хурдны дээд хязгаарлал, хурдын доод хязгаарлалыг зөрчих гэсэн ойлголтууд мөн адил хамаарна. Иймд Шийтгэлийн хуудас, ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн тодорхойлолтод Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь Даатгалын гэрээний 4.11-д заасан хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

4.4. Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 6.2-т ... хэдийгээр 2024 оны 04 сарын 27-ны өдөр цаг агаарын нөхцөл муу, цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам халтиргаатай байсан болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй боловч талууд энэ талаар маргаагүй бөгөөд байгалийн хүчин зүйлийн нөлөөллийн улмаас зам тээврийн осол болсон байх тул уг зам тээврийн ослын улмаас үүсэх эрсдэл нь даатгалын гэрээний байгалийн эрсдэлийн хамгаалалтад хамаарагдана гэж шүүх үзсэн болно. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК-аас даатггалын гэрээний нөхөн төлбөрт 95,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгож шийдвэрлэв гэжээ.

4.5. Гэвч, дээрх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг хурд хэтрүүлсэн болох нь замын цагдаагийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж нотлох баримтад үндэслэн дүгнэсэн атлаа зам тээврийн осол нь байгалийн хүчин зүйлийн улмаас болсон байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.6. Харин ******* аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч Б. эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг дэх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх журмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь холбогдогчийн мэдүүлэг, схем зургаар тогтоогдсон тул торгох шийтгэл оногдуулсан.

Тус торгох шийтгэлийг даатгуулагч, тээврийн хэрэгслийн эзэмшигч болон жолооч ******* хэн аль нь маргаагүй буюу шийтгэлийн хуудсыг хулээн зөвшөөрч, торгуулиа төлсөн байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

4.7. Жолооч нь замын болон цаг агаарын болон замын бусад нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны стандарт хязгаарууд болох 60 км, 80 км, 100 км-ын хязгаарт заавал хүрэх шаардлагагүй буюу аюул, ослоос урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдны хязгаарыг баримтлан зорчих үүрэгтэй байсан.

4.8 Харин даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр бүлэгт даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд хэсгийн 4.11-д хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж харилцан тохиролцсон.

4.9. Нэгэнт даатгуулагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дахь хэсэгт заасныг зөрчиж, хурд хэтрүүлсэн болохыг эрх бүхий албан тушаалтан осол болсон газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, жолоочийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэж, шийтгэл оногдуулсан байгаа нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 болон Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр бүлгийн 4.11-д заасан даатгалын нөхөн төлбөрт хамрагдахгүй нөхцөл буюу хурд хэтрүүлсэн байх тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Миний бие 2023 онд тухайн автомашиныг ******* ББСБ ХК-тай гэрээ байгуулж, 140,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Тухайн үед цасан шуургатай байсан учраас хурдан явах боломж байгаагүй. Мөн тухайн тээврийн хэрэгслийг даатгуулсан учраас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 95,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ******* ХХК нь ... даатгалын гэрээний 4.11-д хурд хэтрүүлсэн байх тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2023 оны 05 сарын 23-ны өдөр 0310974 дугаартай Тэгш 4 гэсэн нэртэй Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр . улсын дугаартай, Ланд крузер/Land Cruiser/ маркийн тээврийн хэрэгслийг даатгуулахаар тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэлтэй дүгнэжээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

4.1. ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 сарын 27-ны өдөр 19 цагийн үед зам тээврийн осол гарсан ба авто машинд учирсан хохирлыг хөрөнгө үнэлгээний ******* Эстимэйт ХХК-ийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн №15312 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан-д 95,700,000 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоогджээ.

 

4.2. Тээврийн хэрэгслийг тухайн үед жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгуулж, уг шийтгэврийн хуудаст гомдол гаргаагүй тул гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

4.3. Хариуцагч ******* ХХК нь 2024 оны 05 сарын 16-ны өдрийн №4-2/291 дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4.4. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 3/2241 дугаартай албан бичгээр ... хариуцагч байгууллагыг нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэсэн хариуг өгчээ.

 

4.5. Талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээ-ний 4.11-д Хурд хэтрүүлсэн гэж заасан нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахаар тохиролцсон байна.

 

4.6. Анхан шатны шүүх Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг Тээврийн хэрэгслийн хурд гэсэн хэсэгт зөвхөн хурд хэтрүүлэх гэсэн ойлголт тусгагдаагүй бөгөөд хэт удаан явах, замын тэмдэгт заасан хурдны дээд хязгаарлал, хурдны доод хязгаарлалыг зөрчих гэсэн ойлголтууд мөн адил хамаарна. гэж буруу тайлбарласныг залруулна.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан.

 

Дээрх зохицуулалт нь жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин, энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг зөвхөн орон нутгийн замын хөдөлгөөнд 80 к.м цагийн хурдаар тодорхойлохгүй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаартай гэж тайлбарлаж байгаа нь хурд хэтрүүлээгүй үндэслэлд хамаарахгүй.

Харин, жолооч нь цаг агаарын нөхцөл байдал болон замын нөхцөл байдлыг харгалзан хурдыг тохируулан яваагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсныг Цагдаагийн байгууллагаас тогтоож, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан захиргааны акт хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгч талаас Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтын зөрчсөн үйл баримтыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргасан гэм бурууг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Нэгэнт Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан хурдыг хэтрүүлсэн үйл бармит нь талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээ-ний 4.11-д заасан хурд хэтрүүлэх гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 95,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР