Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 91

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч С.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О-д холбогдох 1935001710089 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1955 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Т суманд төрсөн, 64 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 1, Увс аймгийн ... оршин суух, С.О Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.О нь Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хууль сахиулагч буюу ..., дэслэгч, хохирогч Д.Б, ..., хохирогч С.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Гэм буруугийн талаар: 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Д.Б-ын “2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.Б, жолооч дэд ахлагч Б.О нарын хамт ... дугаар тойрог буюу Т, Д, С сумын нутгаар үүрэг гүйцэтгэхээр албаны УАЗ-2206 маркийн автомашинтай гарч 13 цагийн үед Т суманд очиж С.О гэж хүний шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр очиж уулзсан ... С.Б бид хоёр таны нэр дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шүүхийн шийдвэр 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, бусдын биед халдсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн шүүхийн шийдвэр байна энэ төлбөрийг барагдуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгтэл “би 100.000 төгрөгийн шийдвэрийг барагдуулах боломжгүй урьд нь би барагдуулчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.О ... таны нэр дээр 3 шүүхийн шийдвэр байна. Өмнө нь та 100.000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэсэн тань үнэн гэхдээ тэр бол өөр шийдвэр энэ удаагийн 100.000 төгрөгийн шийдвэр бол та бусдын биед халдсан гэсэн шийдвэр байна тийм болохоор та аль алиныг нь барагдуулах шаардлагатай гэж хэлсэн. ... С.Б бид хоёр дахин тайлбарлахыг оролдсон гэтэл тэр хүн огт хүлээн зөвшөөрөхгүй гэртээ байсан жижиг сүх авч  С.Б-ын нуруун тус газар нэг удаа цохисон, тэгтэл би С.О-ыг тэвэрч аваад сүхийг нь газар хаясан. Тэгээд гэрээс нь аваад гарахад надтай барьцалдаж байгаад гэрийн дэргэд байсан “Соёрхол” нэртэй архины шил авч миний толгой тус газар нэг удаа цохисон ...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

2. Хохирогч С.Б-ын “...2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр ... 13 цагийн үед Түргэн суманд очиж С.О гэдэг хүний шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр уулзсан. ... уулзаад Д.Б танд хоёр торгуулийн шийтгэвэр байна. 400.000 төгрөгийн нэг, 100.000 төгрөгийн нэг нийт 500.000 төгрөгийн шүүхийн шийдвэр байна гэхэд С.О 100.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 онд шийдвэр гүйцэтгэгч н.А гэдэг хүн ирээд 100.000 төгрөгийн шийдвэрийн мөнгийг аваад явсан гэж хэлсэн тэгэхээр нь би тэр хүнийг за хэдүүлээ машинаас буугаад танай гэрт орж уулзъя гээд тэдний гэр лүү Д.Б, Б.О, С.О-ын дүү н.Т гэдэг хүмүүс орсон. Тэдний гэрт ороод таны өмнө нь өгсөн 100.000 төгрөгийн шийдвэр тань өөр шийтгэврийн дугаартай өөр төрлийн зүйл хэсэгт заасан торгууль байна одоо танд хэлж байгаа 400.000 төгрөгийн шийтгэвэр бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, харин нөгөө 100.000 төгрөгийн шийдвэр нь бусдын биед халдсан гэх утгатай торгууль байна гэхэд ...тамхи татах гэж байгаад орхиж босоод гэрээс гарч хашаан дотроо юм хайж алхаж байгаад буцаад гэртээ орж ирээд жижиг сүх аваад над руу далайж намайг цохих гэсэн тэр үед би орон дээр сууж байсан болохоор урагш тонгойгоод босоход миний нуруун тус газар сүхний мөргөөр нэг удаа цохисон тэр үед Д.Б тэр хүнийг барьж сүхийг нь газар хаясан. ... Д.Б-ыг шилээр цохисон гэж Д.Б хэлсэн би яг цохиж байхыг нь хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

3. Гэрч Б.О-ын “... С.О ... гэрээсээ гарахаар нь би араас нь гарч машины шил хагалчих байх гээд хашааны гадна гарахад байхгүй болохоор нь би эргээд хашаа руу ороход С.Б О ороод ир намайг сүхээр цохиж байна гэж орилохоор нь би яваад ороход Д.Б С.О-ыг барьж авсан С.О нь гартаа сүх барьчихсан барьцалдаж байхаар нь би сүхийг нь гараас нь булааж авч газар хаясан. ...Д.Б С.О-той барьцалдаад гэрээс гарсан. Тэгтэл гэрийн гадна гараад С.О гэрийн дэргэд байсан “Соёрхол” нэртэй архины шилийг газраас авч Д.Б-ын толгой руу цохиод дахин цохих гэж далайхад нь Д.Б барьж авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

4. Гэрч С.Т-ийн “... тэгээд тэр хүмүүс маргалдаж С.О ах уурлаж гэрээс гарч хашаан дотор гүйж байгаад буцаж орж ирээд гэрийн зүүн талын хаяанд байсан жижиг сүхийг авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг залуу руу далайж цохих гэсэн тэгтэл би түүнийг хүн цохиод алчих байх гэж айгаад дундуур нь орж салгах гэсэн тэгтэл тэнд цуг явсан нэг залуу нь С.О ахыг тэвэрч аваад сүхээр цохиулсан ... Гэрт байхад С.Б-ыг нь сүхээр цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

5. Гэрч С.М-ын “Би Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажилладаг. 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх газрын даргын батлуулсан удирдамжийн дагуу Увс аймгийн Түргэн, Сагил, Давст сумуудад ажиллахаар төлөвлөгөөгөө батлуулаад газрын даргаас үүрэг аваад, аюулгүй ажиллагааны зааварчилгааны баталгаа гаргаад 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаангомоос Түргэн чиглэлд тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч С.Б, Д.Б, жолооч Б.О нар явсан. ...С.О гэдэг хүний гэрт очоод орой 19 цагийн үед над руу залгаад бид нар халдлагад өртлөө С.О 500.000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэхээс татгалзаж бид хоёрыг зодлоо. С.Б-ыг сүхээр цохиж, архины шилээр Д.Б-ыг цохисон гэж ярьсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

6. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.П-гийн “Иргэн Д.Б-н биед ... толгойн дагзны хэсгийн хуйханд эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гаднын мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ ... өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 333 дугаар дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/

7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.П-ийн “Иргэн С.Б-н биед ... нурууны хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гаднын мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ ... өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 332 дугаар дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/

8. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... гэмт хэрэг үйлдэх үед ашигласан 0.5 литрийн Соёрхол нэртэй архины шил 1 ширхэг, модон бариултай төмөр сүх 1 ширхэгийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон” тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/

9. Увс аймгийн Түргэн, Сагил, сумуудад албан ажлаар явах томилолтын удирдамж /хх-ийн 88 дугаар хуудас/

10. Увс аймгийн Түргэн, Сагил, Давст сумуудад явж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ажлын удирдамж /хх-ийн 89 дүгээр хуудас/

11. Увс аймгийн Түргэн, Давст, Сагил сумуудад нүүдэллэн ажиллах ажлын төлөвлөгөө /хх-ийн 93 дугаар хуудас/

12. Шүүгдэгч С.О-ын “ ... би уурлаж гэрийн зүүн хаяанд байсан жижиг сүх авч С.Б-ын нуруу хэсэг рүү цохисон. Тэгээд Д.Б нь намайг тэвэрч гараад гэрийн үүдэнд миний гарыг өчөөд дарахаар нь би гэрийн үүдэнд байсан архины шилийг авч цохиход Д.Б бараг оногдоогүй... Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрнө би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн нь үнэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн дүгнэлтүүд /№332, 333/-нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутагт Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Б, ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Б нар нь албан үүргээ биелүүлж явсан нь “Увс аймгийн Түргэн, Сагил, сумуудад албан ажлаар явах томилолтын удирдамж” /хх-ийн 88 дугаар хуудас/, “Увс аймгийн Түргэн, Сагил, Давст сумуудад явж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ажлын удирдамж” /хх-ийн 89 дүгээр хуудас/, “Увс аймгийн Түргэн, Давст, Сагил сумуудад нүүдэллэн ажиллах ажлын төлөвлөгөө” /хх-ийн 93 дугаар хуудас/, гэрч С.М-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.О нь Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Б-гыг архины шил буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч Д.Б-ын мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.П-гийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 333 дугаар дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Б-ыг сүх буюу зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч С.Б-ын мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, хохирогч Д.Б-гын мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч С.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.П-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 332 дугаар дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.-Б-ын биед “... толгойн дагзны хэсгийн хуйханд эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл ...”, хохирогч С.Б-ын биед “...нурууны хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл...” тус тус үүсэн боловч дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дах хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэх боловч шүүхийн хэлэлцүүлгээс тогтоосон үйл баримтын хүрээнд хохирогч нарын хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан болоогүй нь тогтоогдсон тул уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Харин шүүгдэгч С.О нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 71 дүгээр хуудас/-аар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “модон бариултай төмөр сүх” 1 ширхэг, “0.5 литрийн Соёрхол нэртэй архины шил” 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.О-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай

 

3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 литрийн соёрхол нэртэй архины 1 ширхэг шил, модон бариултай төмөр сүх 1 ширхгийг  тус тус  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА