Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1088

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баярмаа,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч О.Н , Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Н , Г.Б нарт холбогдох эрүүгийн 1906 02376 1050 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 11, эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.Б .

 

        2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, эгч, ах, дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , О.Н .

 

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч О.Н , Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын 92 дугаар сургуулийн хажуугийн гудамжинд насанд хүрээгүй хохирогч Г.Хишигдэмбэрэлтэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр насанд хүрээгүй хохирогч Г.Хишигдэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-5/, насанд хүрээгүй гэрч Б.Оюунсувдын өгсөн мэдүүлэг /хх-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4635 дугаартай дүгнэлт /хх-12/, Г.Б , О.Н  нарын ялладагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-37-38, 43/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-49-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.Н , Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын 92 дугаар сургуулийн хажуугийн гудамжинд насанд хүрээгүй хохирогч Г.Хишигдэмбэрэлтэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Хишигдэмбэрэлийн өгсөн: “.....2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 92 дугаар сургууль дээр би найз Б.Оюунсувдтай уулзах гэж очсон. Би бие засах гээд гудамж руу орсон. Цаанаас Г.Б , О.Н гэх хоёр охин зөрсөн. Г.Б нь Б.Оюунсувд руу “чи хараад байна уу” гэж хэрүүл өдсөн байдалтай хэлсэн. Б.Оюунсувд бид хоёр “хараагүй” гэж хэлсэн. Тэгээд Б.Оюунсувд бид хоёр хоорондоо юм яриад инээхэд Г.Б гэх охин “яасан өсгийтэй гуталтай хүн хараагүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд Г.Б бид хоёр дээр ирээд үгийн зөрөөгүй Б.Оюунсувдыг үсдэж аваад татаад байсан. Энэ үед О.Н бид хоёр бие биенээ үсдэж аваад зууралдаад байсан. Тэгтэл цаанаас нэг эмэгтэй гарч ирээд Г.Б , Б.Оюунсувд бид хоёрыг салгаад дараа нь О.Н бид хоёрыг салгасан. О.Н , Г.Б хоёр цаашаа яваад бид 2 гудамж уруудаад алхсан. Тэгтэл Г.Б хойноос чулуу барьж ирээд намайг цохихыг завдаж далайгаад чулуугаа газарт хаяад үсдэлцсэн. Би “больё” гээд Г.Б ийг тавиулаад боссон. Тэгтэл О.Н хажуугаас “чи яагаад давраад байгаа юм бэ” гээд гэдэс, бөөр орчим 2 удаа өшиглөсөн Тэгээд О.Н намайг үсдээд байсан. Би үсдэх гэсэн дийлэхгүй байсан.” /хх-5/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Оюунсувдын өгсөн: “...О.Н гэх эмэгтэй манай найз Г.Хишигдэмбэрэлтэй маргалдаад үсдсэн байсан.        Г.Хишигдэмбэрэлийн хамт явж байхад хойноос Г.Б гэх эмэгтэй нь ирээд Г.Хишигдэмбэрэлийг үсдэж авсан. Тэгээд Г.Хишигдэмбэрэл “тэнэг юм уу яваач” гэхэд нөгөө найз нь болох О.Н гэх эмэгтэй ирээд Г.Б

үсдээд өшиглөөд газар унагаагаад байсан.” /хх-7/ гэх мэдүүлэг,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4635 дугаартай дүгнэлтэд:

         1.Г.Хишигдэмбэрэлийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал,
баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хэвлий, баруун зүүн сарвуу, зүүн доод
зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-12/ гэх дүгнэлт,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Б.Оюунсувд руу уурлаад бие, биенийгээ заамдаад үсдэлцэж эхэлсэн. Үсдэлцээд байж байхад хажуу талд Г.Хишигдэмбэрэл, О.Н нар үсдэлцээд зогсож байсан. Удалгүй хаанаас юм мэдэхгүй нэг танихгүй эгч гарч ирээд салгасан. Тэгээд би найзынх руугаа гүйж ороод тавчиг өмсөөд Г.Хишигдэмбэрэл, Б.Оюунсувд нарын араас гүйж очсон. Би гартаа чулуу барьсан байсан ба Г.Хишигдэмбэрэлийн араас гүйж очоод чулуугаа газар хаяад Г.Хишигдэмбэрэлтэй үсдэлцэж эхэлсэн. Гэмтлийг О.Н бид 2 учруулсан гэж бодож байна.” /хх-37-38/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд О.Н гийн яллагдагчаар өгсөн: “...Маргалдаж байгаад Б.Оюунсувд, Г.Б нар хоорондоо үсдэлцсэн. Тэгээд танихгүй, тэрүүгээр явж байсан эгч ирж салгаад тэр хоёр явсан. Г.Б байхгүй болохоор нь би гараад очиход Г.Хишигдэмбэрэл, Г.Б нар үсдэлцээд газар унасан байсан. Би салгах гэхэд Г.Хишигдэмбэрэл тавихгүй болохоор нь хөл орчим нь өшиглөсөн. Тэгтэл Б.Оюунсувд намайг үсдээд салцгаасан. Удалгүй цагдаа ирсэн.” /хх-43/ гэх мэдүүлэг,

 

         Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-49-50/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.Н , Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын 92 дугаар сургуулийн хажуугийн гудамжинд насанд хүрээгүй хохирогч Г.Хишигдэмбэрэлтэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын болон эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч О.Н , Г.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч О.Н , Г.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Б , О.Н  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар О.Н , Г.Б нарыг тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Н , Г.Б нар нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Н , Г.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Н , Г.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

           

6. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Н , Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Н , Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС