| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1089 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Т холбогдох эрүүгийн 1806 07458 0810 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хорих 413 дугаар ангид ял эдэлж байгаа, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146.2, 155.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ж.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто-Ундрал” автомашины засвар дотор иргэн Ш.Гансүхийн нүүр рүү балаар зоож цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Ш.Гансүхийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11226 дугаартай дүгнэлт /хх-16/, шүүгдэгч Ж.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто-Ундрал” автомашины засвар дотор иргэн Ш.Гансүхийн нүүр лүү балаар зоож, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Гансүхийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны оройн 22:30 минутын орчим өөрийн ажиллуулдаг “Авто Ундрал” нэртэй авто засварын газар байхад гаднаас 7-8 танихгүй залуучууд орж ирсэн. Хоёр нь хамт ажилладаг Насааг хэл амаар доромжлоод байхаар нь би “яах гээд байгаа юм бэ, эндээс гар” гэж хөөсөн. Тухайн үед юм дуугарахгүй байснаа хажуугаас хар биеийн тамирын хослолтой 175 см өндөртэй, шар царайтай залуу намайг сандал дээрээс үсдэж унагаагаад балаар толгойны зүүн хэсэг рүү зоосон тэгээд бал нь хагараад нүүр рүү цохих гэхээр нь би гараараа хаасан" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Мөн түүний хавтаст хэрэг танилцуулсан тухай тэмдэглэлд: “...Санал хүсэлт байхгүй.”/хх-47/ гэх хүсэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11226 дугаартай дүгнэлтэд:
1. Ш.Гансүхийн биед баруун гарын дунд хуруу, чигчий хуруунд шарх, зулгаралт, зүүн шанаа, дагзны хуйх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-17/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Т яллагдагчаар өгсөн: “...Манай хоёр найз маргалдаад хэл амаар доромжлоод байхаар нь хажууд нь зогсож байгаад ширээн дээр байсан балыг авч толгой шанаа хэсэгт нь 3-4 удаа зоож цохисон. Би гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй.” /хх-41-42/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-21/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Т 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто-Ундрал” автомашины засвар дотор иргэн Ш.Гансүхийн нүүр рүү балаар зоож цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ш.Гансүх нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг энэ хэрэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ж.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих ангид ял эдлэж байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар эдлээгүй 1 жил 11 сарын хугацаа үлдсэн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэл оногдуулахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.Т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.Т урьд оногдуулсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сарын хугацаагаар хорих ял дээр нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Т шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.Т урьд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацааг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ж.Т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС