| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1004 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 1004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн 1806 00061 0715 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Д.Б .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б нь хохирогчтой маргалдан улмаар зуурч жалганд хамт унаж, хохирогч Б.Батжаргал нь нуруун тус газраараа ир үзүүртэй зүйл дээр зоогдсон буюу Д.Б ийн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Батжаргалын биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19-23/, хохирогч Б.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-26-32/, гэрч Ж.Гэрэлсүхийн өгсөн мэдүүлэг /хх-47/, гэрч Л.Хулангийн өгсөн мэдүүлэг /хх-48/, гэрч Л.Соёлзулын өгсөн мэдүүлэг /хх-55-58/, гэрч Х.Батдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-59-61/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 713 дугаартай дүгнэлт /хх-68/, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-76-77/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторын ахлах шинжээчийн дүгнэлт /хх-85-86/, шүүгдэгч Д.Б ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90/, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх-24/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 600 дугаартай дүгнэлт /хх-70/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-81/, Б.Батжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-156/. Өвчний түүх /хх-162-182/, хохирлын баримтууд /хх-194-201, 207/, өмгөөлөгчийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-203, 239/, хохирогч Б.Батжаргалын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-206/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Б нь хохирогчтой маргалдан улмаар зуурч жалганд хамт унаж, хохирогч Б.Батжаргал нь нуруун тус газраараа ир үзүүртэй зүйл дээр зоогдсон буюу Д.Б ийн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Батжаргалын биед хүнд гэмтэл учирсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батжаргалын өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад учирсан гэмтлийг тухайн үед эхнэртэй нь зууралдаж байх үед Д.Б гэгч залуу над руу дайрч би болиулж гарын хорьж зогсож байтал миний араас Д.Б нуруу руу цохиод араас намайг хавсарч би газар ар нуруугаараа унаад босох гэтэл босч чадахгүй байсан. Намайг араас цохиод хавсарч унахад дээрхи гэмтэл учирсан. Намайг газар унахад хатуу зүйл нурууруу шаасан. Би хэвтэж байгаад өөрөө босох гэж оролдсон боловч босож чадахгүй байсан. Би унасан газар ямар нэгэн төмөр байгаагүй. Би жижигхэн судган дотор л унасан.” /хх-26-41/ гэх мэдүүлэг,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд: “...Хэргийн материалыг уншиж танилцлаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Нэмж шалгуулах зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй.” /хх-232/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Гэрэлсүхийн өгсөн: “...Би Хулангийн
хамтаар Б.Батжаргал тэр хоёрыг салгаад ахыг нь “та орон дээр сууж бай, би
найзыгаа аваад явлаа” гээд Батжаргалыг явъя гээд гарч машиныхаа хучлагийг аваад машинаа асаагаад байж байхад Батжаргал хүрч ирээд машинд сууж чадалгүй газар унаад өгсөн.” /хх-47/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Хулангийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн найзууд болох О.Саранцацрал, түүний нөхөр Б.Батжаргал, найз болох Гэрэлсүх нарын хамт дөрвүүлээ гадуур явж байгаад шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 2260б тоотод байрлах манай гэрт очсон. Батжаргал, Д.Б ах 2 зууралдаад унасан ба тэр хоёрыг салгах гэж байгаад Саранцацрал бид 2 унасан юм. Жалганаас гаргасаны дараа Батжаргал цасан дээр хэвтээд өгсөн бөгөөд манай ах цаанаа очоод суусан.” /хх-48-49/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Соёлзулын өгсөн: “...Батжаргалыг нөхөр цаанаас гүйж ирэн хажуунаас нь татаж цааш жалга руу Батжаргал. нөхөр Д.Б нар унаад би босч ирэхэд Хулан, Гэрэлсүх, Саранцацрал нар нөхөр Д.Б ийг Гэрэлсүх нь татаад газраас босгож, Батжаргалыг Хулан, Саранцацрал 2 очсон. Би нөхөр Д.Б ийг зүүн тийш тэднээс
холгүйхэн 20-30 алхам зайтай газарт очиж газар суулгаж эргэн харахад Батжаргал газар унасан гэх газраас урагш 20 орчим алхам газарт хэвтэж харагдсан.” /хх-55-58/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Батдэлгэрэхийн өгсөн: “...Тухайн үед ар нурууны зүүн дал орчимд 2 см орчим ил харагдах шарх үүссэн уртын хэмжээ тодорхойгүй тогтоох боломжгүй хүн манай эмнэлэгт ирсэн.” /хх-60-61/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 713 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Батжаргалынбиед цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэйзүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-68/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн: “...Дээрх дүгнэлтэд хохирогч Б.Батжаргалын биед биечлэн үзлэг хийхэд амьсгал авахад хэцүү, хэсэг газрын нөхөн үзлэгээр хэвлийд дотор мэс засал хийгдсэн зүүн суганы дунд шугмаар мэс заслын гуурс шургуулсан шархтай, зүүн даланд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай дээрхи шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” /хх-62-63/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Би Батжаргалтай ноцолдож байгаад санамсаргүй байдлаар жалганд унасан. Унахдаа би Батжаргалын дээр нь гараад унасан. Хохирлыг барагдуулсан.” /хх-225-226/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19-23/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-76/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-78-81/,
Шүүгдэгч Д.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90/,
Хохирлын баримтууд /хх-95-96, 198-201/,
Гэмтэл Согог судлалын Үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн өвчний түүх /хх-99-153/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Б нь хохирогчтой маргалдан улмаар зуурч жалганд хамт унаж, хохирогч Б.Батжаргал нь нуруун тус газраараа ир үзүүртэй зүйл дээр зоогдсон буюу Д.Б ийн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Батжаргалын биед хүнд гэмтэл учирсан байна.
Иймд шүүгдэгч Д.Б ийг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйльд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Батжаргалд учирсан хохирлын төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Үүнийг шүүхэс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэвч шүүхээс хохирогч Б.Батжаргалын цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Б д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон цэнхэр өнгийн цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Д.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг цамцыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Хохирогч Б.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС