Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01100

 

Н.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05925 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1107 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-од холбогдох,

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 71 тоот орон сууцыг Д.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоот байрлах 47.2 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлэн уг байрыг өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Байрандаа нүүн орох гэтэл Д.Б- болон түүний ах, дүү гэх н.Энхболд, н.Оюунбилэг нар нь одоог хүртэл байр чөлөөлж өгөхгүй, 9 сар болж байна.Иймд эдгээр хүмүүсийг байрнаас албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ц- надтай хэлцэл хийж, 50 000 000 төгрөгөөр байр худалдаж авахаар тохиролцсон. 25 000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 25 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр саадгүй өгнө гэж гарын үсэг зурж хэлцэл хийсэн. Үлдэгдэл 25 000 000 төгрөгөө өгөөд байраа ав, үгүй бол 25 000 000 төгрөгөө өгөөд миний байрыг буцаан өг. Шүүхээр яваад байх шаардлагагүй.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05925 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95/1 байрны 701 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204047285 дугаартай, 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1107 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05925 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ц-тай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 95/1 байрны 701 тоотод орших улсын бүртгэлтийн Ү-22204047285 дугаартай 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 25 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 25 сая төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр саадгүй өгнө гэж гарын үсэг зурж хэлцэл хийсэн. Гэтэл үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Болдын хувьд 25 сая төгрөгөө өгөөд байрыг маань ав, эсвэл 25 сая төгрөгөө өгөөд миний байрыг буцаан өг гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан. Нэгэнт л 50 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийгээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа нь яахаараа шударга эзэмшигч болдог юм бэ. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж Болдын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Ц- нь хариуцагч Д.Б-од холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 95\1 байрны 701 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээрх орон сууцыг 30 000 000 төгрөгөөр  худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу орон сууц өмчлөх эрх Н.Ц-гийн нэр дэр шилжжээ. Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнийг бичгээр байгуулсан гэрээнд 30 000 000 төгрөг гэж заасан боловч 50 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж зохигчдын хэн алин нь тайлбарласан байна. Харин уг 50 000 000 төгрөгөөс нэхэмжлэгч 25 000 000 төгрөг төлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч үлдэх 25 000 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан бол нэхэмжлэгч хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 25 000 000 төгрөгөөс гадна 8 000 000 төгрөг, 600 000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлосон байна.

Гэрээний зүйлийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих талаар зохигчид харилцан тохиролцоогүй, харин өмчлөх эрхийг шилжүүлснээс хойш үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардах эрхтэй гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцыг шилжүүлэхийг шаардах эрхтэйгээс гадна ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлөх эрхтэй байна. Харин нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөрөө төлсөн тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлнэ гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, талуудын тохиролцоогоор үгүйсгэгдсэн гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05925 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН