| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1113 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Өсвөр насны шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Г ад холбогдох эрүүгийн 1906 02973 1332 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Б.Г 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Аман хуур” хотхоны орчимд 11 настай Т.Буянбадрахын Самсунг Жи-3 маркын 168.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр иргэн Ж.Дамбын гомдол /хх-4/, насанд хүрээгүй хохирогч Т.Буянбадрахын өгсөн мэдүүлэг /хх-8/, гэрч Б.Баасансүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-10/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-18/, өсвөр насны шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-35/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Б.Г 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Аман хуур” хотхоны орчимд 11 настай Т.Буянбадрахын Самсунг Жи-3 маркын 168.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Буянбадрахын өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 9-ний оройн 19 цагийн орчим өвөөгийнхөө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Аман хуур” хотхонд байдаг писи тоглоомын газар тоглож байхад миний хажууд хамт нэг зүс мэдэх нэрийг нь мэдэхгүй ах тоглож байгаад намайг миний машин дээр очоод Драгон болл нэртэй тоглоом авъя гэхээр нь би хамт писинээс дагаад гарч нөгөө ахын явсан зүг рүү явсан юм. Тэгээд нэлээн явж байгаад нөгөө ах над руу “утсаа өгчих би хүн рүү залгаад өгье” гэхээр нь өөрийн утсаа өгөхөд нөгөө ах миний утсыг оролдож байгаад “намайг одоо яв яв” гэхээр нь би “ утсаа авъя” гэхэд “хэрэггүй яв аа” гэхээр нь би тэр чигтээ яваад гэртээ очоод ээждээ хэлсэн.” /хх-8/ гэх мэдүүлэг,
Мөн хавтас хэрэг танилцуулсан тухай тэмдэглэлд: “...Санал хүсэлт байхгүй.” /хх-38/ гэх тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баасансүрэнгийн өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 9-ний оройн 19-21 цагийн хооронд Б.Г гэх залуу манай ломбарданд бичиг баримттайгаа ирсэн бөгөөд тухайн үед Самсунг Жи-3 маркын гар утсыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Тэгээд хэд хоногийн дараа байх санахгүй байна. Б.Г гэх залуу ээжтэйгээ ирж тухайн барьцаанд тавьсан Самсунг Жи-3 маркын гар утсыг барьцаанаас нь чөлөөлж аваад явсан.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Б.Г ын яллагдагчаар өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учраас ломбарданд гар утсыг 150.000 төгрөгөөр тавьсан.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,
Иргэн Ж.Дамбын гаргасан өргөдөл /хх-4/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-18/,
“Оюу ай сав” ХХК барьцаалан зээлдүүлэх гэрээ /хх-36/,
Өсвөр насны шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-35/ гэх зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар өсвөр насны шүүгдэгч Б.Г 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Аман хуур” хотхоны орчимд 11 настай Т.Буянбадрахын Самсунг Жи-3 маркын 168.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Буянбадрахын нарын өгсөн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Насанд хүрээгүй хохирогч Т.Буянбадрах нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Өсвөр насны шүүгдэгч Б.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын шинж чанар, төлөгдсөн байдал, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насын шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г ыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г ад сургалт хүмүүжлийн байгууллагад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг, санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186-189 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Г ад хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, өсвөр насны шүүгдэгч Б.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,
хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС