Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01053/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг мангиртын *** тоотод  оршин суух Х*** овгийн Н*** Э*** /РД: ***, ***/-ы нэхэмжлэлтэй

“Хууль бусаар цагдан хоригдсоны сэтгэл санааны хохирол, бусад хохирол нийт 67,770,658 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т***, төрийг төлөөлж хяналтын прокурор Г.Яндаг, иргэдийн төлөөлөгч Н.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Н.Э*** намайг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.18-ны өдрийн ******  дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн *** -р зүйлийн *** .1 дэхь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэж цагдан хоригдсон. ******, ******, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.11.09-ний *** дугаартай магадлалаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр ******,  аймгийн прокурорын газарт буцааж, миний бие 61 хоног хоригдож, 2015.11.17-нд суллагдсан. ****** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн 2016.03.15-ны *** дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уу, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.18-ны *** дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Монгол улсын хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2016.06.03-ны *** дугаартай тогтоолоор надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож 80 хоног хоригдоод суллагдсан миний бие нийт 141 хоног хоригдсон. 2015 оны 05.06-нд надад эрүүгийн хэрэг үүсгэн 2016.06.03 хүртэл 1 жил 27 хоногийн хугацаанд сэтгэл санааны хүнд дарамтад оруулж, хуулиар хамгаалсан эрх ашгийг минь зөрчсөн.

Иймд миний бие сэтгэл санааны хохирол 40,000,000 төгрөг, хоёр өмгөөлөгчийн ажлын хөлс 20,000,000 төгрөг, аваагүй цалин хөлс сард 825,825 төгрөгийн цалинтай бөгөөд 80 хоногийн цалин 2,202,2000 төгрөг, 2015 оны шагналт цалин 1,768,458 төгрөг, хохирогчид төлсөн 3,800,000 төгрөг, бүгд 67,770,658 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н.Э*** нь төрөөс цагдан хоригдсоны төлбөр нэхэмжилсэн. Н.Э*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн *** .1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн. 2015 оны 11  дүгээр сарын 17-ны өдөр Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж хорихоос суллагдаж байсан. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхийн *** дугаартай тогтоолоор цагаатгагдсан. Сэтгэл санаа хохирол 40.000.000 төгрөг, аваагүй цалин 2.202.000 төгрөг дээр 2015 оны шагналт цалин 1.768.458 төгрөг буюу нийт 3.970.458 төгрөг, хохирогчд төлсөн 3.800.000 төгрөг, хоёр өмгөөлөгчийн эрх зүйн туслалцааны хөлс 20.000.000 төгрөг гээд нийт 67.770.658 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүнд, эрүүл мэндээр хохирсон. Одоогоор ажилгүй байгаа. Өмнө нь Цахилгаан станцад машинистаар ажиллаж байсан. 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдээд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр цагаатгагдсан.  Н.Э*** нь энэ хэрэгт 1 жил 27 хоног шалгагдсан. Нийт 141 хоног цагдан цагдан хоригдсон. Эмнэлэгт 20 хоног эмчилгээ хийлгэж 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэжээ.

 Төрийг төлөөлж Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н.Э*** нь 67 770 658 төгрөгийг гэм хорын хохиролд төрөөс нэхэмжилсэн. Н.Э***ы үйлдэл нь Анхан болон Давж заалдах шатны шүүхээр гэм буруутай нь  тогтоогдож ял шийтгэгдсэн. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хяналтын шатны шүүхээр орсон. Улсын дээд шүүхийн тогтоолд Н.Э*** нь Б***ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан шинжийг агуулж бусдад гэм хор учруулж байгаа санаатай өгөгдөл хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг аргагүй хамгаалалт гэж дүгнэсэн.  Дээд шүүхийн тогтоолоор Б***ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Гагцхүү гэмтэл учруулахдаа аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэгдсэн хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Н.Э***ы мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ажиллгаа хийгдсэн. Уг ажиллагааны явцад мөрдөн байцаалт болон прокурор, шүүгч нараас ямар нэгэн хууль бусаар энэ хүнд ял оногдуулсан асуудал байхгүй. Нэхэмжлэгч нь Б***ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Цагдан хоригдсон болон сэтгэл санааны төлбөр, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалинг төрөөс гаргуулах үндэслэлгүй хэмээн үзэж байна. Цалинтай холбогдуулан хэлэхэд иргэний хэрэгт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Иймд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан болон энэ хэрэгт шалгагдаж энэ хэргийн улмаас ажилгүй болсон эсэхэд шүүх дүгнэлт хийх байх гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирлын төлбөр, өмгөөлөгчийн хөлс нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлд гэм хорын хохирлыг заасан байдаг. Үүнд мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг олгох гээд тодорхой заасан учир энд хууль бус ажиллагаа байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дугаар зүйлийн 389.2.2 389.2.3-т тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж заагдсан. Энэ заалтыг шүүх хэрэглэн мөнгө гаргуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэвэл цагдан хоригдсон гэх 141 хоногийн мөнгийг гаргуулах ёстой. Бусад төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э*** нь Хууль бусаар цагдан хоригдсоны сэтгэл санааны хохирол, бусад хохирол нийт 67,770,658 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсоны улмаас учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заасны дагуу түүний нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр зарим хэсгийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

****** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *** дугаар зүйлийн *** .1-д заасан гэмт хэрэгт Н.Э***ыг холбогдуулан 2015 оны   05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

  Н.Э***ы гэм буруугийн талаар  буюу хохирогч Ц.Б***т хүнд гэмтэл  санаатай учруулсан  талаар хэлэлцсэн  ****** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн шүүх хуралдаанаас түүнийг   гэм буруутайд тооцон 03 жил 10 сар хорих ял оногдуулан, цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцон 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэн  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлдаанаас 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 154 тоот тогтоолоор Н.Э***ы үйлдэл нь ... бодит агуулгаараа хууль бус халдагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл болжээ ... гэж дүгнэлт хийн Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон Н.Э***ыг цагаатгаж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож нэн даруй сулласан бөгөөд түүнийг цагаатгах тогтоол гарах хүртэл 81 хоног цагдан хоригдсон байна.  

Иймд Н.Э*** нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389 дүгээр зүйлийн 389.2-т заасны  дагуу байцаан шийтгэх ажиллагааны явцад учирсан хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй болсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2-т   заасан тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан гэж зааснаар Н.Э***д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах нөхцлүүдэд хамаарч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Н.Э*** нь эрүүгийн гэмт  хэрэгт  холбогдон шалгагдаж байх үедээ **** ТӨХК-д түлш дамжуулах цехийн түлш дамжуулахын машинч ажилтай байсан бөгөөд өөрийн хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 1 сарын дундаж цалин 825 825 төгрөг, тухайн жилийн эцсийн үр дүнгийн шагнал 1 768 458 төгрөг болох нь ажил олгогчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/*** тоот тушаал, тодорхойлолт, Нийгмийн даатгалын *** тоот дэвтэр дэхь  сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод  2016 оны 01 дүгээр сард 2 031 408 төгрөг, 02 дугаар сард 364 885 төгрөг, 03 дугаар сард 554 580 төгрөг, 4 дүгээр сард 130 824 төгрөг авч түүнээс шимтгэл төлсөн талаархи бичилт, даатгуулагчийн ажлын өөрчлөлтийн талаархи бичилт  зэргээр тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар аваагүй дундаж цалин хөлсийг шаардах эрхтэй тул  цагдан хоригдсон 80 хоногийн хугацааны нэг өдрийн цалинг 31,787  төгрөгөөр тооцож цалин 4 312 176 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.                                                             

Н.Э*** нь   эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ хохирогчийн зардалд 3 800 000 төгрөг төлсөн гэж нэхэмжилж байгаа бөгөөд  түүний гэм буруугийн талаар хэлэлцсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны  тэмдэглэлд хохирогчид  3 250 000 төгрөг төлсөн, хохирогч хүлээн авсан байдлаар тусгагдсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.4-т заасан иргэнээр нөхөн төлүүлсэн бусад зардалд оруулан тооцож 3 250 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Мөн Н.Э***  нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-т “өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах” эрхтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “…хууль зүйн туслалцаа авах…” гэж заасан иргэний үндсэн эрхийнхээ дагуу өмгөөлөгч  Ц.Туяа, А.Мөнхбат нарас  эрх зүйн туслалцаа авахаар харилцан тохиролцож өөрийн өмгөөлөгчөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг шаардах эрхтэй бөгөөд энэ нь   Эрүүгийн 2015090000344 тоот хэрэгт авагдсан, иргэний шүүх хуралдааны явцад шинжлэн  судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа  боловч дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

  “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу  өмгөөллийн хөлсөнд   өмгөөлөгч Ж.Т***д 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, өмгөөлөгч А.Мөнхбатад  2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг төлсөн  гэж бэлэн  мөнгөний  орлогын баримт ирүүлсэн  боловч эрүүгийн хэргээс шинжлэн судлагдсан нотлох баримт болох өмгөөлөгч А.Мөнхбаттай 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 71 тоот гэрээнд өмгөөлөлийн хөлсийг хэрхэн төлөх талаар тохиролцоогүй, уг  гэрээнд эрүүгийн хэргийн давах асуудлаар өмгөөлөгчийг сонгосон, өмгөөлөгч Ж.Т***тай байгуулсан гэрээнд шүүх хуралдаанд оролцох асуудлаар өмгөөлөгчийг сонгосон, өмгөөллийн үйлчилгээний хөлсийг тохиролцож төлөхөөр тохирсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгч нар үйлчүүлэгчээс авсан өмгөөллийн хөлсийг хүлээн авсан талаархи өөрт үлдэх хувийг баталгаажуулан, татвар төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Н.Э*** нь дээрхи эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д зааснаар сэтгэл санааны үр дагавараа арилгуулах эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй боловч  энэ талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар  зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй, сэтгэл санааны хохиролд ямар үндэслэлээр 40 000 000 төгрөг шаардаж буй нь тодорхойгүй, мөн цагдан хоригдсоноос зовон тарчилсан, сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамтад орсон эсэх, үүний улмаас сэтгэцийн талаар өвчин эмгэтэй болсон эсэх, энэ талаар эмчилгээ сувилгаа хийлгэсэн эсэх, нэр төр, алдар хүндээрээ хохирсон эсэх зэргийг тодорхойлоогүй мөн  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230 .2-т зааснаар эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх үндэслэлийг гагцхүү хуульд тусгайлан заасан  тохиолдолд олгохоор хуульчилсан  тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Иймд нийт  7 562 176 төгрөгийг  Н.Э***д Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн  230 дугаар зүйлийн 230.2,498 дугаар зүйлийн 498.4,511 дүгээр зүйлийн 511.1-д  заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас хууль бусаар цагдан хоригдсоны улмаас нөхөн төлбөрт 7 562 176 төгрөгийг гаргуулж Н.Э***д олгож,  60 208 ***2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч Н.Э*** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ

 

                                              ШҮҮГЧИД                                      Д.АЛТАНТУЯА

 

                                                                                                     З.ТУНГАЛАГМАА