| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0084/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Хохирогч: Ц.О
Шүүгдэгч: Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.П-дхолбогдох 1935001990094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Увс аймгийн ... , ... ажилтай, ам бүл 1, ... оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.П
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.П нь Увс аймгийн ... сумын 6 дугаар багийн нутагт 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой хохирогч Ц.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.О-ийн “... 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Тэс сумын соёлын төвд нийтийн бүжиг болж байсан ба би бүжгэнд орох гэж эхнэр Э.О-ийн хамт ирсэн. ...гаднаас Б.П орж ирээд Д.Ө-ийн цүнхийг булааж аваад хаалгаар гараад явсан. Д.Ө хаалгаар гарч байхдаа ээж Ж.О-ийг гарья гэж толгойгоороо дохисон бөгөөд Ж.О гарсны араас нь би гүйгээд гарахад Б.П, Д.Ө нар Тэс сумын соёлын төвийн урд байрлах тоглоомтой саадны урд байсан. Намайг яваад очиход Б.П нь Д.Ө-ийн утсыг булаагаад авчихсан, залгасан дугаарын шалгаж байсан бөгөөд “Намайг залгаж байхад яагаад утсаа авахгүй байгаа юм. Энэ хэний дугаар юм” гэж залгасан дугаарыг нь харж Д.Ө рүү уурлаж ... хүзүүнээс нь татаж чангаагаад байхаар нь би “Болиоч ахын дүү” гэж Б.П-т хэлэхэд “Чи цаашаа бай” гэж хэлсэн бөгөөд би Б.П, Д.Ө нарыг салгах гэхэд Б.П намайг гараараа татаж хөл рүү өшиглөж /хавирч/ унагаасан бөгөөд тухайн үед би толгойгоороо газар савж унасан ...
... Надад одоогоор 400.000 төгрөгийн хохирол учраад байгаа ... би эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
2. Гэрч Ж.О-ийн “... Намайг яваад очиход Б.П нь Д.Ө-ийн утсыг булаагаад авчихсан “Яагаад миний утсыг авахгүй байгаа юм бэ? Энэ хэний дугаар вэ” гэж Д.Ө рүү дайрч хүзүүнээс нь татаж чангаасан, “Чи энэ соёлын төв дотор байгаагүй чи хаана хэнтэй явсан юм бэ? ...би чамайг хүнээр тагнуулсан чи байхгүй байсан” гэж хэлсэн бөгөөд миний хажууд байсан Ц.О “Болиоч ахын дүү” гэж хэлэхэд Б.П “Чи чимээгүй цаашаа бай гуйлгачин минь” гэж хэлэхэд Ц.О болиулах гэж очиход Б.П нь гараараа барьж хөлөөрөө хавирахад Ц.О толгойгоороо газар савж унасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Ү-ийн “2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 23 цаг 30 минутын орчимд байх тухайн өдөр Б.Б бид хоёр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Ц.О бид хоёр дээр ирээд “Б.П намайг зодчихлоо Б.П-ыг бариад хорьчих та нар гэж хэлэхээр нь Б.Б бид хоёр ... Б.П-ыг цагдаагийн хэсэг дээр авч ирээд согтуурал шалгах багажаар шалгахад Б.П архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохоор Б.П-ыг явуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
4. Гэрч Э.О-ийн “... манай нөхөр Ц.О-ийн хувцас нь шороо болчихсон гадаа нь зогсож байсан. “Чи яасан юм бэ?” гэхэд “Толгой өвдөөд байна гэрт очиж байгаад хэлье” гэсэн тэгээд гэрт очоод юу болсон талаар Ц.О-ээс асуухад “Б.П, Д.Ө нар нь хоорондоо хэрэлдэж байхаар нь болиулах гэхэд Б.П намайг хавираад унагаачихлаа би унахдаа толгойгоороо газар саваад уначихлаа” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
5. Гэрч Д.Ө-ийн “... Ц.О “болиоч ахын дүү” гэж ... хэлэхэд Б.П “Чи чимээгүй цаашаа бай гуйлгачин минь” гэж хэлэхэд Ц.О нь ... болиулах гэхэд Б.П нь гараараа барьж, хөлөөрөө хавирахад Ц.О толгойгоороо газар савж унасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
6. Гэрч Б.С-ын “Ц.О нь тухайн үед надад хэлэхдээ Б.П-аар цохиулж толгойгоороо газар савж унасан гэж хэлсэн. Дотор муухай оргиод бөөлжөөд, босохоор толгой эргээд байна гэсэн. Үзлэгээр Ц.О-ийн толгой баруун чамархай хэсэгтээ 5 см хэмжээтэй хавантай, тархины дунд зэргийн гэмтэл гэж онош тавин аймгийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлэх бичиг хийж өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.О-ын “Үзүүлэгч Ц.О-н биед ... тархи доргилт, баруун зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 379 дугаар дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч Б.П-ын яллагдагчаар өгсөн “ Би 2019 оны 5 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Тэс сумын Соёлын төвд тоглолт үзэх гэж очсон. Тэнд миний салсан эхнэр Д.Ө байсан ба тэрийг дуудаж гадаа гарч ирээд ойр зуурын юм яриад ... зогсож байхад хадам ээж Ж.О гарч ирээд салсан хүмүүс юугаа ярьдаг юм бэ? гэж намайг загнасан. Тэр үед бас Ц.О гарч ирээд амнаас нь архи үнэртсэн согтуу байсан ба чи муу пизда дандаа ингэж хэрүүл маргаан гаргаж байдаг пизда бэ гэж миний хүзүүнээс заамдаж байгаад татаж одоо эндээс яв гэж хэлсэн тэгэхээр нь би ... танд бид хоёрын амьдрал ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд Ц.О дахиад миний куртикны захаас гараараа заамдаж татаж пизда минь чи зайл гэж хэлэхээр нь би Ц.О-ийн хөл рүү хавирч унагаагаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн дүгнэлт /№379/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.П-ын 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Ц.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-ийн биед хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “... эмчилгээний зардал, ирж явсан замын зардал зэрэг бүгд ороод нийт 700.000 төгрөгийн хохирол учирсан. Б.П 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж өгнө гээд бид хоёр тохиролцсон байгаа” гэж мэдүүлсэн боловч хор уршгийг нотолсон баримт хэрэг авагдаагүй, энэ талаарх баримтыг хохирогч гаргаж өгөөгүй тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч Б.П-т танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөр хохирогчтой эвлэрсэн нь хохирогч Ц.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... эмчилгээний зардал, ирж явсан замын зардал зэрэг бүгд ороод нийт 700.000 төгрөгийн хохирол учирсан. Б.П 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж өгнө гээд бид хоёр тохиролцсон байгаа ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О ахтай ярилцаад 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 700.000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон байгаа ...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад улсын яллагчийн санал болгосон 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.П-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.П-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА