Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/00247

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04712 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь ******* гэх хүнтэй 2024 оны 03 сарын 25-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн *******ны ******* хотхоны ******* байрны *******тоотыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах /хүнсний дэлгүүр/ зорилгоор түрээсэлсэн.

1.2. Тухайн байрны СӨХ-өөс хэд, хэдэн удаа түрээслэхээс өмнөх буюу 03 сарын 10-ны өдрөөс өмнөх төлбөр болох 5,500,000 төгрөг төлөхийг сануулсан, *******д дамжуулж хэлсэн боловч мөнгө байхгүй байна гээд төлөөгүй.

1.3. 2024 оны 06 сарын 23-ны өдрөөс эхлэн тог тасална гэсэн учраас ******* СӨХ-ноос нэхэмжилсэн төлбөрийг зээлдүүлээч, дараагийн түрээслэгчээ олчихвол түрээсийн төлбөрөө аваад буцаагаад өгнө гэсэн тул 2024 оны 06 сарын 22-ны өдөр 5,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө буцаан төлөөгүй.

1.4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлж зээлдэгч *******ий өмчлөлд мөнгөн эд хөрөнгө шилжүүлсэн ба харилцан буцаан төлөх хугацааг тохирсон боловч зээлдэгч хугацаандаа тохирсон үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэг 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* Хан-Уул дүүргийн *******ны ******* хотхоны ******* байрны *******тоотод байрлах бүрэн тохижуулсан 7 нэрийн хүнсний дэлгүүрийг иргэн *******д 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 23/11 тоот Түрээсийн гэрээгээр 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн.

2.2. Түрээслүүлж байх хугацаанд ******* ХХК-аас ашиглалтын зардлын 5,548,000 төгрөгийг нэхэмжилж цахилгаан дулааны хязгаарлалт хийсэн тул 5,500,000 төгрөгийг иргэн *******аас авч 2024 оны 06 сарын 22-ны өдөр ******* ХХК-д 5,548,000 төгрөгийг шилжүүлж цахилгаан дулааны хязгаарлалтаас чөлөөлүүлсэн.

2.3. Тус түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2,2 дахь заалтад түрээсийн төлбөрийг 3 cap тутамд 1 сарын 3,000,000 төгрөгөөр хийхээр заасан байсан. Манай компани иргэн ******* нь 2024 оны 09 сарын 06-ны өдөр тус дэлгүүрийг чөлөөлж нүүсэн ба нүүхдээ 2024 оны 06 сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг, ашиглалтын зардлын нэхэмжлэлийн 2,034,671 төгрөг, нийт 9,234,671 төгрөгийн төлбөр тооцоог хийгээгүй болно. Манай компани иргэн *******ын эсрэг тухайн асуудлаар нэхэмжлэл гаргахгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан, *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар Ш.Отгонбаярыг томилсон шийдвэрийг буюу ерөнхий шүүгчийн захирамжийг шүүгч Д.Мөнхцэцэг 2024 оны 10 сарын 01-ний өдөр гаргасан байна.

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн гэх хүн байх бөгөөд түүний нэрийн өмнөөс буюу ерөнхий шүүгчийн эрхийг Д.Мөнхцэцэг шүүгч эдлэх эрх, хэмжээ байхгүй юм. Мөн тухайн цаг хугацаанд ерөнхий шүүгч Д.Даваасүрэн эзгүй, чөлөөтэй байсан гэх болон шүүгчдийн зөвлөгөөнөөр түүнийг орлон ажиллах шүүгчээр Д.Мөнхцэцэгийг томилсон, тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй тул хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

4.3. Нэхэмжлэгч ******* би тус шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,500,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба түрээсийн гэрээтэй холбоотой болон мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй болно.

4.4. Гэтэл анхан шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан буюу түрээсийн гэрээний харилцаа урьд байсан хэмээн дүгнэж хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэж байх атлаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа мөн хэрхэн, ямар нотлох баримтаар нотолж байгааг үнэлж, дүгнээгүй илт үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

4.5. Талууд урьд түрээсийн гэрээ байгуулсан, тухайн гэрээний дагуу түрээсийн 3 сарын төлбөр, 1 сарын барьцаа төлбөр 12,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авснаа, нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн гэх үйл баримт дээр талууд маргаагүй. Харин түрээсийн гэрээний төлбөр гэх 12,000,000 төгрөгөөс гадна 5,500,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан гэдгийг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй байхад түрээсийн гэрээний төлбөр байсан байна гэсэн нь анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй болох нь тогтоогдож байна.

4.6. Түүнчлэн 2024 оны 03 сарын 25-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт уг гэрээтэй холбоотой маргааныг Үндэсний ба олон улсын худалдааны арбитраар эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон байх тул түрээсийн гэрээний маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ердийн журмаар хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, шүүхийн харьяаллыг зөрчсөн дүгнэлтийг хийсэн.

4.7. Хавтаст хэрэгт авагдсан мөнгөн гүйлгээний баримтын гүйлгээний утга хэсэгт зээлдүүлэв гэсэн байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь дүгнэлтийг хийгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах ажиллагааг хийх боломжтой байсан.

4.8. Анхан шатны шүүх хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 сарын 15-ны өдөр 13 цаг 01 минутад Г.*******од өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг олгосон байдаг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах боломжоор хангаагүй хэргийг шийдвэрлэсэн.

4.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг цагийн хугацаанд хэргийн материалтай танилцах, судлах, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, мэдээлэл авах боломжгүй байсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Талууд 2024 оны 03 сарын 25-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, *******д байрлах ******* хотхоны ******* байрны *******тоот буюу 180 м.кв талбайтай, бүрэн тохижуулсан, супермаркеттай орон сууцыг сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Төлбөрийг 3, 3 сараар нь төлөхөөр тохиролцож, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөгийг гэрээний дагуу төлсөн.

5.2. Түүнчлэн 2024 оны 06 сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг гэрээний дагуу төлөх байсан боловч үргэлжлүүлэн түрээслэхгүй гээд түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... талуудын хооронд 2024 оны 03 сарын 24-ний өдрөөс эхлээд 1 жилийн хугацаатайгаар уг байрыг түрээслүүлэх, түрээсийн төлбөрийг өдөр тутамд нь төлж явахаар ийм гэрээ хийгдсэн байгаа. Түрээсийн төлбөрөө урьдчилж 5,500,000 төгрөг авсан, зээлж аваагүй тул буцаан төлөх үүрэггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 2024 оны 06 сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данснаас 5,500,000 төгрөгийг зээлдүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн баримт авагдсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад түүнийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Дээрх баримт нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боломжтой баримт байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР