| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0238/И |
| Дугаар | 266 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 6 дугаар хэсэг 11-1 тоотод оршин суух, Харчин овогт Сайжрахын Сувд /ЕО64121964, утас: 91913424/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 115-17 тоотод оршин суух, Далай овогт Бавуудоржийн Баярмаа /ЧБ82052669, утас:99901008/-д хариуцагдах
“Зээл 10,000,000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Сувд, хариуцагч Б.Баярмаа, гэрч Б.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Сувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2013 оны 10 дугаар сарын 10-нд Замын-Үүд сумын төвд амьдардаг Бавуудоржийн Баярмаад 10,000,000 төгрөгийг сарын 15%-ийн хүүтэйгээр зээлдүүлсэн одоо болтол өгөөгүй. Зээлийн хүүг 3 удаа төлөөд одоо болтол үндсэн зээлээ төлөхгүй байгаа тул нэмж зээлийн хүү тооцохгүйгээр үндсэн зээл болох 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Сувд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 10 дугаар сарын эхээр надтай хамт ажилладаг Б.Лхамсүрэн манай бэр Б.Баярмаа цементийн наймаа хийх гэж байгаа мөнгө олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь Б.Баярмаатай уулзаж Хаан банкнаас нөхөр Д.Ганболдын нэрээр цалингийн зээл 15 сая төгрөг авч, 5 сая төгрөгийг өөрөө хэрэглэж, Б.Баярмаа хотод байна гэхээр нь 2013 оны 10 дугаар сарын 10-нд 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Б.Баярмаад сарын 15 хувийн хүүтэй 1 сар хэрэглээд буцааж өгнө гэж тохиролцсон. Хугацаа болоход сунгая гээд 1,500,000 төгрөг өгөөд дахин 3 удаа сунгуулж нийт 4,500,000 төгрөг өгсөн. Хадам ээж нь болох Б.Лхамсүрэнд өндөр хүүтэй мөнгө аваад ашиг байгаа юм уу чи асуугаач гэсэн гэтэл чиний мөнгийг аваад цемент аваагүй хүнд цааш нь 25 хувиар зээлүүлсэн юм шиг байна мөнгө чинь баларсан байна гэсэн. Тэгээд Б.Баярмаатай уулзах гэхэд олдохгүй байсан. Б.Лхамсүрэн бид хоёр хайгаад нэг найзындаа сууж байхад нь уулзсан гэтэл банкнаас зээл аваад өгнө гэж хэлээд алга болсон. Нэг өдөр Б.Лхамсүрэн нэг хүүхэн залуу хоёр дагуулж ирсэн. Б.Баярмаагаас 25 хувийн хүүтэй зээлсэн, 10 хувь болгооч гэхээр нь би зөвшөөрсөн, 3 сарын хүү гэж хэлээд 3,000,000 төгрөг өгсөн. Тэр мөчөөс хойш алга болсон. Нөхөртэйгээ хэрэлдэж мууталцаж байж цалингийн зээлийг нь төлж дуусгасан. Би 3 жил хүлээсэн, одоо хүү авахгүй үндсэн 10,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би тэр хоёр хүнд өгөөгүй, Б.Баярмаад өгсөн учраас Б.Баярмаагаас мөнгөө авна 2013 оны 10 сард аваад 11, 12 сар 2014 оны 1 сар гээд 4,500,000 төгрөг өгсөн. 4 сард 3 сарын хүү гэж 3,000,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг авсан. Хаан банкнаас сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүтэй 15,000,000 төгрөгийг аваад, 10,000,000 төгрөгийг нь Б.Баярмаад өгөөд 2016 оны 06 дугаар сард төлж дуусгасан. Б.Баярмаа тэр хоёрт зээлчихсэн гэхэд нь мөнгөө олж авахын тулд уулзсан гэхдээ Б.Баярмаад өгсөн болохоос би тэр хоёрт өгөөгүй гэв.
Хариуцагч Б.Баярмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2013 оны 09 дүгээр сарын сүүлээр Эрээнд явж байгаад хадам ээж болох Б.Лхамсүрэнгээс цемент хотод үнэтэй байна гэнээ цемент ачуулах гэсэн юм 10,000,000 төгрөг хүүтэй зээлүүлчих хүн байна уу гэж асуухад манай ажлын байцаагч Сувдаа эгч чинь хүнд мөнгө зээлүүлдэг би асуугаад өгье гэсэн маргааш нь Замын-Үүдэд ирээд асуухад өөрийг нь уулзуул гэсний дагуу би Сувдаа эгчийн ажил дээр очиж уулзаад сарын 15 хувийн хүүтэйгээр 10,000,000 төгрөг авсан нь үнэн. Сувдаа эгч цементний үнэ буурчихсан тул мөнгийг аваад 3-4 хоноод ер нь буцааж өгье гэж байтал хамт ажилладаг Л.Соёлмаа нь Мандах, Эрдэнэхүү хоёрт мөнгөний хэрэг байгаа юмаа чи наад мөнгөө зээлчих 1 сар хэрэглээд өгье гэж байна гээд гуйсан. Мандах, Эрдэнэхүү нар нь тэр үед дэлгүүр ажиллуулж байсан. Соёлоо эд нар найдвартай бараа татаж эргэлдүүлээд өгнө гэхээр нь тэр хоёрт сарын 15 хувийн хүүтэй зээлүүлсэн. Сувдаа эгчид хүү гэж 4,500,000 төгрөгийг өгсөн. Сувдаа эгч тухайн үед Мандах, Эрдэнэхүү нартай уулзаж, тэд нарын гуйлтаар 10 хувь болгон 3,000,000 төгрөгний хүүг авсан. Мандах, Эрдэнэхүү нар нь алга болох гээд байна шүү та шүүхэд хандаж мөнгөө олж аваарай гэж би хэлж байсан. Би зээлж авсан мөнгөнийхөө хүүг өгсөн, Мандах, Эрдэнэхүү нартай Сувдаа эгч уулзаж хүүгээ 10 хувь болгож тохиролцож байсан учраас надад хамаагүй би төлөх ёсгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нөхөрөөрөө цалингийн зээл авахуулаад надад зээлснийг би мэдэж байсан гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Сувд нь хариуцагч Б.Баярмаад холбогдуулан үндсэн зээл 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Сувд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн нөхөр Д.Ганболдоор Хаан банкнаас 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авахуулан, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн боловч хугацаандаа өгөхгүй 3 удаа сунгуулж нийт 4,500,000 төгрөгийг өгсөн. Б.Баярмаа надаас авсан мөнгийг цааш нь Мандах, Эрдэнэхүү гэж хүмүүст 25 хувийн хүүтэй зээлсэн байсан. Тэр хүмүүстэй уулзаж 3,000,000 төгрөг авсан. Б.Баярмаад өгсөн учраас үндсэн зээл 10,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.
Хариуцагч Б.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 3 сарын хүү 4,500,000 төгрөг өгсөн, Мандах, Эрдэнэхүү нар төлөх ёстой гэж маргасан. Тэрээр өөрийн татгалзлалаа 10,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй тохиролцож зээлж авсан. Соёлмаа гэж найз маань дэлгүүр ажиллуулдаг Мандах, Эрдэнэхүү хоёрт зээлчих гэхээр нь тэр хоёрт зээлсэн. Би С.Сувдад 3 сарын хүү 4,500,000 төгрөг өгсөн. Мандах, Эрдэнэхүү нартай С.Сувд уулзаж хүүгээ 10 хувь болгож 3,000,000 төгрөгийн хүү авч тэдэнтэй тохиролцсон учраас би төлөх ёсгүй гэж тайлбарлаж байгаа болно.
Нэхэмжлэгч С.Сувд нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нөхөр болох Д.Ганболдоор Хаан банкнаас цалингийн зээл 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай аваад хариуцагч Б.Баярмаад 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.Баярмаа нь 2013 оны 11, 12, 2014 оны 01 сар гээд 3 сарын хүү 4,500,000 төгрөгийг өгсөн. Б.Баярмаа нь С.Сувдаас зээлсэн 10,000,000 төгрөгийг Мандах, Эрдэнэхүү гэж хүмүүст зээлсэн, Б.Баярмаагийн хадам ээж Мандах, Эрдэнэхүү нарыг С.Сувд дээр дагуулж очиж уулзуулж хүүгээ 10 хувь болгож, 3 сарын хүү гэж 3,000,000 төгрөгийг авсан. С.Сувд нь Б.Баярмаа болон Мандах, Эрдэнэхүү нараас мөнгөө байнга шаардаж байсан зэрэг үйл баримт тогтоогдов.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Сувд нь 10,000,000 төгрөгийг Б.Баярмаад шилжүүлсэн буюу өгсөн, хариуцагч Б.Баярмаа нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээн амаар гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэхээр байна.
Хариуцагч Б.Баярмаа нь Мандах, Эрдэнэхүү нарт С.Сувдаас авсан мөнгийг зээлдүүлсэн, С.Сувдтай Мандах, Эрдэнэхүү нар очиж уулзаж хүүгээ 10 хувь болгож, 3,000,000 төгрөг авсан би төлөхгүй гэж маргаж байгаа боловч С.Сувд нь Б.Баярмаад мөнгийг зээлдүүлсэн буюу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Хаан банкны гүйлгээний /хх-3/ баримтаар нотлогдож байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч С.Сувдын өмнө хариуцагч Б.Баярмаа зээлийг буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн болохоос Мандах, Эрдэнэхүү нар нь нэхэмжлэгч С.Сувдын өмнө үүрэг хүлээгээгүй байна. Тодруулбал: Хууль болон гэрээгээр С.Сувд нь 10,000,000 төгрөгийг Б.Баярмаад шилжүүлсэн учраас гэрээний үүргийн биелэлтийг Б.Баярмаагаас, Мандах, Эрдэнэхүү нарт Б.Баярмаа мөнгийг шилжүүлсэн байх ба Б.Баярмаа нь Мандах, Эрдэнэхүү нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагч Б.Баярмаагаас шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч С.Сувд нь 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн гэх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Сувд нь хариуцагч Б.Баярмаад 10,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ хүү тохирсон талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй байна.
Гэвч нэхэмжлэгч С.Сувд нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Д.Ганболдоор Хаан банкнаас 15,000,000 төгрөгийг 1 жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авахуулж Б.Баярмаад 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн энэ талаар зохигчид маргаагүй.
Иймд хариуцагч Б.Баярмааг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “...Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “...үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу Хаан банкны хүүгээр тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар хүүнд 2013 оны 11 сарын 10-нд 1,500,000 төгрөг, 12 сард 1,500,000 төгрөг, 2014 оны 01 сар 1,500,000 төгрөг, 2014 оны 04 сард 3,000,000 төгрөг нийт хүүнд 7,500,000 төгрөгийг өгсөн авсан талаар маргаангүй тул зохигчдын зээлийн гэрээг 2013.10.10-ны өдөр байгуулсан, банкны хүүгээр сарын 1,7% /1 жилийн 20,4%:12=1,7%/-иар тооцож:
2013.11.10-нд үндсэн зээл 10,000,000₮, хүү 170,000₮ нийт 10,170,000 төгрөг төлөхөөс 1,500,000 төгрөг төлснийг хасаад 8,670,000₮,
2013.12.10-нд үндсэн зээл 8,670,000₮, хүү 147,390₮ нийт 8,817,390 төгрөг төлөхөөс 1,500,000₮ хасаад 7,317,390₮,
2014.01.10-нд үндсэн зээл 7,317,390₮, хүү 124,395.63₮ нийт 7,441,785.63 төгрөг төлөхөөс 1,500,000₮ хасаад 5,941,785.63₮ сарын хүү 101,010.36₮
2014 оны 04 сард 3,000,000 төгрөгийг өгсөн ба 2014 оны 02, 03, 04 сар буюу 3 сарын хүү /101,010.36х3 сар/ 303,031.08 төгрөг, үлдэгдэл 5,941,785.63 + 303,031.08 = 6,244,816.71 төгрөг үүнээс 3,000,000 хасаад 3,244,816.71 төгрөг, хүү 55,161.89₮
2014 оны 05 дугаар сарын 10-наас 2016 оны 08 дугаар сарын 10 хүртэл сарын хүү 55,161.89₮х27 сар= 1,489,371.03₮
Үлдэгдэл 3,244,816.71₮, хүү 1,489,371.03₮ /3,244,816.71+1,489,371.03/ нийт 4,734,187.74 төгрөгийг хариуцагч Б.Баярмаагаас гаргуулан нэхэмжлэгч С.Сувдад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,265,812.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч С.Сувдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хуваарилан хариуцагч Б.Баярмаагаас 90,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар хариуцагч Б.Баярмаагаас 4,734,187.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сувдад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,265,812.26 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярмаагаас 90,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сувдад олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ