Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00306

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/04577 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Гэрээнээс татгалзаж 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн, хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай газар болон уг газар дээрх 73.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар *******тэй тохиролцож, түүний дансанд урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2. Уг хашаа, байшин нь ******* банк ХК-ийн зээлийн барьцаанд байсан тул барьцаанаас чөлөөлж, 45-60 хоногт худалдах, худалдан авах гэрээг хийхээр тохиролцсон боловч барьцаанаас чөлөөлсөн баримтыг гаргаж өгөөгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна.

1.3. Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээнээс татгалзсан талаараа хэн аль нь зөвшөөрч байгаа. Хашаа, байшингийн түлхүүрийг нь 2023 оны 9 сард хариуцагчид өгсөн, анх хашаа, байшинг худалдан авахаар тохиролцох үед тамбур нь нурсан байсан, энэ талаар тухайн үедээ хэлцэл дээрээ бичсэн. Байшинд байсан болон хашаанд байсан зүйлийг аваад явсан зүйл байхгүй. Усны тэрэгний хувьд хажуугийн хүн нь гуйхаар нь өгсөн, нам даралтын зуухны гадна талыг настай хүн аваад явсан гэдэг. Эдгээрийг 600,000 төгрөгт тооцоод өгье гэсэн боловч хариуцагч зөвшөөрөөгүй. Нам даралтын зуухны гаднах гэр, толь, усны тэрэг зэрэг хүнд өгсөн зүйлийн үнийг төлөхөд татгалзахгүй.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Хашаа, байшингийн урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Мөнгө шилжүүлэхэд нь түлхүүрээ өгсөн байсан. 2023 оны 9 сард түлхүүрээ аваад ороход байшинд байсан ор, диван, зурагтын тавиур, ширээ, төмөр хаалга, төмөр иштэй лоом, жоотуу, усны тэрэг, нам даралтын зуух, гадаа байсан төмөр савлуур, 25 шуудай шахмал түлш зэрэг зүйлсийг авчирч өгөөд, мөн нураасан тамбурыг засаад өгвөл 5,000,000 төгрөгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Иймд тамбурын эвдрэл гэмтэл болон тухайн үед хүлээлгэн өгсөн эд хогшил буюу ор, ширээ, буйдан, зурагтын тавиур, нам даралтын зуух, гадаах савлуур болон гаражид байсан 25 шуудай нүүрс, багаж, усны тэргийг 5,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******ээс хашаа, хувийн сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гээс усны тэрэг, толь, нам даралтын зуухны гаднах гэрийн үнэд 1,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******гээс 28,550 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Зуслангийн бүрэн бүтэн дотор тавилгатай байшин, мөн гадаа гаражид эд хогшилтой нь хамтад нь худалдахаар болж диван, ширээ, зурагтын тавиур, гурвалжин толь, гадаа гаражид нам даралтын зуух, усны тэрэг, лоом, жоотуу, шахмал түлш нүүрс зэргийг хүлээлгэн өгсөн. Энэ бүгдийг хүлээн авч дотор эд зүйлс, гаражид байсан эд хогшилыг бусдад өгч, байшингийн гадна тамбер хэсгийн 7 м урттай, 1.5 м өргөнтэй блокон ханыг бүхэлд нь нурааж хажуу тийш нь унагаасан байсан.

4.2. Анхан шатны шүүхэд анх байсан үеийн зураг болон нэг ханыг эвдэж нурааж хохирол учруулсан хэсгийн зургуудыг өгсөн боловч ямар нэг дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

4.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан ба энэ төлөөлөгч нь тамбур нураасан байхад нь худалдан авсан гэж худал тайлбар хэлдэг, эсвэл нураагүй байсан зэргээр шүүхэд үнэн зөв мэдээлэл өгч чадахгүй байсан. Ямар ч хүн худалдан авч байгаа зүйл нь бүрэн бүтэн байхыг, шууд ашиглаж болох зүйлд л мөнгө төлж худалдан авдаг. Блок нь нураад ил ундуй сундуй болсон харагдаж байгаа байшинг хүн авахгүй. Байшингийнхаа үүдээр ороход саад болох төвөгтэй байхад ийм зүйлийг авахгүй байсан.

Иймд анхан шатны шүүх шүүхэд гарган өгсөн нотлох баримт болон талуудын мэтгэлцээний талаар бүрэн дүүрэн үнэн зөв дүгнэлт хийлгүй хуулийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр ярилцаж тохиролцоод 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ байшинд нэхэмжлэгч амьдраагүй бөгөөд тухайн үед барьцаанд түлхүүрийг авсан байсан. Эд хөрөнгө хүлээлцсэн ямар нэгэн акт үйлдээгүй. Шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу, эд хөрөнгө хүлээлцсэн акт байна уу гэхэд тухайн үед акт үйлдээгүй гэж тайлбарладаг. Хэрэгт өгсөн гэрэл зурагт он, сар, өдөр байдаггүй, эд хөрөнгийг анх хүлээж авсан үеийн зураг биш. Гараж буулгасан байдалтай, шкаф эд зүйлсийг авсан, байшингийн тамбер нурсан байдалтай байсныг гэрээнд дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрээнээс татгалзаж 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 73.5 м.кв талбай бүхий хувийн сууц, 308 м.кв газрын хамт 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ******* банк ХК-ийн барьцаанаас чөлөөлж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс тооцож 45-60 хоногийн дотор шилжүүлж өгөх, ******* урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг худалдах, худалдан авах гэрээ хийсний дараа төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6, 42 дугаар тал/

Дээрх гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан талаар зохигч маргаагүй, тэдний маргааны зүйл нь хариуцагчийн эд хөрөнгөд нэхэмжлэгч хохирол учруулсан эсэх асуудал болсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон нотлох баримтыг зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

Дээрх гэрээгээр хариуцагч нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 45-60 хоногийн дотор гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

Ийнхүү гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.

4.2. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж тус тус заасан.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгө нэхэмжлэгчийн эзэмшилд байх хугацаанд байшингийн гадна тамбурын блокон ханыг нураасан, байшин болон гаражид байсан тавилга, багаж, усны тэрэг, нам даралтын зуух, 25 шуудай нүүрс зэргийг үрэгдүүлсэн үндэслэлээр хохирол 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс анхан шатны шүүх 1,000,000 төгрөгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь:

Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 20-25 дугаар талд авагдсан тамбурын анхны болон нураасан гэх гэрэл зургийг хэзээ авсан нь тодорхойгүй байхаас гадна талуудын байгуулсан гэрээнд /хх-ийн 42/ байшингийн тамбур нурсан байдалтай байгаа, гараж нь буулгагдана, гэж тусгагдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг тамбурыг нураасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна. Иймд анх байсан үеийн гэрэл зураг болон нэг ханыг эвдэж нурааж хохирол учруулсныг нотлосон гэрэл зургуудыг үнэлээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Түүнчлэн, хариуцагч нь байшин болон гаражид байсан гэх тавилга, бусад эд хөрөнгийг нэхэмжлэгчийг үрэгдүүлсэн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн түүний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нам даралтын зуухны гаднах гэр, усны тэрэг, толь зэрэг эд хөрөнгийн хохирлыг 1,000,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн байна.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/04577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.ГАНДИЙМАА