| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0248/И |
| Дугаар | 267 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р баг Аман усны 31-р байр 5 тоотод оршин суух, Лувсанцэрэнгийн Нямдаваа /ЕН54011511, утас: 96291555/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р баг Улаан-Уулын аман ус гудамж 22-р байр 02 тоотод оршин суух, Барлаг овогт Тунгалагийн Амгалан /ЕД83100164, утас:91178737/-д хариуцагдах
“Зээл,зээлийн хүү, алданги, зардал нийт 881,900 төгрөг” гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Нямдаваа, хариуцагч Т.Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Нямдаваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 29-нд тус сумын хүн эмнэлэгийн нярав ажилтай Т.Амгаланд 500,000 төгрөгийг сар бүрийн 15%-ийн хүүтэй, хугацаа хожимдуулвал үндсэн зээлийн 1%-тай тэнцэх алданги хожимдуулсан хоног бүртээ төлөхөөр тохиролцон гэрээ байгуулж зээлүүлсэн. Гэтэл одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа юм. Зээлийн гэрээгээ 2016 оны 08 дугаар сарын 01 хүртэл сунгасан боловч зээлийн хүү гэж 700,000 төгрөг өгөөд бусдыг нь өгөхгүй гэж байгаа. Иймд гэрээний дагуу 11 сарын хүү 825,000 төгрөг 330 хоногийн алданги үндсэн зээлийн 50%-тай тэнцэх алданги 250,000 төгрөг, үндсэн зээл 500,000 төгрөг бүгд 1,575,000 төгрөг авахаас хүүгээс 700,000 төгрөг өгснийг хасаад үлдэх 875,000 төгрөгийг Т.Амгалангаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн суудлын зардал 6,900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Л.Нямдаваа шүүх хуралдаанд: “... 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т.Амгалан нь би Замын-Үүд явах гэсэн юм 500,000 төгрөг зээлээч гэсний дагуу би 30 хоногийн хугацаатай сарын 15 хувийн хүүтэй зээлсэн. 30 хоног өнгөрсөн тэгэхээр нь би гэрээний хугацааг сунгасан. 2016 оны 08 дугаар сарын 01-нд зээлийн гэрээний хугацаа сунгасан баримтанд гарын үсэг зуруулсан. 700,000 төгрөгийг надад 3 сард өгсөн, би энэ мөнгийг хүү гэж тооцож авсан, гэрээний дагуу мөнгөө нэхэхэд өгөхгүй гэхээр нь би шүүхэд хандсан. 875,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл өгөхдөө ирсэн замын зардал 6,900 төгрөг нийт 881,900 төгрөгийг би Т.Амгалангаас авах үндэслэлтэй. Гэрээн дээрх 11 сар буюу 330 хоног гэснийг би шүүхэд нэхэмжлэл өгөх хүртлээ тоолоод тавьсан. Уг гэрээг би 2016 оны 01 сард бичиж 04 дүгээр сарын 01 эцсийн хугацаа шүү гэж хэлэхэд Т.Амгалан зөвшөөрөөд гарын үсгээ зурсан. Мөнгийг өгөхгүй болохоор нь би сар болгон очиж нэхэхэд Т.Амгалан нь өөрөө 8 сарын 01 гэсний сарыг байнга штрикдээд засаад бичдэг байсан 8 гэснийг сүүлд Т.Амгалан өөрөө засаж бичсэн” гэв.
Хариуцагч Т.Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан иргэн Л.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Миний бие Л.Нямдаваагаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлж авсан. Тухайн үед Л.Нямдаваа уг мөнгийг 15 хувийн хүүтэй зээлүүлнэ гэсэн. Энэ мөнгө надад хэрэгтэй байгаагүй бөгөөд өөр хүнд энэ мөнгийг зээлж авч өгсөн. Гэтэл энэ мөнгийг зээлж авсан хүн нь хугацаандаа мөнгөө буцаан өгөөгүйн улмаас ийнхүү хугацаа алдсан. Улмаар би цалингийн зээл аваад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 700,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Нямдаваагийн данс руу шилжүүлсэн. Л.Нямдаваатай зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, амаар харилцан тохиролцсон бөгөөд 2016 оны 02 дугаар сард цагаан сарын баяраас хойш Л.Нямдаваа нэг бичиг дээр гарын үсэг зуруулж авсан. Энэ бичигт авсан мөнгөө 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлж дуусгана гэсэн байсан. Одоогоор би эрхэлсэн тодорхой ажилгүй өвчтэй хүүхэд асарч байна. Л.Нямдаваа нь хугацаа хэтэрсэн хоног тутам 1 хувийн алданги тооцож нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Мөн түүний тогтоосон хүү нь банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард зэрэг зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хүүнээс хэд дахин өндөр байгааг анхаарч үзнэ үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тунгалаг шүүх хуралдаанд: Т.Амгалан Л.Нямдаваатай аман гэрээ хийж 500,000 төгрөгийг авсан. 2016 оны 01 сард Л.Нямдаваа нь ирж цаад талын хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 01 гэж гэрээнд гарын үсэг зуруулсан гэсэн. Тэгээд Т.Амгалан 03 дугаар сарын 31-ний өдөр 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн. Тухайн гэрээг хийгээгүй, энэ хүн өөрөө сар өдрийг дарж гэрээг сунгасан гэсэн тийм учраас зөвшөөрөхгүй. Т.Амгалангийн өгсөн 700,000 төгрөгийг зөвхөн хүү гэж байна яаж ч бодсон 3 сар хүртэл хүү тийм их байх ёсгүй. Эцсийн хугацаа 4 сарын 1 гэж хэлсэн учраас 03 сарын 31-ний өдөр зээл авч өгсөн. Сар болгон очиход Т.Амгалан штрикдээд өөрөө засдаг гэж байна. Гэрээг сайн харвал 4 тоог ганцхан удаа штриктээд 8 болгосон байгаа. 4 тоо харагдаж байна лээ. Олон удаа штриктсэн бол арай өөр байна байх” гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Нямдаваа нь хариуцагч Т.Амгаланд холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, алданги 875,000 төгрөг, шүүхэд ирж нэхэмжлэл өгсөн зардал 6,900 төгрөг нийт 881,900 төгрөг гаргуулахыг хүссэннэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч зээлдүүлэх, зээлдэх гэрээгээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд өдөр бүр үндсэн зээлийн 1 хувьтай тэнцэх алданги бодохоор гэрээ байгуулаад хугацаандаа өгөөгүй учраас гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан гэрээний дагуу 11 сарын хүү 825,000 төгрөг, 330 хоногийн алданги үндсэн зээлийн 50 хувь 250,000 төгрөг, үндсэн зээл 500,000 төгрөг нийт 1,575,000 төгрөгнөөс хүү гэж авсан 700,000 төгрөгийг хасаад 875,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ирсэн зардал 6,900 төгрөг нийт 881,900 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.
Хариуцагч Т.Амгалан зээлийг хүүгийн хамт 700,000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. Тэрээр өөрийн татгалзлалаа 500,000 төгрөгийг аман гэрээгээр 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 20 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй авсан. Л.Нямдаваа 2 сард 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эцсийн хугацаа шүү гэж бичгэн дээр гарын үсэг зуруулсан би цалингийн зээл аваад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 700,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа болно.
Хариуцагч Т. Амгалан нь Л.Нямдаваагаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 15 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд өдөр бүр үндсэн зээлийн 1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр гэрээ байгуулсан /хх-5/. Т.Амгалан нь хугацаандаа зээл, хүүг өгөөгүй учраас Л.Нямдаваа нь 2016 оны 01 сард гэрээний хугацааг 04 сарын 01 хүртэл сунгаж гэрээ байгуулж /хх-6/, Т.Амгалан нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 700,000 төгрөгийг Л.Нямдаваагийн Төрийн банкны дансанд хийсэн /хх-17/ зэрэг үйл баримт тогтоогдов.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Нямдаваагийн шилжүүлсэн500,000 төгрөгийг хариуцагч Т.Амгалан нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буцаан өгөх үүргийг тус тус хүлээн бичгээр гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэхээр байна.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүүг тогтоож болно”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана“, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д ”үүрэг гүйцэтгэгч хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй...” гэж заасны дагуу зохигчид зээлийн гэрээг бичгээр хийсэн ба нэхэмжлэгч Л.Нямдаваа нь хариуцагч Т.Амгалангаас зээлийн гэрээнд заасан хугацаанд тохирох хүү, алдангийг шаардах эрхтэй.
Хариуцагч Т.Амгалан амаар тохиролцсон, 20 хоногийн хугацаатай гэх боловч 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэж бичснээс үзэхэд 30 хоногийн хугацаатай байгуулсан, хариуцагч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан нь зээлийн гэрээгээр /хх-5/ нотлогдож байна. Мөн гэрээний хугацааг сунгасан хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд байгаа гэрээний талаар хариуцагч Т.Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа “2 сард цагаан сарын дараа 2016 оны 04 дүгээр сарын 01 эцсийн хугацаа гэж гарын үсэг зуруулсан” гэж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “2016 оны 01 сард Л.Нямдаваа нь ирж цаад талын хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 01 гэж гэрээнд гарын үсэг зуруулсан гэсэн” гэж, нэхэмжлэгч Л.Нямдаваа хугацаандаа өгөхгүй байсан учраас 1 сард очиж уг гэрээг 4 сарын 01 гэхэд өгөөрэй гэж хийсэн, 11, 330 гэсэн сар, хоногийг би шүүхэд нэхэмжлэл өгөхдөө өөрөө бичсэн харин 8 гэснийг Т.Амгалан бичсэн, сар болгон би очиж нэхэхэд Т.Амгалан өөрөө штриктэж засаж бичдэг гэж тайлбарлаж байх боловч дээрх /хх-6/ гэрээний хугацааг 2016 оны 01 сард 2016.04.01 хүртэл сунгасан нь зохигчдын хуралдаанд гаргасан тайлбар, гэрээнээс харагдаж байна.
Нэхэмжлэгч Л.Нямдаваа нь зээлийн /хх-5/ гэрээний дагуу үндсэн зээл 500,000 төгрөг, хүү 75,000 төгрөг нийт 575,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буцаан өгөх үүрэгтэй гэтэл 3 сарын хугацаа хэтрүүлсэн, гэрээнд заасны дагуу алдангийг тооцох боловч хуулийн дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож /575,000:2=287,500/ 287,500 төгрөг, нийт 862,500 төгрөгийг, 2016 оны 1 сард хугацаа сунгасан зээлийн /хх-6/ гэрээний дагуу 2016 оны 2, 3 сарын хүү 150,000 төгрөг нийт /862,500+150,000=1,012,500/ 1,012,500 төгрөгийг хариуцагч Т.Амгалангаас шаардах эрхтэй. Хариуцагчийн төлсөн 700,000 төгрөгийг 1,012,500 төгрөгнөөс хасч тооцвол 312,500 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 312,500 төгрөгийг хангаж, 569,400 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ирсэн унааны зардал 6,900 төгрөгийг нэхэмжлэгч шаардсан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах нь зохигчийн эрх тул унааны зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчЛ.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хуваарилан хариуцагч Т.Амгалангаас 10,025төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Т.Амгалангаас 312,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Нямдаваад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 569,400 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,720 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Амгалангаас 10,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Нямдаваад олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ