Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 89

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Хохирогч: Б.Б

            Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.А-д холбогдох 1935002060096 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын компанид ажилладаг, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ... тоотод оршин суух, Ц.А

Увс аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 8 сарын хорих ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн ...сумын ... дугаар багийн нутагт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Б-ын “ ...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа яваад гэртээ ирэхдээ цэцэрлэгээс хүүхдүүдээ аваад Улаангом сумын 12 дугаар багийн 1-15 тоотод гэртээ 17 цаг 30 минутын үед гэртээ ирсэн ... тэгээд удалгүй байж байтал нэг танихгүй залуу миний нөхөр Ц.А-ийг сугадсан байдалтай согтуу ирсэн юм ... түүний дараа миний нөхөр Ц.А намайг хэл амаар доромжлоод байсан, би өдөр нь миний нөхөр айлд хэвтэж байхад нь би очоод өөрийнх нь биед байсан 280.000 төгрөг байсныг би очоод авчихсан байсан юм тэр мөнгөө надаас нэхээд байсан, тэгээд намайг энэ хүүхдүүд чинь миний хүүхдүүд биш, чи хүнтэй явалдсан гэх зэргээр намайг хэлээд байсан тэгээд би чи юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд бага хүүхдээ аваад хөхүүлээд гэрийн баруун талын сандал дээр сууж байтал 19 цаг 30 минутын үед миний нөхөр шууд босож ирээд намайг баруун гараараа нэг удаа хамар луу хүчтэй цохисон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

2. Гэрч Б.Б-ийн “ Би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эгчийн хүргэн Улаанхүүгийн хамт хүргэн Ц.А-ийн гэрт ...17 цагийн үед очсон юм тэгээд би тэднийд байж байтал хүргэн Ц.Алтангэрэл согтуу гэртээ ирсэн ...тэгээд эхнэр Б.Б-гаа нэг шил архи аваад ир энэ хоёр хүнд архи авч өгмөөр байна гэж хэлэхээр нь У бид хоёр архи уухгүй бид хоёр ажилтай явна гээд бид тэдний гэрээс гараад явчихсан юм. Тэгээд би гэртээ байж байтал 20 цагийн үед миний төрсөн дүү Б.Б над руу утсаар залгаж миний нөхөр Ц.А намайг цохиод миний хамар хугарчих шиг боллоо гэж надад хэлэхэд би өөрийн төрсөн эрэгтэй дүү Б.Б-д ... утсаар хэлсэн юм тэгээд миний дүү Б.Б нь би өөрөө утсаар яриад цагдаад дуудлага өгье гэж надад утсаар хэлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

3. Гэрч Б.Б-ы “2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед миний төрсөн ах Б.Бямбаа над руу залгаж миний төрсөн эгч Б.Б-ыг нөхөр Ц.А нь согтуу ирээд хамар луу цохичихсон байна гэж надад утсаар Б.Б өөрөө хэллээ гэж надад ... хэлсэн юм тэгээд би өөрийн төрсөн эгч Б.Б-аас утсаар ярьж юу болсон юм бэ? гэж асуухад намайг миний нөхөр Ц.А нь согтуу гэртээ ирээд хэрүүл маргаан хийж байгаад миний хамар луу цохичихлоо гэж надад хэлсэн ... дараа нь би эгч Б.Б-тай уулзахад хамар нь хугарсан, хавдсан байдалтай байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

4. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.О-ын “Үзүүлэгч Б.Б-н биед ... хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруу, 2 нүдний дотно буланд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 386 дугаар дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/

5. Шүүгдэгч Ц.А-ийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орой 18 цагийн үед би гэртээ согтуу ирээд эхнэр Б.Б-тай маргалдаж байгаад би гараараа хамар орчим газарт нь нэг удаа цохиж хамрыг нь хугалж гэмтээсэн гэдгээ дараа нь мэдсэн ... би согтуу байхдаа эхнэр Б.Б-ыг нэг удаа хамарт нь цохиж гэмтэл учруулсан нь үнэн би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн дүгнэлт /№386/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.А 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын биед хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Ц.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 /таван зуун ная/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч Ц.А-д танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Буянжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт “... бид хоёр эвлэрсэн тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй ...” гэж мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад улсын яллагчийн санал болгосон 580 /таван зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.А-ийн хөрөнгө, цалин хөлс, улирлын чанартай ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.А-ийн холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 580 /таван зуун ная/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.А-д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА