Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 000151

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Одбаярын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 843 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Одбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Мөнхтөрд холбогдох

20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Хариуцагч Н.Мөнхтөр

            Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Э.Одбаяраас авсан итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлөн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.Э.Одбаяр нь Н.Мөнхтөрд 2014-01-28-ны өдөр 20,0000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн байна. Гэвч орон сууцны энэхүү урьдчилгааг Н.Мөнхтөрд бус харин зээл, олгох банкны дансанд байршуулах учиртайг тухайн үед мэдэлгүй Н.Мөнхтөрийн эзэмшлийн Хаан банкны 5091281283 тоот дансанд Э.Одбаяр нь шилжүүлсэн байна. Гэтэл Э.Одбаяр нь дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулж чадаагүйгээс болж одоог хүртэл орон сууцаа худалдан авч чадаагүй байх тул Н.Мөнхтөрөөс 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлээ дэмжинэ. Орон сууцны урьдчилгаа 20.000.000 төгрөгийг Н.Мөнхтөрийн хувийн дансанд шилжүүлсэн. Банкны зээлд хамрагдах гэтэл мөнгө нь байхгүй болсон байсан. Байр авах боломжгүй болсон тул мөнгөө нэхэмжилж байна. Одбаяр Айргийн хоолой ХХК-тай гэрээ байгуулаагүй. Мөнхтөртэй л харьцаж байсан гэдэг гэжээ.

Хариуцагч Н.Мөнхтөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Мөнхтөр би иргэн Э.Одбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан Н.Мөнхтөрийн дансанд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны урьдчилгаа болгон шилжүүлсэн 20000000 төгрөгийг нэхэмжлэж байна” гэсэн нэхэмжпэлтэй танилцлаа. Энэ нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргагч Э.Одбаяр нь орон сууцны урьдчилгаа гэж 20000000 төгрөгийг миний дансаар шилжүүлсэн нь үнэн. Гэвч тухайн мөнгийг тэр үед баригдаж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22 дугаар байрнаас арктай 1 өрөө байр худалдан авахаар Айргийн хоолой ХХК-ийн захирал Ч.Дашболдтой байгуулсан гэрээний дагуу түүнд шилжүүлэх мөнгөө миний дансаар шилжүүлсэн юм. Тухайн үед би 6-22 дугаар байр буюу орон сууцны барилга дээр тухайн орон сууцыг бариулж байсан Айргийн хоолой ХХК-ийн захирал Ч.Дашболдтой харилцан тохиролцсоны үндсэн дээр даамлын үүрэг гүйцэтгэж байсан, тийм учраас тухайн мөнгийг тэр даруйд нь барилгын ажил хийж байсан ажилчдад цалин гэж тараасан юм. Тэр үед барилга дээр ажиллаж байсан ажилчид дээрх барилгын эзэн болох Ч.Дашболдоос цалингаа шаардаж Ч.Дашболд нь цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан юм. Э.Одбаяр нь зөвхөн миний данс руу мөнгөө шилжүүлсэн болохоороо надаас 20000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлийг хариуцах жинхэнэ эзэн нь Ч.Дашболд буюу Айргийн хоолой ХХК юм.Үүнийг Э.Одбаярын Ч.Дашболд буюу Айргийн хоолой ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно гэж үзэж байгаа учраас тэрхүү гэрээг нэхэмжлэгч Э.Одбаяр болон Айргийн хоолой ХХК-ийн захирал Ч.Дашболд нараас гаргуулан хэрэгт нотлох баримтаар хавсаргасны үндсэн дээр Э.Одбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Орон сууц барих газрыг би худалдаж авч байсан. Айргийн хоолой ХХК-ний Дашболд.Гантөмөр нартай тохирч газрыг эдгээр хүмүүст шилжүүлээд орон сууцны зориулалттай барилга хамтарч барих болсон. Би барилгын даамал хийж байсан.Мөнхтөр байр ирж үзээд сонгоод миний Хаан банкны дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед бид ажилчдын цалин тавих мөнгөгүй байсан тул Дашболдод хэлэхэд “ажилчдын цалингааа тараа” гэсэн тул яг тэр үед нь цалинд тарааж өгсөн.Одбаяр банкны зээл хөөцөлдөөд эхлээд банк нь өөрчлөгдөж Капитал банкыг сонгосон. Гэтэл банк заавал урьдчилгаа мөнгөө байршуулахыг шаардсан.Мөнгө байхгүй болсон байсан. Иймд би төлөх үндэсгүй. Айргийн хоолой ХХК-ийн Дашболд хариуцах учиртай гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 843 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Н.Мөнхтөрөөс 20.000.000 төгрөг гаргуулан Э.Одбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 257.950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Иргэн Э.Одбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь “Н.Мөнхтөрийн дансанд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны урьдчилгаа болгон шилжүүлсэн 20000000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүх тухайн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж надаас 20,000,000 төгрөг гаргуулан Э.Одбаярт олгох шийдвэр гаргасан юм.

Энэ шийдвэрийг миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Иргэн Э.Одбаярын нэхэмжлэлийг хариуцах ёстой буюу хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг биш, тухайн нэхэмжлэлийг чариуцвал зохих этгээдтэй хэлцэл хийж үүрэг гүйцэтгэж байсан Н.Мөнхтөрийг хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргагч Э.Одбаяр нь орон сууцны урьдчилгаа гэж 20.000.000 төгрөгийг Н.Мөнхтөрийн дансанд хийсэн, тэр мөнгийг тэр үед баригдаж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22 дугаар байрнаас арктай 1 өрөө байр худалдан авахаар Айргийн хоолой ХХК-ийн захирал Ч.Дашболдын зөвшөөрлөөр Н.Мөнхтөр нь дээрх барилгыг барих барилгын ажлын даамлаар ажиллаж байхдаа тэр даруйд нь барилгын ажил хийж байсан ажилчдад цалин гэж тараасан байна. Тэр үед барилга дээр ажиллаж байсан ажилчид дээрх барилгын эзэн болох Ч.Дашболдоос цалингаа шаардаж Ч.Дашболд нь цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан юм. Э.Одбаяр нь зөвхөн миний данс руу мөнгөө шилжүүлсэн болохоороо надаас 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлийг хариуцах жинхэнэ эзэн нь Ч.Дашболд буюу Айргийн хоолой ХХК юм.

Н.Мөнхтөр нь Э.Одбаярын Ч.Дашболд буюу Айргийн хоолой ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно гэж үзэж тэрхүү гэрээг нэхэмжлэгч Э.Одбаяр болон Айргийн хоолой ХХК-ийн захирал Ч.Дашболд нараас гаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан 5оловч Ч.Дашболд, Э.Одбаяр нар нь хэрэгт тухайн гэрээг байхгүй гэж мэлзэж нотлох баримт гаргаж эгөөгүй юм. Ер нь ямар ч тохиолдолд банкнаас ипотекийн зээл авахад банк нь тухайн орон сууцыг барьж 5айгаа компанитай байгуулсан иргэний Орон сууц худалдах, худалдан авах гэрээг шаарддаг, түнийг зээл хүссэн материалд авдаг учраас тэдний хооронд байгуулагдсан гэрээ Ч.Дашболд, Э.Одбаяр нар болон тухайн үед Э.Одбаярын зээл хүссэн банкуудын аль нэгэнд заавал байгаа учраас шүүх тухайн гэрээг заавал нотлох баримтаар гаргуулсны эцэст энэхүү маргааныг шийдвэрлэх ёстой байжээ.

Мөн Э.Одбаярын гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2016/00843 дугаартай шийдвэр нь хуульд заасан “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Учир нь тухайн шийдвэрийн тодорхойлох хшон үндэслэх хэсэгт “ ... Мөнхтөр байр ирж үзээд сонгоод миний Хаан банкны дансанд 200000000 "төгрөг шилжүүлсэн” гэж хариуцагч тайлбарласан гэсэн нь утга уялдаагүй дүгнэлт болсон, өмгөөлөгч миний бие тухайн шүүх хуралдаанд оролцсон боловч намайг шүүх хуралдаанд оролцсон талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байна.

Иймд миний гаргаж байгаа энэхүү гомдлыг хүлээн авч хэргийг хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэмэлт нотлох баримт буюу Худалдах худалдан авах гэрээг болон ажилчдын цалин тавьсан, Н.Мөнхтөр нь барилга дээр даамлаар ажиллаж байсан зэргийг нотлох баримтыг бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийн ойлгомжгүй хэсгүүдийг тодорхой болгуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах эсхүл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Э.Одбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Одбаяр “Айргийн Хоолой” ХХК-ийн барьсан орон сууцнаас худалдан авахаар орон сууцны урьдчилгаанд 20.000.000 төгрөгийг хариуцагч Н.Мөнхтөрийн Хаан банк дахь хувийн дансанд нь шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар Хаан банкны дансанд шилжүүлсэн орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Н.Мөнхтөр нь 20.000.000 төгрөг нь миний дансанд орсон боловч би авч хэрэглээгүй, ажилчдын цалинд тавих мөнгөгүй учраас цалинд тараасан “Айргийн Хоолой” ХХК-ийн захирал Дашболд хариуцах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч маргааны үйл баримтын талаархи өөрийн тайлбар татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н.Мөнхтөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                    ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

                   С.УРАНЧИМЭГ