| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/02256/И |
| Дугаар | 210/МА2025/00197 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00197
******* ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/03728 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 30,210,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч ******* нь 2022 оны 04 сарын 16-ны өдөр №ЗГ******* тоот Зээл болон Барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ******* УБД улсын дугаартай, Тоёота сай/Toyota Sai/ маркийн автомашиныг барьцаалж тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 20,860,000 төгрөгийг нэг сарын 2,7 хувийн хүүтэйгээр зээлсэн.
1.2. Тус Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь биелүүлээгүй. Мөн 2023 оны 04 сард зээлдэгч ******* нь барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулсан боловч худалдаж авсан хүн нь машинтай ор сураггүй алга болсон гэж мэдээлсний дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашиныг байгууллагын эрх мэдлийн хүрээнд холбогдох ажиллагаа хийж ажилласан боловч олдоогүй байна.
1.3. Зээлдэгч ******* зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байх тул зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 17,369,326.21 төгрөг, зээлийн хүү 8,211,372.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,597,630.31 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 2,720,000 төгрөг, авлага /торгууль, татвар/ 311,748 төгрөг, нийт 30,210,076 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос 27,178,328 төгрөгийг гаргуулж, ******* ББСБ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,031,748 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 293,841 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ******* миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2024/03728 дугаар шийдвэрийг 2024 оны 12 сарын 11-ний өдөр гардаж авсан
4.2. Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 05 сарын 22-ны өдрийн №15 тоот гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх ЭХХШТХ болон Иргэний хуулийн зүйл заалтыг эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухайн тогтоолын 1.3 мөн зүйлийн 115.3-т зааснаар Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.
4.3. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж буруутайд тооцохгүй гэсэн зарчмаас үүдэлтэй тул гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар иргэний журмаар шийдвэрлэж болохгүй гэж тодорхой заасан байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. 2023 оны 02 сард зээлийн төлөлт хийгдээгүй учраас ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч *******т зээл төлөх хугацаа нь 2 сар өнгөрч буйг сануулахад зээлдэгч нь автомашинаа хүнд худалдсан боловч худалдан авагч нь мөнгө өгөхгүй байна. Цагдаад гомдол гаргах гэтэл тээврийн хэрэгслийн үндсэн өмчлөгч буюу ******* ББСБ ХХК гомдол гаргах юм гэж мэдэгдсэний дагуу зээлдэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдолд зээлдэгч гэрчээр оролцсон.
5.2. Хариуцагч ******* нь ******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.7, 3.9, 3.4 дэх хэсэгт заасан заалтыг санаатай зөрчиж бусдаас урьдчилгаа төлбөр авч барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан. Цагдаагийн байгууллагын шалгаж байсан уг хэргийг цагдаа болон Прокурорын байгууллага гэмт хэргийн шинжгүй, гэрээний дагуу иргэд хоорондын маргааны асуудал гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
5.3. Манай байгууллага хариуцагч *******т холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь цагдаагийн байгууллагад шалгагдсан дээрх гомдолтой холбоогүй асуудал. Гомдолд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар хэсэг буюу гэрээ цуцлах үндэслэл дурдсан 7.1.1, 7.1.5, 7.1.8 дахь заалтуудыг үндэслэн гэрээг цуцлан хариуцагч *******оос барьцааны зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг сонголгүй, зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
5.4. Мөн хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэсэн нь ******* ББСБ ХХК болон зээлдэгч ******* нарын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээтэй холбогдолгүй. Нэхэмжлэгч нь иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний маргаантай холбоотой нэхэмжлэл гаргасан болохоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй гэдгийг дурдья. Иймд хариуцагч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж хохироосон тул түүний гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,210,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 04 сарын 26-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, ******* ББСБ ХХК нь *******той 2022 оны 04 сарын 16-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 20,860,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, тохирсон хугацаанд авсан зээлээ хүүгийн хамтаар төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, мөн энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 04 сарын 16-ны өдрийн ******* тоот Барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* УБД улсын дугаартай, Тоёота сай/Toyota Sai/ маркийн автомашиныг барьцаалахаар харилцан тохиролцсон баримтыг зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.
5. Зээлдүүлэгч нь дээрх зээлийн гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үйл баримтад талууд маргаагүй.
Нэхэмжлэгч талаас гаргасан зээл, зээлийн хүүгийн тооцооллоос дүгнэхэд 2023 оны 01 сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний зөрчил үүсгэсэн бөгөөд уг хугацаанаас хойшхи хугацааны зээлийн гэрээний үндсэн зээл 17,369,326 төгрөг, зээлийн хүү 8,211,372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,597,630 төгрөг, нийт 27,178,328 төгрөгийн төлбөртэй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
6. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,178,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс болон авлага /торгууль, татвар/ нийт 3,031,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
7. Хариуцагчийн гаргасан ... эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг ... иргэний журмаар шийдвэрлэж болохгүй... гэсэн гомдлыг хангахгүй.
Учир нь хариуцагч татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/03728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР