Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1048

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Б д холбогдох эрүүгийн 1906 00000 0918 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын     5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн   дугаар багт оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд ял 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ч.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ч.Б  нь Г.Баасандоржтой бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм таур” хотхоны 217 дугаар байрны 58 тоотод оршин суух иргэн З.Мөнхзаяагийн гэрт нэвтэрч орж 24 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 776.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

             Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч З.Мөнхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-33-39/, гэрч А.Гантөгсийн өгсөн мэдүүлэг /хх-48-50/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-15/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-23-24/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-57/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27/ шүүгдэгч Ч.Б  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-96/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ч.Б  нь Г.Баасандоржтой бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм таур” хотхоны 217 дугаар байрны 58 тоотод оршин суух иргэн З.Мөнхзаяагийн гэрт нэвтэрч орж 24 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 776.800 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Мөнхзаяагийн өгсөн: “...Өнөөдөр өдрийн 12:05 цаг болж байхад гэрээсээ гарсан бөгөөд гарахдаа хаалгаа түгжээгүй хаагаад орхисон. Учир нь манай хаалга гадна талаасаа заавал түлхүүрээрээ онгойлгодог юм. 7 ширхэг түлхүүртэй бүх түлхүүр бүрэн байгаа. Үүнээс хойш 17 цаг өнгөрч байхад манай хүү Чинүүн хичээл тараад ирсэн гэсэн. Ирэхэд хаалга хагас онгорхой байсан гэсэн. Хүү тухайн үед юм бодоогүй гэртээ ороход гэрийн эд зүйлийг онгичиж ухсан байсан. Хүү маань утасгүй учир надтай ярьж чадаагүй намайг 18 цаг өнгөрөөд ирэхэд гэртээ сууж байсан. Би гэртээ ирээд 102-т дуудлага өгөөд орцны камераа шүүж үзэхэд манай хаалгыг тогшиж, “...хөшиг тогтоолгох айл мөн үү...” гэж асуусан хүн намайг гарсны дараа 5 орчим минут өнгөрөөд манай гэр рүү орж байгаа бичлэг авагдсан байсан. Уг хоёр хүн манай гэрт ороод 5-6 минут орчим болоод эргээд гарч байх бөгөөд гарахдаа саарал өнгийн чемодантай эд зүйл гартаа ногоон өнгийн даавуугаар ороосон эд зүйл бариад гарч байгаа бичлэг авагдсан байсан.” /хх-33-39/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баасандоржийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Б  манайд ирж “Сэлэнгэ аймаг руу ээж рүүгээ явах гэтэл замын зардлын мөнгө байдаггүй Баянмонгол хорооллын орчим суудаг хүнээс мөнгө зээлэх гэсэн юм хамт яваад өг” гэхээр нь зөвшөөрсөн. Хэсэг хугацааны дараа Ч.Б  над руу ярьсан. Би “Тайм товер” хотхоны 216 дугаар байрны гадаа очиход Ч.Б  саарал чемодан болон ууттай эд зүйл барьсан байсан ба би зарим нэг зүйлийг нь өргөөд замын хойд тал руу гарсан.” /хх-44-45/ гэх мэдүүлэг, 

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Гантөгсийн өгсөн: "...Би “Их уул залаат” харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг. 2018 оны 112 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байран дээрээ байхад 18 цагийн үед 217 дугаар байрны 58 тоотын оршин суугч З.Мөнхзаяа гэх эмэгтэй харуулын байранд орж ирээд “манай гэрч хулгай орсон байна, би цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Би З.Мөнхзаяагаас гэрээсээ хэдэн цагт гарсныг нь асуухад 15 цаг өнгөрч байхад гарсан. Намайг гарахаас өмнө хаалга тогшихоор нь онгойлгоход хар өнгийн куртик саравчтай малгайтай үл таних хүн “хөшиг тогтоолгоно гэж дуудлага өгсөн үү” гэж асуусан. Тэр хүн манай гэр рүү орсон байж магадгүй тул камер шүүж үзье” гэж хэлсэн. Ингээд би З.Мөнхзаяагийн хамт орцны камерын бичлэг шүүхэд З.Мөнхзаяаг гэрээсээ гарангуут нэг нь хар өнгийн куртик, саравчтай малгайтай, нөгөөдөх нь улаан өнгийн куртиктэй хоёр хүн гэр рүү нь зөрөөд орж байгаа харагдсан бөгөөд 30 минут орчим болоод тэр хоёр хүн З.Мөнхзаягийн гэрээс гарч байсан. Тэр хоёр залуу З.Мөнхзаяагийн гэрээс гарахдаа саарал өнгийн чемодан, цагаан өнгийн ууттай зүйл болон нарийхан урт зүйлийг цагаан өнгийн ууттай зүйл болон нарийхан урт зүйлийг цагаан өнгийн даавуу мэт зүйл ороогоод авч гарч байсан. Тэгээд камерын бичлэгийг үргэлжлүүлэн шүүхэд тэр хоёр залуу цахилгаан шатанд суугаад нэг давхарт бууж улаан куртиктэй залуу нь саарал чемоданаа чирээд орцноос түрүүлээд гарч харин хар өнгийн куртикттэй, саравчтай малгайтай залуу 3 минутын дараа гараад явж байсан.” /хх-48-50/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б  яллагдагчаар өгсөн: “...Би тухайн айлаас үүдэнд нь ил харагдсанаар нь олон төрлийн архи, виски, дарс, мөн сэлэм, бууны жад, эрэгтэй хүний гутал, гаанс гэх мэт зүйлийг хулгайлан авсан ба хулгайлсан эд зүйлсээ хохирогчид хүлээлгэн өгсөн. Баасандорж хамт хулгай хийе гэж хэлэхээр нь би зөвшөөрч хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-79-80/ гэх мэдүүлэг,  

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-15/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх23-24, 25-26/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-57/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх-76/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-30/,

Шүүгдэгч Ч.Б  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-96/ зэрэг болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Б  нь бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Мөнхзаяа, гэрч Г.Баасандорж, А.Гантөгс нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч Ч.Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Б  бусадтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм таур” хотхоны 217 дугаар байрны 58 тоотод оршин суух иргэн З.Мөнхзаяагийн гэрт нэвтэрч орж 24 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 776.800 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр,

тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Б  гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч З.Мөнхзаяа нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Ч.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан  тооцох нь зүйтэй байна.

 

        Шүүгдэгч Ч.Б  нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг

хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Б бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Ч.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ч.Б д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Ч.Б  цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Ч.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Ч.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС