Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2015/0540/З |
Дугаар | 417 |
Огноо | 2017-05-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 417
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “А” ХХК-ийн гаргасан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-нд олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “К” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн “А” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж “А” ХХК-д ноогдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-О, гуравдагч этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Захиргааны хэргийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “А” ХХК нь /Улсын бүртгэлийн дугаар 90111021../ Нийслэлийн газрын албанд хандан 5 га газрынхаа гэрээ гэрчилгээг авсан бөгөөд шийдвэр гарснаас хойш кадастрын зураглалыг баталгаажуулах зорилгоор Хан-Уул дүүргийг хариуцсан газар зохион байгуулагчтай уулзаж байсан боловч “К” ХХК Захиргааны хэргийн шүүх дээр “давхцал бүхий газартай маргаантай байна түр хүлээнэ үү” гэх үндэслэлээр удаа дараа хойшлуулж байсан юм.
Ингээд энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2014 оны 2 сард хандахад “А” ХХК-д Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу “5 га газрыг нь олгох нь зүйтэй байна” гэсэн хариуг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан албан бичгийг өгсөн.
Гэтэл “К” ХХК нь “бид 8 га газрыг мөн 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн шийдвэрээр авсан, танайд харин 2 га газрыг нь өгсөөр байтал танайх кадастраа хийлгүүлээд авбал ав, үгүй бол бид өөрөөр ярих болно шүү” гэх мэтээр хэлэхээр нь 2015 оны 5 дугаар сард нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар зохион байгуулагчтай уулзаж “К” ХХК яагаад 8 га газрыг эзэмшдэг билээ, бид 5 га газрын гэрээ гэрчилгээтэй, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас танайд “А” ХХК-д 5 га газрыг нь олгох зүйтэй гэх албан даалгаврыг өгсөөр байхад гэхэд өөдөөс “танай гэрээ гэрчилгээг буруу бичсэн, та нар захирамжаа өнөөдрийг хүртэл хараагүй байсан юм уу” гэх тайлбарыг өгсөн.
Тэр дагуу миний бие нийслэлийн Засаг даргын Тамгын газрын архиваас А/828 тоот захирамжийг гаргуулж авахад “А” ХХК-ийн эзэмшлийн газрыг 5 га-гаас 2 га болгон өөрчилсөн байсныг олж мэдсэн.
Миний бие өнөөдрийг хүртэл 5 га газраар бодож газрынхаа төлбөрийг хийж ирсэн ба өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй, олон жилийн нүүрийг үзэж, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүртэл “А” ХХК нь “5 га газрыг эзэмших нь зөв зүйтэй байна” гэж албан бичиг өгөөд байхад манай компанийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Хэрвээ асуудал үүсвэл Нийслэлийн газрын албанаас танай компани мэдээллийн санд бүртгүүлээгүй байна гэх шалтгаанаар манай газрыг хураан авах боломжийг олгож байна гэж би үзэж байна.
Иймд нийслэлийн Газрын албанаас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн “А” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/211 дүгээр захирамжаар “Ц У” ХХК-нд төмс хүнсний ногооны зориулалтаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 14 дүгээр хороонд 50000 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, мөн нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийг “Ж Т Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.
Улмаар тус газрын эзэмших эрхийг “А” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна. “К” ХХК-ийн газар эзэмших эрхийн тухайд анх нийслэлийн Засаг даргын 2010 оны 622 дугаар захирамжаар “Э Э К Ө” ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар 100000 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон.
Дараа нь компанийн оноосон нэр өөрчлөгдөн “Н” ХХК болсон тул газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2011 оны 37 дугаар захирамжаар шилжүүлж баталгаажуулсан. Уг газар эзэмших эрхийг “Н” ХХК нь “К” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт тавьсан тул нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжаар “К” ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
“А” ХХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэргийг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр маргаан бүхий актын “К” ХХК-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулан шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “А” ХХК нь Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 171 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч компанитай давхцаж буй “К” ХХК-ийн 100000 м.кв газраас 20000 м.кв газрыг тус компанийн эзэмшлээс авах хүсэлттэй ба үлдсэн 3 га газраа 14 дүгээр хороондоо багтааж авах талаар манай газарт хандаж хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны А/828 дугаар захирамжаар “А” ХХК-д 20000 м.кв, “К” ХХК-д 80000 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамж нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“А” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г техникийн алдаа гарган 50000 м.кв хэмжээтэйгээр бичиж өгсөн байна. Энэхүү алдааг бид залруулан гэрээ гэрчилгээг шинэчлэн олгох болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Захиргааны хэргийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “А” ХХК нь /90111021.. улсын бүртгэлийн дугаар/ Нийслэлийн газрын албанаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 5 га газрыг ашиглах эрхийн гэрээ гэрчилгээг авсан боловч 5 га газрын гэрчилгээ олгож, гэрээ байгуулсны дараа Нийслэлийн Засаг даргын захирамж 2 га газраар гарсан байсныг кадастрын зураглал баталгаажуулж өгөхгүй удаад байхаар нь очиж уулзтал Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн бидэнд хэлсэн юм.
Манай компани тус нэхэмжлэлийг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга манай компанитай давхцал бүхий олгогдсон “К” ХХК-ийн 10 га байсан газрыг 5 биш 8 га-гаар гаргасан байсныг мэдээгүй юм.
Нийслэлийн Засаг дарга нь манай компанид хууль ёсоор ноогдсон 5 га газрыг олгохын тулд “К” ХХК-ийн 8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож байж олгох тул бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “К” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “А” ХХК-ийн газартай давхцал бүхий 8 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож “А” ХХК-д ноогдох 5 га газрыг эзэмших эрхийг сэргээж, хууль журмын дагуу гэрээ гэрчилгээг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: “...А ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №10 тоот албан бичгээр Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн манай компанитай давхцаж буй “К” ХХК-ийн эзэмшил 10 га газраас 2 га газрыг авах хүсэлтийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан.
2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “К” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар “К” ХХК-д 8 га, “А” ХХК-д 2 га газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Иймд “А” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 га хэмжээтэйгээр олгож гэрээ байгуулах ёстой байтал 5 га хэмээн алдаатай бичиж хуулийн холбогдох заалтыг зөрчин олгогдсон гэрчилгээг хүчингүй болгон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн дагуу 2 га хэмжээтэйгээр гэрээ байгуулж гэрчилгээ олгох боломжтой байна.
Гэтэл “А” ХХК нь захирамжийн дагуу олгогдсон 2 га хэмжээ бүхий газрыг хүлээн зөвшөөрөхгүй 5 га хэмжээтэй газар эзэмшихээр “К” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд “К” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “К т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, “А” ХХК-ийн 5 га газрын гэрээ, гэрчилгээг гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй “К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
1. “К” ХХК нь “Газрын тухай хууль”-ийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, журмын дагуу “Н” ХХК-тай 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр “Н” ХХК-ийн эзэмших эрхэд байсан нэгж талбарын 8041/0332 дугаартай, газар эзэмших эрхийн 02288.. дугаарын гэрчилгээтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний голын эхэнд байрлах 100.000 м.кв талбай бүхий газрыг амины орон сууцны хотхоны зориулалттайгаар өөрийн эзэмших эрхэд шилжүүлэн авсан.
“К” ХХК нь Газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших эрхийн гэрээгээр хүлээсэн бүх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, газрын төлбөр хураамжийг цаг хугацаанд нь бүрэн төлж, тус газраа одоо зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байна. Манай компанийн зүгээс эрх бүхий байгууллагад хүсэлт гарган газрын кадастрын мэдээллийн санд шүүлт хийлгүүлэн үзэхэд манай компанийн эзэмшиж буй газартай аливаа этгээдийн эзэмшиж буй газар давхцаагүй, улмаар “А” ХХК-ийн эзэмшиж буй гэх газар нь газрын кадастрын мэдээллийн санд байхгүй, бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн.
2. Гэтэл манай компанийн шилжүүлэн авсан 10 га газартай “А” ХХК-ийн эзэмшиж буй гэх 5 га газар нь давхацсан гэдэг асуудлаар “А” ХХК-ийн зүгээс 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрийг гаргаж, “А” ХХК болон “К” ХХК нарын хэн алиных нь эрх ашгийг хөндөхгүйгээр хуульд заасан өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд дахин газар зохион байгуулалт хийх замаар захиргааны шинэ акт гарган тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан.
3. Нийслэлийн Засаг даргын зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрийг хэрэгжүүлж, “К” ХХК болон “А” ХХК нарын бодитой давхацсан газар болох нийт 4 га газрыг тэнцүү хуваан талуудад тус бүр 2 га газар олгохоор 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжаар шийдвэрлэж, улмаар манай компанийн 10 га газрын хэмжээг 8 га болгон багасгаж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 8 га газрын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгосон. Манай компанийн эзэмшиж байсан 10 га газрын хэмжээ 8 га болон багассан хэдий боловч бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрч, 8 га газраа одоо зохих ёсоор эзэмшиж байна.
4. Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, зааврын хүрээнд судалж үзэхэд аливаа этгээдийн эзэмшиж буй газар нь байршил, талбай, хил хязгаар, зааг, цэг, чанар, төлөв байдлыг маш тодорхой нарийвчлан харуулсан кадастрын зурагтай, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлттэй байх бөгөөд тэдгээр нь газрын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор хянагдан батлагдсан, тэдгээр мэдээллүүд нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, баталгаажсан байх ёстой.
Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газар нь төрийн эрх бүхий байгууллагаар хянагдан баталгаажсан албан ёсны кадастрын зураггүй, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын кадастрын талаарх мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газрын байршил, талбай, хил хязгаар, заагийг тодорхойлох боломжгүй, улмаар тус газар нь манай компанийн газартай давхцаж байгаа гэдгийг нарийн тогтоох нөхцөл боломжгүй байдаг.
5. Талуудын эзэмшиж буй газрын давхцлын асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд дахин газар зохион байгуулалт хийх замаар шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрийг “А” ХХК нь хүлээн зөвшөөрч, тухайн үед ямар нэгэн гомдол дээд шатны шүүхэд гаргаагүй байдаг.
6. Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ талуудын эзэмшиж буй бодитой давхацсан 4 га газрыг талуудад яг тэнцүү хуваан олгохоор шийдвэрлэсэн, явдал нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрт болон холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцсэн үйлдэл буюу шийдвэр гэж үзэж байна.
Иймд “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Гуравдагч этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох “нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” 1948 дугаар захирамжтай танилцаад дараах тайлбар хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор, нийслэлийн Засаг даргын 2011 оны 127 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын аж ахуйн аманд 50000 м.кв газрыг ажилчдын амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх авсан. Улмаар Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албатай гэрээ байгуулж, кадастрын зураглалаа тодорхойлуулж, зураг хийлгэн, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 0229959 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын эзэмшиж байгаа газар нь нэгж талбарын 8041/5243 дугаартай бөгөөд кадастрын 48036 квадрат метр талбайг эзэлж байгаа болно. Байрлалын дагуу баруун зүүн талд газар эзэмшиж байгаа этгээд нь хашаа хатгасан байсан тул хүндэтгэн үзэж, барьсан хашааны өнцгөөр цэгүүдийг тодорхойлж зураглал хийлгэсэн болно.
Уг газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид өөрсдийн хөрөнгөөр амины орон сууцны хотхон байгуулахаар бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн бөгөөд одоогоор цэвэр, бохир усан хангамж зэрэг дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэл болсон нотлох баримт нь албан ёсоор газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зураг эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Ж П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай компани Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өвөр зайсанд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 205 дугаар шийдвэрийн дагуу 5,0 га газрыг эзэмшихээр авсан бөгөөд хууль ёсны эзэмшигч нь мөн болно. “А” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан асуудал нь манай компанийн эзэмшлийн газартай ямар нэгэн давхцал байхгүй гэж ойлгож байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Ж Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ж Т Б” ХХК-ийн эзэмшиж байсан Хан-Уул дүүрэгт байрших 50.000 ам дөрвюөлжин метр талбай бүхий газрыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн .-р хороо Сэлбэ ..-... тоотод оршин суугч Г овогтой С д шилжүүлэн өгсөн болно” гэжээ.
Гуравдагч этгээд “Б Ү И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Б Ү И ХХК-ийн “Хөх барс” төсөл нь дэд бүтэцгүй газарт эхнээс нь зөв зохион байгуулалттай ерөнхий төлөвлөгөөний дагуу бие даасан дэд бүтэцтэй, эко, жишиг амины орон сууцны иж бүрэн хотхоныг бүтээн байгуулах зорилготой Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дугаар захирамжаар 1.500.000 м.кв га газрыг Хан-Уул дүүргийн 14 хороо, Бугын аж ахуйн аманд газар эзэмших эрх авсан.
“Б Ү И” ХХК-ийн “Хөх барс” төслийн эзэмшиж байгаа газар нь нэгж талбарын 18635293057715 дугаартай бөгөөд кадастрын зургаар 1500 000 метр квадрат талбайг эзэлж байгаа болно.
Улмаар Нийслэлийн газрын харилцааны албатай гэрээ байгуулж кадастрын зураглалаа тодорхойлуулж,зураг хийлгэн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 02935.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно.
“Б Ү И” ХХК-д эзэмшүүлэхээр олгогдсон тус талбайд 2012 оноос гадны хөрөнгө оруулалттайгаар урьдчилсан ерөнхий төлөвлөгөөг хийсэн болно. Засгийн газрын 2012 оны 242 тогтоолоор “Б Ү И” ХХК-ийн “Хөх барс” төсөлд Засгийн газрын баталгаа гаргах эрх олгогдоод ажиллаж байгаа ба 2016 оны 2 дугаар улирлаас дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын талбайг бэлтгэхээр ажиллаж байна.
“Б Ү И” ХХК-ийг “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэл болсон нотлох баримт нь албан ёсоор газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зураг эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч “А” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-д олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын захирамжаар “К” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн “А” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж, “А” ХХК-д ноогдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.
Гуравдагч этгээд “Жамъянпайтан” ХХК, “Б-Ү И” ХХК болон “Ж Т Б” ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адил үзэж шүүх хуралдааны оролцогч нарт уншиж танилцуулсан болно. Мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг хэргийн оролцогчдийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хийлээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд “А” ХХК-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “А” ХХК нь 2012 онд нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн /хуучин нэрээр/ 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр “хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул шинэ акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр ёсоор “А” ХХК-ийн захирал Д.Д нь нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 10 дугаар албан бичгээр “...манай компанитай давхцаж буй К ХХК-ийн 10 га газраас 2 га газрыг манай компани тус компанийн эзэмшлээс авах хүсэлтэй байгаа ба .... үлдсэн 3 га газраа 14-р хороондоо багтааж авах хүсэлтэй байна” гэж хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий захиргааны акт буюу нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамж гарч “К” ХХК-ийн эзэмшил 10 га газраас 2 га газрыг хасч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрт “...“А” ХХК-д дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлж шийдвэрлэсэн...”, “...тэдгээрийн эрх ашгийг хөндөхгүйгээр хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хэмжээний хүрээнд дахин газар зохион байгуулалт хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь “А” ХХК 5 га газрыг эзэмших эрхтэй бөгөөд энэхүү эрхийн хүрээнд газрын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр дахин газар зохион байгуулалт хийж маргааныг шийдвэрлэсэн гэж ойлговол зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс “А” ХХК нь үлдсэн 3 га газар эзэмшихээр хариуцагч нийслэлийн Засаг даргаас шаардах эрхтэй болно.
Түүнчлэн, “К” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дүгээр захирамжаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжаар батлагдсан Эвлэрлийн гэрээний 2.1-д “... нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн дагуу “К” ХХК-д 8 га газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулна” гэснийг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн өөрийн гаргасан хүсэлт болон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд хариуцагчаас гаргасан захиргааны акт нь “А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна.
Хоёр. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/480 дугаар албан бичгээр маргаан бүхий газартай холбогдуулан дараах нөхцөл байдлыг тогтоосон байна. Үүнд: Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “А” ХХК-ийн эзэмшилд ямар нэгэн газар бүртгэгдээгүй, “В х“ ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг нь нэгж талбарын 18636294156328 дугаартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын эзэмшил газартай 101 м.кв, нэгж талбарын 18635293634979 дугаартай “Ж” ХХК-ийн эзэмшил газартай 1008 м.кв, нэгж талбарын 18635293057715 дугаар бүхий “Б-Ү И” ХХК-ийн газартай 4517м.кв, “К” ХХК-ийн нэгж талбарын 18635294906163 дугаар бүхий газартай 35729 м.кв талбайгаар тус тус давхцалтайгаар гарчээ.
Гэтэл “А” ХХК нь зөвхөн гуравдагч этгээд “К” ХХК-д хамаарах газартай маргаж, маргаан бүхий захиргааны актаар эзэмшүүлсэн 8 га газрыг бүхэлд нь хүчингүй болгохоор шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй 5 га газраас 2 га газрыг эзэмшүүлсэн байгаа бөгөөд “В х” ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг ёсоор үлдсэн 3 га газрын 1,5 га талбайд хамаарах хэсэг л “К” ХХК-ийн эзэмшил газарт орж байна.
Түүнчлэн, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг”, 3.1.14-д “”газрын улсын бүртгэл” гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтыг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг” гэж зааснаар нэхэмжлэгч компани нь өөрийн эзэмшил газрын кадастрыг Газрын кадастрын нэгдсэн санд оруулж баталгаажуулах, орсон эсэхэд хяналт тавих, захиргаанд шаардлага тавих эрхтэй.
Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Газрын кадастрын судалгааг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ”, 16 дугаар зүйлийн 16.6-д “Газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байна”, 16.7-д “Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна” гэж зааснаар “А” ХХК нь “В х” ХХК-иар гүйцэтгүүлсэн судалгаа болох 5 га газарт хамаарах хэсэгт нэгж талбарын дугааргүйгээр газар эзэмших эрх бүрэн хэмжээгээр үүсэхгүй юм.
Гурав. “А” ХХК-д ноогдох 5 га газрын гэрээ, гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 захирамжаар 2 га газар эзэмшүүлсэн бөгөөд харин гэрчилгээг 5 га-р бичиж олгосон нь техникийн алдаа” гэж шүүхэд тайлбар гаргасан.
Нийслэлийн Газрын албанаас “А” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 003036.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “...газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж заасны дагуу нийслэлийн газрын алба нь зөвхөн Засаг даргын захирамжинд заагдсан газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгох үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжтой гэж шүүхээс үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь “А” ХХК-ийн бичгээр гаргасан хүсэлт болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж маргаан бүхий захиргааны актыг гаргасан, гуравдагч этгээд “К” ХХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой шүүгчийн захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа, нэхэмжлэгчийн эзэмших ёстой гэж маргаж буй 5 га газар нь Газрын кадастрын санд ороогүй байгаагаас шалтгаалан уг газрын байршил нь тодорхой биш, үлдэгдэл 3 га газрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зайлшгүй биелэгдэх зарчмын хүрээнд “А” ХХК нь хариуцагчаас шаардах эрх нээлттэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.14, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-нд олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын захирамжаар “К” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн “А” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж “А” ХХК-д ноогдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН