| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2024/05392/И |
| Дугаар | 210/МА2025/00308 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00308
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/05555 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Гэрээний дагуу төлсөн 60,094,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* байрнаас орон сууц худалдаж авсан тохиолдолд үнийн дүнгээс 6,000,000 төгрөг хөнгөлүүлэх эрхийн бичиг хожиж, уг байрнаас орон сууц худалдаж авахаар шийдсэн.
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр борлуулалтын менежер ******* “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ” өгснийг авч, гарын үсэг зурсан. Тус гэрээнд “Батлав *******” гэсэн нэр, гарын үсэг, “*******” гэсэн тамга дарсан байсан. Энэ гэрээгээр ******* байрны ******* дахь 55,86 м.кв 3 өрөө орон сууцыг 89,376,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, гэрээний 8 дугаар зүйлд зааснаар 6,000,000 төгрөгийг хасаж тооцон, 83,376,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.
1.2. Гэрээний 4.1.1, 4.1.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор 13,500,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн дотор 13,312,800 төгрөгийг *******ын дахь ******* тоот дансанд шилжүүлсэн.
1.3. 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 01 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г *******тай байгуулж, уг гэрээний дагуу *******ын данс руу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23,281,600 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 60,094,400 төгрөг төлсөн.
1.4. 2020 оны 1 дүгээр сараас Монгол Улсын банкнаас “Тус орон сууцыг чөлөөл” гэх мэдэгдлийг өгсөн. Энэ асуудлаар оршин суугчид “*******” , ******* нартай уулзаж ярилцахад шийдэлд хүрээгүй. 2022 оны 8 дугаар сард банкнаас орон сууцыг чөлөөлөх мэдэгдэл дахин ирүүлсэн. Үүнтэй холбоотой судалж үзэхэд “*******” нь банктай 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-МГ-З-2018-150 тоот зээлийн гэрээ, Б-МГ-ҮХХ-2018-151 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалан зээл авч, зээлийн зөрчил гарсан тул талууд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2/122 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээний хавсралтаар ******* байрнаас 45 ширхэг орон сууцыг ******* худалдах хэлбэрээр зээлийн төлбөрөөс суутгуулсан, эдгээр орон сууцнуудын нэг нь ******* буюу нэхэмжлэгчийн худалдаж авахаар захиалсан байр байсан. 2019 оны 9 дүгээр сард банк нь эдгээр орон сууцнуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэдгийг олж мэдсэн.
1.5. Иймд банктай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2/106 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 66,333,750 төгрөгөөр ******* орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон.
******* нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот гэрээний 1.2, 3.3, 3.6, 6.1-д заасныг зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, 60,094,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь “*******” -тай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нутаг дэвсгэрт орон сууц барихаар төлөвлөж “*******” нэртэй 2 блок орон сууцны хотхоны төслийн эхний ээлж болох 2 давхар каркас боссон байсан 132 айлын орон сууцны барилгад хамтран ажилласан.
2.2. “*******” нь *******, байрнаас зөвхөн *******т ногдох орон сууцнуудыг түүнд мэдэгдэлгүйгээр ******* барьцаалан зээл авсан болохыг мэдсэн ба гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлсэн байсан.
2.3. Улмаар банкны гомдолтой “*******” -д холбогдох эрүүгийн хэрэг, урьдчилгаа төлбөр авч залилсан гэх захиалагч нарын гомдолтой “*******” -д холбогдох эрүүгийн хэрэг, бусдын ногдох орон сууц талбайг барьцаалж хөрөнгөжин залилуулсан гэх *******ын гомдолтой “*******” , түүний захирал нарт холбогдох хэрэг эрүүгийн журмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байна.
******* нь гэрээний үүргээ зөрчсөн гэх боловч үүнд “*******” , захирал ийн хууль бус, буруутай үйлдлийн улмаас уг нөхцөл байдал үүсэж, олон захиалагч болоод хөрөнгө оруулагч болон мөн ******* хохирч үлдсэн. ******* нь “*******” -ийн дээрх үйлдлийн улмаас өөрт ногдох хөрөнгийг шилжүүлэн авах боломжгүй болж, цаашлаад захиалагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгч чадахгүйд хүрсэн.
Иймд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэнтэй холбоотой хэд хэдэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул “*******” -ийн хууль бус үйлдлийг шалгуулж, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэний дараа энэхүү маргаан шийдвэрлэгдэх шаардлагатай тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 60,094,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,422 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 458,422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-нд зааснаар захиалагч нь тодорхой давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ буюу ******* тоот 55,86 м.кв талбай бүхий орон сууцыг захиалж, үүний төлөө ажлын хөлс төлөх, гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчтэй орон сууц захиалгын гэрээ байгуулах үед буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээнд заасан орон сууц ашиглалтад ороогүй байсан ба 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дугаар гэрчилгээгээр “*******” өмчлөгчөөр бүртгүүлсэн.
Хариуцагчийн хувьд гэрээнд заасны дагуу ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн ба нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сараас эхлэн орон сууцны эзэмшил, ашиглалтыг шилжүүлэн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байсан болно.
Харин гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрхийг захиалагчийн нэр дээр шилжүүлэхээр төлөвлөж байсан боловч “*******” нь маргаан ******* байрны 80 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ гаргуулан авч, үүнийг банктай байгуулсан зээлийн барьцаанд барьцаалуулсан байсан.
Гэтэл “*******” нь *******, байрнаас зөвхөн *******т ногдох, захиалагч нартай гэрээ байгуулсан, төлбөр төлөгдсөн орон сууцнуудыг хариуцагчид мэдэгдэлгүйгээр Монгол Улсын ******* барьцаалж зээл авсан болохыг хожим мэдсэн ба улмаар гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг шилжүүлсэн.
Үүний улмаас *******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй болсон ба хэд хэдэн захиалагчийн орон сууцыг “*******” , түүний захирал нь залилж, банкны барьцаанд тавьж, өр төлбөртөө шилжүүлсэн үйл баримт тодорхой болсон байдаг.
Гэтэл анхан шатны шүүх гэрээний үүргийн зөрчил бий болсон эсэх, үүнд хариуцагч буруутай эсэх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж шууд дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т гэрээний аль нэг тал буюу хариуцагч нь орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан. Гэтэл хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдалд “*******” буруутай буюу *******т мэдэгдэлгүй, нэхэмжлэгчийн орон сууц гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч, улмаар банкны зээлийн барьцаанд тавьсан асуудлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
4.2. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст *******ын гомдолтой, “*******” , захирал , нягтлан бодогч нар нь их хэмжээний эд хөрөнгө залилсан тухай 240607806 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, мөн “*******” , захирал нь захиалагч нарын урьдчилгаа төлбөрийг залилан мэхэлсэн гэх 0220601057 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн тус тус шалгагдаж байгаа болно. Түүнчлэн уг хэргүүдээс гадна “*******” , захирал нарт холбогдох 4 үйлдэлд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм.
Мөн ******* нутаг дэвсгэрт байрлах ******* хотхонд нэр бүхий иргэд байр худалдаж авсан боловч тухайн байрыг ******* барьцаалж залилсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 0220605538 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаарх баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь хэрэг бүртгэлтийн 220605538 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоолгон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болох нь баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******гийн эрүүгийн хэрэгт гаргасан гомдлоосоо татгалзаж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа талаарх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчиж, эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад давхар иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлд дурдсанаар ******* нь гэрээний үүргээ зөрчсөн гэх боловч үүнд “*******” , түүний захирал ийн хууль бус, буруутай үйлдлийн улмаас уг нөхцөл байдал үүсч, олон захиалагч болоод хөрөнгө оруулагч ******* мөн хохирч үлдээд байгаа юм.
Ийнхүү хариуцагч ******* нь гэрээний үүргээ зөрчсөн эсэх, уг нөхцөл байдалд хэн гэм буруутай талаар эрүүгийн журмаар шалгаж дуусах нь уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тухай *******, М. нарыг хохирогчоор тогтоосон 220605538 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг, “*******” , захирал , нягтлан бодогч нар нь их хэмжээний эд хөрөнгө залилсан, захиалагч нарын эзэмшлийн орон сууцыг барьцаалсан тухай 240607806 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг, “*******” , захирал нь захиалагч нарын урьдчилгаа төлбөрийг залилан мэхэлсэн гэх 0220601057 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн тус тус эрүүгийн журмаар шалгаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан гэж үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл нь нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой байх бөгөөд эрүүгийн хэрэг үүссэн байхыг ойлгоно” гэж хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь уг нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын харилцаагаар хязгаарлах нь учир дутагдалтай байх ба харин уг нэхэмжлэлд дурдсан маргаан нь гэмт хэргийн шинжтэй буюу эрүүгийн журмаар шалгасны үндсэн дээр нөхцөл байдлыг тодруулж, маргааныг шийдвэрлэх шийдвэрлэх боломжтой байхыг ойлгоно гэж үзэж байна. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүссэнээр эрүүгийн журмаар шалгагдах гэх ойлголтод хамаарахаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 -т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгохоор заасан ба хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн нь тухайн холбогдогчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй болохыг тодорхойлж, улмаар гэм буруутай этгээдийг олж тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл болох юм.
Ийнхүү уг нэхэмжлэлтэй холбоотой маргаан буюу нэхэмжлэгчид шилжүүлэх орон сууцыг дур мэдэн өөр этгээдэд шилжүүлсэн, залилсан асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1, 80 дугаар зүйлийн 80.1.4-т тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талууд гэрээ байгуулсан гэдэгт маргадаггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлээр тодорхойлсон. Иргэний хуулийн 243, 343 дугаар зүйл байх аль ч тохиолдолд шүүхийн шийдвэрт нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох хүрээнд гэрээний дагуу орон сууцны гүйцэтгэл дээр захиалагчийн зүгээс хяналт тавиагүй учраас худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлсон.
5.2. Маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгчөөр 2019 оны 9 дүгээр сард Монгол Улсын банк бүртгэгдээд, 2023 оны 10 дугаар сард ******* өмчлөгч болсон. Гомдолд дурдаад байгаа “*******” нь *******ын өмчлөгч байгаагүй.
5.3. 2022 онд ******* нь цагдаад өмчлөх эрх зөрчигдөөд байна гэж гомдол гаргасныг хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байсан. 2023 оны 10 дугаар сард орон сууцыг худалдаж аваад, өмчлөх эрхтэй болсон учраас энэ гомдлоосоо татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлага 60,094,400 төгрөг гаргуулах тухай шаардлага нь цагдаа дээр шалгагдаж байгаа асуудлаас тусдаа асуудал. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 60,094,400 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талууд 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоот хаягт байршилтай 55.86 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 89,376,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний нийт үнээс 6,000,000 төгрөг хөнгөлж, үнийг бүрэн төлснөөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 5-9 дүгээр тал/
3.2. ******* тоот хаягт байршилтай 6,816 мкв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 100 хувийн гүйцэтгэлтэй болоход 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус “*******” -ийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх-ийн 45-46 дугаар тал/
3.3. “*******” нь *******-тай 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-МГ-З2018-150 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* хотхоны 2 дугаар ээлжийн байрны барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 4,000,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 11,09 хувийн хүүтэйгээр зээлэх, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б-МГ-ҮХХ 2018-151 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, “*******” -ийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай 6,816 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 49-65 дугаар тал/
3.4. Улмаар, “*******” нь *******-тай 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2/122 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”, “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж, “*******” -ийн зээлийн төлбөр болох 2,183,280,000 төгрөгт тооцож, нэгж талбайн үнэлгээг 1,000,000 төгрөгт дүйцүүлэн гэрээний хавсралтад дурдсан 2,183.28 м.кв талбай бүхий 45 ширхэг орон сууцыг *******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, гэрээг “*******” -ийн гүйцэтгэх захирал , төслийн удирдагч ******* нар байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ. Дээрх гэрээний 1 дүгээр хавсралтын жагсаалтын 44-т байрны *******ын 55.86 мкв талбай бүхий орон сууц бичигджээ. /хх-ийн 67-70 дугаар тал/
3.5. ******* нь *******-тай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2/106 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, ******* тоот хаягт байршилтай 55.86 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,187,500 төгрөгөөр тооцож, 66,333,750 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг төлбөрийг төлж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-ийн 16-20 дугаар тал/
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Зохигчийг гэрээг байгуулах үед орон сууц бий болоогүй, тодорхой хугацааны дараа ашиглалтад орж өмчлөлд шилжүүлэхээр тохирсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байж болох боловч нэхэмжлэгчийн хүсэл зоригийн хувьд баригдаж буй барилгаас давхар, талбайн хэмжээ, өрөөний тоо зэргийг сонгож, орон сууц авах зорилготой, уг орон сууцыг хэрхэн, ямар зохион байгуулалтаар барих талаар тохиролцоогүй байдлаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзнэ. Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 60,094,400 төгрөгийг хариуцагчид төлж, 2018 оны 8 дугаар сард орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсонд хариуцагч буруутай эсэх буюу үүргээ зөрчсөн эсэх асуудал болжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжиж байх үед “*******” болон *******-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр “*******” -ийн зээлийн төлбөрт 45 ширхэг орон сууцыг *******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон, үүнд нэхэмжлэгчийн хариуцагчаас худалдан авсан орон сууц багтсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээдэд хадгалагдаж байгаа нөхцөлд хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, гэрээ хэрэгжихгүй нь илт болжээ. Энэ үйл явдалд хариуцагч буруугүй гэж маргасан боловч маргаан бүхий орон сууцыг *******-д шилжүүлэх гэрээг байгуулахад “*******” -ийг төлөөлж хариуцагч оролцсон байх тул уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэдгээ мэдсээр атлаа бусдад шилжүүлж буйг үүрэг зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзнэ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлэх шаардлагагүй бөгөөд мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв.
Гэрээнээс татгалзсаны үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээх бөгөөд анхан шатны шүүх гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 60,094,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино. Үүнд
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэдэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон бөгөөд зохигчийн хооронд үүссэн харилцаатай холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж байгаа тохиолдлыг ойлгоно.
Хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор *******аас гаргасан “******* нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөрөнгө оруулалт хийхэд захирал болон нягтлан бодогч нар их хэмжээний эд хөрөнгө залилсан” гэх гомдолд хэрэгт бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь *******гийн нэхэмжлэлтэй хэргийг иргэний журмаар шийдвэрлэхэд саад болохгүй талаарх шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.
5.2. Түүнчлэн, хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол авагдсан, уг тогтоолоор “******* ******* хотхонд байр худалдаж авсан боловч тухайн байрыг банкны барьцаанд тавьж залилсан” гэх нэр бүхий иргэдийн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, уг хэрэгт *******г хохирогчоор тогтоосон байх боловч тус хэргийг зохигчийн хооронд үүссэн маргаанд хамааралтай гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь, хэрэгт “*******” болон *******-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б-МГ-ҮХХ 2018-151 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” авагдсан байх ба уг гэрээнд “*******” -ийн захирал гарын үсэг зуржээ. Дээрх тогтоолд дурдсан “барьцаа”-ны асуудал хэнд хамааралтай, хэн, хэний хооронд үүссэн харилцаатай холбоотой эсэх нь тодорхойгүй байхад зөвхөн тухайн тогтоолыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй талаар зөв дүгнэсэн.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/05555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА