| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/03907/И |
| Дугаар | 210/МА2025/00351 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00351
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/05277 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ерөнхий газрын харьяа ******* газарт холбогдох,
№*******, №******* мэдэгдэх хуудас, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 210/МА2023/01442 дугаар магадлалын дагуу ******* ерөнхий газрын харьяа ******* газарт гүйцэтгэгдэж байгаа төлбөр авагч ******* ХК, төлбөр төлөгч *******, ******* нарт холбогдох 1,428,401,553 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж байна.
1.2. 2024 оны 01 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *******, ******* нарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг мэдэгдэж танилцуулан Төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэж, мөн өдрөө №24360078/02 дугаартай Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, №******* дугаартай Зарлан дуудах мэдэгдэл, №******* дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийг өгч, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-д 2024 оны 01 сарын 15-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжит хугацааг нэхэмжлэгч нарт олгоогүй, ******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн №*******, №******* мэдэгдэх хуудас болон 2024 оны 01 сарын 10-ны өдрийн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр нэхэмжлэгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарласан.
1.3. Хариуцагчийн гаргасан тогтоол болон мэдэгдэх хуудасны үндэслэл буюу ******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан ... зорчих эрхийг түдгэлзүүлэх ... эрхийг ******* ерөнхий газарт олгосон бөгөөд энэ нь зөвхөн хуульд зааснаар төлбөр төлөгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь бүрдсэн, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх боломжтой арга хэмжээ буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлах тусгайлсан зохицуулалт юм.
1.4. Гэтэл №24360078 дугаартай гүйцэтгэх баримт бичигт нэхэмжлэгч *******, ******* нарыг эрэн сурвалжилсан баримт байхгүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дахь хэсэгт заасан гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байх, хөрөнгөө нуун дарагдуулсан байх, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад виз мэдүүлсэн, ашиг орлогоо өөр бусад этгээд рүү шилжүүлсэн зэрэг баримтгүй, эрх бүхий байгууллагаас тодорхойлсон тодорхойлолт болон албан бичиг байхгүй байхад ******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь ойлгомжгүй байна.
1.5. Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж байгаатай холбогдуулан эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан ч гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад дахин хууль зөрчиж дараагийн гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, удаа дараа хууль зөрчиж байгаа нь ******* тухай хуулийн 8 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг зөрчиж төлбөр авагчид давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаартай шийдвэрээр *******, ******* нараас 1,421,068,062 төгрөг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 сарын 18-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч *******, ******* нарт 2024 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй *******, ******* дугаартай төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг гардуулж, ******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгч *******, ******* нарын гадаадад зорчих эрхийг 2024 оны 01/126, 1/163 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн. Учир нь 2024 оны 01 сарын 10-ны өдөр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоол гарсан ба нэхэмжлэгч нар нь гомдлоо 2024 оны 05 сарын 17-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан.
3.2. Талууд тухайн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасан боловч хүлээн авснаас хойш 4 сарын дараа гаргаж байгаа нь хугацаандаа гомдол гаргаагүй гэж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ******* албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 8414 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ерөнхий газрын харьяа ******* газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. ******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгч төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно.
5.2. Төлбөр төлөгч *******, ******* нар нь дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж болон Гүйцэтгэх хуудас гарсан хэдий ч төлбөр төлөгч нар нь дээрх төлбөрийг төлөөгүй. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй бөгөөд төлбөр төлөгч нар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй буюу шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрөөс төлөлт хийгээгүй тул тэдгээрийг төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй.
5.3. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа үндэслэл, шалтгааныг тодруулаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрөөс яагаад төлөлт хийхгүй байгаа талаар, түүнчлэн төлбөр төлөгч нарын сарын дундаж орлогын хэмжээ, тухайн орлогоос төлөлт хийх боломжтой байсан эсэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд төлбөр төлөгчдийн зүгээс идэвхи зүтгэл гаргасан байдал зэргийг тодруулаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, төлбөр төлөгч нар нь санхүү, эдийн засгийн хувьд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжтой байхад төлөөгүй тохиолдолд тэднийг төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх боломжтой юм.
5.4. Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн буюу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж зохигчийн зүгээс маргаж байгаа үед нэхэмжлэгч нар нь дээрх шийдвэрийг хэзээ мэдсэн талаарх үйл баримт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
5.5. ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болох бөгөөд мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Тодруулбал, төлбөр төлөгч нар нь 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр-ийн талаар олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, гомдлоо шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульчилсан байна.
5.6. Хуулийн дээрх зохицуулалтаас хариуцагч нь нэхэмжлэгч нарт маргаан бүхий шийдвэрийг танилцуулсан эсэх нь чухал бус харин, нэхэмжлэгч нар нь хүчингүй болгуулахаар шаардаж буй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийн талаар анх хэзээ олж мэдсэн талаарх үйл баримт нь нэхэмжлэгч нар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхийг тогтооход ач холбогдолтой бөгөөд хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад гаргасан гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолтой одоо танилцаж байна гэсэн тайлбарт үндэслэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
5.7. Өөрөөр хэлбэл, логикийн хувьд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий шийдвэрийн талаар олж мэдсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой тул энэхүү шийдвэрийн талаар нэхэмжлэгч нар анх олж мэдсэн хугацааг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх энэ талаар анзаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Давж заалдах гомдолд дурдагдсан асуудлуудаар анхан шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан №*******, №******* мэдэгдэх хуудас, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 210/МА2023/01442 дугаар магадлалаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 1,421,068,062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн *******, гудамж, *******тоотод хаягт байрлах 148 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, №7 автомашины зогсоол, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн *******, , гудамж, , мансартын давхар тоот хаягт байршилтай 253 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн *******, , гудамж, , 1 ба 2 дугаар давхарын хойд талын хэсэг тоот хаягт байршилтай 264 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ./хх-7-19/
4. Дээрх шийдвэр, магадлалыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 182/ГХ2023/01117 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нар нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул ******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай санал хүргүүлснийг ******* албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 8414 дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******, ******* нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлэх ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон./хх-159-165/
5. Анхан шатны шүүх төлбөр төлөгч нар нь ашиг орлогоо мэдүүлээгүй, бусдад шилжүүлсэн, хөрөнгөө нуун дарагдуулах зэргээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, ******* албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 8414 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасанд нийцжээ.
Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар нь эрэн сурвалжлагдаагүй, төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй санаатайгаар зайлсхийсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь ******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг зөрчсөн байна.
******* тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан гурван үндэслэл тогтоогдсон нөхцөлд түдгэлзүүлэхийг ******* тухай хуулиар хязгаарласан байхад төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6. Гуравдагч этгээдийн ... Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг танилцуулсан эсэх нь чухал бус, харин нэхэмжлэгч нар нь хүчингүй болгуулахаар шаардаж буй шийдвэрийн талаар анх хэзээ олж мэдсэн талаарх үйл баримт нь нэхэмжлэгч нар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхийг тогтооход ач холбогдолтой бөгөөд хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт үндэслэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.
Төлбөр төлөгчийн ... гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулаагүй, энэ нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолтой одоо танилцаж байна гэсэн тайлбар, хариуцагч талаас ... тогтоолыг танилцуулаагүй ... гэх тайлбаруудаас дүгнэхэд маргаан бүхий тогтоолыг нэхэмжлэгч нарт танилцуулаагүй тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/05277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР