| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00884/и |
| Дугаар | 1146 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00884/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *** тоотод оршин суух Б***овгийн Б*** Б*** /РД: ****, утас:***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, мангиртын *** тоотод оршин суух З*** овгийн О*** А*** /РД: ***, утас: ***/-д холбогдох
“Эмчилгээний зардал 82,600 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлогод 1,152,000 төгрөг, нийт 1,234,600 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***, иргэдийн төлөөлөгч Б.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр О.А*** гэх залууд цохиулж эрүүндээ гэмтэл авч хагалгаанд орж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Ингээд нийт 2015 оны 11 дүгээр сараас хойш 6 сар ажил хөдөлмөр эрхлээгүй. Энэ хугацаанд эмчилгээ 82.600 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Үүнд эм тариа, наркоз, ор хоногийн мөнгө багтаж байгаа. Би нийт 6 сар ажилгүй байсан. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 6 сард үржүүлээд 1.152.000 төгрөг нийт 1.234.600 төгрөгийг нэхэмжилж байна”гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өөрт тохирсон ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан гэж яриад байгаа. Ажил хийхэд хоол цайгаа яаж идэж уух юм бэ? Үүнээсээ болоод ажил хийж чадаагүй шүү дээ. Хариуцагч талыг ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Хадаас авахуулахдаа хүртэл санхүүгийн улмаас болж хамгийн бага үнэтэй мэдээ алдуулах тариаг нь хийлгэсэн. Түүнийг л нэхэж байгаа. Гэтэл хадаас авахуулахад зардал гардаггүй гэсэн гэж яриад байх юм. Нэхэмжлэлийн шаардлага болох эчмилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.234.600 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б.Б*** нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шатуудаас эхлэн олох ёстой байсан цалин хөлсөө нэхсэн хэдий ч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь гэм хор учирснаас шалтгаалан орлого багасч, ажилгүй болсон нь тогтоогдохгүй байгааг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн ** тоот шийтгэх тогтоолоор тодорхойлсон. Гэвч нэхэмжлэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй байсан хэдий ч дахин гэм хорын хохирол нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө эмчид үзүүлж эмчлүүлсэн төлбөр эм тарианы мөнгө болох 1,839,850 төгрөгийг сайн дураар төлж гэмт хэргийн улмаас Б.Б***гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулсан. Иймд хариуцагч О.А*** нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлж дууссан учир шүүх бодит байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 6 сарын хугацаанд ажил хийх боломжгүй болсон болохоор 1.152.000 төгрөг нэхэмжлээд байгаа. Гэтэл тухайн хугацаанд ажил эрхлэх боломжгүй байсан гэх нотлох баримт огт байхгүй. Мөн хөдөлмөрийн чадвар алдсан талаарх нотлох баримт байхгүй. Учир нь анх эмнэлэгт очиж үзүүлэхэд хүндэвтэр зэргийн гэмтэл байсан бол 8 хоногийн дараа хөнгөн гэмтэлд тооцогдсон. Нэхэмжлэгч Б.Б*** нь эрүүндээ гэмтэл авсан бол эмчийн заавар зөвлөгөөнд үндэслэж өөр тохирох ажлыг хийх боломжтой байсан. Гэтэл тийм санаачлага огт гаргаагүй. Шанаандаа хадаас хадуулаад хадаасыг нь хэзээ авсан нь тодорхойгүй байгаа. Тийм болохоор 1.152.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин эм тариа, ор хоногийн мөнгө зэрэг нийт 82.600 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй”гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*** нь хариуцагч О.А***эс Эмчилгээний зардал 82,600 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлогод 1,152,000 төгрөг, нийт 1,234,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч О.А*** нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрийн гадаа удаан дуут дохио дуугаргалаа, гэрт дураараа орж ирлээ гэх шалтгаанаар эрүүн тус газар нь цохиж доод эрүүний хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** тоот шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б*** нь ** тоот шийтгэх тогтоол гарсаны улмаас гэмтэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон хөдөлмөр эрхлээгүйгээс учирсан хохирол шаардаж байгаа бөгөөд хариуцагч О.А*** нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардалыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б*** нь Эрүүл мэндийн тухай хууулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах эрхтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар эмнэлэгийн яаралтай тусламжаас бусад эмнэлэгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах үүрэгтэй бөгөөд гэмтэлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний ор хоногийн 24 000 төгрөг, эмний үнэ 8 400 төгрөг, хагалгаа хийлгэхэд төлсөн төлбөр 50 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч аль эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, энэ талаар гарсан зардал зэргэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй тул хэрэгт авагдсан баримтаар Энхийн тун ХХК-иас авсан эмний үнэ 8 400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 74,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардалыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б*** нь гэмтэл авах үедээ Нэмэгтийн Тал ХХК-д жолооч мужаанаар ажиллаж байсан гэх боловч ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлж байсан талаархи нотлох баримтгүй бөгөөд Иргэний хууулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй тул Поликлиникийн үзлэгийн карт дахь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үзүүлсэн эмчийн үзлэгийн тэмдэглэлд хагалгаанд орж хадаас авахуулах гэсэн бичилтийг үндэслэн гэмтэл авсанаас хойш 5 сар хөдөлмөр эрлэх боломжгүй орлогогүй байсан гэж нийт 776 400 төгрөгийг О.А***эс гаргуулан 458 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505,2 -д зааснаар хариуцагч О.А***эс 776 400 төгрөг гаргуулан Б.Б***д олгож, 458 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*** тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 776 400 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 23,183.3 төгрөгийг хариуцагч О.А***эс гаргуулан төрийн сангийн 190 000 941 тоот дансанд орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА