Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01013/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** дүгээр байр ****** тоотод оршин суух Дүүрэнсан овгийн Бямбадоржийн Батмөнх /РД: ТИ78021073, утас: 8928 8861/-ийн нэхэмжлэлтэй

“Хууль бусаар цагдан хоригдсоны сэтгэл санааны хохирол, бусад хохирол нийт 19,724,200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, төрийг төлөөлж хяналтын прокурор О.Доржмаа, иргэдийн төлөөлөгч П.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Б.Батмөнх миний бие нь 2015.08.27-ны өдрөөс 2015 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймаг дахь хорих 431-р ангийн цагдан хорих байранд 61 хоног цагдан хоригдсон юм. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас 2015.08.21-нд хохирогч Эрдэнэбаатарын амь насыг хохироосон гэх үндэслэлээр цагдан хоригдсон бөгөөд эхлээд сэжитнээр тооцож албадан саатуулагдан улмаар үргэлжлүүлэн таслан таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хоригдсон. Цагдаагийн байгууллагаас надад холбогдсон эрүүгийн хэргийг шалгаж 2015 оны 10 сарын 28-ны өдөр батлан даалтад гаргасан юм. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж үзээд хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт намайг буруугүй гэж үзэж надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож прокуророос тогтоол гарсан юм. Миний хувьд хүний амь насыг хохироогүй байхад нийт 61 хоног цагдан хоригдож, сэтгэл санаа, эрүүл мэнд, цалин хөлсөөрөө хохирсон юм. Дархан-Уул аймгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-нд 2003 оны 7 сараас эхлэн ажилласан бөгөөд өнөөг хүртэл ажиллаж байна. Өөрийн ажиллаж байгаа эрүүгийн хэрэг дээрээ өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Ж.Эрдэнэбаатар нартай эрх зүйн туслалцааны гэрээ байгуулан өмгөөллийн хөлс төлж эрх зүйн туслалцаа авч ажиллуулсан. Мөн энэ хугацаанд ажилдаа 61 хоног яваагүй. Үүнээс үүдэж цалингийн өр зээлний асуудалд орсон юм. Хуулинд зааснаар үндэслэлгүй хоригдсон 61 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж бодож 61х192200 тооцож 11724200 төгрөг, өмгөөлөгчид гэрээ байгуулсан өмгөөллийн хөлс төлсний 4,000,000 төгрөг ажилгүй 2 сая төгрөг мөн сэтгэл санааны хохирол 2 сая төгрөгийг тус тус гаргуулж нийт 19,724,200 төгрөгийг гаргуулан нэр төрийг минь сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Батмөнх нь Дархан-Уул аймгийн цагдан хорих байранд үндэслэлгүйгээр цагдан хоригдсон. 2015.08.27-оос 28-нд шилжих шөнө бусдын амь насыг хохироосон гэх үндэслэлээр Б.Батмөнхийг цагдан хорьсон. Дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Ингээд мөрдөн байцаалтаар шалгаад Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Батмөнх нь нийт 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон. Иймд үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны хохирол 11.724.200 төгрөг, өмгөөллийн хөлс 4.000.000 төгрөг, мөн Б.Батмөнх нь Дулааны цахилгаан станцад слесэрээр ажилладаг байсан. Үүний цалин 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000 нийт 19724200 нэхэмжилж байна” гэжээ.

Төрийг төлөөлж Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хуульд хууль бусаар цагдан хоригдсон бол нөхөн олговор олгож болно гэж заасан байдаг. Мөн хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож байгаа этгээдийг ямар нэгэн нөхцөл заалгүйгээр цагдан хорьж болно гэж заасан байдаг. Үүний дагуу цагдан хорих санал гаргаж шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд байгаа. Гэтэл Б.Батмөнхийн холбогдсон хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болон гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Мөрдөн байцаалт явуулаад Б.Батмөнхийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар зүйлчилж уг зүйл ангид заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт тооцогдож хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр гээд байгаа. Гэтэл тухайн гэрээнд ямар нэгэн төлбөр тооцоо тохиролцсон зүйл байхгүй. Мөн ажилгүй байсан хугацааны цалин, нэг сарын дундаж цалин гэж нэхэмжлээд байгаа. Гэтэл шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй. Тийм болохоор Б.Батмөнхийг үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бид бол Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. ЭХТА-н 99.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа цагдан хоригдсон гэж байна. Яг цагдан хоригдсон хугацаа нь Б.Батмөнхийг хүнд гэмт хэрэгт шалгагдаж ажиллагаа явагдаж байх үед нь цагдан хоригдсон үе шүү дээ. Түүнээс биш яг ЭХТА-н 99.1-т заасан хэрэгт шалгагдаж байхад нь цагдан хоригдсон зүйлгүй. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байсан. Б.Батмөнх нь Дулааны цахилгаан станцад ажиллаж байсан хүн биш. Төмөрлөгийн үйлдвэрт засварчин ажилтай хүн байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Батмөнх нь хууль бусаар цагдан хоригдсоны сэтгэл санааны хохирол, бусад хохирол нийт 19,724,200 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсоны улмаас учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заасны дагуу түүний нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хангах үндэслэлгүй байна.  

Дархан–Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б.Батмөнхийг холбогдуулан шалгаж 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр  Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 150 тоот захирамжаар 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 цаг 30 минутаас эхлэн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02 цаг 30 минут хүртэл сэжигтнээр баривчлагдан, сэжигтнээр болон яллагдагчаар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд мөн өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэрийлэх арга хэмжээ аван цагдан хорих байрнаас сулласан бөгөөд нийт  61 хоног цагдан хоригдсон байна.

Түүнд холбогдуулан шалгасан эрүүгийн 201509000638 тоот хэргээс Б.Батмөнхөд холбогдох А.Эрдэнэбаатарт хүнд гэмтэл учруулсан гэх үйлдлийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын  прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******  тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, ****** аймгийн Прокурорын газрын  прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******  тоот тогтоолооор мөн хуулийн ****** дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр буюу ... талийгаач А.Эрдэнэбаатарын биед учруулсан хөнгөн зэргийн гэмтэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд Б.Батмөнх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389 дүгээр зүйлийн 389.2-т заасны  дагуу байцаан шийтгэх ажиллагааны явцад учирсан хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрх үүсэхгүй бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3–т заасан тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгоогүй  тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах нөхцлүүдэд хамаарах үндэслэлгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд  61 хоног үндэслэлгүй цагдан хоригдсоныг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 200 төгрөөөр тооцон 11 724 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг, дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-т “өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах” эрхтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “…хууль зүйн туслалцаа авах…” гэж заасан иргэний үндсэн эрхийнхээ дагуу өмгөөлөгч Ц.Гэнэндуламыг эрх зүйн туслалцаа авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан өөрийн өмгөөлөгчөөр байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөллийн хөлсөнд  4 000 000 төгрөг,  нийт 19 724 200 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн  230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д   заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас хууль бусаар цагдан хоригдсоны сэтгэл санааны хохирол, бусад хохирол нийт 19 724 200  төгрөгийг гаргуулах тухай Б.Батмөнхийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч Б.Батмөнх  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ

                                              ШҮҮГЧИД                                                   Д.АЛТАНТУЯА

                                                                                                                  З.ТУНГАЛАГМАА